Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 158

 

Б.М, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Г-, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар магадлалтай, Б.М-, Б.Г- нарт холбогдох 1728000730118 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н М-,

2. Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, З овогтой Б-н Г-.

1. Б.Г-, Б.М- нар нь “***” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “***” хэмээх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 6,251,126 төгрөгийн,

2. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “***” хэмээх газар 2017 оны 09 дүгээр сард улсын бүртгэлийн 9011462084 дугаартай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр 2 дугаар гудамж, 1006 байрны 93 тоот хаягт бүртгэлтэй яллагдагч “***” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 6,251,126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Г-, Б.М- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, “***” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар “***” ХХК-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “***" ХХК-иас 35,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.М-, Б.Г- нар болон “***” ХХК-д холбогдох хэргийг өөр шүүх бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.М-, Б.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэж гомдол гаргаж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-ийг гэм буруугүйд тооцож, ял оногдуулах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх дүгнэлтээ хийсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримталсан шийдэл юм. Цагаатгасан нь үндэслэлтэй байна.

Магадлалд дурдагдсан зарим үндэслэлүүд нь прокурорын яллах дүгнэлтийн агуулга, яллах саналаас гаднах үйл баримтад тулгуурласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд” 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулж Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах болсон. Яллах дүгнэлтийг өөрчлөх үед миний үйлчлүүлэгчийг буруутгаж байсан 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг анхаарч үзээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Дээрхээс үзэхэд яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад тус тогтоолд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа нь урт өөр гэмт хэрэгт буруутгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ тохиолдолд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Үүнээс үүдэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө ямар гэмт хэрэг, зүйл хэсгээр яллагдагчаар татсан, тус зүйлчлэл нь үндэслэлтэй эсэхээс үл хамааран хөөн хэлэлцэх хугацаа тоолох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцнэ.

Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ахин эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэх, прокурорт буцаах, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй юм.

Урьд өмнө нь хоёр удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан боловч прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан алдаа дутагдал, зөрчлийг арилгаагүй. Үүнд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоосон “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахыг завдсан гэх техникүүдийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хамаарна.

2017 оны 09 дүгээр сараас эхлэн миний үйлчлүүлэгч Б.Г- …байгаль орчинд учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бүрэн төлсөн.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болдог. Миний үйлчлүүлэгчийг ямар үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа яллагдагчаар татах тогтоолд нь өөрчлөлт оруулах замаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж цаашилбал шүүхэд шилжүүлж байгаа нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд нөхөн сэргээх газар, тендерт оролцсон хүмүүс болон миний үйлчлүүлэгч, түүнтэй хамт ажилладаг Б.М- гэх хүнийг яллах чиг үүргийн үүднээс хандаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэл өгсөн шинжтэй магадлал гарсан байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч И.Олонмөнх гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлийг хянуулахаар гомдол гаргаж байна. Учир нь магадлалд ...анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хууль зүйн дүгнэлт зөв хийсэн эсэх, нотлох баримтуудыг үнэлж шалгасан эсэхэд эргэлзээ төрүүлэхээр болжээ... гээд мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, *** гэх газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнэлт хийгээгүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Магадлалд дурдаж буй үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн, энэ нь хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлж байгааг дурдаагүй. Харин анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хянан хэлэлцэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Магадлалыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Б.М-, Б.Г- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Б.М-, Б.Г- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан талаар үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мөн Б.Г-ийг “***” ХХК-ийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэсэн дүгнэлт нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа нөхцөл байдалтай зөрчилдсөн, нэгийгээ няцаасан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтүүдийг хийсэн байна. Түүнчлэн хуулийн этгээдүүдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Энэ хэрэгт битүүмжилсэн зарим техник хэрэгслийг шийдвэрлээгүй алдаа гарсан байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.М-, Б.Г- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Г-, Б.М- нарт холбогдох хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, түүнчлэн “***” ХХК-ийг хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус компанийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын *** хэмээх газар уул уурхайн нөхөн сэргээлт хийхтэй холбогдуулан төрийн байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлыг урвуулан ашигласан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, дээрх үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн гэх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа тухайн шийдвэрийн хүрээнд олгогдсон гэх зөвшөөрлийн дагуу нөхөн сэргээлт явуулж байсан шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.     

Түүнчлэн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан, хувь хүний болон аж ахуйн нэгжийн ашиг сонирхол нь нэгдмэл байдаг нэг гишүүнтэй аж ахуйн нэгж буюу хувийн эрх ашгийнхаа төлөө шийдвэр гаргаж байгаа хүнийг эрүүгийн хариуцлагад татахын зэрэгцээ хуулийн этгээдэд давхардуулан хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Хувийн ашиг сонирхлоо өөрийн өмчлөлийн “***” ХХК-иар дамжуулан хэрэгжүүлж байгаа Б.М- төдийгүй, түүнтэй харилцан тохиролцож, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамтран оролцож байгаа Б.Г-ийн хэн аль нь хуулийн этгээдийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх дүгнэлтийг зөвтгөлгүй, харин тухайн хувь хүний үйлдэл гэм буруутай эсэхээс үл хамааран хуулийн этгээдэд дангаар нь эрүүгийн хариуцлага оногдуулж болно гэж ойлгогдохоор илтэд логик зөрчилтэй, буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

Тиймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж чадаагүйгээс гадна шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг анхан шатны шүүхээр өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч И.Олонмөнх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН