Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2020/00717

 

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2020/00717

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух Д овогт Д.Ц /РД:ЧК85/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух О овогт Д.Ц /РД:ЧМ71/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний төлбөрт 11,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Д.Цэ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Цэ д 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн билээ. Д.Цэ  зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний дагуу хүүг төлж, гэрээгээ үргэлжлүүлэн сунгах хүсэлт тавьсны дагуу зээлийн гэрээг хэд хэдэн удаа сунгуулан, гэрээний дагуу хүүгээ төлж явсан Гэвч хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дахин гэрээгээ сунгасан хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүү, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөх хүүг 2,500,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул бидний хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, 2019 оны 1,2,3,4,5 сард төлөөгүй хүү нийт 2,500,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц  нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж зээл, зээлийн хүү алданги 11,250,000 төгрөгийг нэхэмжилжээ. Би Д.Ц т 6,800,000 төгрөгийг 14 сарын хугацаанд шилжүүлсэн. Миний хувьд банк, Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнд нийт 165,000,000 төгрөгийн өртэй. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас /Ковид 19 вирус/ шалтгаалан орлого олох боломжгүй байна. Одоогоор надад мөнгө болгох эд хөрөнгө, орох орон ч байхгүй. Иймд Д.Ц т миний бие цаашид мөнгө өгөх боломжгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц  нь хариуцагч Д.Цэ д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн болон хүүгийн төлбөрт 7,500,000 төгрөг, алдангийн төлбөрт 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, тэдгээрийн хооронд 10 хувийн хүүтэй 3 сарын үндсэн хугацаатай 5,000,000 төгрөгийг зээлдүүлэх талаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тус гэрээг нийт 4 удаа сунгасан боловч өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр, 5 сарын хугацааны хүүгийн төлбөр төлөөгүй тул үлдэгдэл төлбөр болон алдангийг нэхэмжлэх үндэстэй хэмээн тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчид нийт 6,800,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс үзвэл 5,000,000 төгрөгийн үндсэн төлбөрийг түүнд тохирох хүүгийн төлбөрийг зохих ёсоор төлсөн гэж үзэж байна. Нэмэлт аливаа төлбөр төлөхгүй, төлөх боломжгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.     Зохигчид тэдгээрийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөг зээлдүүлэх талаар бичгээр гэрээ байгуулагдсан үйл баримт болон тус гэрээний дагуу зээлдэгч Д.Цэ  5,000,000 төгрөг хүлээн авсан. Улмаар зээлдүүлэгч Д.Ц  зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөрт 6,800,000 төгрөг хүлээн авсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй болно. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Шүүх зохигчдын хооронд 3 сарын үндсэн хугацаагаар 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх тухай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй байна. Улмаар зээлийн гэрээг дараах байдлаар нийт 4 удаа, эхний 3 сунгалтаар тус бүр 3 сарын хугацаагаар, сүүлийн нэг сунгалтаар 6 сарын хугацаагаар сунгажээ. /хх-ийн 4 дүгээр тал/ Үүнд:

1)    2018.01.25-ны өдрөөс 2018.04.25-ны өдрийг хүртэл

2)    2018.05.25-ны өдрөөс 2018.08.25-ны өдрийг хүртэл

3)    2018.08.25-ны өдрөөс 2018.11.25-ны өдрийг хүртэл

4)    2018.11.25-ны өдрөөс 2019.05.25-ны өдрийг хүртэл.

Шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагч талаас сүүлийн удаагийн сунгалт буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хүүгийн хэмжээг 8 хувь болгон 2 хувиар бууруулахаар талууд тохиролцсон талаар тайлбарлаж байх ба нэхэмжлэгч Д.Ц  тус тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 4 дүгээр талын арын нүүр/

 

Дээр дурдсан үйл баримтуудаас зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 хувийн хүүгийн тохиролцоотой сунгагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон, эдгээр нийт хугацааны туршид 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацаа хүүтэй сунгалтад хамаарахгүй байх тул энэ нэг сарын хугацаанд хүү тооцохгүй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэж байна.

 

2.  Хариуцагч Д.Цэ  2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6,800,000 төгрөг төлсөн. Энэ нь тус зээлийн гэрээний үндсэн ба хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх хангалттай үндэслэл гэж тайлбарлаж байна. Учир нь түүнийхээр зээлийн хүү хэт өндөр байгаа тул банкны зээлийн хүүгийн ханшаар хүү шаардах эрх зээлдүүлэгчид байгаа, үүнээс дээш хэмжээний хүү тохиролцсон гэрээг үндэслэл болгох учиргүй гэжээ. Нэхэмжлэгч хариуцагчаас нийт 6,800,000 төгрөг хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд түүний тооцооллоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны гагцхүү хүүгийн төлбөрт тооцогдох учиртай, хариуцагч банкнаас зээл авах шаардлага хангахааргүй өндөр эрсдэлтэй зээлдэгч байсан тул ямар ч санхүүгийн байгууллага зээл өгөхгүй байсан. Мөн барьцаа хөрөнгөгүй, үүргийн гүйцэтгэлийг хангах аливаа хамгаалалтгүй, эрсдэлтэй зээлдэгчид мөнгө зээлдүүлж байгаа тул 10 хувийн хүү тооцсон нь зүй ёсны хэмээн тайлбарлаж байна.

 

Шүүх хариуцагчийн тайлбарыг анхаарах нь зүйтэй байна. Хэдийгээр иргэд хоорондын зээлийн харилцаанд хүүгийн тохиролцоо хэт өндөр байх нь зохистой биш ч Банк, санхүүгийн байгууллагын зээлийн шалгуурыг хангаж чадаагүй, барьцаа хөрөнгө санал болгох боломжгүй зээлдэгчийг өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэх боломжтойг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг хэт өндөр хэмээн тодорхойлох атлаа банкны зээлийн хүүгийн дундаж хэмжээ хэд байх талаар баримт гаргаагүй, чухам тэр хэмжээгээр тооцогдох учиртай гэх өөрийн үндэслэлийг хангалттай тодорхой тайлбарлаагүй, гагцхүү бусдад их хэмжээний өртэй тул боломжгүй, төлж чадахгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 13 сараас 12 сард хамаарах хугацаанд /2018.04.25-2018.05.25-ны нэг сард хүү тооцогдохгүй/ сар бүр 10 хувиар хүү тооцох, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 6 сарын хугацаанд сар бүр 8 хувиар хүү тооцох нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ гэж үзлээ. Энэ хувиар хүүгийн төлбөрийг тооцвол 12 сард 6,000,000 төгрөг, 6 сард 2,400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Зохигчид зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 6,800,000 төгрөг төлсөн үйл баримтын тухайд маргаагүй, уг төлбөрийг хүүгийн нийт дүнгээс хасаж тооцвол хүүгийн төлбөрт нийт 1,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

3.  Хариуцагч зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байх боловч тус төлбөрийг төлж барагдуулсан талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ.

 

4.  Нэхэмжлэгч зээлийн гэрээний төлбөрийн үүргээ гүйцэтгүйгээн улмаас гэрээний хариуцлага тооцох үндэслэлээр алдангийн төлбөрт 3,750,000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр алдангийн төлбөрийг эс зөвшөөрөн маргажээ. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хувь хэмжээ, хариуцагчийн санхүүгийн хүндрэлтэй байдал, зээлийн гэрээний хугацаанд хүүгийн төлөлтийг зохих ёсоор хийж ирсэн байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эдгээр дүгнэлт, үйл баримтад суурилан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч Д.Цэ аас 6,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц т олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч Д.Цэ аас 6,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц т олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэ аас 120,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц т олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА