Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00754

 

“Ои” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ои” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 57 217 066 төгрөг гаргуулахыг хүссэн, “Ои” ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн М.Бын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, О.Хулан, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Хосгариг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-нд 25 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-нд 5 500 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Эдгээр зээлийн гэрээний үүргээ 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл графикийн дагуу төлөөд бага зэрэг хугацаа сунгуулж байсан боловч түүнээс хойш төлөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны гэрээгээр хүү, алданги нийлээд 25 330 666.67 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны гэрээгээр 12 061 866.67 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны гэрээгээр 11 013 333.33 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны гэрээгээр 6 608 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэрээгээр 22 302 000 төгрөг болж нийт 57 217 066.67 төгрөгийг М.Баас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компаниас 2017 оны 12 дугаар сарын 15-нд 25 000 000 төгрөгийн зээл авсан. Барьцаанд газар барьцаалахаар 08, 09 дугаартай өмчлөлийн газрын гэрчилгээг итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр 25 000 000 төгрөгийг авсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-нд зээлээсээ 15 050 000 төгрөгийг Хаан банкны дансаар төлсөн. Ингээд 25 000 000 төгрөгнөөс 10 000 000 үлдсэн, шаардлага гарвал нэмж мөнгө авна гэж хэлсэн. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 22-нд 5 500 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-нд 5 000 000, 2018 оны 3 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг авсан. Гэхдээ А.Хосгаригтай уулзаагүй, утсаар яриад дансаар авсан. Энэ зээлийг авсны дараа хүү төлөгдөж байсан нь дансаар нотлогдоно. Ингээд өмнөх 10 000 000 төгрөгөн дээр дараа авсан зээлүүд нэмэгдээд нийт 23 500 000 төгрөг болсон. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 16-нд дахиад мөнгөний хэрэг гарч А.Хосгаригтай ярисан. Тэгэхэд өмнөх 25 000 000 төгрөгийн барьцаа нь болсон, дахиад зээл авбал шинээр барьцаална гэсэн. Тэгэхээр нь өмнөх 2 газартай зэргэлдээ 07 тоот гэрчилгээтэй газар байсан, түүнийгээ барьцаалаад 10 000 000 төгрөг авсан. Тэр итгэмжлэлээ олохгүй байна. Ингээд миний нийт авсан зээл 33 450 000 төгрөг болсон. Гэхдээ тооцоо нийлэхэд 35 000 000 төгрөг болсон, үүнийг А.Хосгариг, би ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд А.Хосгариг, н.Мандах нар миний газрыг авъя, газар шилжүүлэхтэй холбоотой зардал гарна, үүнийг та төлчих гэсэн. Би өөр банкинд зээлтэй, зээлээ ч төлж чадаагүй байсан. Миний газар 60 сая төгрөгийн үнэ хүрнэ, зах зээлийн үнийг би мэдэж байгаа, та нарт итгэмжлэл өгчихсөн шилжүүлээд авна биз гэдгээ хэлсэн. Үүнээс хойш бараг жил гаруй болчихлоо, намайг газраа ав гэж юу ч хэлээгүй. 2019 оны 5-р сард би Хөвсгөл аймаг явж байгаад хашааны нэг тал унасан байсныг хараад А.Хосгаригт хэлсэн. Тэгэхэд газраа зарах гэж байгаа, танд газар авах хүн байвал хэлээрэй гэсэн. Миний хувьд мөнгөнийхөө оронд газраа өгөөд дуусчихсан байхад мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад 5 гэрээний нийлбэр дүнгээр шаардсан. Харин хариуцагч 5 гэрээ гэж үзэхгүй байгаа. 2017 оны 12 дугаар сарын 15-нд 25 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд үүнээс тодорхой хувийг буюу 15 050 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 02 дугаар сарын 22, 03-р сарын 15, 3 дугаар сарын 22-нд өмнөх 25 000 000 төгрөгний гэрээндээ хүргэх гэж 3 удаа мөнгө авсан. Энд бие даасан гэрээ байгуулаагүй, харин 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг зээлэхдээ бодит байдал дээр гэрээ хийж, гарын үсэг зурсан, эзэмшлийн газраа тавьсан байгаа. Энэ өдөр өмнө нь 3 удаа авсан мөнгөндөө баримтад гарын үсэг зуруулсан. Иргэний хуулинд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулаагүй. Мөнгөний нийлбэр дүнгийн хувьд 35 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Иймд дээрхи 3 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь 08, 09 тоот хоёр газрыг Хосгаригийн нэр дээр итгэмжлэлээр шилжүүлж 25 000 000 төгрөгийг авсан, үүнээс 13 500 000 төгрөгийн төлөлт хийсэн, үүнийг маргаагүй. Дараа нь 3 удаа зээл авахдаа 25 000 000 төгрөгт багтааж авсан, гэрээ байгуулаагүй, зөвхөн баримт үйлдсэн гэж тайлбарлаж байна. М.Б өөрөө компанийн гүйцэтгэх захирал хүн, юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэднэ. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, харин тооцоо нийлсэн актанд гарын үсэг зураагүй. Хэлбэрийн болон агуулгын хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Гэрээнийхээ дагуу мөнгөө авсан. Энэ 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь ямар үр дагавартай вэ, зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү гарахгүй, ач холбогдолгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Баас 35 360 000 төгрөг гаргуулж “Ои” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21 857 066 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “Ои” ХХК болон М.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0000176 тоот, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0000188 тоот, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0000191 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч М.Баасанямын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ои” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 035 төгрөг, хариуцагч М.Баас төлсөн 226 000 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 334 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 тоот шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хуульд нийцүүлэн хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаар нь үнэлээгүй. “Ои” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталж бүх харилцагч нартай байгуулж байгаа. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар тус гэрээг байгуулаагүй бөгөөд дараа нь 1018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан гэж маргадаг. Гэтэл тэдний маргааны үндэслэл болсон баримт бичиг нь Зээлийн гэрээ гэсэн тэргүүтэй, эрх үүргийн тодорхой заалтуудтай хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү тооцох хугацаатай буюу гэрээнд тавигдах бүхий л шаардлагыг бүрэн хангасан баримтад гарын үсэг зурчихаад зөвхөн мөнгөний баримтад гарын үсэг зурсан гэж маргаж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах тул хэргийг бүхэлд нь хянаж зохих журмын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... "2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож тохиролцоод өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 384-р гарам, 21-р гудамж, 08 тоот хаягт байрлах 700 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 384-р гарам, 21-р гудамж, 09 тоот хаягт байрлах 700 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бусдад барьцаанд тавих, худалдах, захиран зарцуулах, төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох үйлдэл хийх, бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болох А.Хосгаригт олгож Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Хишигжаргалын нотариатын үйлдлээр батлуулсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг тус тусдаа 5 зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Учир нь М.Б миний бие 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 25 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 050 000 төгрөгийг “Ои” ХХК-ийн дансанд бүхэлд нь төлж үндсэн зээлээс 13 500 000 төгрөг хасагдаж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хүүнд 1 550 000 төгрөг төлөгдөж, үндсэн зээл болон хүүгээс тус бүр ийм үнийн дүнгийн хэмжээгээр хасагдсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 713 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн ба эдгээр нь миний Хаан банкны дансны хуулгаар нотлогдох юм. Энэ үйл баримтын дараа надад дахин мөнгөний шаардлага гараад “Ои” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Хосгаригт хандан утсаар анх байгуулсан зээлийн гэрээнийхээ хүрээнд зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг буюу 13 500 000 төгрөгийг төлсөн тул энэ дүнгийнхээ хэмжээнд үлдэгдэл зээл дээрээ нэмээд мөнгө авах шаардлага гарлаа шүү гэж хэлээд тохиролцсоны дагуу 2018 оны 02 сарын 22-ны өдөр 5 500 000 төгрөг, 2018 оны 03 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 03 сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг буюу нийт хасагдсан үнийн дүнгээр буюу 13 500 000 төгрөгийг үндсэн зээл дээрээ буцааж нэмээд авсан юм. Харин миний бие төлбөрийн ямар ч чадваргүй болсон байсан тул төлөх боломжгүй тухайгаа хэлж. тухайн газруудыг худалдан борлуулснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэнэ гээд нэхэмжлэгч компанийг олгосон итгэмжлэлийн дагуу газруудыг шилжүүлж аваарай гэж хэлээд, энэ талаар талууд тохиролцон ойлголцсон тул зээлийн гэрээний үүргийн харилцаа дууслаа гээд гарсан. Нэхэмжлэгч нь хийсэн тохиролцоогоо зөрчиж гэнэт зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх мөн "Талууд 00000127, 0000200 тоот гэрээний талаар маргаагүй" гэх тайлбарыг олон удаа хийсэн байх ба энэ 2 гэрээний хүрээнд зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй мэтээр гуйвуулсан байна. Энэ агуулга нь "Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцааг энэ 2 гэрээний хүрээнд үүссэн. Харин тус тусдаа 5 гэрээний харилцаа үүсээгүй" гэсэн утсаар ярьж, тайлбарласан болохоос зээлийн гэрээний үүргийн зөвшөөрсөн зүйл байхгүй. Шүүх нь "Сөрөг нэхэмжлэлийн тухайд'" гэх хэсэгтээ үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудлын талаар дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгч нь хүссэн үедээ тохиролцооноосоо буцаж, ийм тохиролцоо огт хийгээгүй мэтээр шүүхэд ханддаг байж болохгүй юм. Шүүх дээрх тайлбаруудын хамт "М.Бын газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжээгүй байна" гэх дүгнэлт хийсэн. Гэтэл тэр М.Бын газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн, шилжээгүй нь "Талууд сүүлд үүргээ хэрхэн дуусгавар болгох талаар хийсэн тохиролцоог" үгүйсгэх ямар үндэслэл болох юм. Хариуцагчаас уг СД-ийг нотлох баримтаар гаргаж өгөөд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан хурал дээр нэхэмжлэгч энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзээд өөрөө хүлээн авч энэ талаар захирамж гаргаад үзлэг хийх ажиллагааг хийсэн. Уг үзлэгийн тэмдэглэлтэй нэхэмжлэгч, шүүгч нар нь танилцаад бүгд гарын үсэг зурцгаасан атлаа шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлэхээс зайлсхийж байгаа нь үндэслэлгүй. Уг үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн зүгээс оролцуулсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн зүгээс оролцуулсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд. түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар зэргээр талуудын хооронд үүргийг дуусгавар болох талаар тохиролцоо хийгдсэн, улмаар тохиролцооны дагуу үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Ои” ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 217 066 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч  2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 0000176 тоот, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0000188 тоот, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0000191 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг  нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...мөнгө авах үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад дээрх гэрээнүүдэд гарын үсгийг зуруулсан” гэж тайлбарласан байна.

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 0000176 тоот зэлийн гэрээгээр 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй,  2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх.10-35/

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ. Хариуцагч М.Б 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, дээрх гэрээнүүдийн дагуу 35 000 000 төгрөг авсан асуудлаар маргаагүй.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч М.Б 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, нийт 13 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болохоо үгүйсгээгүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч М.Бтай байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 22, 2018 оны 3 дугаар сарын 15, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг байгуулж, уг гэрээний дагуу мөнгө зээлүүлсэн болохоо нотолсон баримтыг ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч М.Б 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл хүүгийн төлбөрт 26 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл болон зээлийн хүүд 13 600 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх.10-12, 32-36/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Хаан банк” ХХК-ийн харилцах дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч “Ои ХХК-аас хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 47 940 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч М.Б зээлийн гэрээний үүрэгт 18 240 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогджээ. /хх.95-103 /

Иймд зээлийн гэрээний дагуу авсан үлдэгдэл төлбөр болох 29 700 000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан зээлийн хүү 1 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр авсан зээлийн хүү 3 600 000 төгрөг нийт 5 100 000 төгрөг нийт 34 800 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлүүлэх мөнгөний үнийн дүнг тооцож гаргахдаа тооцооллын алдаа гаргаж хариуцагчаас 35 360 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Иймд зээлдэгчийн  2017 оны 12 сарын 15-ны өдрийн 25 000 000 төгрөгийн хүү 1 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 000 000 төгрөгийн хүү 3 600 000 төгрөгийн хүүг зээлдэгчийн төлөх үндсэн зээлийн 29 700 000 төгрөг дээр нэмж тооцоход нийт /29 700 000+5 100 000/=34 800 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлага бүрэн хангасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үүрэгт өмчлөлийн газраа шилжүүлсэн, шүүх зарим нотлох баримтыг үнэлээгүй гэсэн үндэслэлээр тус тус гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...М.Баас 35 360 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ои” ХХК олгож гэснийг “... М.Баас 34 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ои” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 417 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтын  “ хариуцагч М.Баас 334 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэснийг “ хариуцагч М.Баас 331 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн төлсөн 447 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Баас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ 

 

                                                ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                                                               Ц.ИЧИНХОРЛОО