Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00569

 

“Нз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00172 дугаар шийдвэртэй

“Нз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТХЯхолбогдох 10 451 569 816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болормаа, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болормаа шүүхэд болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр хаан Чойбалсан замын ажлыг гүйцэтгэж байгаад 2014 онд Зам тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 96 дугаар тушаалаар гэрээг зогсоосон. Энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Зам тээвэр хөгжлийн яамнаас хохирлоо татаж авбал эвлэрье 8.8 тэрбум төгрөгийн оронд үүнтэй тэнцэх хэмжээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэх хүсэлтийг тавьж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх төрийн нарийн бичгийн даргын тушаал илт хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч 8.8 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа Дорнод Чойбалсан чиглэлтэй 143 км замаар 43 км-ийн ажлыг хийж гүйцээд үлдсэн 100 км замтай тэнцэх хэмжээний замын ажил өгнө гэж хэлсэн. Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээг Зам тээврийн хөгжлийн яамтай 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Ажил эхлээд явж байх хооронд 2016 оны 08 сард гэрээг дахин цуцалсан. Үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй, мөн ажил хийлгээгүй. Иймээс өмнө нь учирсан хохирол 8 844 606 451 төгрөг, хэрэв Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан орлого болох 1 606 963 365 төгрөг, нийт 10 451 569 816 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан мөн гэрээний үүргийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосны улмаас шаардаж буй хохирол юм. Гэрээний 1.1, 1.2-т ерөнхий нөхцөлийг тодорхой зааж өгсөн. 1.3-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авах ажлын үүрэг нь Зам тээврийн хөгжлийн яамд оногдож байна. Гэрээний 1.4, 2.2-т заасан нөхцөлүүдийг харахад гэрээ байгуулснаар Зам тээврийн хөгжлийн яамны үүрэг дуусгавар болно гэсэн зүйл биш юм. Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км замд “Нз” ХХК нь өөрсдөө хөрөнгөө гаргаж 700,000,000 гаруй төгрөгийн ажил хийсэн. “Нз” ХХК нь маш хүнд байдалд байгаа. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд гэрээг цуцлах тухай байгаа. 355 дугаар зүйлийн 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. 1 606 963 365 төгрөг бол олох ёстой байсан орлого юм. Хэрэв санхүүжилт тодорхой байсан бол тухайн ажлынхаа 50 хувийн орлогыг олох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд Өндөр хаан Чойбалсан чиглэлтэй 143 км авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар байгуулсан боловч хэргийн материалд авагдсан баримтад гүйцэтгэгч “Нз” ХХК өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанд тухайн барилгыг хүлээлгэн өгөөгүй. Үүнтэй холбоотой төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар тушаал гарсан. Нэхэмжлэгч “Нз” ХХК нь уг тушаалыг илт хууль бус гэж тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандаж, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн. Гэвч шийдвэрийн тогтоол хэсэгт нэхэмжлэгч компанид учирсан 8 843 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурдсан. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 1.1-т зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 тоот тушаалаар “Нз” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсантай холбоотой 8 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах үүрэг хүлээнэ гэж заасан. Үүнийг нь “Нз” ХХК нь хүлээн зөвшөөрсөн. Эвлэрлийн гэрээний 3.2-т энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж хэлцлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болно гэж заасан. Хөгжлийн банк ХХК, “Нз” ХХК, Зам тээврийн хөгжлийн яам нар нь 3 талт гэрээг байгуулсан Өндөр хаан Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг гүйцэтгэх 153 дугаар гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн эвлэрлийн гэрээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд санхүүжүүлэгч нь Монгол улсын хөгжлийн банк ХХК гэдэг нь харагдаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 166 дугаартай гэрээнд санхүүжүүлэгч гэж ажлын зардлыг санхүүжүүлэх Монгол улсын хөгжлийн банкийг, тус гэрээний 13.2, 13.3-т талуудын хүлээн зөвшөөрч байгуулсан зүйл заалт байгаа. Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэлийг Зам тээврийн яам гэрээний үүргийн дагуу баталгаажуулж Хөгжлийн банканд хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Шүүх: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 10 451 569 816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Нз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Нз” ХХК-иас 27 415 799.08 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болормаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 174 дүгээр шийдвэр ёсоор Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтын “Насны зам" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, зохигч талуудын хохирол нэхэмжилсэн хэсэгт 8 844 606 451 төгрөг гаргуулах эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бодитой биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг баримтлан “нэхэмжлэл гаргах эрхээ алдсан” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боллоо гэж үзэж байна. Шүүхийн мэтгэлцээний явцад бид эвлэрлийн гэрээний үүргээ Зам, тээврийн хөгжлийн яам биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж шинэ нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжилсэн. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч, ач холбогдол өгөлгүй шийдвэр гаргалаа. Нөгөө талаас Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан ашгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Мөн түүнчлэн шүүхээс Зам, тээврийн хөгжлийн яамны шийдвэр нь Засгийн газрын гаргасан шийдвэртэй холбоотой бөгөөд одоогоор хүчин төгөлдөр байна. Тэгээд нэхэмжлэгчийн зүгээс мөнгө нэхэмжлэх эрхгүй хэмээн дүгнэсэн явдал нь хохирлыг мөнгөөр илэрхийлэх учиргүй байсан гэж ойлгогдохоор байна. Шүүхийн зүгээс хэрэг маргааны үйл баримтыг бодитой тогтоож, нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Нз” ХХК нь хариуцагч ЗТХЯхолбогдуулан өмнө учирсан хохирол 8 844 606 451 төгрөг, Тосонцэнгэл-Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай замд авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан орлого 1 606 963 365 төгрөг нийт 10 451 569 816 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч  эс зөвшөөрөн маргажээ. 

Хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 174 дугаар шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын “Нз” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Нз” ХХК нь хариуцагч байгууллагаас 8 844 606 451 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлагадаа “...өмнө учирсан хохирол 8 844 606 451 төгрөг гаргуулна” гэж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэл тодорхой бус байх бөгөөд, уг хохирол шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэртэй хэрхэн хамааралтай болохыг тодруулах шаардлагатай байна.

Мөн Зам тээврийн яам, Хөгжлийн банк, “Нз” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 12-ны С-АЗ-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр дээрх ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын газрын хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх шийдвэрийг гаргасантай холбогдуулан дээрх гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 1 606 963 365 төгрөг гаргуулах үндэслэлээ “...хариуцагч байгууллага эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болоход гэрээний аль тал үүргээ зөрчсөн, хариуцагч байгууллагын зүгээс санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдсөн үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон гэх нөхцөл байдал нь хууль болон гэрээнд заасан хохирол төлөх үүрэгт хэрхэн хамаарч байгаад дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 Хэргийн 71 дүгээр талд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын үлдэгдэл ажлын төсөвт өртгийн тооцоо гэсэн баримт авагдсан, нэхэмжлэгч уг баримтад бичигдсэн “...ашиг 71.8 % буюу 1 606 963 365 төгрөг” гэсэн тооцооллоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсэгт холбогдох шаардсан хэмжээгээ тодорхойлжээ.  

 Шүүх нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тооцоолол хир үндэслэлтэй, хариуцагч байгууллага дээрх баримтыг үндэслэн хэдий хэмжээний төсөвт өртөг бүхий ажлыг  хийж гүйцэтгэсэн, түүнд ногдох ашгийг хэрхэн тооцоолж гаргасан болохыг тодруулаагүй, уг асуудлаар талууд мэтгэлцсэн зүйл байхгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулаагүйгээс маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдал тодорхой бус байна.

Дээрх маргааны үйл баримтад хамаарах хэргийн 19-20 талд авагдсан Монгол Улсын засгийн газрын тогтоол, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 онд хэрэгжүүлэх авто замын барилгын ажлын жагсаалт, Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдаж буй авто замын барилгын ажлын 2016 оны гэрээ дүгнэсэн хурлын тэмдэглэл, Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 2 сарын 8-ны өдрийн тушаал болон бусад бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй баримтууд байна.

Дээрх ажиллагааг давж заалдах нөхөж гүйцээх гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Ч.Болормаагаас төлсөн 30 000 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                            Э.ЗОЛЗАЯА

 

     Ц.ИЧИНХОРЛОО