Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00164

 

Д.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00717 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1094 дүгээр магадлалтай,

 

Д.Цын нэхэмжлэлтэй

Д.Цд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Цын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00717 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Цаас 6,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас 120,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1094 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 40,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Д.Ц хяналтын гомдолдоо: Магадлалын зээлийн гэрээний үүрэгт 6,600,000 төгрөгийг гаргуулах хэсгийг 4,680,000 төгрөгөөр эс хүлээн зөвшөөрч хариуцагч миний бие нь ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. 1. Хариуцагч миний бие нэхэмжлэгч Д.Цтай 2017.10.25-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлж авсан. Зээл авснаас хойш зээлдэгч миний бие зээлийн хүүнд нийт 1,500,000 төгрөг, үндсэн зээлд 3,400,000 төгрөг нийт 4,900,000 төгрөгийг төлсөн. /харилцах банкны дансны хуулгаар нотлогдож байгаа болно./

•2017.9.22- 400,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2017.11.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.1.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.2.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.3.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.4.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.5.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.6.25-500,000 төгрөг /бэлнээр өгсөн/

•2018.7.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

•2018.8.25-500,000 төгрөг /хаан банкны дансны хуулга/

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний доор бичсэн 2018.01.25-наас 2018.11.25-ны хүртэлх гэрээний хугацаанд талууд сарын 10 хувийн хүү авахаар тохиролцоогүй, харин 2018.11.25-наас 2019.05.25-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүтэй тохиролцсон байхад хүү тохиролцоогүй хугацаануудад сарын 10 хүүгээр тооцож гэрээний хугацааг сунгасан байна хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан төдийгүй иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч миний зүгээс үндсэн зээлд төлсөн 3,400,000 төгрөгийг үндсэн зээлээс хасалгүй, хүү тохиролцоогүй гэрээний хугацаанд хүүнд гаргуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн энэхүү нөхцөлд байдал нь Иргэний 13 дугаар зүйлийн 13.1-д нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, тус хуулийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ажиллагаа явуулж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлд 1,600,000 төгрөг, 2018.11.25-наас 2019.05.25-ны өдөр хүртэлх сарын 8 хувийн хүүгээр бодоход /сарын хүү 128,000*5сар=640,000 төгрөг/ нийт 2,240,000 төгрөг төлөхөөр байгаа боловч... нэхэмжлэгчийн тогтоосон сарын 8 хувийн хүү нь хэтэрхий өндөр, зээлдэгч надад илтэд санхүүгийн дарамт үүсгэсэн, хэтэрхий нэг талын ашгийг харсан зээлдэгчид илтэд хохиролтой хүү бөгөөд зээлдэгч миний өр төлбөртэй, зээл төлөх санхүүгийн чадваргүй нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасны баримтлан зээлийн хүүг 50 хувь бууруулж, алдангаас чөлөөлөн хариуцагч надаас нийт үндсэн зээл 1,600,000 төгрөг, зээлийн хүүнд 320,000 төгрөг, нийт 1,920,000 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Цд холбогдуулан, зээлийн үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг нийт 11,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 6,800,000 төгрөгийг буцааж төлсөн, бусдад их хэмжээний өртэй, үйл ажиллагаа зогссон тул хүү, алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,600,000 төгрөг нийт 6,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

7. Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8. 2017.10.25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацааг талууд 4 удаа сунгасан, энэ хугацааны зээлийн хүүг 8 хувь болгон бууруулсан, шүүх гэрээний нөхцөлийн дагуу хариуцагчийн биелүүлэх үүргийг тодорхойлсон байна.

 

9. Шүүх бүрэн эрхийн хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэсэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул “...шүүх хэт нэг талыг барьсан, зээлийн хүүг буруу тооцоолсон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Түүнчлэн үндсэн зээлд 3,400,000 төгрөг төлсөн байхад хасаагүй, үлдэх 1,600,000 төгрөгөөс зээлийн хүүг бодох байсан” гэх гомдлын тухайд хариуцагч нь энэ үндэслэлийг гаргаж анхан шатны шүүхэд мэтгэлцээгүйгээс гадна зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл, түүний хүү байдаг тул гэрээний үүргийг тодорхойлж үүнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцсон шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1094 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 89,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД