Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00172

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Н З  ХХК  -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: З Т Х Я -д холбогдох

 

10,451,569,816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Гийвийшинэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н З  ХХК нь Монгол улсын авто замын салбарыг өргөтгөх ажлын хүрээнд 1000 гаруй км зам барьсан. Монгол улсын засгийн газарт 5 км замыг үнэ төлбөргүй барьж өгч байсан. Манай компани нь Монгол улсын авто замын салбар үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Засгийн газрын гаргасан зарим буруу шийдвэрээс болж манай компани нь нилээд их хэмжээний хохирлыг амссан. Хохирлоос болж Н З  ХХК нь татварын өртэй, ажил хийх бололцоогүй болсон.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байх үед Төмөрхүү сайд дуудан уулзаж 67 км замыг хийчих гэж ярьсан. Тухайн үед Монгол улсын авто замын салбарыг хүндэлж саналыг нь хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулсан.

Эвлэрлийн гэрээг байгуулж Завхан аймгийн 67 км замын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн үед санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй, санхүүжилт байхгүйн улмаас Хятад компани хийж гүйцэтгэхээр болсон. Манай компанийг нь уг ажилд оролцуулаагүй. Энэ талаар З Т Х Я тай болон төрийн нарийн бичгийн даргатай олон удаа очиж уулзаж байсан.З Т Х Я д очихоор бид нарыг оруулдаггүй.

Иймээс өмнө нь учирсан хохирол 8,844,606,451 төгрөг, хэрэв Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан орлого болох 1,606,963,365 төгрөг, нийт 10,451,569,816 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан мөн гэрээний үүргийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосны улмаас шаардаж буй хохирол юм.

Манай компани нь олон жил хохирч байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н З  ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өндөр хаан Чойбалсан замын ажлыг гүйцэтгэж байгаад 2014 онд З Т Х Я ны төрийн нарийн бичгийн даргын 96 дугаар тушаалаар гэрээг зогсоосон. Энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл З Т Х Я наас хохирлоо татаж авбал эвлэрье 8,8 тэрбум төгрөгийн оронд үүнтэй тэнцэх хэмжээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэх хүсэлтийг удаа дараа тавьсны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүх төрийн нарийн бичгийн даргын тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, 8,8 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж шийдвэрлэсэн.

Үүний дараа Дорнод Чойбалсан чиглэлтэй 143 км замаар 43 км-ийн ажлыг хийж гүйцээд үлдсэн 100 км замтай тэнцэх хэмжээний замын ажил өгнө гэж хэлсэн. Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээг Зам тээврийн хөгжлийн яамтай 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Ажил эхлээд явж байх хооронд 2016 оны 08 сард гэрээг дахин цуцалсан.

Үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй, мөн ажил хийлгээгүй. Иймээс өмнө нь учирсан хохирол 8,844,606,451 төгрөг, хэрэв Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн бол олох байсан орлого болох 1,606,963,365 төгрөг, нийт 10,451,569,816 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан мөн гэрээний үүргийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосны улмаас шаардаж буй хохирол юм.Бид эвлэрлийн гэрээний улмаас нэхэмжилж байгаа мөнгө юм.

Гэрээг үг үсгээр нь тайлбарлахаас гадна гэрээг ерөнхий нөхцөл, агуулгаар нь тайлбарладаг. Зам тээврийн хөгжлийн яам нь гэрээ байгуулснаар бүх зүйл дууссан гэж ярьж байна. Гэрээний 1.1, 1.2-т ерөнхий нөхцөлийг тодорхой зааж өгсөн. 1.3-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авах ажлын үүрэг нь Зам тээврийн хөгжлийн яамд оногдож байна. Гэрээний 1.4, 2.2-т заасан нөхцөлүүдийг харахад гэрээ байгуулснаар Зам тээврийн хөгжлийн яамны үүрэг дуусгавар болно гэсэн зүйл биш юм.

Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км-ийн авто зам нь маш олон жил яригдаж байгаа. Хэдий км нь богинохон боловч саад бэрхшээл ихтэй газар. Гэрээний төсөв 2,9 тэрбум төгрөгөөр санхүүжилт нь шийдэгдсэн. Зам тээврийн хөгжлийн яам бүх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Засгийн газрын тогтоолоос 67 км-ийн авто замыг авч үлдэх ёстой байсан. Н З  ХХК нь өөрсдөө хөрөнгөө гаргаж 700,000,000 гаруй төгрөгийн ажил хийсэн. Н З  ХХК нь маш хүнд байдалд байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг 74 дүгээр заалтад заасан шаардах эрх үүссэн үеэс тооцдог. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд гэрээг цуцлах тухай байгаа. 355 дугаар зүйлийн 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Н З  ХХК нь ямар ч санхүүжилт аваагүй.

Захиргааны хэргийн шүүхэд 8,8 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаад тухайн үнийн дүн дээр эвлэрсэн. Хариуцагч талын зүгээс үүнийг үгүйсгэсэн зүйл яриагүй. Үнийн дүн дээр огт маргаагүй учир манай талаас шууд учирсан хохирол гэж үзэж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

1,606,963,365 төгрөг бол олох ёстой байсан орлого юм. Хэрэв санхүүжилт тодорхой байсан бол тухайн ажлынхаа 50 хувийн орлогыг олох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд Өндөр хаан Чойбалсан чиглэлтэй 143 км авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар байгуулсан боловч хэргийн материалд авагдсан баримтад гүйцэтгэгч Н З  ХХК өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанд тухайн барилгыг хүлээлгэн өгөөгүй. Үүнтэй холбоотой төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар тушаал гарсан. Нэхэмжлэгч Н З  ХХК нь уг тушаалыг илт хууль бус гэж тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандаж, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн.

Гэвч шийдвэрийн тогтоол хэсэгт нэхэмжлэгч компанид учирсан 8,843,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурдсан. Манай талаас эвлэрлийн санал тавьсан бол тэр баримттай нь танилцах хүсэлтэй байна. Эвлэрлийн гэрээг талууд байгуулсан ч гэрээний 1.1-т заасан үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 1.1-т зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 тоот тушаалаар Н З  ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсантай холбоотой 8 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах үүрэг хүлээнэ гэж заасан. Үүнийг нь Н З  ХХК нь хүлээн зөвшөөрсөн.

Эвлэрлийн гэрээний 3.2-т энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж хэлцлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болно гэж заасан. Хөгжлийн банк ХХК, Н З  ХХК, Зам тээврийн хөгжлийн яам нар нь 3 талт гэрээг байгуулсан Өндөр хаан Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг гүйцэтгэх 153 дугаар гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн эвлэрлийн гэрээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд санхүүжүүлэгч нь Монгол улсын хөгжлийн банк ХХК гэдэг нь харагдаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 166 дугаартай гэрээнд санхүүжүүлэгч гэж ажлын зардлыг санхүүжүүлэх Монгол улсын хөгжлийн банкийг, тус гэрээний 13.2, 13.3-т талуудын хүлээн зөвшөөрч байгуулсан зүйл заалт байгаа. Тосонцэнгэл Улиастайн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэлийг Зам тээврийн яам гэрээний үүргийн дагуу баталгаажуулж Хөгжлийн банканд хүргүүлсэн. Тухайн гэрээний үүргээс шаардаж байгаа 224,000,000 төгрөгийг Зам тээврийн яамнаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н З  ХХК нь хариуцагч З Т Х Я анд холбогдуулан 10,451,569,816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дүгээр шүүхийн шийдвэрээр 8,844,606,451 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь “...2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байгуулсан 107 дугаартай Өндөрхаан-Чойвалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажил гүйцэтгэгч Н З  ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,844,606,451 төгрөг гаргуулах, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын барилгын ажлын гүйцэтгэлээс олох байсан орлого болох 1,606,963,365 төгрөг, нийт 10,451,569,816 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Талуудын хооронд “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын гүйцэтгэгч Н З  ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хооронд харилцан эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Н З  ХХК нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалаар Н З  ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол гэх 8,844,606,451 төгрөгийг Зам тээврийн яамнаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, 43 км авто замын ажлыг Н З  ХХК гүйцэтгэх, Зам тээврийн яам нь Н З  ХХК-тай гэрээ байгуулах, Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, Н З  ХХК-иар гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх гэж тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дүгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н З  ХХК-ийг Зам, тээврийн яаманд холбогдуулан гаргасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтад зааснаар цуцалсны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 8,844,606,451 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны буюу тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3-д нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эвлэрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтад зааснаар цуцалсны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 8,844,606,451 төгрөгийг гаргуулах гэж тайлбарласан бөгөөд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 8,844,606,451 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул шүүхэд дахин Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 8,844,606,451 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын гүйцэтгэгч Н З  ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хооронд харилцан эвлэрлийн гэрээ”-ний дагуу 8,844,606,451 төгрөг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлах боловч, уг эвлэрийн гэрээнд хариуцагч З Т Х Я  мөнгө төлөхөөр тохиролцоогүй, мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хохирол 8,844,606,451 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адил байх тул дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С-А3-5 2015-66/166 дугаартай “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Н З  ХХК гүйцэтгэх, Захиалагч Зам, тээврийн яам нь хяналт тавьж, шийдвэрлэгдээгүй хөрөнгийн асуудлыг батлагдсан төсвийн дагуу шийдвэрлэх, Хөгжлийн банк нь 20,976,856,541 төгрөгийн санхүүжилтийг хийх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр дээрхи ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх шийдвэрийг гаргаж, улмаар З Т Х Я ны Төрийн нарын бичгийн даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалаар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С-А3-5 2015-66/166 дугаартай “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” дуусгавар болгосон байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ дагуу 700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба одоо Сангийн яамд 224,000,000 төгрөгийн гүйцэтгэл хянагдаж байгаа боловч өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна.” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг шаардаагүй, харин уг гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн бол олох ёстой байсан орлого  буюу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөвт өртгийн товчооны 14 дүгээр хүснэгтэд заасан ашиг 71,8 хувь 1,606,963,365 төгрөг гэж шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.”, 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.

 

Хариуцагч З Т Х Я  нь гэрээний харилцааг дуусгавар болгосон явдал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбоотой тул хариуцагч З Т Х Я ны үүргийн зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр болон З Т Х Я ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Н З  ХХК нь үүргээ гүйцэтгэсэн бол олох ёстой байсан орлого шаардах эрхтэй ба Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болох 224,000,000 төгрөгийг олгохоор Сангийн яаманд хянагдаж байгаа үйл баримтаас дүгнэхэд олох ёстой байсан орлого гэж шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын гүйцэтгэгч “Н З ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хооронд харилцан эвлэрлийн гэрээ”-ний дагуу замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, мөн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С-А3-5 2015-66/166 дугаартай “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гарсан зардлыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11359 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н З  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 27,415,799.08 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Н З  ХХК-иас 27,415,799.08 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч З Т Х Я наас  10,451,569,816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н З  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н З  ХХК-иас 27,415,799.08 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод нөхөн оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР