Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1096

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э-т холбогдох

 

35 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н

Хариуцагч: Э.Э-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э- нь миний төрсөн эгч болох Ж.Б-гийн том охин н.Батсаруулын найз юм. Э.Э- нь аялал жуулчны компанид ажилладаг, жуулчдын онгоцны билетийг хямд үнээр авч, үнэтэй зарж дундаас нь ашиг олдог хэмээн Ж.Б- эгчээс хэд хэдэн удаа мөнгө авч, өсгөж өгдөг байсан гэж надад хэлж байсан. Ж.Б- эгчээс байнгын мөнгө асууж, олоод өг гэж ятгаж, Ж.Б- эгч намайг Э.Э-ийн данс руу мөнгө хийчих гэж хэлж би хэд хэдэн удаа данс руу нь мөнгө шилжүүлсэн. Э.Э-ийн Хаан банкны данс болох 5225421756 тоот дансанд өөрийн Хаан банкны 5225171678 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 29 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг шилжүүлсэн. Эргүүлээд энэ мөнгөнөөс Ж.Б- эгч 40 000 000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхгүй байсан тул цагдаад хандахад өгсөн хүнээсээ иргэний журмаар шаардаж ав гэсэн. Мөн Ж.Б- эгч би Э.Э-ээс авсан мөнгөө чамд өгсөн гэж байх тул үлдэгдэл 35 000 000 төгрөгийг Э.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Б- гэх хүнийг огт танихгүй, нэг ч удаа өөрөөс нь мөнгө асууж холбогдож байгаагүй, харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч 40 000 000 төгрөгийг эгч Ж.Болотуяагаасаа авсан гэдгээ ч тайлбарлаж байна. Э.Э-, Ж.Б- нарын хооронд үүссэн асуудал бөгөөд Ж.Б-гаас ямар нэгэн мөнгө аваагүй, уулзаагүй тул Э.Э-т холбогдуулан нэхэмжлэл гаргах ёсгүй. Э.Э- нь нийтдээ 198 700 000 төгрөгийг Ж.Б-д өгсөн. Мөнгө бол дандаа Ж.Б-гаар дамждаг байсан. Ж.Б-, Э.Э- хоёрын хооронд л мөнгөний асуудал байж байгаад цагдаагийн байгууллага дээр шалгагдаад иргэний хэргийн шүүхэд ирсэн. Тиймээс нэхэмжлээд байгаа 35 000 000 төгрөгийг Ж.Б-гаас гаргуулж авах ёстой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч Э.Э-ээс 35 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн талаас нэхэмжлэгч Ж.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г нар оролцсон боловч уг тогтоолд нэхэмжлэгч Ж.Б-гийн өмгөөлөгчийг оролцсон тухай бичээгүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйлсийг тогтоолд тусгаж бичээгүй байна. Нэхэмжлэгч Ж. Буяд гэх хүнийг миний бие танихгүй, нэг ч удаа өөрөөс нь мөнгө асуун холбогдож байгаагүй. Харин түүний төрсөн эгч нь болох Ж.Б-гаас мөнгө зээлж авч байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны хооронд нийт 484 230 000 төгрөгийг 5225421756 тоот өөрийн Хаан банкны дансанд авч, буцаан 481 750 000 төгрөгийг Ж.Б-гийн буцааж хийгээрэй гэсэн охиных нь данс болох Хаан банкны данс руу болон өөрийнх нь хэлсэн бусад данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Иргэн Ж.Б-гийн нэхэмжилж буй миний данс руу хийсэн гэх мөнгө нь Ж.Б-гаас гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн байдаг ба эгч Ж.Б- нь надад мөнгө зээлэх үедээ дүү болох Ж.Б-гаасаа мөнгө асуун над руу шилжүүлүүлсэн байсан. Ж.Б- гэх хүнээс над руу орж ирсэн мөнгө нь эгчийнхээ нэрээр Ж.Б-гаас гэж орж ирсэн, мөн би ганцхан Ж.Б-тай харьцан, мөнгө зээлж авч байсан учраас Ж.Б-гаас орж ирж байна гэж тооцон буцаагаад мөнгийг нь өгөхдөө мөнгө зээлж харьцсан хүн болох Ж.Б-гийн хий гэсэн данс руу нь хийсэн. Ж.Б- нь нийт 75 000 000 төгрөгийг эгчийнхээ хэлснээр миний данс руу хийсэн гэж нэхэмжлэл дээр дурьдсан байсан ба эгч Ж.Б-гаас 40 000 000 төгрөгөө буцаан авсан гэж бичсэн байсан. Ж.Б-гийн шилжүүлсэн гэх 75 000 000 төгрөг нь Ж.Б-гаас гэсэн утгатай орж ирсэн ба би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний хооронд Ж.Б-гийн данс руу буцаан 193 700 000 төгрөгийг хийсэн нь мөн адил дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Миний Ж.Б- руу буцаан хийсэн гэх мөнгийг Ж.Б- нь хэн рүү яаж шилжүүлснийг би мэдэх боломжгүй. Мөн нэхэмжлэлд дурдаагүй 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 800 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  20 000 000 төгрөг Ж.Б-гийн нэрээр орж ирсэн байсныг нэхэмжлэлд дурдсан дансны дугаараар хайж шалгасан ба энэ мөнгө мөн адил Ж.Б-гаас гэж орж ирсэн учир буцаан хийхдээ Ж.Б-гийн данс руу шилжүүлсэн. Үүнээс харахад Ж.Б- нь өөрөө дүү Ж.Б-гаас мөнгө зээлэн миний данс руу хийлгэж, намайг буцаагаад зээлсэн мөнгөө Ж.Б-гийн хий гэсэн данс руу хийх үед эгч дүү хоёр хоорондоо тооцоо хийж байсан нь харагдаж байна. Энэхүү нэхэмжлэлийг Ж.Б- нь өөртэй нь харьцан мөнгө зээлсэн гэх эгч Ж.Б-тай хийх ёстой, хариуцагч нь Ж.Б- байх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжилж буй 35 000 000 төгрөгийг өөрийн эгч нь болох Ж.Б-тай тооцох ёстой гэж үзэн хариуцагчаар Ж.Б-г татуулах хүсэлтэй байгаа ба анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөр хүн оруулсан боловч давж заалдах шатны шүүхэд иргэн Э.Э- миний бие өөрөө оролцох хүсэлтэй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шалгаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Э.Э-т холбогдуулан 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн маргааны үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагч Э.Э-ээс 35 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэхдээ Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэл болгосон байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэх үндэслэл нь аливаа этгээдэд хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн нөхцөл байдлыг ойлгодог.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Ж.Б-г танихгүй, мөнгөний асуудлаар холбогдож байгаагүй, харин түүний эгч Ж.Б-гаас мөнгө авч, төлж дууссан гэжээ. Нэхэмжлэгч Ж.Б- нь өөрийн данснаас хариуцагч Э.Э-ийн данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч тухайн мөнгийг шилжүүлэх болсон үндэслэлд хамааралтай нөхцөл байдал эргэлзээтэй байх бөгөөд мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгад Б-гаас гэж бичжээ. /хх-ийн 4-9-р тал/.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Ж.Б-, Э.Э- нарын хооронд үүргийн харилцаа байсан эсэх, нэхэмжлэгч Ж.Б- нь Ж.Б-гийн өмнөөс хариуцагч Э.Э-т мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан. 

 

Хэрэв, нэхэмжлэгч Ж.Б- нь Ж.Б-гийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэх журмаар хариуцагч Э.Э-т мөнгө шилжүүлсэн тохиолдолд шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй, мөн хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ