Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 134

 

 

Н.Б-д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Н.Б-д холбогдох 1736001040068 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

мөн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

мөн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

мөн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан Д овогт Н-н Б.

Н.Б- нь 2017 оны 09 сарын 27-ны өдөр ** иргэн Ш.О-н эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг, гоёлын зүүлт, мөнгөн хазаарын хавчаар зэрэг эд зүйлс хулгайлж 2,310,000 төгрөг,

Мөн 2017 оны 09 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ** хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол шал /паркет/ хулгайлж 462,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 3 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

1. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод байрлах иргэн Ш.О-н гэрээс 2,310,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.5-д заасныг зөрчсөн. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бүрэн гүйцэд тусгаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт биш, нөгөө талаас хохирогч Ш.О-н өгсөн мэдүүлэгтэй дээрх баримтууд нь зөрөөтэй, эргэлзээтэй нотлох баримт гэж 1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудаст байх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тус үзлэгээр тогтоогдсон гарын мөр, түүнийг шинжилсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх саналыг гаргаж мэтгэлцэж нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан боловч шүүх шийдвэртээ өмгөөлөгч миний гаргасан саналын үндэслэл болсон Ш.О-н мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй.

Анхан шатны шүүхээр хэргийг 2 удаа хэлэлцсэн бөгөөд хохирогч Ш.О- нь аль аль шүүх хуралдаанууд дээр “...хэргийн газрын үзлэгийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн, тухайн хэрэг болдог өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг өгсөн. Би хөөрөг алга болсныг бүр сүүлд айлын хуриманд явахдаа мэдсэн гэсэн мэдүүлэг огт өгөөгүй..., үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр байлцсан гэж гарын үсэг зурсан Г.Мөнхбат, Э.Төмөр-Очир гэх хүмүүс байгаагүй, манай хадам ах Гантулга байсан. Би орж гараад явж байсан. Үзлэг хийсэн шинжээч болон цагдаа нар хаанаас хэдэн гарын мөр илрүүлсэн эсэхийг мэдэхгүй, цагдаагийнхан ирээд ажлаа хийгээд зураг авч байсан...” гэсэн агуулгатай мэдүүлгүүдийг удаа дараа тогтвортойгоор мэдүүлсэн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 32, 114-116 хуудас/

1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудаст байх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , 5 дугаар хуудаст байх гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд он, сарын асуудал дээр ямар нэг андуурал буюу прокурорын тайлбарласнаар бичиг техникийн алдаа гараагүй байгааг тус хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудыг дурдаж, шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулдаг. Үүнд:

А. Хохирогч Ш.О-н гараар бичсэн гомдол дээр Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга нь цохолт хийхдээ 10 дугаар сарын 27 гэж гараар бичсэн байдаг.

Б. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байх бөгөөд тус тогтоолыг Ховд аймгийн Цагдаагийн эрүүгийн тасгийн дарга Н.Өлзийхутаг, хяналтын прокурор А.Анхбаяр нар баталж гарын үсэг зурж он сараа бичихдээ мөн 2017 оны 10 дугаар сарын 30 гэж бичсэн байгаа. /1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 2, 30.7 дугаар зүйлийн 1, 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хийгдсэн ажиллагаа мөн болно. Хэрвээ 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гомдол мэдээлэл хүлээн авсан бол дээрх хуулийн заалтуудыг зөрчиж хийгдсэн ажиллагаа болж таарч байна.

1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дугаар хуудаснуудад авагдсан тогтоолоор тус хэргийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийтдээ 4 удаа сунгасан байх бөгөөд тус тогтоолуудад тухай бүр нь хяналтын прокурор, мөрдөгч, эрүүгийн тасгийн дарга нь он, сар өдрөө тавьсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь 1 сар байх бөгөөд прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгахаар зааснаас үзвэл гомдол мэдээллийг цагдаагийн газар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хэргийн хугацааг сунгаж эхэлсэн нь эргэлзээгүй байна.

Хэрэгт авагдсан бүхий л баримт бичгүүд дээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь харагдаж байгаа. Гэтэл гомдол мэдээлэл өгсөн хохирогч өөрөө би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гомдол мэдээлэл гаргасан гэж мэдүүлсэн нь агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд зарим хэсгийн мод өвс, навч унаагүй, байгаа бөгөөд хэргийн газрын үзлэгийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн байгаа бөгөөд хохирогч Ш.О-н мэдүүлэг үндэслэлтэй байх магадлалтай юм.

Энэ бүх эргэлзээг арилгахад тухайн үйл явдлыг гэрчлэхээр хууль сануулж үүрэг хүлээсэн үзлэгийн явцад байлцсан хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг чухал байгаа бөгөөд тухайн 2 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө нэг удаа бичгээр, анхан шатны 2 удаагийн шүүх хуралдаан дээр нэг нэг удаа, нийт 3 удаа шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан. Гэвч тухайн хүсэлтийг 2 удаа шийдвэрлээгүй бөгөөд харин 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эзэмшигч Ш.О-ийг үзлэгийн явцад байлцсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Ш.О- нь тухайн үзлэгийн туршид байлцсан гэж гарын үсгээ зураагүй, үзлэгээр ямар ямар зүйл илрүүлсэн талаар огт мэдэхгүй хараагүй, орж гараад гэрийн ажлаа хийгээд явж байсан гэж мэдүүлсэн. Нөгөө талаас тус тэмдэглэлд эзэмшигчийг биш, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан гэж гарын үсэг зуруулсан байгаа юм.

Гэмт хэргийн талаар дуудлага, мэдээллийг хэзээ өгсөн, Ш.О-н гэрээс эд зүйл хулгайд алдагдсан гэх хэргийн талаарх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хэзээ эхэлсэн, Ш.О-н орон байранд үзлэгийг хэзээ хийж, ямар ямар хүмүүс үзлэгийн явцад байлцсан, оролцсон болох, тус үзлэгийг хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан хийсэн эсэх, хэрвээ 2 хөндлөнгийн гэрчийг байлцуулалгүйгээр хийсэн үзлэг, тус үзлэгийн дагуу бэхжүүлж авсан гарыг хээг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болж чадах эсэх талаарх өмгөөлөгчийн санал тайлбар, мэтгэлцээний гол агуулга болсон үйл баримтын талаар нэг ч дүгнэж, тайлбарлаагүй атлаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй...” гэсэн нь үндэслэлгүй юм. Тус хэргийн газраас нийт 6 ширхэг гарын мөр илрүүлсэн байдаг бөгөөд үүнээс 3 нь шинжилгээнд тэнцсэн. /хавтаст хэргийн 22-23 хуудас/ Шинжилгээнд тэнцсэн 3 мөрөөс 1 нь Н.Б-ы зүүн гарын дунд хурууны дардастай тохирдог бөгөөд үлдсэн 2 гарын хээ нь Шүүхийн шинжилгээний албаны Адис папилон санд байхгүй гарын мөрүүд байдаг. Тухайн 2 гарын хээг нягтлан шалгах ажиллагааг огт хийгээгүй бөгөөд зөвхөн Адис папилон санд байсан гарын хээ илэрсэн гэж Н.Б-ыг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн. Хэргийн газраас илрүүлж шинжилгээнд тэнцсэн 3 гарын хээнээс яагаад зөвхөн Н.Б-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд нөгөө үлдсэн 2 гарын хээг хулгайчийнх биш гэж үзсэн нь тодорхойгүй бөгөөд энэ талаар шийдвэртээ дурдаагүй. Мөн Ш.О-н гэрээс алга болсон гэх хөөрөг нь яг ямар чулуун хөөрөг гэдэг нь тодорхойгүй, хохирогч өөрөө ямар чулуун хөөрөг гэдгээ мэдэхгүй байхад яаж үнэлгээ тогтоосон нь ойлгомжгүй байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нь тогтоогдоогүй гэж үзэж байна.

2. Н.Б-ыг 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө цэргийн ангийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоот өрөөнд байсан 11 авдар паркетан шалыг хулгайлсан үйлдэлд гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй юм. Учир нь Н.Б-ыг дээрх 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө цэргийн хотхонд гарсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шууд нотлох баримт нь ганцхан тухайн өрөөнөөс үзлэгийн дагуу илрүүлсэн гарын хээний мөр байгаа бөгөөд түүн дээр үндэслэн Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт юм.

Н.Б- тухайн объектод ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр 1 сарын турш ажиллаж байсан бөгөөд цэргийн хотхоны 1-2 тоот өрөөнд хэрэг гарахын өмнөх өдөр цэвэрлэгээ хийхээр орж, ажил хөдөлмөр хийсэн талаар хохирогч Э.Нармандах болон бусад бүх гэрчүүд шууд нотолсон байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил хөдөлмөр эрхэлж байх явцад Н.Б- нь тухайн өрөөнд гарын хээний мөрөө үлдээх бүрэн боломжтой бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдсан гэрчүүд болох 3 хүн, /Б.Дүгэржав, Б.Хишигбаяр, Н.Одгэрэл, /хохирогч /Э.Нармандах/ нарын мэдүүлэгт Н.Б-ыг хулгай хийж байсан үйлдлийг харсан талаараа шууд нотолж мэдүүлсэн нэг ч хүн байдаггүй. Н.Б- 1 давхарт шал шахаж байгаад цонхоо орхиж яваад шөнө нь хулгай орсон байна гэж манай ажилчид хэлж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг эрх хэмжээнийхээ хүрээнд засаж залруулаагүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтуудыг хууль ёсны бөгөөд үнэн зөв гэж үзсэн шалтгааныг тайлбарлаж, хуулийн үндэслэлийг заагаагүй, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн мэтгэлцээний үндэслэл бүхий нотлох баримтууд, тайлбарыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ дурдаж, тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, мөн зүйлийн 2.4-т заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэргийг тусгах шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 3, 7, 13, 14 дэх хэсэгт зааснаар үнэн зөв үнэлээгүйд, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх, 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмуудыг зөрчсөнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа хэлсэн саналдаа “Н.Б-д холбогдох хэргийн хоёр үйлдлийн нэг нь паркетан шал хулгайлсан үйлдэл байгаа. Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, эргэлзээ бүхий байна гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хулгай болсон тухайн объектод Н.Б- хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр өмнөх өдөр нь ажиллаж байсан. Гэтэл Н.Б-ы хурууны хээ олдсон гэх нөхцөл байдлаар түүнийг буруутган хэргийг шийдвэрлэсэн байдаг. Н.Б- тухайн объектод ажил, хөдөлмөр эрхэлж байсан учраас хурууны хээ нь байх боломжтой байтал энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, бусад баримтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл 11 боодол паркетан шал нь 40-50 кг жинтэй, нэг хүн авч явах ямар ч боломжгүй. Хэргийн нөхцөл байдал, хэрхэн үйлдсэнийг тогтоогоогүй. Энэ хэргийг бүлэглэн үйлдсэн байх боломжтой. Яагаад гэвэл тухайн объект нь гурван талаасаа цэргийн ангитай, хоёр давхар хашаатай байгаа. Ганцхан гарцтай тэнд хаалга, манаач байдаг учраас ганцаараа авч гарах боломж байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар шийдвэртээ няцаасан, хэргийн нөхцөл байдлыг өөр байдлаар тайлбарласан зүйл байхгүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тайлбарлаж, няцаагаагүй байсан. Мөн айлын гэрээс 2,600,000 төгрөгийн эд зүйл алга болсон байдаг. Энэ хэргийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнээс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдаг. Тухайн хөөрөг нь чулуун хөөрөг гэдэг боловч ямар чулуу гэдэг нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт байгаа хэргийн газрын үзлэгийн он, сар зөрүүтэй. Хохирогч шүүх хуралдаан дээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуудлага өгч, тухайн өдрөө үзлэг хийсэн гэж удаа дараа мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт байгаа баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуудлага хүлээж авснаар бүртгэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө хэргийн газрын үзлэг хийсэн нөхцөл байдал харагддаг. Он, сар зөрүүтэй эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүх анхаарч ямар нэгэн тайлбар хийж, үгүйсгэж няцаагаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж, зургаа, долоон мөрдөгч солигдсон нь хэргийн хугацаа сунгах тогтоолуудаас мөн дуудлага хэдний өдөр, яаж ирсэн, хэзээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн нь тодорхой харагддаг. Хавтаст хэрэгт байгаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн байдаг. Гэтэл хохирогч шүүх хуралдаанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт үзлэг хийгээгүй, би ямар ч дуудлага өгөөгүй, харин 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуудлага өгч, хэргийн газрын үзлэг хийсэн гэж мэдүүлдэг. Ийм эргэлзээ бүхий баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх ямар ч эргэлзээгүй байна гэж тайлбарлан ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүх хуульд заасан журмаар цуглуулаагүй нотлох баримтыг үнэлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Н.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Н.Б-д холбогдох хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Он, сар зөрүүтэй асуудал хавтаст хэрэгт байгаа. Н.Б-ы хулгайн гэмт хэргийн хоёр удаагийн үйлдэл байдаг. Тухайлбал хэргийн газрын үзлэгийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөгч Амарсанаа гэх хүн хийсэн байдаг нь хэрэгт цугларсан нотлох баримт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогддог. Гэвч хэргийг шалгаж байсан мөрдөгч болон сүүлд шалгасан мөрдөгч, хяналт тавьж ажиллаж байсан прокурорын зүгээс мөрдөгч Амарсанаагийн хариуцлага алдсанаас болж нэг сарын дараа буюу 10 дугаар сарын 27-ны өдөр хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэт бүртгэлд оруулсан техникийн зөрчил гаргасан шалтгаан нь мөрдөгч Амарсанаагийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дарагдуулсан зөрчлөөс болсон гэдгийг дурдах нь зүйтэй. Нэгэнт яригдаж байгаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил мөн үү, оролцогчийн эрхийг зөрчсөн үү гэж үзвэл энэ талаар өөр байр суурьтай байгаа. Тухайлбал 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчийн гэрт очиж, хэргийн газрын үзлэгийг мөрдөгч Амарсанаа хөндлөнгийн гэрч нарыг оролцуулж хийсэн тэмдэглэл, нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байгаа. Энэ хэргийн газрын үзлэгээс гарын хээ илэрч, шинжээчийн дүгнэлтээр Н.Б-ых мөн гэж тогтоосон нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн газрын фото зургийн үзүүлэлтээс харахад хэдийгээр Н.Б- тухайн газар ажиллаж байсан боловч хулгайлах үйлдлийг хийхдээ ашигласан тагтны цонхны орчмоос хурууны хээ нь илэрсэн, мөн хохирогчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Б- нь 2017 оны 09 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ** хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол шал /паркет/ хулгайлж 462,000 төгрөг,

Мөн 2017 оны 09 сарын 27-ны өдөр ** иргэн Ш.О-н эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг, гоёлын зүүлт, мөнгөн хазаарын хавчаар зэрэг эд зүйлс хулгайлж 2,310,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх, түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ш.О-н орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа хэтэрч явагдсан, үүнээс үүдэн цаг хугацаа зөрүүтэй тэмдэглэгдсэн нөхцөл байдал үүссэн бөгөөд энэхүү байдал нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хүчингүйд тооцох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй болно.        

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын хамтран гаргасан “Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Н.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН