Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

 

ЧД НД

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00078 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 41 657 022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат,  

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Дарьжав,

Прокурор: Н.Алтантүлхүүр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 27 771 341 төгрөгийг төлөөгүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд хариуцагчид 3 удаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн, 2 удаа тус компанийн Голомт банк дахь дансыг зогсоож төлөөгүй шимтгэл, алдангийг гаргуулахаар Голомт банкинд мэдэгдэл явуулсан. Мөн Б.Дашдаваа захиралтай нь биечлэн 2 удаа уулзаж, ярилцлагын тэмдэглэл үйлдсэн байдаг. Тухайн компани нь 2017 оны 06 дугаар сарын 06-нд шимтгэлийн өрийг төлөхөөр график хийж өгсөн боловч, уг графикийн дагуу төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т  заасан шимтгэл төлөх үүргээ зөрчсөн учраас мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн болон хугацаандаа төлөөгүй шимтгэлээс хоног тутамд 0,3 хувиар алданги төлөх хариуцлага хүлээдэг. Иймд шимтгэлийн өр төлбөрт 27 771 341 төгрөг, алдангид 13 885 674 төгрөг, нийт 41 657 674 төгрөгийн өр төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжилж байна. Манай байгууллагын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.А г 2019 оны 05 дугаар сарын 30-нд ажилд нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилсон. Энэ тухай Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын тушаал нь байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэл гаргах үед Н.А г бүртгүүлээгүй байсан боловч бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад өгсөн байсан боловч, 2019 оны 10 дугаар сарын 31-нд бүртгэсэн байдаг. Энэ хугацаанд манай байгууллагын нэр 3 удаа өөрчлөгдөж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийгдээгүй байсан. Манай байгууллага төрийн байгууллага бөгөөд хуулийн этгээдтэй адил биш гэж үзэж байна. Нэгэнт Н.А нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эрх бүхий этгээдээс томилогдон ажиллаж байсан, хариуцагчийн захирал нь өөрөө Н.А даргатай уулзаж ярилцаж байсан тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Хариуцагч М ХХК нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд нийт 32 000 000 төгрөгийн төлөгдөөгүй шимтгэлийн өрийн үлдэгдэлтэй байсан, түүнийг 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд төлсөн 32 000 000 төгрөгөөр тооцож дуусгасан байгаа. Одоо нэхэмжилж байгаа шаардлага нь 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 27 771 341 төгрөг байгаа, түүнд хуульд зааснаар алданги тооцсон. Тооцооны талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн баримттай танилцахад нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээнд бүртгүүлээгүй этгээд гаргасан гэж үзэж байгаа бөгөөд өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулахаар шүүх хуралдаанд хойшилсон. Тус шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 12-нд хариуцагчид холбогдуулан гарын үсэг зурж, нэхэмжлэл гаргасан Н.А нь тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бүртгэгдээгүй байхдаа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 10 дугаар зүйлийн 10.1.10, 22 дугаар зүйлийн 22.1.9-д зааснаар өөрчлөлтөө заавал бүртгүүлэх, байгууллагын удирдлагын талаарх мэдээллээ бүртгүүлэх үүргийг зөрчсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3., 14 дүгээр зүйлийн 14.2.-д заасан байгууллагын өөрчлөлтийн бүртгэлийг хийх журам, үүргийг ч зөрчсөн. Эдгээр хуулиуд шинэчлэгдэн батлагдаж мөрдөгдөж байсан. Үүнээс хойш Н.А нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлээгүй. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээг нэмж бүртгүүлсэн байдлаар гаргаж өгсөн ба үүнээс харахад 2019 оны 10 дугаар сарын 31-нд албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ нь нэхэмжлэл гаргах эрхгүй байхдаа нэхэмжлэлийг бичиж гаргасан үйл баримтыг өөрчлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байсан тул энэ нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэл гаргасны дараа бүртгүүлсэн байдал, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын Н.А г томилсон тушаал зэрэг нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийг үүсгэхгүй. Н.А г шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоосон гэдэг. Гэтэл Н.А нь өмнө нь үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн байж байгаад дараа нь Ш.А гэдэг хүн бүртгэгдсэн, одоо дахин Н.А бүртгэгдсэн бүртгэлүүд байх ёстой. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч байгууллагыг хуулийн этгээд биш гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар байна. Төрийн байгууллага ч хуулийн этгээд мөн. Дээрх хуулиудад зааснаар бүртгүүлэх үүргийг төрийн байгууллага нэг адил хүлээнэ. Албан ёсоор бүртгүүлснээс хойш дахин нэхэмжлэлээ гаргах эрх байгаа шүү дээ. Н.А 2019 оноос хойш ажиллаж байгаа бол цагийн бүртгэл, цалин хөлс авсан баримтуудыг нь гаргаж нотлох боломж байсан боловч ийм баримтуудыг гаргаж өгөөгүй. Хариуцагч компани нь өөрийн боломжийн хэмжээгээр шимтгэлийн өр төлбөрийг барагдуулж байсан нь нотлогдсон. 2017-2019 онд үйл ажиллагаагаа явуулаагүй, татварын байгууллагад алдагдалтай болон Х тайлан гаргаж өгч байсан нь татварын албаны Чингэлтэй дүүргийн Татварын албаны 17, 18, 19 тоот тодорхойлолтуудаар нотлогдоно. Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлийн тооцоо, алдангийн тооцоон дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан, түүнээс олгогдсон итгэмжлэлүүд хууль бус байх тул нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Б-с гаргасан дүгнэлтдээ: Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хариуцагч компани нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд төлөөгүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий этгээд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байсан тул шүүхэд хандан шимтгэлийн өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20.1.2-т заасныг баримтлан хариуцагнийт 41 657 022 төгрөг гаргуулан ЧД НДХ т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 366 235 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь тус компани үйл ажиллагаа явуулахгүй удаж, татварын X тайлан өгч нийгмийн даатгалын өр хуримталсан байдлыг харгалзан үзэж нэхэмжилсэн алдангийг хасаж өгөх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Манай компанийн зүгээс ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан байдалдаа дүгнэлт хийж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өрийг хэрхэн барагдуулах талаар тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, санхүүгийн байдлаа сайжруулах боломж нөхцлийг судалж ажиллаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах тул ЧД НД  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.А г тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор бүртгээгүй байхад ЧД НД  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Ш.А гэх хүн бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцээгүй түүнчлэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Надмидын Ариунааг ЧД НД  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон тушаалыг нэхэмжлэлд хавсаргасан хэдий ч энэ хүн урд нь тухайн ажил албыг гүйцэтгэж байсан болох нь баримтаар нотлогдоогүйг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэх эсэхэд дээд шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ЧД НДХ нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болон алданги нийт 41 657 022 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М ХХК нь ЧД НДХ т 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацааны ажилчдын цалин хөлсний орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлд 27 771 341 төгрөгийг дутуу төлсөн болох нь хариуцагч байгууллагын 2016, 2017 оны заавал даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2017 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ЧД НД  шимтгэл төлөлтийн байдлын талаар хийсэн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргахгүй байна. /хх-7-10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйд хариуцлага хүлээлгэж 13 885 674 төгрөгний алданги нэхэмжилсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцжээ.

 

Дээрх төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг барагдуулахаар нэхэмжлэгч нь хариуцагчийн Голомт банк дах дансны зарлагын гүйлгээг зогсоолгохоор тус банкинд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн, ЧД НД  Улсын байцаагчийн албан шаардлагыг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн мөн Өр барагдуулах талаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд уулзалт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-13-21/

 

Нэхэмжлэгч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөгдсөн өрийг барагдуулахаар хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд дутуу төлөгдсөн 27 771 341 төгрөг, алданги 13 885 674 төгрөг нийт 41 657 022 төгрөг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “...тус компани үйл ажиллагаа явуулахгүй удаж, татварын Х тайлан өгсөн, нийгмийн даатгалын өр хуримталсан байдлыг харгалзан үзэж нэхэмжилсэн алдангаас чөлөөлүүлэх” гэх давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч байгууллага нь үйл ажиллагаа явуулаагүй, Х тайлан гаргасан нь хуульд заасан алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй тул гомдлыг хангахгүй.

Мөн хариуцагч байгууллагын “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх давж заалдах гомдол болон тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар Нийгмийн даатгалын газрын даргын тушаалаар Н.А г ажилд эгүүлэн тогтоож, ЧД НД  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А г 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЧД НД  улсын бүртгэлд бүртгүүлсэн нь “нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 227 378 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ