Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00933

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00299 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч УУХҮЯанд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би УУХҮЯны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 8 сарын 1-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №1071 дүгээр шийдвэр, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №221/МА2017/0255 дугаар магадлал, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаар дээд шүүхийн тогтоолоор тогтоож эгүүлэн ажилд минь томилох шийдвэр гарсан. УУХҮЯ өнөөдрийг хүртэл ажилд томилохгүй байгаа бөгөөд цалин хөлсөөр хохирсоор байна. УУХҮЯны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын сарын дундаж цалин сард 1.109.666 төгрөг бөгөөд нэг өдрийн дундаж цалин 52.841.3 төгрөг болно. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажлын 480 хоног болж нийт 19.965.086.4 төгрөгийн олговрыг УУХҮЯнаас гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллах байсан хугацааны олговор УУХҮЯнаас гаргуулж өгнө үү. Мөн энэ хугацаанд төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч УУХҮЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уранчимэг, Д.Жадамба нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-24-ний өдрийн 182/ШШ2019/00183 дугаартай шийдвэрээр хариуцагч Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19 965 086.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч УУХҮЯанд даалгаж шийдвэрлэсэн. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Ш.Уранчимэг, нэхэмжлэгч Б.Б нар утсаар ярьсан бөгөөд Ш.Уранчимэг нь тус яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар байхгүй болсон тул эргэн томилох боломжгүй талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгвөл, нэхэмжлэлд дурдсан ажилд томилуулах тухай шаардлагаасаа татгалзъя гэж тохиролцсон. Бид тухайн үед дээрх шүүхийн шийдвэрийн дагуу болон нэхэмжлэгч Б.Бтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр /тус яамны Хүний нөөцийн ахлах шинжээч Ш.Уранчимэг/ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болох 19 965 086.4 төгрөгийг УУХҮЯнаас гаргаж, ажилгүй байсан хугацаанд төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийж, ажилд нь эргэн томилох нөхцөлгүйгээр тохиролцсон. Амаар /утсаар/ тохирсон хэлцлээсээ буцаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү УУХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Б/61 тушаалаар Б.Бд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 24 153 086 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь хэлэлцэн тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр байсаар байтал /Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр аман хэлцлийг хийсэнд тооцдог/ ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжилсэн үнийн дүнгийн тухайд нэхэмжлэгч Б.Б нь өмнө нь гаргаж байсан нэхэмжлэл гаргасан /2018.11 сар/ хугацаанаас одоо гаргаж буй нэхэмжлэл гаргах хугацаа нь нийт ажлын 235 хоног байна. Энэ нийт ажлын хоногийг өмнөх шүүхийн шийдвэрт байх Б.Бгийн ажилгүй байгаа хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 өдрийн ажлын хөлс болох 41 593.93 төгрөг байхаар бодож тооцсон үнийн дүнд үржүүлэн тооцоход 235 хоногийн 9 774 573.55 төгрөг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 27.204.080 төгрөгийн тухайд Б.Б нь нэхэмжлэлдээ 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалинг 1 183 227 төгрөгөөр тооцож ажлын 482 хоног буюу нийт 27 204 080 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу бямба гарагийн өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу өмнө нь нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн одоо нэхэмжлэл гаргах хүртэлх 14 319 992.3 төгрөгийг дахин УУХҮЯ-наас нэхэмжилжээ. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу тус яаманд байхгүй болсон тул Б.Б урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох боломжгүй байдал үүссэн. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэхүйц нөхөн олговрыг тус яамны төсвөөс гаргасан нь Үндэсний аудитын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 50.1-д заасан зөрчил гэж үзсэн тул тус яамны зүгээс уг хохирлыг барагдуулах үндэслэлгүй байна. Ийнхүү удаа дараа төрийн байгууллагыг хохироодог, харилцан тохиролцсон асуудал байсаар байтал удаа дараа шүүхэд ханддаг зэргээс хамааран шүүхийн байгууллагын ачаалал ихэсч улсын төсөвт байгууллагын төсөвт хүндрэл учруулж байгаа нь харамсалтай юм. Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УУХҮЯнаас 12 685 865 /арван хоёр сая зургаан зуун наян таван мянга найман зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж Б.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч УУХҮЯанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч УУХҮЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 217 923 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ш.Уранчимэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Ш.Уранчимэг нь нэхэмжлэгч Б.Б нар утсаар ярьсан бөгөөд Ш.Уранчимэг нь тус яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар байхгүй болсон тул эргэн томилох боломжгүй талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгвөл, нэхэмжлэлд дурдсан ажилд томилуулах тухай шаардлагаасаа татгалзъя гэж тохиролцсон. Амаар /утсаар/ тохирсон хэлцлээсээ буцаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь өмнө нь гаргаж байсан нэхэмжлэл гаргасан хугацаанаас одоо гаргаж буй нэхэмжлэл гаргах хугацаа нь нийт ажлын 235 хоног байна. Энэ нийт ажлын хоногийг өмнөх шүүхийн шийдвэрт байх Б.Бгийн ажилгүй байгаа хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 өдрийн ажлын хөлс болох 41 593.93 төгрөг байхаар бодож тооцсон үнийн дүнд үржүүлэн тооцоход 235 хоногийн 9 774 573.55 төгрөг байна. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан шүүхийн шийдвэр биелүүлэх талаар хандаагүй, мөн тус яаманд 2018 оны 04 дүгээр сарын 09-нд гаргасан өргөдлөөс хойш 7 сар 13 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр буюу бямба гарагийн өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу өмнө нь нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн одоо нэхэмжлэл гаргах хүртэлх 14 319 992.3 төгрөгийг дахин хариуцагчаас нэхэмжилсэн байсан. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу тус яаманд байхгүй болсон тул Б.Бг урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох боломжгүй байдал үүссэн. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэхүйц нөхөн олговрыг тус яамны төсвөөс гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг тухайн буруутай албан хаагч хариуцна гэж заасны дагуу тус яамны зүгээс хохирлыг хариуцах үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүх хэт нэг талын баримтлан, хариуцагчийн зүгээс мэдүүлсэн тайлбарыг нотлох баримтыг үнэлээгүй. Энэ талаар нэхэмжлэгч Б.Бгээс дахин тодруулах шаардлагатай гэж шүүхийн хурлын явцад удаа дараа тайлбарласан боловч энэ талаар авч хэлэлцээгүй зэрэг процесс алдаа гарсанг харгалзан үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00299 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УУХҮЯанд холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. /хх.1-28 39-41/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дугаартай шийдвэрээр Б.Бг урьд эрхэлж байсан УУХҮЯны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 117 800 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00183 дугаартай шийдвэрээр Б.Бгийн ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт УУХҮЯнаас 19 965 086.4 төгрөгийг тус тус гаргуулан Б.Бд олгосон хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагджээ. /хх.28-33/

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Бгийн урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг нэг өдрийн 41 593.93 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм. 

Шүүхийн шийдвэрийн дагуу УУХҮЯны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Б/61 дугаартай тушаалаар Б.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин 19 965 086.4 төгрөгийг олгосон боловч түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 685 865 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч УУХҮЯ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

                               ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                             Ц.ИЧИНХОРЛОО