Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/00314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6, О ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн М.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57 217 066 төгрөг гаргуулахыг хүссэн, О ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн М.Б-ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н /үнэмлэх /, гэрч П.Д, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь манай захирал А.Х-тай өмнө нь байнгын харилцаатай байсан бөгөөд өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2017 оны 12-р сарын 15-нд 25 000 000 төгрөг, 2018 оны 02-р сарын 22-нд 5 500 000 төгрөг, 2018 оны 03-р сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 03-р сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 04-р сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Эдгээр зээлийн гэрээний үүргээ 2018 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл графикийн дагуу төлөөд бага зэрэг хугацаа сунгуулж байсан боловч түүнээс хойш төлөөгүй. 2019 оны 10-р сарын 02-ны байдлаар 2017 оны 12-р сарын 15-ны гэрээгээр хүү, алданги нийлээд 25 330 666.67 төгрөг, 2018 оны 02-р сарын 22-ны гэрээгээр 12 061 866.67 төгрөг, 2018 оны 03-р сарын 15-ны гэрээгээр 11 013 333.33 төгрөг, 2018 оны 03-р сарын 22-ны гэрээгээр 6 608 000 төгрөг, 2018 оны 04-р сарын 16-ны гэрээгээр 22 302 000 төгрөг болж нийт 57 217 066.67 төгрөгийг М.Б-аас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компаниас 2017 оны 12-р сарын 15-нд 25 000 000 төгрөгийн зээл авсан. Ингэж зээл авахдаа урьдчилж уулзсан. Барьцаанд газар барьцаалахаар 08, 09 дугаартай өмчлөлийн газрын гэрчилгээг итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр 25 000 000 төгрөгийг авсан. 2018 оны 01-р сарын 15-нд зээлээсээ 15 050 000 төгрөгийг Хаан банкны дансаар төлсөн. Ингээд 25 000 000 төгрөгнөөс 10 000 000 үлдсэн, шаардлага гарвал нэмж мөнгө авна гэж хэлсэн. Дараа нь 2018 оны 02-р сарын 22-нд 5 500 000 төгрөг, 2018 оны 03-р сарын 15-нд 5 000 000, 2018 оны 3-р сарын 22-нд 3 000 000 төгрөг авсан. Гэхдээ Х-тай уулзаагүй, утсаар яриад дансаар авсан. Энэ зээлийг авсны дараа хүү төлөгдөж байсан нь дансаар нотлогдоно. Ингээд өмнөх 10 000 000 төгрөгөн дээр дараа авсан зээлүүд нэмэгдээд нийт 23 500 000 төгрөг болсон. Дараа нь 2018 оны 04-р сарын 16-нд дахиад мөнгөний хэрэг гарч А.Х-тай ярисан. Тэгэхэд өмнөх 25 000 000 төгрөгийн барьцаа нь болсон, дахиад зээл авбал шинээр барьцаална гэсэн. Тэгэхээр нь өмнөх 2 газартай зэргэлдээ 07 тоот гэрчилгээтэй газар байсан, түүнийгээ барьцаалаад 10 000 000 төгрөг авсан. Тэр итгэмжлэлээ олохгүй байна. Ингээд миний нийт авсан зээл 33 450 000 төгрөг болсон. Гэхдээ тооцоо нийлэхэд 35 000 000 төгрөг болсон, үүнийг А.Х, би ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл би 2018 оны 05 дугаар сараас эдийн засгийн хувьд хүндхэн болж мөнгөө төлж чадахгүй болсон. Гэхдээ зээлийг 1 жилийн хугацаатай авсан, барилгын ажил хийдэг учраас ажил аваад хүүгээ төлнө гэдгээ хэлсэн. 2018 оны 10-р сарын 10-ны үед дуудаад өр төлбөрийн асуудлаа нэг тийш нь шийдье гэж ярилцсан. Үнэхээр надад мөнгө төгрөгний орлого олж чадаагүй хүнд байсан, бас хүний ажлыг хаамааргүй байсан. Тэгэхэд А.Х, н.М нар миний газрыг авъя, газар шилжүүлэхтэй холбоотой зардал гарна, үүнийг та төлчих гэсэн. Би өөр банкинд зээлтэй, зээлээ ч төлж чадаагүй байсан. Миний газар 60 сая төгрөгийн үнэ хүрнэ, зах зээлийн үнийг би мэдэж байгаа, та нарт итгэмжлэл өгчихсөн шилжүүлээд авна биз гэдгээ хэлсэн. Үүнээс хойш бараг жил гаруй болчихлоо, намайг газраа ав гэж юу ч хэлээгүй. 2019 оны 5-р сард би Хөвсгөл аймаг явж байгаад хашааны нэг тал унасан байсныг хараад А.Х-т хэлсэн. Тэгэхэд газраа зарах гэж байгаа, танд газар авах хүн байвал хэлээрэй гэсэн. Миний хувьд мөнгөнийхөө оронд газраа өгөөд дуусчихсан байхад мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад 5 гэрээний нийлбэр дүнгээр шаардсан. Харин хариуцагч 5 гэрээ гэж үзэхгүй байгаа. 2017 оны 12-р сарын 15-нд 25 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд үүнээс тодорхой хувийг буюу 15 050 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 02-р сарын 22, 03-р сарын 15, 3-р сарын 22-нд өмнөх 25 000 000 төгрөгний гэрээндээ хүргэх гэж 3 удаа мөнгө авсан. Энд бие даасан гэрээ байгуулаагүй, харин 2018 оны 04-р сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг зээлэхдээ бодит байдал дээр гэрээ хийж, гарын үсэг зурсан, эзэмшлийн газраа тавьсан байгаа. Энэ өдөр өмнө нь 3 удаа авсан мөнгөндөө баримтад гарын үсэг зуруулсан. Иргэний хуулинд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулаагүй. Мөнгөний нийлбэр дүнгийн хувьд 35 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Иймд дээрхи 3 гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч нь 08, 09 тоот хоёр газрыг Х-ийн нэр дээр итгэмжлэлээр шилжүүлж 25 000 000 төгрөгийг авсан, үүнээс 13 500 000 төгрөгийн төлөлт хийсэн, үүнийг маргаагүй. Дараа нь 3 удаа зээл авахдаа 25 000 000 төгрөгөндөө багтааж авсан, гэрээ байгуулаагүй, зөвхөн баримт үйлдсэн гэж тайлбарлаж байна. М.Б өөрөө компанийн гүйцэтгэх захирал хүн, юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэднэ. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, харин тооцоо нийлсэн актанд гарын үсэг зураагүй. Хэлбэрийн болон агуулгын хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Гэрээнийхээ дагуу мөнгөө авсан. Энэ 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь ямар үр дагавартай вэ, зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү гарахгүй, ач холбогдолгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь М.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57 217 066 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь О ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

О ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, зээлийн үйл ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 286-р зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахаар шаардах, гэрээгээр тохирсон бол хүү шаардах эрхтэй байна.

 

О ХХК нь М.Б-тай 2017 оны 12-р сарын 15-ны өдөр 00000127 тоот зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, 2018 оны 02-р сарын 22-ны өдөр 0000176 тоот зээлийн гэрээгээр 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 0000188 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 0000191 тоот гэрээгээр 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 0000200 тоот гэрээгээр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус зээлүүлэхээр /хх 10-36/ тохирчээ.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй гэж маргасан бол, хариуцагч зээлийн гэрээний зарим үүргийг зөвшөөрч, бусад 0000176, 0000188, 0000191 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

 

Талууд 00000127, 0000200 тоот гэрээний талаар маргаагүй бөгөөд зээлдэгч нь 2017 оны 12-р сарын 15-ны өдөр зээлсэн 25 000 000 төгрөгийг 6 хувийн хүү 1 500 000 төгрөгийн хамт 26 500 000 төгрөг, 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 13 600 000 төгрөг нийт 2 гэрээний үүрэгт 40 100 000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад төлөх үүрэгтэй байжээ.

 

Зээлдэгч М.Б нь 2018 оны 02-р сарын 22-ны өдөр 5 500 000 төгрөг, 2018 оны 03-р сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 03-р сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан талаар маргаагүй боловч бичгээр тухайн өдөр нь гэрээгүйгээр авсан, харин 2018 оны 4-р сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгний зээлийн гэрээ хийхэд мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан гэжээ. Энэ тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.

Хэдийгээр хэрэгт бичгээр хийсэн гэрээ байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд 13 500 000 төгрөгийг хүү тооцохгүйгээр хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч 40 100 000 төгрөг, 13 500 000 төгрөг нийт 53 600 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. М.Б нь үүнээс 18 240 000 төгрөгийг дансаар төлсөн /хх 95-103/, энэ талаар талууд маргаагүй, үлдэх 35 360 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй.

 

О ХХК нь зээлийн гэрээ байгуулахдаа гэрээний 2.4, 2.12 дахь хэсгээр нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 451-р зүйл, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг дурьдах нь зүйтэй.

 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь 2018 оны 02-р сарын 22-ны өдрийн 0000176 тоот, 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 0000188 тоот, 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 0000191 тоот гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл маргажээ.

 

М.Б-д мөнгөний хэрэг гарч тухайн өдрүүдэд 5 500 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг нийт 13 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, харин тухайн өдрүүдэд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй нь Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.5-д заасан хүчин төгөлдөр бус талаар дүгнэсэн.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа нь хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан, ямар нэг үр дагавар гаргахыг хүсээгүй, энэ үйлдлээрээ хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгосон хүчин төгөлдөр бус хэлцлийн үндэслэл болохгүй бөгөөд харин мөнгө, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох эсэх хуулийн шаардлагад хамаарна.

 

М.Б нь улсын бүртгэлийн Г-2201019267 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, 3гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч /хх 48, 50, 135, 136/ байна.

 

Өмчлөгч нь эдгээр өмчлөлийн газраа ...барьцаанд тавих, худалдах, захиран зарцуулах, төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох үйлдэх хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 2017 оны 12-р сарын 15-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-т /хх 47, 49/ олгожээ.

 

Итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байх ба энэ хугацаанд О ХХК-ний захирал А.Х дээрх газрыг захиран зарцуулсан нь баримтаар нотлогдоогүйгээс гадна итгэмжлэл олгосноор зээлийн гэрээний үүрэгт газраа шилжүүлэн өгсөн, өмчлөх эрхийг шилжүүлснээр дуусгавар болгосон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, М.Б-ын газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжээгүй байна.

 

Харин гэрч М.Б ...үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын Р компаниар зуучлуулан зар тавьж байсан, авах хүн олдоогүй, энэ талаар захиралдаа хэлж байсан талаар мэдүүлсэн боловч тухайн өмчлөлийн газрыг худалдсан, захиран зарцуулсан, эсхүл төлбөртөө тооцож шилжүүлсэн талаар мэдүүлээгүй, гэрч П.Д...Б-тай хамтарч бизнес хийж байсан, зээл авсан, урьдчилгаа төлсөн, газраа өгөөд шийдсэн гэж ярьсан талаар мэдүүлсэн боловч зээлийн гэрээний маргаантай байдал, гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус талаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдүүлэг өгөөгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, талууд үл хөдлөх эд хөрөнгө барцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлд зааснаар байгуулах боломжгүйг дурьдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, М.Б нь Төв аймгийн 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй /хх 83, 126/ байх ба газар эзэмших эрхийг зээлдүүлэгчид шилжүүлсэн, эзэмших эрх дуусгавар болоогүй байна.

 

Газрын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д зааснаар Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд энэ хуулийн 33-р зүйлийн 33.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрхийг тухайн Засаг дарга шийдвэрлэдэг, 38, 39-р зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлснээр эзэмших эрх дуусгавар болох ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан CD бичлэг нь хариуцагч нотлох баримт цуглуулахдаа хууль бусаар дуу, дүрс бичлэг хийх замаар цуглуулсан, өөрөөр хэлбэл, хуульд заасан журмаар цуглуулаагүй байх тул нотлох чадвараа алдсан, энэ шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 155.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б-аас 35 360 000 /гучин таван сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21 857 066 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар О ХХК болон М.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 02-р сарын 22-ны өдрийн 0000176 тоот, 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 0000188 тоот, 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 0000191 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч М.Б сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 035 төгрөг, хариуцагч М.Б-аас төлсөн 226 000 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 334 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА