Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 135/2020/00323/и |
Дугаар | 64 |
Огноо | 2020-06-10 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 64
Ц.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00323/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.А-ад холбогдох
"...Улсын бүртгэлийн Ү-20030083 дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003007760 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003005774 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.А-ын нэрийг хасуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагч Л.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Ц.А- миний бие Л.А-тай 2003 онд гэр бүл болон амьдарч байгаад 2013 онд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаартай шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, эд хөрөнгийн асуудлыг мөн шийдвэрлүүлсэн. Тус хэрэг шийдвэрлэгдэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Алтангадас 2-9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-20030083 дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003007760 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003005774 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ нэхэмжлэгч Ц.А- болон хүү А.Ж-, А.Б- нарт шилжүүлэхийг зөвшөөрч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан байдаг.
Үүний дараа миний салсан нөхөр Л.А- олон удаа гэр бүлийн эд хөрөнгийн талаар Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд тус маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаартай шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрээр бидний хоорондын эд хөрөнгийн асуудал 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэж Л.А-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Л.А-ын зүгээс тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Миний бие дээрх эд хөрөнгүүдээс Л.А-ын нэрийг хасуулахаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Л.А-ын нэрийг хасах талаар тусгагдаагүй байгаа тул бид хасах боломжгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Мөн шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас гаргуулахаар хүсэлт өгсөн боловч 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих боломжгүй гэсэн хариу өгсөн, 2013 оны 386 дугаар шийдвэрээр дээрх эд хөрөнгийн маргаан шийдэгдсэн гэж тус шүүхийн 2019 оны 792 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан бөгөөд тус 2013 оны 386 дугаар шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлэх гэсэн боловч тогтоох хэсэгт дурдагдаагүй гэх үндэслэлээр мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авахгүй байна.
Иймд миний бие нэгэнт шийдвэрлэгдсэн эд хөрөнгийн маргааныг нэг тийш болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс Л.А-ын нэрийг хасуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Улсын бүртгэлийн Ү-20030083 дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003007760 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003005774 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус хариуцагч Л.А-ын нэрийг хасах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хэрэг бол шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээ цуцлуулсан, эд хөрөнгийг эхнэр хүүхдийн нэр дээр шилжүүлнэ гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. 2013 оны 386 дугаартай шийдвэрт тухайн үл хөдлөх хөрөнгийн нэрийг үндэслэх хэсэгт бичээд тогтоох хэсэгт нь тусгаагүй байдаг. Өнөөдөр 2013 оны 386 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр юм. Энэ шийдвэр гараад 7 жил болсон. 2019 оны 792 дугаартай шийдвэрт дурдаад байгаа машин, Амгалан бат оршиг, Баялаг бумбат гэх компаниуд болон хөрөө рам, эргэлтийн хөрөнгө, газар, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гээд эдгээр асуудлыг бүгдийг шийдвэрлэсэн. 2019 оны 792 дугаар шийдвэрээр өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзсэн. Уг шийдвэрт аль нэг тал гомдол гаргаагүй. 2013 оны 386 дугаар шийдвэрт дурдагдсан байдлаар нэхэмжлэгч санаачилгаараа очиж нэрийг нь хасуулах гэсэн зүйл байхгүй, үүнийг Л.А- сайн дурын үндсэн дээр өөрөө очоод хасуулах ёстой байсан. Гэтэл Л.А- өнөөдрийг хүртэл өөрөө сайн дураар биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 2013 оны 386 дугаартай шийдвэрийг гүйцэтгүүлэх гэхээр тогтоох хэсэгт дурдаагүй гэсэн байдаг. Гэтэл энэ асуудлыг шийдсэн гэх 2 удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж нэрийг нь хасуулхаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хариуцагч энэ хөрөнгүүдээс өөр хөрөнгүүдийг дурдаж нэрээ хасуулхыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэв.
Хариуцагч Л.А- нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Гэр бүл цуцлах нэхэмжлэлийг Ц.А-гийн санаачилгаар шийдвэрлэсэн, өөрөө нэхэмжлэл гаргасан. Тухайн үед надад гуравхан эд хөрөнгө байгаагүй. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан 6 үл хөдлөх хөрөнгө байсан. Гэр бүлийн хуулиар эхнэр нөхөр хэний нэр дээр байхаас үл хамаараад өрхийн тэргүүний нэр дээр байдаг. Энэ бол амьдралд байдаг түгээмэл тохиолдол юм. Миний 60.000.000 төгрөгийн үнэтэй Fuso машин байсан. Энэ бол гэр бүл цуцлах шийдвэрт байхгүй хөрөнгө, үүнийг гэр бүл цуцалсны дараа хашаа байшин чинь ерөөсөө хэрэггүй, би энэ хашаа байшингаар чинь хоёр хүүхдийг чинь тэжээхгүй, надад тэр төмрийн сэг чинь хэрэггүй, газар тариалан чинь хэрэггүй, трактор техник, мал чинь ч хэрэггүй гэж өөрөө татгалзсан учраас би өгөөгүй. Тэр дор нь шаардсан бол би өгнө. Яагаад гэвэл би өөрөө өгнө гээд хэлчихсэн учраас авъя гэвэл тэр дор нь шилжүүлээд өгөх байсан. Энд дурдаагүй бүх хөрөнгүүд миний нэр дээр байсан учраас би амьдрах боломжтой, шоронд ч ороогүй байсан үе юм. Миний нэр дээр байсан зүйл дээр би өгөх гэтэл өөрөө хэрэггүй гэж хэлсэн. Бүх зүйл миний нэр дээр байсан учраас өгөх боломжтой байсан. Би амьдрах эрх зүйн боломжтой байсан. Би машинтай, өвс преслэгч машинтай газартай өчнөөн зүйлтэй байсан.
н.М-ийн нэр дээр шилжүүлсэн байсан машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэдгээ нэхэмжлэгч 792 дугаар шийдвэрийн 7 дугаар хуудаст хүлээн зөвшөөрсөн талаар байгаа, гэрээ гэрчилгээ гээд бүх авсан юмнууд нь надад хуудастайгаа байна. Миний нэрлээд байгаа компанийг худалдах, худалдан авах гэрээгээр 2014 онд буюу намайг ял эдэлж байх хугацаанд авчихсан. Энэ баримт нь надад байна. Машиныг авсан, компанийг авсан. 97 дугаар брак байрны 3 тоот, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр миний 4 өрөө /Дархан сум, 15 дугаар баг, 7 дугаар хороолол, 1 дүгээр байр, 12 тоот/ байрыг авсан, Дархан сум, 15 дугаар баг, 7 дугаар хороолол, 1 дүгээр байр, 11 тоот, нийтдээ 3 үл хөдлөх, 1 машин, Баялаг бумбат ХХК гээд бүгдийг Ц.А- худалдах худалдан авах гэрээгээр өөр дээрээ авсан. Мөн 2 хөрөө рам, эргэлтийн хөрөнгө 100 сая төгрөг, нийт 500 сая гаруй төгрөгийг би энэ хүнд өгсөн. Мөн Амгалан бат оршиг гэх компанийг 500га газрын хамт худалдаж авч өгсөн. Гэтэл намайг ял эдлэх гээд явсан хойгуур миний өмчлөлийн гэр, эд хогшлыг шунахайн сэдэлтээр авч үрэгдүүлсэн. Ингээд намайг элдвээр хуурч залилаад, эд хөрөнгө авах болохоор эхнэр нөхөр гээд, шоронд явахаар бид хоёр салсан гэж яриад байдаг. Би 2013 оны 386 шийдвэр дээр нэрлэн заагдаагүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө авмаар байна. 2013 оны 386 дугаар шийдвэрт тусгагдаагүй эд хөрөнгийг би эзэмших эрхтэй байсан. Нэхэмжлэгч талаас өөрөө 2013 оны 386 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр гэж хэлсэн. Тэгвэл түүн дээр нэрлэн заагаагүй хөрөнгө миний өмч юм. Гол үндэслэл маань 2013 оны 386 шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна. 2015 оны 08 сар хүртэл буюу шоронд явах хүртлээ би захиран зарцуулж байтал намайг явсан хойгуур үрэгдүүлсэн. 2013 онд би хангалттай хөрөнгө сэтгэлээсээ өгсөн. Хүн шиг сайхан амьдраасай гэж хүсдэг, мөн 2 хүүхэддээ бүхнээ өгнө. Гэтэл Ц.А- надаас аваад хүүхдүүдэд маань өгөөгүй хамтран амьдрагч н.Т-т өгсөн. Дахиад нэхэж байгаа нь үндэслэлгүй. Би булаацалдаагүй, гэхдээ нэрээ хасуулахгүй. Хүү маань 18 нас хүрч байна. Би хүүхдүүддээ өгөх байтал энэ хүн ганцаараа эзэмших гээд байна. 2 хүүхэд маань дотуур байранд амьдарч байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаар шийдвэрээр:
Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоот 267.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005774 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоотод байршилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008354 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоот 807.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007760 улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.А-ын нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.А- давж заалдсан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 тоот шийдвэрт холбогдуулан дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Энэ 386 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтаараа бидний гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийг эхийнх нь асрамжинд өгч шийдвэрлэсэн байдаг ба харин 3 дахь заалтдаа зохигчид эд хөрөнгийн талаар одоогоор маргаангүй болохыг дурдсугай гэсэн байдаг. Энэ шийдвэрээр гэр бүлийн дундын өмчийн асуудлыг огт шийдвэрлээгүй ба харин одоогоор маргаангүй, цаашид маргаан үүсгэж болох юм гэсэн агуулга байгааг шүүгч нар буруу ойлгож гэр бүлийн дундын өмчийг 386 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байна гэж үзэж нэхэмжлэл шүүхэд гаргахаар хэрэгсэхгүй болгоод, эсвэл хүлээн авахаас татгалзаад байгааг ойлгохгүй юм. Хэрэв гэр бүлийн дундын өмчлөлийн асуудлыг 386 тоот шийдвэрээр бүрэн шийдвэрлэсэн юм бол миний сөрөг нэхэмжлэл, болон шүүхэд гаргаад байгаа бусад нэхэмжлэлүүдэд тоочигдон бичигдээд байгаа хөрөнгүүд яагаад 386 тоот шийдвэрийн аль ч хэсэгт дурдагдаагүй байгаа юм. Шүүх хөрөнгийг нэрлэн тоочихгүйгээр гэр бүлийн дундын өмчийг битүү, гэр бүлийн гишүүдэд хуваалгүйгээр шийдвэрлэчихдэг юм уу, 3 жил шахам тасралтгүй шүүхээр явлаа. Харин 386 тоот шийдвэрт хэрэв гэр бүлийн дундын өмчийн талаар маргаан үүсвэл Үндэслэх хэсэгт дурдсан хөрөнгүүдийг Ц.А-, А.Ж-, А.Б- нарт шилжүүлж болохыг Л.А- миний бие тухайн үед нь зөвшөөрсөн болохыг үндэслэх хэсэгт нь дурдаад тогтоох хэсэгтээ өмчийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж болохгүй.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь шүүхийн шийдвэрийн эцсийн заалт гэж би ойлгож байгаа. Үндэслэлд дурдагдсан зүйл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт багтаагүй л бол энэ нь эцсийн шийдвэр биш гэж би үзэж байгаа болно. Шүүх 386 тоот шийдвэрийн тогтоох хэсгээ зөв ойлгохгүйгээс болж миний өмчлөх эрх зөрчигдөөд, шүүхээр иргэн хүнийхээ хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзнэ үү.
Мөн миний бие 386 тоот шийдвэрт дурдагдаагүй өөрийн өмчлөлдөө 2013-2015 онуудад эзэмшиж ашиглаж байсан хөрөнгүүдээ Ц.А-гийн эзэмшлээс гаргуулах шаардлагыг сөрөг нэхэмжлэлээр шүүхэд гаргахад шүүх хүлээн авалгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь мөн үндэслэлгүй байсан гэж би үзэж байгаа юм. Намайг ял эдлэхээр явахад Ц.А- миний гэсэн хөрөнгүүд болгоныг үрэн таран хийж зарахыг нь зарж дуусгасан байсан.
Миний нэр дээр эзэмшлийн газар, чиргүүл, гэх мэт хөрөнгүүд гэрчилгээгээр, байдаг. Гэтэл энэ хөрөнгүүд биет байдлаараа надад огт байхгүй зөвхөн л гэрчилгээнүүд нь надад байгаад байдаг. Энэ гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон ямар ч шийдвэр байхгүй байхад хөрөнгийн асуудлууд яагаад 386 тоот шийдвэрээр бүрэн эцэслэн шийдвэрлэгдсэнд тооцогдоод байна гэдэгт надад хариулт өгөхийг хүсэж байна.
Ц.А-гийн миний өмчлөлд байсан эд хөрөнгүүдийг зарсан, үрсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 386 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт дундын өмчийг шийдвэрлэсэн шийдвэр байхгүй, харин иргэний журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж тогтоол гаргаж байгааг анхаарч үзнэ үү.
Хуулийг нэг мөр ойлгож хэргийг зөв шийдвэрлэхгүй байгаагаас болж миний эрх зөрчигдөөд байгаа учраас анхан шатны шүүхийн 520 дугаартай шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгон дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулах ажиллагааг хийлгүйгээр маргааны зүйлийг буруу тодорхойлж улмаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна .
Нэхэмжлэгч Ц.А- нь улсын эрхийн бүртгэлийн Y-2003005774 дугаар бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2 дугаар гудамж, 9 тоотод байрлах 267.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Улсын эрхийн бүртгэлийн Y-2003008354 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2 дугаар гудамж, 9 тоотод байршилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Улсын эрхийн бүртгэлийн Y-2003007760 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2 дугаар гудамж, 9 тоотод байрлах 807.0 м.кв тайлбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хандахад түүнийг өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүйн улмаас бүртгэл хийгээгүй тул эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэлдээ дурджээ.
Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой бус байна.
Тухайлбал бүртгэлийг өөрчилж өмчлөгч Л.А-ын нэрийг хасалт хийж бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, эсхүл өмчлөх эрхгүй этгээдийн хувьд өмчлөх эрхийн бүртгэлээс нэр хасах хэлцэл хийхийг хариуцагч Л.А-ад даалгахыг хүсээд байгаа эсэх нь тодорхойгүй болжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалбал Ц.А-гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх гэрлэгчдийн эвлэрлийг шүүх 2013 оны 4 сарын 08-ны өдрийн шийдвэртээ дурдсан боловч эвлэрлийг баталж шийдвэрлээгүй байна.
Энэ шийдвэрт зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч дундын хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хожим нь хариуцагч Л А- шүүхэд 376 дугаар шийдвэрт дурдагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг маргаж нэхэмжлэл гаргасан боловч шүүх өмнөх 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр нэгэнтээ шийдвэрлэгдсэн гэж үзэж 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, баталгаажих тухай Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлийн заалт нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр хэрэгжих зохицуулалттай.
Харин гэр бүлийн дундын хамтран өмчлөлийн зүйл болсон хөрөнгийн тухайд түүнийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах үндэслэл болох юм.
Мөн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн өмчлөх эрхийг хүчингүй болгох өөрчлөлт оруулах нь зөвхөн уг этгээдийн өөрийн зөвшөөрсөн хэлцэл эсхүл хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хийж болох хууль ёсны үйлдэл байх ёстой. Шүүхэд энэ байдал нь маргааны зүйл болж байгаа тохиолдолд шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага нь өөр агуулгатай болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг өөрчлөх эрх нь гагцхүү нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна .
Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хариуцагч Л.А-аас шоронд ял эдэлж байх хугацаанд нэхэмжлэгч нь миний нэр дээр байсан бусад хөрөнгүүдийг үрэгдүүлсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дүгээр шийдвэрт нэрлэн дурдагдаагүй эд хөрөнгүүдээ гаргуулан авах, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүүхдүүддээ өгнө хэмээн мэтгэлцжээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
М.МӨНХДАВАА