Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1036

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00510 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

 

Гэрээний үлдэгдэл төлбөр, ажлын хөлсний зөрүү, алданги, барьцаа, магадлашгүй ажлын зардалд нийт 1 549 904 110 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гүйцэтгээгүй ажлын зардал, ажлын доголдлыг арилгахад гарах зардал, алданги, хохирол нийт 2 089 696 091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Б, Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И-” ХХК нь иргэн Б.Б-тай 2015 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 9 сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Иргэн Б.Б-гаас гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-д шилжүүлсэн бөгөөд “И-” ХХК нь “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. “И-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээнд заасан ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэж, дууссан ба ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас санхүүжилтийг гэрээний заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Захиалагч нь барилгын зураг төслийг өөрчилснөөс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарсан боловч өнөөдрийг хүртэл төлөхөөс зайлсхийсээр байна. Мөн захиалагч төлбөрийг бартераар буюу тодорхой хөрөнгө, эд зүйлээр төлөхөөр санал ирүүлдэг боловч тэдгээрийн үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тус компанид санал болгох зэргээр гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүй. Магадалшгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай обьтектод 2%, үйлдвэрийн зориулалттай обьектод 3%-иар тус тус тооцдог бөгөөд талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадлашгүй ажлын зардлыг 2% байхаар төсөвлөн тохиролцсон бөгөөд магадлашгүй ажлын нийт зардал 100 225 836 төгрөг болсон. Иймд гэрээний ажлын хөлс 3 600 000 000 төгрөгөөс барьцаа 180 000 000 төгрөгийг суутгаад Б.Б- нь нийт 3 420 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Үүнээс Б.Б- 2 463 327 810 төгрөг төлсөн, төсвийн дагуу өрлөгийн дутуу хийсэн ажлын хөлс 300 327 544 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 656 344 646 төгрөгийг төлөөгүй. Мөн 10 давхрын зургийг өөрчилж, 10 давхрын цутгалтын ажил хийсэн. Сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэлт ажлын хөлс 96 000 000 төгрөг болсон. Мөн дотор гэрэлтүүлгийн ажлын хөлс 13 757 537 төгрөг, харуул хамгаалалтын зардал                              20 350 000 төгрөг болж, нийт 786 452 183 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Үүнээс алданги 393 226 091 төгрөг, барьцааны 180 000 000 төгрөгөөс алданги 90 000 000 төгрөг тус тус тооцон, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг нэмж нийт 1 549 904 110 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэгч “И-” ХХК нь гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэх үндсэн нөхцөлтэйгөөр барилга барих ажлыг эхлүүлсэн боловч гэрээнд заасан хугацааг зөрчиж, барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэж гэрээгээр тохиролцсон атлаа захиалагч талаас шалтгаалан өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг зөрчлийг арилгаагүй. Энэ талаар “И-” ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Барилгын төсөвчдийн холбоо 3 102 739 119 төгрөг, төсөвчин Пэлээсүрэн 2 665 332 146 төгрөг гэж барилгын гүйцэтгэлийн нийт төсвийг гаргасан. Төсөвчин Г.Пэлээсүрэнгийн гаргасан төсвийн дүнгээс 5 хувийг тооцоход барьцаа 133 266 607 төгрөг болж байгаа бөгөөд 46 733 392,7 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн. Нөгөө талаар барилгын ажлыг албан ёсоор хүлээн авсан өдрөөс эхлэн баталгаат хугацааг тоолох тул барьцааны мөнгийг хүлээлгэн өгөх хугацаа болоогүй. Б.Б-гийн зүгээс 2 463 327 810 төгрөг төлсөн талаар талууд маргадаггүй бөгөөд үүн дээр нэмж 333 860 000 төгрөгийг төлсөн. Үүнд: “И-” ХХК, иргэн Бүд нарын хооронд 2014 онд байгуулагдсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үнээс суутгахаар тохиролцсон. Ингээд Б.Б- нь нийт 2 797 187 810 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлсэн. “И-” ХХК нь хийгдээгүй өрлөгийн дүн 300 327 544 төгрөг гэсэн тул гүйцэтгэсэн өрлөгийн өртөг нь 219 672 456 төгрөг гэж үзэхээр байна. Гэтэл нийт 101 м.куб өрлөгийн ажил хийсэн буюу 47 745 454.5 төгрөгийн өрлөгийн ажлыг хийсэн нь “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өрлөгийн ажлын гүйцэтгэлийн акт ирүүлээгүй тул төлбөр шаардах эрхгүй. Үлдэгдэл төлбөр 656 344 646 төгрөгийн тухайд, 7-10 давхрын цутгалтын ажлын акт ирүүлээгүй, захиалагч ажлыг хүлээж аваагүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй. 10 давхрын цутгалтын ажлын нэмэгдэл зардал 96 000 000 төгрөгийн тухайд, зураг зөрчиж хийсэн тул гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзсан. Харуул хамгаалалтын зардлыг гэрээнд зааснаар гүйцэтгэгч өөрөө хариуцан ажиллах үүрэгтэй. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй. Мөн барьцааг 180 000 000 төгрөг гэж дүгнэх боломжгүй. Алданги тооцсон хугацаа тодорхойгүй. Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил зогссон тул алданги төлөх үндэслэлгүй. Магадлашгүй ажмл бодитоор хийгдсэн эсэх, төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, захиалагчид мэдэгдээгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б-гийн зүгээс барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан “И-” ХХК-иас 2 089 696 091 төгрөгийн хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд: 100 метр доторх ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах нийт 382 466 444 төгрөгийн зардлыг гаргуулах буюу ажлын гүйцэтгэлийн дүнгээс хасуулах, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 406 800 000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192 000 000 төгрөг, 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468 000 000 төгрөг, “И-” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг зогсоосон тул алдангид 610 000 000 төгрөгийг гаргуулах, Б.Б- нь уг барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан 2015 оны 5 сарын 13-ны өдөр Капитал банктай зээлийн гэрээ байгуулан 119 000 ам.долларын зээл авсан. Иргэн Б.Б-гийн зүгээс тухайн зээлийг “И-” ХХК-иар захиалан бариулж буй барилгын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх зорилгоор авсан бөгөөд уг барилга ашиглалтад орсны дараа худалдан борлуулсны орлогоос зээлээ эргэн төлөхөөр төлөвлөсөн болно. Гэвч “И-” ХХК нь иргэн Б.Б-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ тул үүргийн зөрчлийн улмаас иргэн Б.Б-д учирсан хохирол болох 12 214 ам доллар буюу 30 429 647 төгрөгийн хохирлыг гаргуулах, дээрх үндэслэлээр нийт 2 089 696 091 төгрөгийг “И-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани нь 4 удаагийн гүйцэтгэл хийж захиалагч талд хүргүүлсэн бөгөөд нийлбэр дүн нь 3 307 819 085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь хууль бус шаардлага гэж үзэж байна. Хуульд зааснаар ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэгтэй. Капитал банк болон Б.Б- нарын хооронд 2015 оны 5 сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хувьд манай компанид төлөх санхүүжилттэй огт холбогдолгүй. Энэ нь барилгын ажилд зориулагдсан санхүүжилтийн зээл бус харин орон сууцны зээл байх тул “И-” ХХК-д хамааралгүй юм. Хариуцагч Б Болормаа нь 2016 оны 5 сарын 04-ний өдөр уг барилгын хууль ёсны өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авч, 2016 оны 9 сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр “Монгол таг” ХХК-д шилжүүлсэн байна. “Монгол таг” ХХК нь 2017 оны 3 сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр “Капитал банк” ХХК-д шилжүүлсэн байна. Улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 5 сарын 27-ны өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 1707 дугаар тогтоолын 15 дугаарт заасны дагуу үл хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан байна. Дээрх нөхцөл байдлаас авч үзвэл иргэн Б.Б-гийн өмчлөх эрх нь эдийн засгийн эргэлтэд орж гуравдагч этгээдүүдэд шилжсэнээр үл хөдлөх өмчлөх Б.Б-гийн эрх 2016 оны 9 сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд хариуцагч Б.Б- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Болормаагаас 918 839 205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 631 064 905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Болормаагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 154 316 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 025 233 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 4 752 146 төгрөгийг гаргуулж “И-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас шинжээчийн ажлын хөлс 5 430 000 төгрөгийг гаргуулж, 3 080 000 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005409 тоот дансанд, 2 350 000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны “Бэсгэ” ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2611037182 дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх аливаа байдлаар талуудын маргаж буй үйл баримтыг дүгнэхдээ ямар үндэслэл, нотлох баримтыг тулгуурлаж дүгнэлт хийж байгай дэлгэрэнгүй тодорхойлох үүрэгтэй. Хариуцагч ажлын хөлсний талаар маргасан бөгөөд шүүх ямар үндэслэлээр уг тайлбарыг үгүйсгэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хариуцагчийн зүгээс 3 600 000 000 төгрөгийн төсвийг хүлээн зөвшөөрөөгүй буюу үндэслэлгүй хэт өндөр төсөв хэмээн маргасан. Уг асуудлаар шинжээч томилуулах хүсэлтийг нийт 3 удаа анхан шатны шүүхэд гаргасан боловч үдэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хэрэг хэлэлцэх ажиллагааны хэлэлцүүлгийн шат нь тодорхой үндэслэл бүхий төсвийн дүгнэлтгүйгээр тоймчилсон байдлаар явагдсан. Хариуцагч Б.Б- нь гэрээний төлбөрт 2 463 327 810 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч хариуцагчийн зүгээс тус төлбөр дээр нэмж 333 860 000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн хэмээн маргасан. Гэрээ байгуулагдсанаас хойшхи төлбөрийг гэрээний төлбөрт тооцно гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Мөн шүүхийн зүгээс гэрчийн мэдүүлгийг гуйвуулж, нэхэмжлэгч талд ашигтай хэсгийг салган авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Барилгын ил, далд ажлын актаар тухайн барилгад ашигласан бараа, материалын чанарыг тодорхойлох боломжгүй. “И-” ХХК нь тус барилгад ашигласан арматур төмрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Үүр тээл” ХХК болон “Улаанбаатар менежмэнт” ХХК-иас худалдан авсан хэмээн барилгын ажил гүйцэтгэсэн актад дурдаж, арматур төмрийн чанарын гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас ирүүлсэн тайлбар (4хх-208)-т “И-” ХХК нь тус барилгын ажил гүйцэтгэх хугацаанд ямар нэг худалдан авалт хийгээгүй” гэж, мөн “Улаанбаатар менежмэнт” ХХК-ийн тайлбар (4хх-ийн 212, 219)-т “Үүр тээл” ХХК-ийн тайлбар (4хх-223)-т “И-” ХХК нь бага хэмжээний арматур төмөр худалдан авсан байх бөгөөд энэ нь тухайн барилгад ашигласан арматур төмрийн төрөлтэй тохирдоггүй болно. Шинжээч Ж.Гомбо нь тус барилгад ашигласан арматур төмөр нь чанарын шаардлага хангасан гэж огт дүгнээгүй. “И-” ХХК-иас 2015 оны 6 сарын 25-ны өдрийн 256/15 тоот албан бичгээр хувийн үйлдвэрийн, чанарын шаардлага хангаагүй Ф13 маркийн арматурыг ашиглаж байсан талаараа фото зургаар баримтжуулж хариуцагч талд мэдэгдсэн байдаг. Тухайн албан бичгийг ирүүлсэн 2015 оны 6 сарын 25-ны өдөр барилга дээр 7 давхрын цутгалтын ажил хийгдэж дууссан болно. Хэрэв тухайн арматурыг барилга угсралтын ажилд ашигласан тохиолдолд барилгын даацад нөлөөлөх, үүнээс үүдэн барилга нурах, гэмтэл үүсэх зэрэг ноцтой үр дагавар үүсгэх аюултай юм. Иргэн Б.Б- нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хязгаарлалт болохгүй. Эд хөрөнгийн доголдол арилгуулах гэрээний дагуу иргэн Б.Б- нь маргааны зүйл болох барилгын ажлын доголдлыг арилгуулах үүргийг хүлээсэн. “И-” ХХК-ийн зураг зөрчиж, хийсэн 10 давхрын цутгалтын ажлыг захиалагч тал болох иргэн Б.Б-гийн зүгээс өөрчлөх тухай аливаа албан ёсны мэдэгдлийг хүргүүлээгүй тул тухайн ажлын гүйцэтгэлийг хүлээн авахгүй байх эрхтэй. Өрлөгийн ажил хийгдсэн хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой гэж маргасан байхад шүүхийн зүгээс тоймлож дүгнэлт өгсөн. Барилгын чанарын баталгаат 3 жилийн хугацаа дууссаны дараа барьцааг буцаан олгохоор заасан. Барьцаа хөрөнгийг буцаан өгөх хугацаа болоогүй. Мөн дотор гэрэлтүүлгийн ажил нь талуудын хооронд байгуулагдсан ажил биш тул захиалагчийн зүгээс уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Магадлашгүй ажлын үр дүнг баталгаажуулсан баримтыг өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн чанаргүй арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 406 800 000 төгрөг төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй. 10 давхрын хучилтыг зураг зөрчиж, хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192 000 000 төгрөг, 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Гэрээний үүргээ биелүүлэлгүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг зогсоосон тул үлдэгдэл төлбөрт ногдох үүргийн гүйцэтгэлийн алдангид 610 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Капитал банктай 2015 оны 5 сарын 13-ны өдөр 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119 000 ам.долларын зээл авсан бөгөөд уг мөнгөөр тухайн барилгын ажлыг санхүүжүүлсэн “И-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн өрийг “И-” ХХК-иас гаргуулахыг шаардсан боловч шүүхийн зүгээс уг зээлийг тус хэрэгт хамааралгүй хэмээн дүгнэжээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд захиалагчийн зүгээс санхүүжилтийг хэрхэн босгох аргыг заагаагүй учир Б.Б-гийн зүгээс ямар байдлаар тус хөрөнгийг цуглуулах нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Нийт 2 089 696 091 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “И-” ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “И-” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 1 549 904 110 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2 089 696 091 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “И-” ХХК нь барилгын зураг төслийн дагуу Монгол Улсад мөрдөгдөж байгаа, барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, зоорийн давхартай, 11 давхар нийт 8736 м.кв талбай бүхий барилгын суурийн газар шороо, бетон цутгалтын ажил, зоорийн давхрын цутгалтын ажил, ус тусгаарлагч, тэгшилгээ, газар шорооны ажлыг 2015 оны 5 сарын 13-ны өдрийн дотор,

1-3 давхрын цутгалтыг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор, 4-6 давхрын цутгалтыг 2015 оны 7 сарын 17-ны өдрийн дотор, 7-10 давхрын цутгалтыг 2015 оны 8 сарын 31-ний өдрийн дотор,

0-3 давхрын өрлөгийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 4-6 давхрын өрлөгийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 6-10 давхрын өрлөгийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор, барилгын техникийн давхрыг 2015 оны 9 сарын 10-ны өдрийн дотор хийж дуусгах, хариуцагч Б.Б- нь нийт 3 600 000 000 төгрөгийн ажлын хөлсийг гэрээний 3.2.1 – 3.2.5-д заасны дагуу ажил хүлээлцсэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэгч “И-” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /1хх-4-10-р тал/

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ барьцаа 180 000 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 656 344 646 төгрөг, 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96 000 000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13 757 537 төгрөг, харуул хамгаалалтын зардал 20 350 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 393 226 091 төгрөг, барьцаа хөрөнгийн алданги 90 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, нийт 1 549 904 110 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч татгалзлаа нэхэмжлэгч “И-” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан, ажлын үр дүн доголдолтой, 10 давхрын цутгалтын ажлыг зураг зөрчиж хийсэн, мөн гэрээгээр тохиролцоогүй ажлын хөлс нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гүйцэтгээгүй ажлын зардал 382 466 444 төгрөг, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд 406 800 000 төгрөг, зураг зөрчиж хийсэн ажлыг дахин гүйцэтгэхэд 192 000 000 төгрөг, өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 468 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 610 000 000 төгрөг, үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 30 429 647 төгрөг, нийт 2 089 696 091 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Талуудын хооронд ажлын үр дүн доголдолтой эсэх буюу ашиглах боломжтой эсэх, нэмэлт ажлын хөлс төлөх үүрэг үүссэн эсэх асуудлууд маргаантай байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2019 оны 12 сарын 23, 2020 оны 02 дугаар сарын 10, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд нэхэмжлэгч “И-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын нийт төсөв хэдэн төгрөг болох, гэрээгээр тохирсон ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн эсэх, барилгад ашигласан арматур төмөр нь чанарын шаардлагад нийцсэн эсэх, 0-6 давхрын төмөр бетон карказ нь барилгын норм дүрэмд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, барилгын 100 метр доторх ажил болон 10 давхрын хучилтын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /5-р хх-ийн 224-228, 235-236, 6-р хх-ийн 67-68, 94-р тал/

 

Дээрх хүсэлт нь талуудын хоорондын маргаантай асуудлаар мэргэжлийн мэдлэг шаардагдахаар байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтүүдийг “... шинжээчид тавьж буй асуултууд нь талуудын маргааны зүйл, шинжээчийн тусгай мэдлэг шаардсан асуудалд хамааралгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. /5-р хх-ийн 231-233-р тал/. Тухайлбал, талуудын байгуулсан гэрээний 3.2.5-д “өрлөгийн ажлыг гүйцэтгэн акт, нэхэмжлэхийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор 520 000 000 төгрөгийг захиалагч, гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “И-” ХХК нь 219 672 456 төгрөгийн өрлөгийн ажил хийж гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй өрлөгийн ажилд 300 327 544 төгрөгийг хасч нэхэмжилнэ гэсэн боловч хариуцагч Б.Б- нь өрлөгийн ажлыг нэхэмжлэгч дутуу хийсэн гэж үзэж, бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ажлын хөлснөөс өрлөгийн ажлын зардал 300 327 544 төгрөгийг хасч тооцохдоо талуудын байгуулсан гэрээний заалтыг буруу тайлбарлаж, ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэгч “И-” ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын төсөв хэд болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн талаар маргасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 2.1-д “барилгыг зураг төслийн дагуу, Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэмд зааснаар төмөр бетон, карказан хавтгай дээвэртэй барилгыг барьж гүйцэтгэх”-ээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх явцад барилгын арматур төмөр шаардлага хангаагүй талаар зохигчид хэн алиндаа албан бичиг хүргүүлж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10135 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Ж.Гомбо нь “цаг агаарын байдлаас шалтгаалж барилгад үл эвдэх аргаар шинжилгээ хийж чадаагүй, барилгыг цаашид ашиглалтад авахад аюулгүй ажиллахад боломжтой эсэх талаар бие даан дүгнэлт гаргах эрхгүй” гэсэн байна. /2-р хх-ийн 13, 224-230-р тал, 3-р хх-ийн 153-155, 235-236-р тал/

 

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасан. Талуудын маргаантай байгаа асуудлаар гаргасан шинжээч Ж.Гомбын дүгнэлт нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалт болон хариуцагчийн хүсэлтээр дахин шинжилгээ хийлгэх боломжтой байжээ. 

 

            Хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон зохигчийн эрхээ эдлэхээр хүсэлт гаргасан гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримтаа бүрдүүлэх эрхийг зөрчсөн болно.

             

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 200 627 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ