Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 372

 

А.М-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                  Ч.Тунгалаг,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Х.Батсүрэн,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0359 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М.  

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6, 271.6.4, 271.6.9, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий А.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0359 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА201В/0359 дүгээр магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “...Гэтэл шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1696 дугаар захирамжаар үүсгэсэн А.М-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт дээрх хуульд заасны дагуу хариуцагчаас олгогдсон итгэмжлэлгүй буюу түүнийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Б, Х.С нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, түүнчлэн нэхэмжлэлд холбогдох бичгийн тайлбар авч хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хууль журмын дагуу авагдсан нотлох баримтыг үнэлээгүй зэргээр процессийн зөрчил гаргажээ” гэж тэмдэглэсэн байна.

4. Гэтэл миний бие Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө...” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрыг төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд уг бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуульд заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 01/159 тоот албан бичгээр Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Б, Татварын улсын байцаагч Х.С нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан тодорхой бүрэн эрхийг эдпуүлэхээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон болно.

5. Нэр бүхий албан хаагчдад А.М-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт намайг төлөөлөхөөр итгэмжлэл олгосноос бус тодорхой дугаар бүхий үүсгэсэн хэрэгт итгэмжлэл олгоогүй болно. Мөн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Б, Татварын улсын байцаагч X.С нарт итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг олгосон байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “хариуцагчаас олгогдсон итгэмжлэлгүй этгээдүүдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, түүнчлэн нэхэмжлэлд холбогдох бичгийн тайлбар авч хэргийг шийдвэрлэсэн нь процессын зөрчил гаргажээ” гэж тэмдэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Б, Татварын улсын байцаагч Х.С нар нь хариуцагчаас олгогдсон итгэмжлэлгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд гэж үзсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасньгдагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ” гэж заасны дагуу магадлалыг гардуулж өгсөн байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0359 дүгээр магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “...Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13.1-д “Татварын ерөнхий газрын дарга албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөхөд холбогдох материалыг судалж шийдвэрлэнэ” гэж заасан, иймд зөвхөн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгөх бус харин уг хүсэлтийн үндэслэл болсон нөхцөл байдлыг дээрх журамд заасны дагуу хариуцагчийн зүгээс шалгаж тодруулсан, судалсан эсэх талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй” гэж тэмдэглэсэн байна.

8. Гэтэл нэхэмжлэгч А.М-ийг төрийн албанаас чөлөөлөөгүй бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.5 дахь заалтад “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн болно. Мөн нэхэмжлэгч А.М нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ ямар нэг хоёрдмол утгагүйгээр “...татварын албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэлтийн үндэслэл болсон нөхцөл байдлыг журамд заасны дагуу хариуцагчийн зүгээс шалгаж тодруулсан, судалсан эсэх талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

9. Нэхэмжлэгчээс шүүхэд дарамталж байсан талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулахаар захирамжилсаны дагуу А.М-тэй холбоотой тус газарт байгаа бүх баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн. Мөн шүүхээс гэрчээр дуудсаны дагуу тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н, Төрийн захиргааны удирдлагын газрын татварын улсын ахлах байцаагч Т.М, Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын дарга С.Б нар нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон бөгөөд А.М-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт тус газраас нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бүх нотлох баримтыг цуглуулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.         

10. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр гомдол гаргаж байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0359 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.

12. Нэхэмжлэгч А.М нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

13. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй байна.

14. Тухайлбал, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Б, Х.С нарыг оролцуулсан байх боловч тэдэнд олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй, харин хавтаст хэргийн 117,118 дугаар хуудасны дунд Татварын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 01/159 тоот албан бичиг хавсаргагдсан байх боловч уг баримт хэрэгт дугаарлагдаагүй, канондсон хувь байгаа нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

15. Давж заалдах шатны шүүхийн “...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэл болсон нөхцөл байдлыг тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13.1-т заасны дагуу хариуцагчийн зүгээс шалгаж тодруулсан, судалсан эсэх талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулсаны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй“ гэсэн дүгнэлт зөв байна. Учир нь, нэхэмжлэгч А.М маргаан бүхий Б/319 дүгээр тушаалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Татварын ерөнхий газрын удирдлага ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлж ёс зүйгүй авирласан С.Б-ийн алдаа дутагдлыг шалгаж тогтоолгүйгээр намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн” гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг шалгаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

16. Түүнчлэн анхан шатны шүүх өмнөх буцаасан хэргээс нотлох баримтыг хуулбарлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчсөн, хэрэгт нотлох баримтаар авагдсан, тухайлбал хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан маргаан бүхий захиргааны акт болон хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, уншигдахгүй байгаад анхаарвал зохино.

17. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0359 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                      Б.МӨНХТУЯА