Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00038

 

ЧД

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00078 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 729 дүгээр магадлалтай,

 ЧД хэлтсийн нэхэмжлэлтэй

“М Р Т Т” ХХК-д холбогдох

 Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 41,657,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уянга, өмгөөлөгч Ц.Дарьжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, прокурор Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ЧД хэлтэс нь хариуцагч “М Р Т Т” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 27,771,341 төгрөг, алдангид 13,885,674 төгрөг, нийт 41,657,022 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Тус шүүхэд 2019.09.12-нд хариуцагчид холбогдуулан гарын үсэг зурж, нэхэмжлэл гаргасан Н.Ариунаа нь тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бүртгэгдээгүй байхдаа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлийн тооцоо, алдангийн тооцоон дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан, түүнээс олгогдсон итгэмжлэлүүд хууль бус байх тул нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Бадралаас гаргасан дүгнэлтдээ “...Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хариуцагч компани нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий этгээд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байсан тул шүүхэд хандан шимтгэлийн өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00078 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч М Р Т Т ХХК-аас нийт 41,657,022 төгрөг гаргуулан ЧД хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 366,235 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 729 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 227,378 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уянга, өмгөөлөгч Ц.Дарьжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1 ЧД хэлтсийн нэхэмжлэлтэй “төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл түүний алданги болох 41,657,674 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий “М Р Т Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тус компани үйл ажиллагаа явуулахгүй удаж, татварын X тайлан өгч нийгмийн даатгалын өр хуримталсан байдлыг харгалзан үзэж нэхэмжилсэн алданги 13,885,674 төгрөгийг хасаж өгөх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

4.2 Манай компанийн зүгээс ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан байдалдаа дүгнэлт хийж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өрийг хэрхэн барагдуулах талаар тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, санхүүгийн байдлаа сайжруулах боломж нөхцөлийг судалж ажиллаж байна.

4.3Түүнчлэн ЧД хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунааг тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор бүртгээгүй байхад ЧД хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Алтанчимэг гэх хүн бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцээгүй түүнчлэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019.05.30-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Надмидын Ариунааг ЧД хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон тушаалыг нэхэмжлэлд хавсаргасан хэдий ч энэ хүн урд нь тухайн ажил албыг гүйцэтгэж байсан болох нь баримтаар нотлогдоогүйг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянан зөвтгөж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 6. Хариуцагч “М Р Т Т” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 27,771,341 төгрөг, алдангид 13,885,674 төгрөг, нийт 41,657,022 төгрөг гаргуулах ЧД хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг тусгайлан зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь ажил олгогчийн болон даатгуулагчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээжээ.

 8. Хариуцагч “М Р Т Т” ХХК нь 2017.12.20-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 27,771,341 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

 9. “...Хугацаандаа төлөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан бөгөөд төлбөр 27,771,341 төгрөг, алдангид 13,885,674 төгрөг, нийт 41,657,022 төгрөгийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 10. Ажил олгогч нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүргийг нийгмийн даатгалын харилцааг тусгайлан зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулиар ногдуулсан байх тул алдангийн хэмжээг багасгах, алдангиас чөлөөлөх эрхийг нийгмийн даатгалын сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч нийгмийн даатгалын байгууллага болон шүүх эдлэх боломжгүй юм.

 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж тус тус заажээ.

 ЧД хэлтсийг төлөөлж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа 2019.09.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнийг ажилд томилсон Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019.05.30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хавсарган ирүүлсэн нь хэргийн баримтад авагдсан байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ. Мөн байгууллагыг төлөөлөх Н.Ариунаагийн эрхийн талаар тус байгууллага маргаагүй байна.

 12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 10 дугаар зүйлийн 10.1.10, 22 дугаар зүйлийн 22.1.9-д зааснаар хуулийн этгээд нь удирдлагын талаарх мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй боловч тухайн бүртгэлийг хийлгээгүй нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдож байгууллагыг төлөөлж байгаа этгээдийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхэд саад болохгүй.

 13. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, ...алдангийг багасгах” гэсэн гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 729 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уянга, өмгөөлөгч Ц.Дарьжав нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.27-ны өдөр төлсөн 227,378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                         Х.ЭРДЭНЭСУВД