Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00934

 

“ЭТЭт” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ЭТЭт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ж” ХХК-д холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу “ЭТЭт” ХХК нь “Ж” ХХК-д төлөх 937 695 315 төгрөгийн төлбөрийн үүргээс 448 782 800 төгрөгийг төлж, 448 782 800 төгрөг төлөх үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

            Нэхэмжлэгч “ЭТЭт” ХХК-ийн төлөөлөгч Бэ Хёг хунь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд нь 2010 оноос 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу харьцаж эхэлсэн. Уг гэрээний дагуу “Ж” ХХК нь “ЭТЭт” ХХК-д интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны интернетийн төлбөрт 932 873 000 төгрөгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар гаргуулж “Ж” ХХК-д олгохоор болсон байдаг. Уг шүүхийн шийдвэрийн дагуу “Ж” ХХК-д төлбөл зохих 932 873 000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 448 782 800 төгрөгийг төлсөн. Төлсөн хэмжээгээрээ өр төлбөр хасагдах ёстой гэж үзэж байна. “Ж” ХХК-ийн хувьд дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр төлөгч болох “ЭТЭт” ХХК-ийн харилцах данснуудыг хаасны улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 07, 08 ,09 дүгээр сарын интернетийн үйлчилгээний төлбөрийг “Ж” ХХК-д төлөөгүй өр үүссэн. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар илүү төлсөн төлбөрийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрт тооцсон. Хариуцагч уг үйл баримтыг зөвшөөрөхгүй байх тул шүүхээр тогтоолгох юм. “ЭТЭт” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд нэг төрлийн эрх зүйн харилцаанаас үүссэн буюу интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн. Тодруулбал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөр 932 873 000 төгрөг гэж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт хамаагүй төлбөр буюу Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэсэн 2 төлбөр үүссэн. “ЭТЭт” ХХК-ийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 70 499 000 төгрөгийн үнийн дүн бүхий интернет, суваг түрээсийн үйлчилгээг гэрээгээр авсан байдаг. Энэ хугацааны төлбөр 2 326 000 467 төгрөг болсон. Дээрх өр төлбөрөөс барагдуулсан өр төлбөр нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцах дансаараа дамжуулан нийтдээ 2 775 249 800 төгрөгийг төлсөн. Уг төлсөн төлбөрөөс сар бүр төлөх ёстой интернетийн төлбөр 2 326 467 000 төгрөгийг хасахад 448 782 800 төгрөгийн илүү төлөлттэй болж байна. Хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан зохигчийн хооронд байгуулсан Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлд төлбөрийг тухайн сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд интернетийн үйлчилгээний төлбөрийг урьдчилж төлнө гэж заагаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш илүү төлсөн төлбөрийг тооцож үзэхэд 425 782 800 төгрөг байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалд заасан 932 873 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4 822 315 төгрөг нийт 937 695 315 төгрөгийн өрөөс 425 782 800 төгрөгийг төлсөн буюу 425 782 800 төгрөгийн өр дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр “ЭТЭт” ХХК 932 783 000 төгрөг төлнө гэсэн ч төлбөрөөс хасуулна гэсэн үнийн дүн нь 2015 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хоорондох нийт 4 сарын төлбөр буюу 528 792 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс төлөлт хийж эхэлсэн. Уг төлбөр нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй, мөн хуулийн 82.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдээгүй байхдаа гүйцэтгэсэн үүргийг буцааж олгох эрхгүй гэсэн хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байна. Тодруулбал 2017 оны 08 дугаар сард шүүхийн шийдвэр гарч 932 783 000 төгрөгийг төлнө гэсэн боловч 2015 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хоорондох 4 сарын төлбөрийг сар бүр өөрсдийн боломж бололцоогоор төлж байсан. Үндсэн гэрээний интернетийн үйлчилгээний төлбөрийг өөр үүргийн гүйцэтгэлийг төлж байсан үйлдэл нь хожим өмнөх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Уг төлсөн төлбөр нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөр биш 4 сарын хугацааны төлөөгүй төлбөрийг төлсөн. Гэрч Д.Батдоржоос мэдүүлэг авахад тодорхой болно гэж үзэж байна. Төлбөр тооцооны үндсэн асуудал үүсэх болсон үндэслэл нь B.HYEOK HOON гэх Солонгос улсын иргэн “Эс Ти Экс Монголиа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч охин компани болох “ЭТЭт” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Иргэн Ц.Пүрэвжаргалаас 2 500 000 ам.доллар зээлсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны ханшаар бодоход 7 000 000  000 орчим төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй “ЭТЭт” ХХК-ийн захирал B.HYEOK HOON-н хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэх асуудал ярих нь зүйтэй байх учир нь “ЭТЭт” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагааны дагуу ирсэн дүрэм нь 2014 оны хуучин дүрэм байна. Компанийн тухай хуулиар 2018 онд хувьцаа эзэмшигч нэмэгдсэнээр дүрэм шинэчлэх болон бүртгэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах үүргээ биелүүлээгүй байгаагаас шалтгаалж шинэ гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байна. Өөрөөр хэлбэл нь B.HYEOK HOON нь “ЭТЭт” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь Компанийн тухай хуулиар дуусгавар болсон байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Гуравдагч этгээдээр Ц.Пүрэвжаргалыг оролцуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Ц.Пүрэвжаргалын эрх ашиг хөндөгдөж байна. “Ж” ХХК-ийн хувьд Ц.Пүрэвжаргалаас 1 500 000 ам.долларыг нэхэмжилж буй тусдаа асуудал байгаа. Тухайн объектыг зарах, худалдан борлуулах зэрэг ярвигтай асуудал явагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасны дагуу нэхэмжлэгч “ЭТЭт” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу төлөх 937 695 315 төгрөгөөс 403 926 001 төгрөгийг төлж, 403 926 001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “ЭТЭт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Тамир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4 дэх хэсэгт заасныг хэрэглэжээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэглэгддэг билээ. Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг БНСУ-ын иргэн Бэ Хёг хунь /BAE HYEOK HOON/ нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн болохыг тогтоохдоо хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд 2014 оны дүрэм ирүүлсэн, үүнээс үзвэл Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 59.6 дахь хэсэгт зааснаар Бэ Хёг хунь /BAE HYEOK HOON/ “ЭТЭт” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй буюу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсон болох нь тогтоогдож байна. Ц.Пүрэвжаргал нь шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн эсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. “ЭТЭт” ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд интернетийн үйлчилгээ авсны төлбөр болох 528 792 000 төгрөгийг сар бүр боломжоороо төлж байхаар тохиролцсоны дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс төлөлт хийж байсан. Гэтэл шүүх мөн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрээр “ЭТЭт” ХХК-ийн 338 198 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байсан нь шийдвэр, магадлалд бичигдсэн тайлбар, баримт зэргээр нотлогдож байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүх дээрх 4 сарын төлбөрийг хийж байсан шилжүүлгийн утгыг анхаарч үзээгүй нь алдаа гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Шилжүүлэг бүр интернетийн төлбөр гэж бичигдсэн, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөр гэж нэг ч өгүүлбэр байхгүй юм. Гараагүй байгаа шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх ойлголт байхгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч төлөлтөө хийж байснаас үзвэл хоорондоо харилцан тохиролцсоны дагуу төлөлт хийж байсан нь тодорхой юм. Тиймээс дээрх үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүйгээр болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмлэгч “Эс Ти Экс” ситинет ХХК нь хариуцагч “Ж” ХХК- холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 937 695 315 төгрөгөөс 448 782 800 төгрөг төлөгдсөн болохыг тогтоолгох шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрт хамаарахгүй төлбөр буюу интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэсэн 2 төлбөр үүссэн. Дээрх өр төлбөрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцах дансаараа дамжуулан 2 275 249 800 төгрөгийг төлсөн. Дээрх хугацаанд төлөх ёстой төлбөр 2 236 467 000 төгрөгийг хасахад 448 782 800 төгрөгийн илүү төлөлттэй байна” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  нийлүүлэгч “Ж” ХХК, захиалагч “Эс Ти Экс Ситинэт” ХХК-тай “Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу төлбөр төлж байсан асуудлаар хэн аль нь маргаагүй. /хх.11/

Хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатгны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/ 00793 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “ЭТЭт” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 932 873 000  гаргуулж  “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр авагджээ. /2хх.65-77/

Анхан шатны шүүх “ЭТЭт” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д 2016 оны 9 дүгээр 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 2 730 402 001 төгрөг төлсөн болох нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Төрийн банк” ХХК ны мемориалын бариммтууд, нэхэмжлэгч  “ЭТЭт” ХХК болон хариуцагч “Ж” ХХК-ийн хооронд хийсэн тооцооны тулган баталгаажуулалт, “Ж” ХХК-ийн харилцагчийн гүйлгээний хуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /2хх.65-77/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, илүү төлсөн төлбөр нь өөр хэлцлийн төлбөр, нэхэмжлэгч өмнө үүссэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдээгүй төлж үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн”, гэрээний төлбөрөөс илүү төлсөн 403 926 001 төгрөгийг тусдаа өөр хэлцлийн төлбөр байсан гэж тайлбарлаж байсан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон, нэхэмжлэгч талын тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо БНСУ-ын иргэн Бэ Хёг хунь /BAE HYEOK HOON/ компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд биш,  анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэл заасан байгаа боловч хэрэгт Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн “ЭТЭт” ХХК-ийн лавлагаа, дүрэм зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Бэ Хёг хунь /BAE HYEOK HOON/ гэх иргэн байна. Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.  

Анхан шатны шүүх “ЭТЭт” ХХК болон хариуцагч “Ж” ХХК-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1871 магадлалын дагуу төлөх 967 695 315 төгрөгөөс 403 926 001 төгрөгийг төлж, уг төлбөрийн  үүрэг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                        Ц.ИЧИНХОРЛОО