Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00184

 

                                                         *******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 754 дүгээр магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 57,217,066 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,217,066 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ******* зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******аас 35,360,000 төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21,857,066 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2018 оны 02-р сарын 22-ны өдрийн 0000176 тоот, 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 0000188 тоот, 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 0000191 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч М.Баасанямын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,035 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 226,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 334,750 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 754 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...*******аас 35 360 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож гэснийг ... *******аас 34 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 417 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын хариуцагч *******аас 334,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэснийг хариуцагч *******аас 331,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 00314 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 754 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Уг иргэний хэргийн хариуцагч миний бие нь шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь, бусад нотлох баримттай харьцуулах замаар, нотлох баримтыг зөв эргэлзээгүй талаас нь хуульд заасан эдгээр шалгуурын дагуу дүгнэсэн бол үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байгаа. Учир нь миний бие үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гол тайлбараа 2017.12.15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож тохиролцоод өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 384-р гарам, 21-р гудамж, 08 тоот хаягт байрлах 700 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 384-р гарам, 21-р гудамж, 09 тоот хаягт байрлах 700 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бусдад барьцаанд тавих, худалдах, захиран зарцуулах, төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох үйлдэл хийх, бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болох А.Хосгаригт олгож Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Хишигжаргалын нотариатын үйлдлээр батлуулсан. Мөн хаягт байрлах өөрийн эзэмшлийн өөр бас нэг газрыг хамгийн сүүлд байгуулсан гэрээ буюу 2018.04.16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон тохиролцож дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийн нэгэн адил агуулга бүхий итгэмжлэлийг нэхэмжлэгч талд хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, дээр дурдан тайлбарласан нийт 3 үл хөдлөх хөрөнгийг талуудын хооронд байгуулсан 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгох үүднээс харилцан тохиролцож нэхэмжлэгч талд нэг жилийн хугацаатайгаар итгэмжлэл хийж өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа нь тус тусдаа 5 зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Учир нь миний бие 2017.12.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 25,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 2018.01.15-д 15,050,000 төгрөгийг *******-ийн дансанд бүхэлд нь төлж үндсэн зээлээс 13,500,000 төгрөг хасагдаж, 2018.01.15-ны өдөр хүртэлх хүүнд 1,550,000 төгрөг төлөгдөж, үндсэн зээл болон хүүгээс тус бүр ийм үнийн дүнгийн хэмжээгээр хасагдсан. Энэ үед миний бие *******-ийн гүйцэтгэх захирал А.Хосгаригт ах нь одоохондоо зарцуулах мөнгөний шаардлага багассан тул 13,500,000 төгрөгийг буцаагаад төллөө, харин яг шаардлагатай болсон үед нь танайд хэлээд төлсөн дүнгийнхээ хүрээнд нэмээд авч болно биздээ гэхэд болно гэсэн. Мөн 2018.02.15-ны өдөр 713,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн ба эдгээр нь миний Хаан банкны дансны хуулгаар нотлогдох юм. Энэ үйл баримтын дараа надад дахин мөнгөний шаардлага гараад *******-ийн гүйцэтгэх захирал А.Хосгаригт хандан утсаар анх байгуулсан зээлийн гэрээнийхээ хүрээнд зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг буюу 13,500,000 төгрөгийг төлсөн тул энэ дүнгийнхээ хэмжээнд үлдэгдэл зээл дээрээ нэмээд мөнгө авах шаардлага гарлаа шүү гэж хэлээд тохиролцсоныхоо дагуу 2018.02.22-ны өдөр 5,500,000 төгрөг, 2018.03.15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.03.22-ны өдөр 3,000,000 төгрөгийг буюу нийт хасагдсан үнийн дүнгээр буюу 13,500,000 төгрөгийг үндсэн зээл дээрээ буцааж нэмээд авсан юм. Өөрөөр хэлбэл, 5,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус бүрт нь зээлсэн тусдаа зээлийн гэрээнүүд байгуулаагүй ба өмнө нь А.Хосгаригт хэлж, түүний зөвшөөрсний дагуу зээлээс хаасан хэмжээтэйгээ адил дүнгээр нэмж авсан ба тэр өдрөө гэрээ балгуулалгүйгээр, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр амаар буюу утсаар ярилцаад нэмж авсан юм. Үүнийг нэхэмжлэгч нь тус тусдаа зээлийн гэрээ гэж бодит байдлыг гуйвуулан тайлбарласан. Харин миний бие зээлийн гэрээний үүргийг 2018 оны 05 сараас төлөх санхүүгийн боломжгүй болсон ба 07 сараас төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Энэ үед нэхэмжлэгч компанид зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор анхнаасаа зээлийн гэрээний үүргийг хангах арга болгон тохиролцсон 3 үл хөдлөх хөрөнгөөр төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийг хаах талаар 08 сараас 09 сарын хооронд ярьж, тайлбарлан хэлсэн. 10 сард нэхэмжлэгч компаниас намайг дуудахад нь очиж уулзсан бөгөөд энэ үед гүйцэтгэх захирал А.Хосгариг, захирал гэх н.Мандахбаяр нар хамт байсан. Бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангаж шийдвэрлэх талаар дахин ярилцахад, тэгвэл газрыг компанийн нэр дээр шилжүүлэхэд гарах төлбөрийг төл гэж хэлсэн. Харин миний бие төлбөрийн ямар ч чадваргүй болсон байсан тул төлөх боломжгүй тухайгаа хэлж, тухайн газруудыг худалдан борлуулснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэнэ гээд нэхэмжлэгч компанийг олгосон итгэмжлэлийн дагуу газруудыг шилжүүлж аваарай гэж хэлээд, энэ талаар талууд тохиролцон ойлголцсон тул миний бие ингээд зээлийн гэрээний үүргийн харилцаа дууслаа гээд гарсан. Үүнээс хойш миний бие дуусгавар болсон гэж бүрэн ойлголцсон тул нэг ч удаа Нэхэмжлэгч талтай гэрээний талаар холбогдоогүй, тиймээс нэг ч удаа төлөлт хийгээгүй явж ирсэн. Нөгөө талдаа, нэхэмжлэгч ч гэсэн ингэж ойлголцсон байсан учир над руу бүтэн нэг жил гарангийн хугацаанд огт яриагүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн талаар шаардаагүй ирсэн нь бидний хооронд үүргийг дуусгавар болгох талаар тохиролцоо хийгдсэн гэдгийг нотлон харуулах үйл баримт юм. Нэхэмжлэгч нь хийсэн тохиролцоогоо зөрчиж гэнэт зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх байдлаар талуудын хооронд нэгэнт тохиролцон шийдвэрлэсэн асуудлаар шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Нэхэмжлэгч нь зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй гэж маргасан бол, хариуцагч зээлийн гэрээний зарим үүргийг зөвшөөрч. бусад 0000176, 0000188, 0000191 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус маргасан байна гэж худал тайлбар, дүгнэлт хийсэн. Шүүх ингэж миний хийсэн үндсэн тайлбарыг Миний амнаас өөрөөр гуйвуулан тайлбарлаж байгааг үнэхээр гайхаж байна. Миний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хурал дээр амаар хийсэн тайлбар зэргээс ямар тайлбар хийсэн, зээлийн гэрээний зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой болох бөгөөд мөн уг өдрийн шүүх хуралдааны бичгээр гарсан тэмдэглэл, хурлын бичлэгээр тов тодорхой болох юм. Шүүх миний байр суурь, тайлбарыг ингэж андуурах ямар ч нөхцөл байдал үүсээгүй гэж бодож байна. Шүүх мөн Талууд 00000127, 0000200 тоот гэрээний талаар маргаагүй ... гэх тайлбарыг олон удаа хийсэн байх ба энэ 2 гэрээний хүрээнд зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй мэтээр гуйвуулсан байна. Энэ агуулга нь Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцааг энэ 2 гэрээний хүрээнд үүссэн, Харин тус тусдаа 5 гэрээний харилцаа үүсээгүй гэсэн утгаар ярьж. тайлбарласан болохоос зээлийн гэрээний зарим үүргийг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Харин ч зээлийн гэрээний үүргийн харилцааг талууд тохиролцоод хааж дуусгавар болгосон гэж маргаж байхад яаж ингэж тайлбар, дүгнэлт хийж чадаж байна гэдгийг ойлгох ямар ч арга алга. Шүүх нь Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэх хэсэгтээ үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудлын талаар дүгнэлт хийсэн. Тухайлбал, Итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байх ба энэ хугацаанд *******-ийн захирал А.Хосгариг дээрх газрыг захиран зарцуулсан нь баримтаар нотлогдоогүйгээс гадна итгэмжлэл олгосноор зээлийн гэрээний үүрэгт газраа шилжүүлэн өгсөн, өмчлөх эрхийг шилжүүлснээр дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, *******ын газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжээгүй байна гэж тайлбарласан. Энэ нь сөрөг нэхэмжлэлтэй хамаагүй тайлбар ба харин үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хэсэг юм. Шүүх *******-ийн захирал А.Хосгариг дээрх газрыг захиран зарцуулсан нь баримтаар нотлогдоогүй... гэх тайлбарыг хийж байгаагаас харахад хэрэгт хөндлөнгийн байр сууринаас хандаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч миний бие нь 2018 оны 10 сард нэхэмжлэгч компаниас намайг дуудахад нь очиж цуцалсан бөгөөд энэ үед гүйцэтгэх захирал А.Хосгариг, захирал гэх н.Мандахбаяр нар хамт байсан. Бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангаж шийдвэрлэх талаар дахин ярилцаж, нэхэмжлэгч тал газрыг компанийн нэр шилжүүлэхэд гарах төлбөрийг төлөөрэй гэж хэлсэн. Харин миний бие төлбөрийн ямар ч чадваргүй болсон байсан тул төлөх боломжгүй тухайгаа хэлж. тухайн худалдан борлуулснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахад хангалттай хүрэлцэнэ гээд нэхэмжлэгч компанид олгосон итгэмжлэлийн дагуу баримтуудыг шилжүүлж аваарай гэж хэлээд, энэ талаар талууд ойлгосон тул миний бие ингээд зээлийн гэрээний үүргийн харилцаа дууслаа гээд гарсан гэж маргаж байхад Барьцааны газруудыг нэхэмжлэгч тал захиран зарцуулсан нь тогтоогдох эсэх нь ямар хамаарал, ач холбогдол байна юу вэ. Өөрөөр хэлбэл, тухайн үед уг уулзалтаар талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний уургийг харилцан тохиролцож. нэг талаас хүсэл зоригоо илэрхийлж. нөгөө тал нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн уйл баримт тогтоогдож байхад Заавал энэ тохиролцооны дагуу захиран зарцуулан байх ёстой мэт агуулгаар гуйвуулсан тайлбар. дүгнэлт хийсэн. Үнэхээр бодит байдал дээр талуудын хооронд ийм тохиролцоо хийгдсэн бол тохиролцоо хийгдсэний дараа нэхэмжлэгч нь тохиролцооны зүйлийг зарах, үрэх, хаях, гээх бусдад бэлэглэх, устгах, захиран зарцуулахгүй байх эсэх нь шууд өөрийнх нь хүсэл зоригоос хамаарах асуудал болохоос хариуцагчаас хамаарах зүйл огт биш юм. Шүүх нь энд тайлбарлаад байгаа талуудын хүсэл зориг, түүний илэрхийлэл, түүнээс үүсэх үр дагавар зэргийн зааг ялгааг зөв тодорхойлж дүгнэлт хийж чадаагүй. Шүүх хурал дээр миний өмгөөлөгч энэ талаар хангалттай тайлбарласан. Ингэж ялгаж, салгаж дүгнэлт хийх сонирхол шүүхэд байгаагүй нь тодорхой хэмжээнд харагдаж байсан. Тухайлбал, дээр тайлбарласан хариуцагчаас зөвшөөрөөгүй зүйлийг зөвшөөрсөн болгож найруулж бичсэн, үндсэн нэхэмжлэлтэй холбоотой зүйлийг сөрөг нэхэмжлэлийн хэсэгт оруулж тайлбарласан, үйл баримтын талаар зөв ялгаж дүгнэлт хийхээс зайлсхийсэн зэргээс харж болох юм. Шүүхийн энэ тайлбар нь талууд үүргийг хэрхэн хаах талаар тохиролцоог хийсэн 1 байсан ч нэхэмжлэгч нь захиран зарцуулаагүй бол уг тохиролцоог хийгээгүйтэй адилтгаж үзнэ гэсэн агуулгаар тодорхойлогдож байгаа юм. Ийм хуулийн зүйл, заалт, агуулга, шүүхийн тайлбар байж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Хэрэв ийм бол талууд ямар нэгэн тохиролцоо хийх ямар шаардлага байна. Хоёр тал харилцан тохиролцож байгаа атлаа тэр нь хүчин төгөлдөр байх эсэх нь зөвхөн нэхэмжлэгчийн захиран зарцуулсан эсэхээс хамаарах байж огт болохгүй. Мөн нэхэмжлэгч нь хүссэн үедээ тохиролцооноосоо буцаж, ийм тохиролцоо огт хийгээгүй мэтээр шүүхэд ханддаг байж болохгүй юм. Нэхэмжлэгч бүтэн нэг жилийн хугацаанд уг тохиролцоог хүлээн зөвшөөрч чимээгүй явсан нь ийм тохиролцоог өөрийн үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн бодит зүйл юм. Шүүхийн итгэмжлэл олгосноор зээлийн гэрээний үүрэгт газраа шилжүүлэн өгсөн, өмчлөх эрхийг шилжүүлснээр дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэх тайлбар нь өөрөө үндэслэлгүй. Үнэхээр тохиролцоо хийсэн болох нь тогтоогдох юм бол үүрэг үүгээр дуусгавар болох учиртай, нэхэмжлэгч нь уг тохиролцооны зүйлийн хувь заяаг хэрхэн яаж шийдвэрлэх нь хариуцагчийн хүсэл зоригоос огт хамаарахгүй зүйл юм. Мөн шүүх нь нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл өгөх эрхгүй гэх агуулгаар дүгнэлт өгсөн нь, эсхүл бодит байдал дээр ийм байгаа нь үүргийг хэрхэн хааж дуусгавар болгох талаарх талуудын тохиролцоонд хамааралгүй болохыг энд дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Шүүх дээрх тайлбаруудын хамт *******ын газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжээгүй байна гэх дүгнэлт хийсэн. Гэтэл тэр *******ын газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн, шилжээгүй нь Талууд сүүлд үүргээ хэрхэн дуусгавар болгох талаар хийсэн тохиролцоог үгүйсгэх ямар үндэслэл болох юм. Яг үнэндээ бол, нэхэмжлэгч нь өөрөө зээл олгохдоо үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг байгуулах нь хуульд нийцэхгүй гэдгээ ухамсарлан ойлгож, ийм гэрээг бичгийн хэлбэрээр байгуулалгүйгээр, харин нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэн нотариатаар батлуулж, үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг итгэмжлэлийн дагуу зээлдэгчийн үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах замаар үүргийг хаах санаа, зорилгын үүднээс итгэмжлэлүүдийг хийж авсан. Тэдний энэ тооцоолсон нөхцөл байдал бодит байдал үүсэхэд хариуцагчтай уулзаж үүргийг итгэмжлэлээр олгосон газруудаар хаах талаар тохиролцон хүлээн зөвшөөрчхөөд дараа нь шүүхэд хадаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэдгийг л зөвөөр ойлгох ёстой байх. Шүүх нь харин ч өөрөө цааш үргэлжлүүлэн дүгнэлт хийхдээ: гэрч М.Бат-Эрдэнэ ... үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын Ремакс компанийг зуучлуулан зар тавьж байсан. Энэ талаар захиралдаа хэлж байсан талаар мэдүүлсэн ... гэрч П.Лаваажав нь ... Баасаннямтай хамтарч бизнес хийж байсан, зээл авсан. урьдчилгаа төлсөн. газраа өгөөд шийдсэн гэж ярьсан талаар мэдүүсэн...гэж дүгнэсэн.

Шүүхийн энэ дүгнэлт нь өөрөө талуудын хооронд үүргийг хаасан талаар талуудын тохиролцоог бүрэн дүүрэн нотолж байгаа зүйл юм. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр харин ч талууд үүргийг хаах талаар тохиролцоог хийжээ гэдэг нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байхад бодит байдлыг утгагүй агуулгаар зайлуулсан тайлбар хийсэн. Хэрэв талууд үүргийг хаах талаар тохиролцоог хийгээгүй байсан бол үүргийн зөрчил үүссэн байхад бүтэн нэг жилийн хугацаанд ямар нэг шаардлага хэрэгжүүлэхгүй байна гэж огг байхгүй, энэ нь бодит байдалд нийцэхгүй, мөн хариуцагчаас итгэмжлэлээр олгосон газруудыг нэхэмжлэгч нь бусдад зарах гээд зуучлалын компанид хандаад явах ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгчийн энэ зарах гээд зуучлалын компанид хандсан гэдгийг, гэвч зарагдаагүй гэдгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр шүүхэд гэрчээр оролцсон нэхэмжлэгч компанид ажилладаг гэрч мэдүүлсэн юм. Өөрсдийнх нь шүүхэд оролцуулсан гэрч ийнхүү мэдүүлсэн нь үгүйсгэх аргагүй бодит болсон үйл баримт юм. Талуудын хооронд ийм тохиролцоо хийгдсэн гэж дүгнэх бүрэн дүүрэн үндэслэлтэй, ингэж тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл нь үгүйсгэгдэх учиртай байна. Газрын гэрчилгээг хариуцагч миний бие нь шүүх дээр маргаан үүссэний дараа шүүхээс шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж гаргасантай холбоотойгоор дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргахдаа уг хүсэлттэй холбоотойгоор хавсаргаж өгсөн баримт юм. Гэтэл үүнийг ийнхүү тайлбарлаж байгаа нь огт

үндэслэлгүй. Мөн шүүх Хэрэгт авагдсан СD бичлэг нь хариуцагч нотлох баримтаа цуглуулахдаа бусаар дуу, дурс бичлэг хийх замаар цуглуулсан. өөрөөр хэлбэл хуульд заасан журмаар цуглуулаагүй байх тул нотлох чадвараа алдсан, энэ шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тайлбарлан, маргаж буй үйл баримтын талаарх нотлох баримтыг үнэлэхээс зайлсхийсэн. Үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн зүгээс оролцуулсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн зүгээс оролцуулсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар зэргээр талуудын хооронд үүргийг дуусгавар болох талаар тохиролцоо хийгдсэн, улмаар тохиролцооны дагуу үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Дээрх бүх асуудлыг миний бие давж заалдах шатны гомдолдоо тусгасан байхад Давж заалдах шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хэргийн оролцогчийн зүгээс гомдолд дурдсан асуудлуудын талаар нэг бүрчлэн үндэслэл бүхий Дүгнэлт хийх ёстой байхад хуулиар хүлээсэн энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаад гомдолтой байна. Шүүх хүсвэл дүгнэлт хийдэг, хүсэхгүй хэсэгтээ дүгнэлт хийхгүй орхигдуулдаг байж болохгүй. Энэ нь үндсэндээ шүүхийн үндсэн чиг үүргээс зайлсхийж байгаатай адил зүйл юм. Иймд гомдолд дурдсан бүх асуудлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хуулийг үнэн зөв хэрэглэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Иймд хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн зүгээс оролцуулсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн зүгээс оролцуулсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар зэргээр талуудын хооронд үүргийг дуусгавар болох талаар тохиролцоо хийгдсэн, улмаар тохиролцооны дагуу үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,217,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, *******-д холбогдуулж зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх хариуцагч *******аас 35,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21,857,066 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Баасанямын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагч *******аас 34,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,417,066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчаас магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн байна.

Эвлэрлийн гэрээнд талууд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрнйн 754 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн шийдлийн агуулгыг хүлээн зөвшөөрч, хариуцагч *******аас нэхэмжлэгч *******-д 34,800,000 төгрөгийг хэсэгчлэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 8,700,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8,700,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8,700,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 8,700,000 төгрөгийг тус тус *******-ийн 5031988510 тоот дансанд бүрэн төлж дуусгахаар, нэхэмжлэгч ******* нь гэрээнд гарын үсэг зурах үед *******ын өмчлөлийн 18623308197533 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, 18623308185524 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрын гэрчилгээнүүдийг *******д эх хувиар нь хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцжээ.  

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал А.Хосгариг, хариуцагч ******* нар гарын үсэг зурсан байх ба энэхүү гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00314 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 754 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч ******* нь 34,800,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөхийг зөвшөөрч, 2022.04.25-ны өдөр 8,700,000 төгрөг, 2022.05.25-ны өдөр 8,700,000 төгрөг, 2022.06.25-ны өдөр 8,700,000 төгрөг, 2022.07.25-ны өдөр 8,700,000 төгрөгийг тус тус *******-ийн 5031988510 тоот дансанд бүрэн төлж дуусгах, нэхэмжлэгч ******* нь гэрээнд гарын үсэг зурах үед *******ын өмчлөлийн 18623308197533 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, 18623308185524 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрын гэрчилгээнүүдийг *******д эх хувиар нь хүлээлгэн өгөхөөр талууд эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Оптимал инвестмент ХХК-ийн хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57,217,066 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч *******ын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Д.ЦОЛМОН