Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/00608

 

 2020 оны 03 сарын 09 өдөр                         Дугаар 183/ШШ2020/00608  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Жаргалан хотхон, өөрийн байр Ж.Х СӨХ /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Жаргалан хотхон, 0 байр, 00 тоотод оршин суух О овогт А.Т /РД: ЧС000000000/-т холбогдох

         Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,020,000 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг нийт 1,034,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Ж.Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Б, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Ж.Х СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Х СӨХ нь 2018 оны 12 сард байгуулагдаж Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны /АОС/ 00-н байр болон нийтийн орон сууцны 0-0 дугаар байрнуудын 218 айл өрхийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн болон цахилгааны шугамыг хамгаалж, шинэчлэх засварлах, орц хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хуулийн дагуу үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, хог, тээвэр, дулаан, ус зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. СӨХ-д хамаарах 1-р байрны 29 тоотод оршин суух А овогтой Т нь Иргэний хуулийн 147, 148.2.3-р зүйл болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16-р зүйл, 13.2.6, 13.2.3, 13.3-т зааснаар СӨХ-д сар бүр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж 2019 оны 01 сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны харуул хамгаалалт 300,000 төгрөг, хог хаягдал 30,000 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 42,000 төгрөг, нийтийн шугам хоолойн засвар 60,000 төгрөг, ногоон байгууламж 24,000 төгрөг, ажилчдын цалин, ажлын хөлс 24,000 төгрөг, тохижилт үйлчилгээ 186,000 төгрөг, бичиг хэрэг, шуудан холбоо 18,000 төгрөг, хойшлуулшгүй арга хэмжээний зардал. нөөц санд 66,000 төгрөг зэрэг нийт 1,020,000 төгрөгийг төлөхгүй, нийт СӨХ бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Мөн шүүхэд хандахад холбогдох бичиг баримтыг бэлтгэн нотариатаар батлуулахад 14,000 төгрөг нэмж СӨХ төлж хохирсон. А Т нь хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, биелүүлэх тухай хууль ёсны тавьсан шаардлагыг үл тоон нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж ингэж бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авч байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргээд байна. Түүнчлэн СӨХ-оос сар бүр бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд А.Т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой 2019 оны 01 сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардалд 1,020,000 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсны төлбөр 14,000 төгрөг нийт 1,034,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

             Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Т нь Сууц өмчлөгчдийн холбоог Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэх ёстой гэж үздэг. Тиймээс сууц өмчлөгчдийн холбоог хууль болон дүрмээрээ хүлээсэн үүргээ гүйцэтгэх юм бол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Сууц өмчлөгчдийн холбооноос гаргаж өгч байгаа баримтаас харахад А.Т орц руу харсан камерын бичлэг байхгүй байгаа нь харагдаж байна. Мөн харуул хамгаалалтын үйлчилгээг эрхэлдэггүй болох нь хэд хэдэн удаа машин гэмтсэн, 2 удаа унадаг дугуйгаа алдсан үйл баримтуудаар харагдаж байна. Тэгээд эдгээр үйлдлүүдийг баримтжуулах гэхээр нотлох баримт олддоггүй. Харин сүүлд дугуйгаа алдахдаа камертай газар тавьсан тулдаа Цагдаагийн байгууллагаар олуулсан. Ж.Х СӨХ-г хууль дүрмийнхээ дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээд ажлаа хийвэл төлбөрөө төлж болно гэв.

          Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

         Хариуцагч А.Т холбогдуулан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,020,000 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг нийт 1,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ж. Х СӨХ шүүхэд гаргажээ.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3, 16.1-д заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй. Оршин суугчдаас авч байгаа мөнгөөр хариуцагч үйлчилгээ авч, оршин суугчдын эрх ашгийг зөрчиж ингэж бусдын мөнгөөр дээрхи үйлчилгээнүүдийг авч байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргээд байна. Түүнчлэн СӨХ-оос сар бүр бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд 1 дүгээр байрны 29 тоотын 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг шаардаж байгаа гэж тайлбарласан. Хариуцагч А.Т нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөр автомашин мөргөөд зугтсан, бага насны хүүхдийн насанд хүрсэн хүн гар хүрсэн, унадаг дугуйгаа алдсан бөгөөд тухай бүр энэ талаар камерийн бичлэг шүүхэд камер ажиллагаагүй байсан, Ж.Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр бус тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй гэж маргажээ. Шүүх хариуцагч А.Т Д.Ц 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба /хх-45/ хариуцагч өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр Д.Г гурван жилийн хугацаатай олгосон байна. /хх-55/, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Х СӨХолбоонд 00/00 дугаартай гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс нэг жилийн хугацаатай олгосон байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрчилгээнд сунгалт хийгдсэн, гүйцэтгэх захирал Д.Б гэсэн нэр бичигдсэн ба /хх-53/, Ж.Х СӨХолбооны удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2019/03 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар Д.Б томилсон байна /хх-54/, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Ж.Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор нэг айл өрхөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 85,000 төгрөг авахаар тогтоосон болох нь тогтоогдож байна. /хх-26/, ,Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байдаг ба А.Т нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй боловч зардлын хэмжээ тогтоогдсон байх нь шаардах эрхийн үндэслэл төдийгүй мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваахаар заасан. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагад унадаг дугуйгаа алдсан талаар гомдол өгсөн байх бөгөөд /хх-69/ уг мэдээллийн утгад камерын бичлэг байгаа болохыг тэмдэглэсэн байх тул камер ажиллагаагүй байсан гэх хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна. Нөгөөтээгүүр хариуцагчийн татгалзалд дурдаад байгаа эд хөрөнгө гэмтсэн, алга болсон, бусдын эрх чөлөөнд халдсан маргаан нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд хамаарахгүй ба Ж.Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр бус болох баримтаар тогтоогдохгүй байна.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацааны нийт 1,020,000 /85,000х12/ төгрөг, хариуцагч зардал төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 14,000 төгрөг нийт 1,034,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х СӨХолбоонд олгохоор шийдвэрлэв.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээвэл зохино.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч А.Т 1,034,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х СӨХ-нд олгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 29,030 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 336 төгрөг нийт 29,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т улсын тэмдэгтийн хураамжид 29,366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х СӨХ-нд олгосугай.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ