Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2020/00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж 46, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /9080821/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “МРТТ” ХХК  -д холбогдох,

           Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 41 657 022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дарьжав,  прокурор  Э.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов. 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : “МРТТ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар  2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 27 771 341 төгрөгийг төлөөгүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд хариуцагчид 3 удаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн, 2 удаа тус компанийн  Голомт банк дахь дансыг зогсоож төлөөгүй шимтгэл, алдангийг гаргуулахаар Голомт банкинд мэдэгдэл явуулсан. Мөн Б.Д захиралтай нь биечлэн 2 удаа уулзаж, ярилцлагын тэмдэглэл үйлдсэн байдаг. Тухайн компани нь 2017 оны 06 дугаар сарын 06-нд шимтгэлийн өрийг төлөхөөр график хийж өгсөн боловч, уг графикийн дагуу төлөөгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дэх хэсэгт заасан шимтгэл  төлөх үүргээ зөрчсөн учраас  мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар дутуу төлөгдсөн болон хугацаандаа төлөөгүй шимтгэлээс хоног тутамд 0,3 хувиар алданги төлөх хариуцлага хүлээдэг. Иймд шимтгэлийн өр төлбөрт 27 771 341 төгрөг, алдангид  13 885 674 төгрөг, нийт 41 657 674 төгрөгийн өр төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжилж байна. Манай байгууллагын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунааг  2019 оны 05 дугаар сарын 30-нд ажилд нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилсон.  Энэ тухай Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын тушаал нь байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэл гаргах үед Н.Ариунааг бүртгүүлээгүй байсан боловч бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад өгсөн байсан боловч, 2019 оны 10 дугаар сарын 31-нд бүртгэсэн байдаг. Энэ хугацаанд манай байгууллагын нэр 3 удаа өөрчлөгдөж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийгдээгүй байсан.  Манай байгууллага төрийн байгууллага бөгөөд хуулийн этгээдтэй адил биш гэж үзэж байна. Нэгэнт Н.Ариунаа нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эрх бүхий этгээдээс томилогдон ажиллаж байсан, хариуцагчийн захирал нь өөрөө Н.Ариунаа даргатай уулзаж ярилцаж байсан тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Хариуцагч : “МРТТ”  ХХКнь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд  нийт 32 000 000 төгрөгийн төлөгдөөгүй шимтгэлийн өрийн үлдэгдэлтэй байсан, түүнийг 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд төлсөн 32 000 000 төгрөгөөр тооцож дуусгасан байгаа. Одоо нэхэмжилж байгаа шаардлага нь 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 27 771 341 төгрөг байгаа, түүнд хуульд зааснаар алданги тооцсон. Тооцооны талаарх баримтыг хэрэгт хавсаргасан.  Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн : “МРТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн баримттай танилцсан. Энэ нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээнд бүртгүүлээгүй этгээд гаргасан гэж үзэж байгаа бөгөөд өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулахаар шүүх хуралдаанд хойшилсон. Тус шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 12-нд хариуцагчид холбогдуулан гарын үсэг зурж, нэхэмжлэл гаргасан Н.Ариунаа нь тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бүртгэгдээгүй байхдаа нэхэмжлэл гаргасан нь  үндэслэлгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8., 10 дугаар зүйлийн 10.1.10., 22 дугаар зүйлийн 22.1.9-д зааснаар  өөрчлөлтөө заавал бүртгүүлэх, байгууллагын удирдлагын талаарх мэдээллээ бүртгүүлэх үүргийг зөрчсөн. Мөн  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.3., 14 дүгээр зүйлийн 14.2.-д заасан байгууллагын өөрчлөлтийн бүртгэлийг хийх журам,  үүргийг ч зөрчсөн.

Эдгээр хуулиуд шинэчлэгдэн батлагдаж мөрдөгдөж байсан.  Үүнээс  хойш Н.Ариунаа нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлээгүй.

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээг нэмж бүртгүүлсэн байдлаар гаргаж өгсөн ба үүнээс харахад 2019 оны 10 дугаар сарын 31-нд албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ нь нэхэмжлэл гаргах эрхгүй байхдаа нэхэмжлэлийг бичиж гаргасан үйл баримтыг өөрчлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байсан тул энэ нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэл гаргасны дараа бүртгүүлсэн байдал, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын Н.Ариунааг томилсон тушаал зэрэг нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийг үүсгэхгүй. Н.Ариунааг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоосон гэдэг. Гэтэл Н.Ариунаа нь өмнө нь үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн байж байгаад дараа нь Ш.Алтанчимэг гэдэг хүн бүртгэгдсэн, одоо дахин Н.Ариунаа бүртгэгдсэн бүртгэлүүд байх ёстой. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч байгууллагыг хуулийн этгээд биш гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар байна. Төрийн байгууллага ч хуулийн этгээд мөн. Дээрх хуулиудад зааснаар бүртгүүлэх үүргийг төрийн байгууллага нэг адил хүлээнэ. Албан ёсоор бүртгүүлснээс хойш дахин нэхэмжлэлээ гаргах эрх байгаа шүү дээ. Н.Ариунаа 2019 оноос хойш ажиллаж байгаа бол цагийн бүртгэл, цалин хөлс авсан баримтуудыг нь гаргаж нотлох боломж байсан боловч ийм баримтуудыг гаргаж өгөөгүй. Хариуцагч компани нь өөрийн боломжийн хэмжээгээр шимтгэлийн өр төлбөрийг барагдуулж байсан нь нотлогдсон. 2017-2019 онд үйл ажиллагаагаа явуулаагүй, татварын байгууллагад алдагдалтай болон Х тайлан гаргаж өгч байсан нь татварын албаны Чингэлтэй дүүргийн Татварын албаны 17, 18, 19 тоот тодорхойлолтуудаар нотлогдоно.

Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлийн тооцоо, алдангийн тооцоон дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан,  түүнээс олгогдсон итгэмжлэлүүд хууль бус байх тул  нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Бадралаас гаргасан дүгнэлтдээ:

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хариуцагч компани нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд төлөөгүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

Нэхэмжлэгч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий этгээд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байсан тул шүүхэд хандан шимтгэлийн өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гарагх эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч : “МРТТ” ХХК-д холбогдуулан шимтгэлийн үлдэгдэл өр 27 771 341 төгрөг,   хугацаа хэтрүүлсний алдангид 13 885 674 төгрөг, нийт 41 657 022 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч : “МРТТ” ХХК нь үл зөвшөөрч,  2019 оны 09 дүгээр сарын 12-нд шүхэд нэхэмжлэл гарган гарын үсэг зурсан даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа нь улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор  бүртгэгдээгүй байхдаа нэхэмжлэл гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8., 10 дугаар зүйлийн 10.1.10., 22 дугаар зүйлийн 22.1.9., Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3., 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан байгууллагын удирдлагын талаарх мэдээлэл, өөрчлөлтийг бүртгүүлэх үүргийг, мөн байгууллагын өөрчлөлтийн бүртгэлийг хийх журмыг ч зөрчсөн. Н.Ариунаа нь 2019 оны 10 дугаар сарын 31-нд албан ёсоор бүртгүүлсэн нь нэхэмжлэл гаргах эрхгүй байхдаа нэхэмжлэлийг бичиж гаргасан үйл баримтыг өөрчлөх үндэслэл болохгүй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан хариуцагч компанийн     регисртийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд : “МРТТ” ХХК нь  гадаад худалдаа, аялал жуулчлал, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж бөгөөд ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна.  Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

: “МРТТ” ХХК нь  2014 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны ажилчдын цалин хөлсний орлогод оногдох шимтгэлд нийт 32 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг шимтгэлийг 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд төлж барагдуулсан, харин 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 27 771 341 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй болох нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч компанийн шимтгэл төлөлтийн талаарх тооцоолол,  2016, 2017 оны “: “МРТТ” ХХК-ийн “Заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл”, хариуцагчийн 2017 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шимтгэлийн тайлан, : “МРТТ” ХХК-иас нэхэмэлэгч байгууллагад гаргасан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17/10  тоот “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах хуваарь” зэргээр нотлогдсон байх бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь  Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2,  26 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 4-т тус тус заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулахаар  хариуцагчид 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байсан бөгөөд  хариуцагч компанийн Голомт банк дахь 1102046646 тоот  харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэл төлөх хүртэл түр зогсоох, төлөөгүй шимтгэл, алдангийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулахаар Голомт банкинд явуулсан, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж ярилцаж байсан тухай  2014 оны 10 дугаар сарын 24-нд 00000099 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 14-нд 0000144 тоот, 2018 оны 05 дугаар сарын 14-нд 0000020 тоот мэдэгдлүүд, 2017, 2018, 2019 онуудын уулзалтын тэмдэглэл зэрэг баримтууд  хэрэгт авагджээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн  буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулах бөгөөд алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицууулсан нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй шимтгэл төлөгчид хуулиар тогтоосон хариуцлагын агуулгатай байна. Энэхүү хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хуульд заагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан анзын нэг хэлбэр болох алдангийн талаар гэрээний талууд харилцан тохиролцож, хуульд заасан хэмжээгээр тогтоодог учир хэргийн нөхцөл байдлыг харгалзан, алдангийн хэмжээ илт өндөр байвал шүүх хэмжээг багасгах боломжтой байдаг.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан алданги нь талуудын тохиролцооноос хамаардаггүй, хуулиар тогтоосон заавал биелэгдэх шинжтэй, хариуцлага ногдуулж буй хэм хэмжээгээр тусгагдсан байх тул үүргээ гүйцэтгээгүй шимтгэл төлөгчийг  2017, 2018, 2019 онуудад тайлагнасан татварын тайланг үндэслэн алдангиас чөлөөлөх боломжгүй юм.

Хариуцагч компани нь 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 2019 оны 08 дугаар 30-ныг хүртэл хугацаанд  төлбөл зохих 27 771 341 төгрөгийн шимтгэлийг төлөлгүй, хуульд заасан хугацааг 607-1217 хоногоор хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь дутуу төлөгдсөн  буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд 27 771 341 төгрөг, уг шимтгэлийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсний алдангид 13 885 674 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

2.Хариуцагч тал нь  дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 41 657 022 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд буюу улсын бүртгэлд бүртгүлээгүй этгээд Н.Ариунаа гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг татгалзсан татгалзалын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа нь тус хэлтсийг төлөөлөн 2019 оны 09 дүгээр сарын 27-нд хариуцагчид холбогдуулан дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр 2019 оны 05 дугаар сарын 30-нд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын Б/14  тоот “Надмидын Ариунааг ажилд эгүүлэн авах тухай” тушаалаар тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 9080821 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Н.Ариунааг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг 2019 оны 10 дугаар сарын 31-нд бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж зааасны дагуу Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Ариунааг хуульд заасан эрх бүхий этгээд томилсон байна.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу ажил олгогч, даатгуулагчид  шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуулийг  зохих хууль тогтоомжийн дагуу үл маргах журмаар гаргуулах зэрэг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзнэ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8.-д улсын бүртгэлийн байгууллага нь төрийн байгууллага, албан газрыг бүртгэхээр, 10 дугаар зүйлийн 10.1.10.-д хуулийн этгээдийн хувийн хэрэгт түүний гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар талаарх мэдээллийг оруулахаар, 22 дугаар зүйлийн 22.1.-д хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3.-т хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийн төрлийг, 14 дүгээр зүйлийн 14.2.-т хуулийн этгээд нь улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд  бүртгүүлэх үүргийг  тус тус заажээ.

 Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч өөрчлөгдсөнийг дээрх хуулийн заалтуудын дагуу 2019 оны 05 дугаар сарын 30-наас хойш бүртгүүлээгүй байсан нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг, түүнчлэн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаагийн байгууллагаа төлөөлж бусдаас хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д заасны дагуу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаагаас 2019 оны 09 дүгээр  сарын 12-ны өдрийн 615 тоот, 12 дугаар сарын 18-ны өдрийн 1123 тоот албан бичгээр Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат нарт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох эрхийг олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 64 дүгээр зүйлийн 64.2.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

Иймд хариуцагч талын төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр  бус байна гэх тайлбар татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч компани нь  нийгмийн даатгалын шимтгэлд 27 771 341 төгрөгийн дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй, үүнтэй холбоотойгоор хугацаа хэтрүүлсний хариуцлага болох  алдангид 13 885 674 төгрөг,  нийт 41 657 022  төгрөгийг хариуцагч компаниас гаргуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгон нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т  зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  366 235  төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан  хариуцагч “МРТТ” ХХК-иас нийт 41 657 022 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 366 235 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                

 

                                       ДАРГАЛАГЧ                               Ж.БАЙГАЛМАА