Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00547

 
 

Б.Батхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00299 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 933 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Б.Батхүү

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

 

нэхэмжлэл: олговорт 12,769,336 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жадамба, Б.Дашдолгор нарын хяналтын журмаар 2020.05.26-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдолгор, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2016.08.01-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Шийдвэр биелэгдээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.12.19-ний өдрөөс 2018.11.23-ны өдрийг хүртэлх ажлын 480 хоногийн олговорт 19,965,086.4 төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ажилдаа ороогүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2018.11.24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх олговрыг хариуцагчаас гаргуулж, төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2019.06.10-ны өдөр тус яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Ш.Уранчимэг, Б.Батхүү нар утсаар ярьсан бөгөөд Ш.Уранчимэг нь тус яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар байхгүй болсон тул эргэн томилох боломжгүй талаар дурдсан. Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгвөл, ажилд томилуулах тухай шаардлагаасаа татгалзъя гэж тохиролцсон. Бид тухайн үед дээрх шүүхийн шийдвэрийн дагуу болон нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр /тус яамны Хүний нөөцийн ахлах шинжээч Ш.Уранчимэг/ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болох 19,965,086.4 төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргаж, ажилгүй байсан хугацаанд төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийж, ажилд нь эргэн томилох нөхцөлгүйгээр тохиролцсон. Гэтэл амаар /утсаар/ тохирсон хэлцлээсээ буцаж, 2019.11.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019.06.07-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Б/61 тушаалаар Б.Батхүүд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 24,153,086 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр байсаар байтал /Иргэний хуулийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр аман хэлцлийг хийсэнд тооцдог/ ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжилсэн үнийн дүнгийн тухайд нэхэмжлэгч өмнө нь гаргаж байсан нэхэмжлэл гаргасан /2018.11 сар/ хугацаанаас одоо гаргаж буй нэхэмжлэл гаргах хугацаа нь нийт ажлын 235 хоног байна. Энэ нийт ажлын хоногийг өмнөх шүүхийн шийдвэрт байх Б.Батхүүгийн ажилгүй байгаа хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 өдрийн ажлын хөлс болох 41,593.93 төгрөг байхаар бодож тооцсон үнийн дүнд үржүүлэн тооцоход 235 хоногийн 9,774,573.55 төгрөг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 27,204,080 төгрөгийн тухайд Б.Батхүү нь нэхэмжлэлдээ 2016.12.19-с өнөөдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалинг 1,183,227 төгрөгөөр тооцож ажлын 482 хоног буюу нийт 27,204,080 төгрөгийг нэхэмжилжээ. Б.Батхүү нь 2018.11.24-ний өдөр буюу бямба гарагийн өдрөөс эхлэн 2019.11.06-ны өдөр хүртэл буюу өмнө нь нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн одоо нэхэмжлэл гаргах хүртэлх 14,319,992.3 төгрөгийг дахин нэхэмжилжээ. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу тус яаманд байхгүй болсон тул Б.Батхүү урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох боломжгүй байдал үүссэн. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэхүйц нөхөн олговрыг тус яамны төсвөөс гаргасан нь Үндэсний аудитын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 50.1-д заасан зөрчил гэж үзсэн тул тус яамны зүгээс уг хохирлыг барагдуулах үндэслэлгүй байна. Ийнхүү удаа дараа төрийн байгууллагыг хохироодог, харилцан тохиролцсон асуудал байсаар байтал удаа дараа шүүхэд ханддаг зэргээс хамааран шүүхийн байгууллагын ачаалал ихэсч улсын төсөвт байгууллагын төсөвт хүндрэл учруулж байгаа нь харамсалтай юм. Б.Батхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 182/ШШ2020/00299 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 12,685,865 төгрөгийг гаргуулж Б.Батхүүд олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 217,923 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 933 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жадамба, Б.Дашдолгор нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 933 дугаар шүүхийн магадлалд: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.19-ний өдрийн 1071 дугаартай шийдвэрээр Б.Батхүүг урьд эрхэлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож... гэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дурдсанчлан Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратеги, бүтэц орон тоог баталсан бөгөөд урьд байсан Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь байхгүй болсон нь хангалттай нотлогддог, түүний чиг үүрэг өөр өөр газруудад хуваагдан шилжсэн байдаг. Гэтэл шүүхээс зөвхөн практикт тулгуурлан урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, мөн цалин хөлстэй тэнцэхүйц нөхөн олговрыг олгох талаар л шийдвэрлэсээр байна. Эндээс үзэхэд огт байхгүй болсон орон тоонд эгүүлэн авч ажиллуулах огт боломжгүй шүүх харгалзан үзэхгүй, зөвхөн нэг талын ашиг сонирхлыг хөндөж тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна. Төрийн байгууллагын бүтэц, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотловол зохих асуудлыг бүрэн гүйцэт бүх талаас нь нотлохгүй байна. 2. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэн урьд нь иргэний журмаар маргаж байхад Б.Батхүүгийн эрх ашиг сонирхлыг хүндэтгэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019.06.07-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Б/61 тушаалаар Б.Батхүүд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 24,153,086 төгрөгийг олгож, УТХ-д 257,775 төгрөгийг ЧД-ийн татварын хэлтэст тушаах Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч байсан билээ. /хэрэгт авагдсан/ 3. Мөн бид Б.Батхүүтэй тохиролцон урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, харин бүтэц орон тоо байхгүй болсны улмаас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул харилцан тохиролцон уг асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн гэж ойлгосоор ирсэн. Гэтэл Засгийн газрын тогтоолоос шалтгаалан 2 жилийн өмнө байхгүй болсон бүтэц орон тоонд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрүүд гарсаар байна. Нэхэмжлэгч энэ хугацаанд байхгүй болсон орон тооны цалин хөлсийг тухай бүрт шүүхийн журмаар нэхэмжлэх нь шударга ёсны болон хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд: ИХШХШТХ-н 4.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх/ нь ... хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана. Ийнхүү ИХШХШТХ-н 37.2-д заасан Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэсний дагуу тус яамны зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцсон талаар мэдүүлсэн тайлбарыг нотлох баримт гэж үзээгүй. Мөн хуулийн 40.1-д заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ., 40.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Гэвч анхан шатны шүүх хэт нэг талын баримтлан, хариуцагчийн зүгээс мэдүүлсэн тайлбарыг нотлох баримтыг үнэлээгүй нь харамсалтай байна. Энэ талаар нэхэмжлэгч Б.Батхүүгээс дахин тодруулах шаардлагатай гэж шүүхийн хурлын явцад удаа дараа тайлбарласан боловч энэ талаар авч хэлэлцээгүй зэрэг процесс алдаа гарсанг огтоос харгалзан үзэхгүй байх тул та бүхэн энэ талаар сайтар тодруулах шаардлагатай байна. Иймд ИХШХШТХ-н 172-д заасны дагуу давж заалдах шатны шүүхийн 933 дугаар шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Батхүү 2019.11.08-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2018.11.24-ний өдрөөс 2019.11.06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хэрэгт, нэхэмжлэл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт \хх1-3\,Б.Батхүүгийн 2017 оны 01-12сар, 2018 оны 01-11 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2019.11.08-ны өдрийн тодорхойлолт \хх 4-5\, Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр \хх 6-27\, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр \хх 28-33\, хариуцагчийн тайлбар \хх 39-41\, Б.Батхүүгийн 2017 оны 01-12сар, 2018 оны 01-11 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх ажил олгогчийн тооцоо \хх 42\, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019.06.07-ны өдөр Б/61 дугаар тушаал \хх 43\, нэхэмжлэгчээс төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл \хх51\ авагдсан бөгөөд өөр баримт хэрэгт байхгүй байна.

Хоёр шатны шүүх дээрх баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан байх тул эдгээрийн хэмжээнд хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийн агуулгад нийцнэ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Батхүүг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, 2016.06.01-ний өдрөөс 2016.12.19-ний өдрийг дуустал хугацааны олговорт 4,117,800 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай 1071 дугаартай шийдвэр \хх6-18\-г Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016.12.19-ний өдөр гаргасан бөгөөд уг шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.30-ны өдрийн 221/МА2017/0255 дугаар магадлал\хх19-23\, Улсын Дээд шүүхийн 2017.06.12-ны өдрийн 223 дугаар тогтоол \хх24-27\ -р хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байна.

Ажилд эгүүлэн тогтоосон дээрх шийдвэр биелэгдээгүй гэсэн үндэслэлээр Б.Батхүү шүүхэд хандсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.01.24-ний өдөр 182/ШШ2019/00183 дугаартай шийдвэр гаргаж 2016.12.19-ний өдрөөс 2018.11.23-ны өдөр хүртэлх хугацааны олговорт \480 хоног\ 19,965,086 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болжээ. \хх 28-33\

Хариуцагч 2019.06.07-ны өдөр Б/61 дугаартай тушаал гаргаж \хх 43\ Б.Батхүүд 4,117,800 төгрөг болон 19,965,086 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тооцон төлж, зохих бичилтийг хийжээ.

Дурдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй учир эдгээр нөхцөл байдлыг тогтоогдсон гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/00183 дугаар шийдвэрээс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018.11.24-ний өдрөөс 2019.11.06-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг шаардсан байх бөгөөд энэ тухай шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

а\. Б.Батхүүг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажилд эгүүлэн тогтоох тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.19-ний өдрийн 1071 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн тухай баримт хэрэгт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь зөв болжээ.

 

б\. Хариуцагч 2018.11.24-ний өдрөөс 2019.11.06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ... Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж байхгүй болсон тул ажилд эгүүлэн томилох боломжгүй байгааг хэлснээр Б.Батхүүгийн зүгээс олговрыг өгвөл ажилд томилуулахаас татгалзах талаар 2019.06.10-ны өдөр ярилцсан...иймд шүүхийн шийдвэрт заасан олговрыг бүрэн олгох тушаал гаргаж.. нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган нөхөн бичилт хийж өгсөн...гэтэл дахин нэхэмжлэл гаргасан байна... гэж марган, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019.06.07-ны өдрийн Б/61 дугаар тушаал, 2017 оны 01-12сар, 2018 оны 01-11 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх ажил олгогчийн тооцоо\хх 42,43\ -г шүүхэд ирүүлжээ.

Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч \хх51\ хэргийн материалтай 2020.01.22-ны өдөр танилцсан \хх 52\ боловч хариуцагчийн 2020.01.07-ны өдөр гаргасан \хх 44\ тайлбар \хх 39-41\, баримт \хх 42-43\-ыг эсэргүүцээгүй буюу өөрийн тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг биелүүлэх боломжгүй байгаа талаар Б.Батхүүтэй 2019.06.10-ны өдөр ярилцсанаар ажилтан ажилдаа орохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн тухай тайлбарыг хариуцагч шүүхэд гаргасан, үүнийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, олговор олгох тушаалыг ажил олгогч 2019.06.07-ны өдрөөр гаргасан нь, мөн нэхэмжлэгч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ...хариуцагчийн тайлбартай холбоотой мэдээлэл өгөөгүй.. нь \хх63\ тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэхгүй байна.

Хариуцагчийн гаргасан тайлбар, нотлох баримтын талаар нэхэмжлэгч тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, эсэргүүцээгүй байхад шүүх Б.Батхүүг ...2018.11.24-ны өдрөөс 2019.11.06-ны өдөр хүртэл ажилгүй байсан.. гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

Дээр дурдсан үндэслэлээр, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажилд Б.Батхүүг эгүүлэн тогтоох шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй буюу ажилтан 2019.11.06-ны өдөр хүртэл ажилгүй байсан гэж үзэх нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 46 дугаар зүйлийн 46.2.4, 46.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцэхгүй байна.

4. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Б.Батхүүгийн зүгээс ажилд томилуулахаас татгалзах талаар 2019.06.10-ны өдөр ярилцсан тухай хариуцагч тайлбар өгсөн, үүнийг үгүйсгэх баримтгүй тул ажил олгогчоос 2018.11.24-ний өдрөөс 2019.11.06-ны хүртэл хугацааны олговор бус, харин 2018.11.24-ний өдрөөс 2019.06.10-ны өдөр хүртэл хугацааны олговорт 7,157,128 төгрөг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчихгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ажил олгогчоос олговорт 7,157,128 төгрөг гаргуулан, нэхэмжлэлээс 5,612,212 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 933 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ....Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 7,157,128 төгрөг гаргуулан Б.Батхүүд олгож, нэхэмжлэлээс 5,612,212 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж, 3 дахь заалтын ...217,923 төгрөгийг.. гэснийг ....129,463 төгрөг.... гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтуудын хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД