Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 950

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ж” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т-т холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 1 034 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” СӨХ нь 2018 оны 12 сард байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 30 байр болон нийтийн орон сууцны 1-5 дугаар байрнуудын 218 айл өрхийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн болон цахилгааны шугамыг хамгаалж, шинэчлэх засварлах, орц хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хуулийн дагуу үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч, хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, хог, тээвэр, дулаан, ус зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. СӨХ-д хамаарах 1-р байрны 29 тоотод оршин суух А.Т- нь Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16, 13 дугаар зүйлд зааснаар СӨХ-нд сар бүр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, 2019 оны 01 сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны харуул хамгаалалт 300 000 төгрөг, хог хаягдал 30 000 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 42 000 төгрөг, нийтийн шугам хоолойн засвар 60 000 төгрөг, ногоон байгууламж 24 000 төгрөг, ажилчдын цалин, ажлын хөлс 24 000 төгрөг, тохижилт үйлчилгээ 186 000 төгрөг, бичиг хэрэг, шуудан холбоо 18 000 төгрөг, хойшлуулшгүй арга хэмжээний зардал, нөөц санд 66 000 төгрөг, зэрэг нийт 1 020 000 төгрөгийг төлөхгүй, нийт СӨХ бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Мөн шүүхэд хандахад холбогдох бичиг баримтыг бэлтгэн нотариатаар батлуулахад 14 000 төгрөг нэмж СӨХ төлж хохирсон. А.Т- нь хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, биелүүлэх тухай хууль ёсны тавьсан шаардлагыг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж ингэж бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авч байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргээд байна. Түүнчлэн СӨХ-оос сар бүр бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд А.Т-өөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой 2019 оны 01 сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардалд 1 020 000 төгрөг, бичиг баримт ноториатаар батлуулсны төлбөр 14 000 төгрөг, нийт 1 034 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбоог Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэх ёстой гэж үздэг. Тиймээс сууц өмчлөгчдийн холбоог хууль болон дүрмээрээ хүлээсэн үүргээ гүйцэтгэх юм бол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Сууц өмчлөгчдийн холбооноос гаргаж өгч байгаа баримтаас харахад А.Т-ийн орц руу харсан камерын бичлэг байхгүй байгаа нь харагдаж байна. Мөн харуул хамгаалалтын үйлчилгээг эрхэлдэггүй болох нь хэд хэдэн удаа машин гэмтсэн, 2 удаа унадаг дугуйгаа алдсан үйл баримтуудаар харагдаж байна. Тэгээд эдгээр үйлдлүүдийг баримтжуулах гэхээр нотлох баримт олддоггүй. Харин сүүлд дугуйгаа алдахдаа камертай газар тавьсан тулдаа цагдаагийн байгууллагаар олуулсан. “Ж” СӨХ-г хууль дүрмийнхээ дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээд ажлаа хийвэл төлбөрөө төлж болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч А.Т-өөс 1 034 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 29 366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” СӨХ-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл СӨХ-г дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гүйцэтгэсний төлөө төлбөр төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан. Харин “Ж” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийдэггүй, харуул хамгаалалтыг чанартай гүйцэтгэхгүй байж сууц өмчлөгч нараас төлбөр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжилсэн төлбөрийг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

     

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ж” СӨХ нь хариуцагч А.Т-т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 1 034 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Ж” СӨХ-ны 2018 оны 12 сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр хураамжийг сард нэг айл өрхөөс 85 000 төгрөг, аж ахуй нэгжээс 255 000 төгрөг байхаар тогтоосон байна. /хх-ийн 25-26-р тал/

 

Хариуцагч А.Т- нь нэхэмжлэгч “Ж” СӨХ-ны 1 дүгээр байрны 29 тоотын оршин суугч бөгөөд тэрээр 2019 оны 1 – 12 дугаар сард дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч “Ж” СӨХ-ны 2019 оны 1 – 12 дугаар сарын өртэй айлуудын жагсаалт, нэхэмжлэх зэргээр тогтоогджээ. /хх-ийн 32-33, 35-р тал/

 

Хариуцагч А.Т- нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “манай орц руу харсан камерь байхгүй, мөн харуул хамгаалалтын үйлчилгээ муугаас миний автомашин хэд хэдэн удаа гэмтэж, 2 удаа унадаг дугуйгаа алдсан. “Ж” СӨХ-г хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ гүйцэтгэж, ажлаа хийвэл төлбөрөө төлнө” гэж маргасан.

                        Гэвч дээрх тайлбар нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зааснаар орон сууц дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Нөгөө талаар харуул хамгаалалт муугаас автомашин гэмтсэн, орцны камер ажиллаагүйн улмаас унадаг дугуйгаа алдсан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөн энэхүү асуудлыг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт “... орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэжээ. Үүний дагуу хариуцагч А.Т-өөс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1 020 000 төгрөг, хариуцагч дээрх төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 14 000 төгрөг, нийт 1 034 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” СӨХ-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                   Г.ДАВААДОРЖ