Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00012

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00464 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 795 дугаар магадлалтай,

Ц.Бгийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019.07.20-ны өдөр “Э” ХХК-ийн захирал гэх залууд 100 сав /1 сав нь 25л/ гадна фасадны чулуун будаг зарсан. Будгийг 1 савыг нь 79,000 төгрөгөөр тооцож, нийт 7,900,000 төгрөгийн үнэ бүхий будаг өгч явуулсан. Бид тохирохдоо 7 хоногийн дотор мөнгийг бүтнээр нь төлж дуусгахаар болсон. Гэтэл тус компаниас надад 6 удаагийн гүйлгээгээр хэсэгчилж нийт 6,000,000 төгрөг өгсөн. Барааны үлдэгдэл 1,900,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Хэрэв НӨАТ оруулж тооцох ёстой байсан гэж үзвэл би зах зээлийн үнээр буюу 1 савыг 83,000 тооцсон үнээр худалдах байсан. Тиймээс “Э ХХК-иас худалдан авсан чулуун будагны үлдэгдэл төлбөр 1,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Э” ХХК нь 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хооронд “Хүслэн хайрхан” ХХК-д Twin coat нэрийн нийт 519 сав гадна фасадны чулуун будгийг худалдсан байдаг. Харин 2019 оны 7 сард тус “Хүслэн хайрхан” ХХК-ийн барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн гэх иргэн Ц.Б нь ажлынхаа хөлсөнд “Хүслэн хайрхан” ХХК-иас манай компанийн худалдсан 100 сав будгийг тооцож авсан гэж мэдэгдэн, эдгээр будгийг худалдаж өгөх боломж бий эсэх, хэрэв тийм бол худалдаж мөнгийг нь гаргаж өгөхийг хүсэж компанийн захирал Э.Батбилэгт хувь хүнийх нь хувьд хандаж утсаар холбогдсон байдаг. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, эдгээр 100 сав будгийг бусдад худалдаж, түүний төлбөр бүрэн төлөгдсөний дараа нэхэмжлэгчид будагны үнийг бүрэн төлөхөөр Ц.Бтэй утсаар ярьж харилцан тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг будагны үнийг 7 хоногийн дотор төлөхөөр огт тохиролцоогүй болно. Дээрх 100 сав будгийг цөөн тоогоор хэсэгчилж зарж, тухайн худалдсан будагны төлбөр төлөгдмөгц Ц.Бтэй холбогдох тооцоог тухай бүрт хийж байсан ба одоогоор түүнд нийт будагны үнэд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Үлдэх 1,900,000 төгрөгийн будгийг бусдад худалдсан боловч түүний төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа болно. Тус 100 сав будгийг бид НӨАТ-тэй үнээр бусдад худалдсан бөгөөд уг будагт ногдох 718,181.82 төгрөгийн НӨАТ-ийг Ц.Б бидэнд хариуцан төлөх үүрэгтэй болно. Мөн хувь хүний орлогын албан татвар нийт үнийн дүнгийн 10% буюу 790,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Бидний зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, дээрх будагны төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө нэхэмжилж буй зохих төлбөрийг түүнд өөрсдөө хариуцан урьдчилан төлөх эрмэлзэлтэй байсан боловч улирлын шинж чанараас шалтгаалан компанийн үндсэн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүндрэлтэй байна. Иргэн Ц.Бг бид хохироох, хуурч мэхлэх аливаа санаа, зорилго огт байхгүй ба харин түүний зүгээс манай компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргасан гэдгийг энд дурдах нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэгч Ц.Бгийн гаргасан хариуцагч “Э” ХХК-иас 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,508,181.82 төгрөгөөс бусад хэсгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Э” ХХК-иас 1,900,000 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 795 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00464 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 39,081 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын иргэн Ц.Бгийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хууль тогтоомжийг удирдлага болгоогүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 795 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд гэрээний зүйл болох 100 сав чулуун будгийг хариуцагчид шилжүүлэх болсон шалтгааныг талууд өөр өөрөөр тайлбарладаг. Хэрэгт цугларсан баримт буюу нэхэмжлэгч нь аливаа төлбөр авахгүйгээр 100 сав чулуун будгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, будгийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг тодорхой хэмжээгээр хуваан нэхэмжлэгчид шилжүүлж байсан баримт зэргээс харахад талуудын хооронд XXАГэрээ бус худалдааны комиссын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг харгалзан үзэлгүйгээр талуудын хооронд XXАГэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл муутай болсон байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.1, 26.1.1 дэх хэсэгт заасны дагуу бараа худалдан борлуулсан төлбөрөөс НӨАТ болон хувь хүний орлогын албан татвар төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээнэ гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон байна. Учир нь талуудын хооронд худалдааны комиссын гэрээ байгуулагдсан бөгөөд худалдааны комисс нь өөрийн нэрийн өмнөөс гэхдээ бусдын зардлаар барааг борлуулдаг тул тухайн барааг борлуулахтай холбогдон гарсан зардал буюу НӨАТ болон ашгийн албан татварыг нэхэмжлэгч хариуцах ёстой. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх уг татваруудыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрхийг харгалзан үзэж, ИХШХШТХ-ийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 795 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 181/ШШ2020/00464 тоот шийдвэрээс 1,508,181.82 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлээс 391,818.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, худалдсан будагны үнэд ногдох 718,181.82 төгрөгийн НӨАТ, 790,000 төгрөгийн ХХОАТ-ыг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэгтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б нь 2019.07.20-ны өдөр 1 бүр нь 79,000 төгрөгийн үнэтэй, нийтдээ 7,900,000 төгрөгийн үнэ бүхий 100 сав чулуун будгийг хариуцагч “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч чулуун будагны үнээс нийт 6,000,000 төгрөг /2019.08.09-нөөс 2019.11.11-ний хооронд/-ийг төлсөн, үлдэх 1,900,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь чулуун будагны үнийн үлдэгдэл 1,900,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 1,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...талуудын хооронд худалдааны комиссын гэрээ байгуулагдсан бөгөөд худалдааны комисс нь өөрийн нэрийн өмнөөс гэхдээ бусдын зардлаар барааг борлуулдаг тул тухайн барааг борлуулахтай холбогдон гарсан зардал буюу НӨАТ болон ашгийн албан татварыг нэхэмжлэгч хариуцах ёстой. Гэтэл ...шүүх уг татваруудыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 795 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 39,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ