Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2020/00299

 

 

 

 

 

 

 

 

                      2020        02          05  

                182/ШШ2020/00299

    

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;   

 

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: У-д холбогдох 

 

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Д.Ж, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б.Б би Уны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 8 сарын 1-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдаж үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №1071 дүгээр шийдвэр, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №221/МА2017/0255 дугаар магадлал, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаар дээд шүүхийн тогтоолоор тогтоож эгүүлэн ажилд минь томилох шийдвэр гарсан. У өнөөдрийг хүртэл ажилд томилохгүй байгаа бөгөөд цалин хөлсөөр хохирсоор байна. Уны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын сарын дундаж цалин сард 1.109.666 төгрөг бөгөөд нэг өдрийн дундаж цалин 52.841.3 төгрөг болно. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажлын 480 хоног болж нийт 19.965.086.4 төгрөгийн олговрыг Унаас гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллах байсан хугацааны олговор Унаас гаргуулж өгнө үү. Мөн энэ хугацаанд төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Бгийн нэхэмжлэлтэй, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд холбогдох иргэний хэргийн шүүхийн маргаанд хариуцагч У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох Ш.У, Б.Д, Д.Ж нар нь нэхэмжлэгчийн гаргасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажиллах байсан хугацааны олговор 14.319.992.3 төгрөгийг Унаас гаргуулж, төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах хариу тайлбар гаргаж байна. Урьд шийдэгдсэн хэргийн тухайд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-24-ний өдрийн 182/ШШ2019/00183 дугаартай шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч У-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19.965.086.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.238.993.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 19.965.086.4 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Уанд даалгаж шийдвэрлэсэн. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Ш.У, нэхэмжлэгч Б.Б нар утсаар ярьсан бөгөөд Ш.У нь тус я-д Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар байхгүй болсон тул эргэн томилох боломжгүй талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгвөл, нэхэмжлэлд дурдсан ажилд томилуулах тухай шаардлагаасаа татгалзъя гэж тохиролцсон. Бид тухайн үед дээрх шүүхийн шийдвэрийн дагуу болон нэхэмжлэгч Б.Бтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр /тус яамны Хүний нөөцийн ахлах шинжээч Ш.У/ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болох 19.965.086.4 төгрөгийг Унаас гаргаж, ажилгүй байсан хугацаанд төлөгдөх байсан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийж, ажилд нь эргэн томилох нөхцөлгүйгээр тохиролцсон. Амаар /утсаар/ тохирсон хэлцлээсээ буцаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улсын Иргэний хуулийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан байдаг. Ийнхүү Уны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” Б/61 тушаалаар Б.Бд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 24.153.086 төгрөгийг олгож, Улсын тэмдэгтийн хураамжид 257.775 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тушаах Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь хэлэлцэн тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр байсаар байтал /Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр аман хэлцлийг хийсэнд тооцдог/ ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжилсэн үнийн дүнгийн тухайд Нэхэмжлэгч Б.Б нь өмнө нь гаргаж байсан нэхэмжлэл гаргасан /2018.11 сар/ хугацаанаас одоо гаргаж буй нэхэмжлэл гаргах хугацаа нь нийт ажлын 235 хоног байна. Энэ нийт ажлын хоногийг өмнөх шүүхийн шийдвэрт байх Б.Бгийн ажилгүй байгаа хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 өдрийн ажлын хөлс болох 41.593.93 төгрөг байхаар бодож тооцсон үнийн дүнд үржүүлэн тооцоход 235 хоногийн 9.774.573.55 төгрөг байна.

Өмнө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргахаас /2018.11.23/ өмнө огт Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр буюу өөрийн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд огт хандаж байгаагүйг мэдэгдэх нь зүйтэй юм. Бид энэ талаар урьд анхан шүүхийн шатанд гаргаж байсан хариу тайлбарт ч гэсэн тодорхой дурдсан байдаг. Өргөдөл гаргасан болон нэхэмжлэл гаргасан цаг хугацааны тухайд: Нэхэмжлэл гаргагч Б.Б нь нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 10 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус я-ы Төрийн нарийн бичгийн даргад хандан өргөдөл гаргасан байна. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан шүүхийн шийдвэр биелүүлэх талаар хандаагүй, мөн тус яаманд 2018 оны 04 дүгээр сарын 09-нд гаргасан өргөдлөөс хойш 7 cap 13 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 27.204.080 төгрөгийн тухайд Б.Б нь нэхэмжлэлдээ 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалинг 1.183.227 төгрөгөөр тооцож ажлын 482 хоног буюу нийт 27.204.080 төгрөгийг нэхэмжилжээ. Б.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн маргааныг анхан шат, давж заалдах, хяналтын 3 шатны шүүхээр бүрэн шийдэгдэх хүртэл буюу Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай тогтоол гарах хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх буюу ажлын 6 cap 18 хоногийн нөхөн олговрыг олгох нь зүйтэй юм. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу бямба гарагийн өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу өмнө нь нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн одоо нэхэмжлэл гаргах хүртэлх 14.319.992.3 төгрөгийг дахин УУХҮЯ-наас нэхэмжилжээ. Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд огт санал нийлэхгүй байгаа бөгөөд урьд тохиролцсон болон шүүхийн шийдвэрийг тухай бүрд нь биелүүлсээр ирсэн. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу тус яаманд байхгүй болсон тул Б.Б урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох боломжгүй байдал үүссэн. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэхүйц нөхөн олговрыг тус я-ны төсвөөс гаргасан нь Үндэсний аудитын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 50.1-д заасан зөрчил гэж үзсэн тул тус яамны зүгээс уг хохирлыг барагдуулах үндэслэлгүй байна. Ийнхүү удаа дараа төрийн байгууллагыг хохироодог, харилцан тохиролцсон асуудал байсаар байтал удаа дараа шүүхэд ханддаг зэргээс хамааран шүүхийн байгууллагын ачаалал ихэсч улсын төсөвт байгууллагын төсөвт хүндрэл учруулж байгаа нь харамсалтай юм. Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Уанд холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллах байсан хугацааны олговор 14.319.992.3 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

Хариуцагч нь Б.Бд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 19.965.086 төгрөгийг яамнаас гарган өгч, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж бичилтийг хийж, ажилд нь эргэн томилох нөхцөлгүйгээр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дугаар шийдвэрээр Б.Бг Уны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.117.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. /хавтас хэргийн 6-18 тал/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрт хариуцагч Уны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж 221/МА2017/0255 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 19-27 дугаар тал/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00183 дугаартай шийдвэрээр хариуцагч Унаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19.965.086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэсэн байсан. /хавтаст хэргийн 28-33/

 

Хариуцагч У нь 19.965.086 төгрөгийг Б.Бд олгосон байсан. 19.965.086 төгрөгийг олгосон тухайд талууд маргаагүй болно.

 

Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн байгууллагын удирдлага одоог хүртэл биелүүлээгүй нь болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгоно.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00183 дугаар шийдвэрээр өдрийн цалинг 41.593.93 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг олгосон байна.  

 

2018 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 2 дугаар сарын 05-ыг хүртэлх хугацааны цалин 12.685.865 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч Унаас 12.685.865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв. 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Унаас 12.685.865 /арван хоёр сая зургаан зуун наян таван мянга найман зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж Б.Бд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Уанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Унаас улсын тэмдэгтийн хураамжид 217.923 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН