Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1094

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 11 250 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Ц-,

Хариуцагч: Д.Ц-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ц-д 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Д.Ц- зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний дагуу хүүг төлж, гэрээгээ үргэлжлүүлэн сунгах хүсэлт тавьсны дагуу зээлийн гэрээг хэд хэдэн удаа сунгуулан, гэрээний дагуу хүүгээ төлж явсан Гэвч хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дахин гэрээгээ сунгасан хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлөх хүүг 2 500 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул бидний хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, 2019 оны 1-5 сард төлөөгүй хүү нийт 2 500 000 төгрөг, алданги 3 750 000 төгрөг, нийт 11 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Ц-т 6 800 000 төгрөгийг 14 сарын хугацаанд шилжүүлсэн. Миний хувьд банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнд нийт 165 000 000 төгрөгийн өртэй. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан орлого олох боломжгүй байна. Одоогоор надад мөнгө болгох эд хөрөнгө, орох орон ч байхгүй. Иймд Д.Ц-т миний бие цаашид мөнгө өгөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Ц-аас 6 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Би Д.Ц-аас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөг зээлж, зөвхөн зээлийн хүүд үндэсэн зээлээс хэтэрсэн 6 800 000 төгрөг төлсөн. Иргэд хоорондын зээлийн хүүгийн тохиролцоо хэт өндөр, хариуцагч миний банк, банк бус байгууллага, хувьд хүнд 165 000 000 төгрөгийн өртэй байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт “Хүүгий хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно”, гэсэн заалтыг баримтлаагүй дахиж зээлийн хүүд 1 600 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу зээлийн хүүд 1 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 11 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Ц- нь 5 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлэх, хариуцагч Д.Ц- нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч Д.Ц- нь зээлийн 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-р тал/

 

Улмаар талууд харилцан тохиролцож, дээрх зээлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 10 хувийн хүү тооцохоор, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 хувийн хүү тооцохоор тус тус сунгажээ. /хх-ийн 4-р тал/

 

                        Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Хариуцагч Д.Ц- нь гэрээний хугацаанд зээлийн хүүд нийт 6 800 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д.Ц- нь зээлийн үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Д.Ц-аас үндсэн зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 500 000 төгрөг, алдангид 3 750 000 төгрөг, нийт 11 250 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хувь хэмжээ, хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хүүгийн үлдэгдлийг 1 600 000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дах хэсэг болон зээлийн гэрээний 2-т заасантай нийцсэн байх тул зээлийн хүүг төлөхгүй талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

            Иймд хариуцагч Д.Ц-аас үндсэн зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 600 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Түүнчлэн шүүхээс зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан алдангид шаардсан 3 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.  

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 40 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

         ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                 

                                                                              Г.ДАВААДОРЖ