Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00995

 

Т.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлтэй хариуцагч “АПГ” ХХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өлзийт буян өргөө” ХХК-ийг 2016 оны 1 дүгээр сард худалдаж авсан “АФГ проперти” ХХК-иас намайг “Өлзийт буян өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилно гэхэд нь би зөвшөөрсөн юм. “АФГ проперти” ХХК дараа нь нэрээ “АПГ” ХХК болгож өөрчилсөн. “АПГ” ХХК 2016 оны 8 дугаар сард “Марал угсаа” ХХК-ийг худалдаж аваад 2016 оны 11 дүгээр сард надад хандаж, “Марал угсаа” ХХК-ийн захирлаар монгол хүн тавих хэрэгтэй байна, та өмнө нь гүйцэтгэх захирал нь байсан юм чинь таныг дахин гүйцэтгэх захирлаар тавимаар байна гэхэд нь би зөвшөөрсөн. “АПГ” ХХК-иас намайг “Өлзийт буян өргөө” ХХК-ийн болон “Марал угсаа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ч тус хоёр компанийн гэрчилгээ, бичиг баримт, тамгыг надад хүлээлгэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл надад тус хоёр компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэж өгөөгүй. Би тус хоёр компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн аваагүй тул 2018 оны 2 дугаар сард намайг “Өлзийт буян өргөө” ХХК-ийн болон “Марал угсаа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж өгөөч гэж “АПГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ шуудангаар явуулж, утсаар хэлсэн боловч шууданг хүлээж авсан, хувьцаа эзэмшигч нартаа хэлье гэсэн ч шийдвэр гаргаж өгөөгүй. 2019 оны 9 дүгээр сард би “АПГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаад дээрх хоёр компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх өргөдлөө шуудангаар явуулсан чинь Д.Амарсанаа би захирал биш болсон гэж шууданчид хэлээд шууданг авахаас татгалзаж буцаасан байсан. “Өлзийт буян өргөө” ХХК-ийн болон “Марал угсаа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “АПГ” ХХК тул миний ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас харахад 6040675 тоот регистрийн дугаартай “АПГ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ганц этгээд болох гүйцэтгэх захирлаар Д.Амарсанаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш бүртгэлтэй хэвээрээ байгаа юм. Энэ 2 компани нь 1 хувьцаа эзэмшигчтэй учир Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлэх ёстой гэж заасны дагуу Т.Бын хүсэлтийг хүлээн авч шийдэх үүрэг нь “АПГ” ХХК-д бий. Энэ үүргээ үндэслэлгүй биелүүлэхгүй, татгалзаж байгаа учир шүүхэд хандсан. Иймд “АПГ” ХХК-ийг хариуцагчаар татсан. Иймд Т.Быг “Өлзийт буян өргөө” ХХК болон “Марал угсаа” ХХК-ийн захирлаас чөлөөлж, улсын бүртгэлд бүртгэхийг “АПГ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АПГ” ХХК-ийн төлөөлөгч Д.Амарсанаа шүүхэд болон түүний өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АПГ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Ян Тао, “АПГ” ХХК байдаг. Нэхэмжлэгч Т. Болор нь хариуцагч “АПГ” ХХК-ийн томоохон эрх мэдэл бүхий хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт зааснаар компаний гүйцэтгэх захирлыг бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэдийд чөлөөлж болох тухай хуульчилсан байдаг. Энэ ч утгаараа Д.Амарсанаа би тус компанид анх гүйцэтгэх захирал Т.Бын түр чөлөөтэй байх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр томилогдож байсан. Харин 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн боловч тус компанийн хувьцаа эзэмшигч нар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж миний хүсэлтийг шийдвэрлэж гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэтэл нэхэмжлэгч Т. Болор нь “АПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хурлаас гаргасан тогтоолд гарын үсэг зуралгүй өдийг хүрснээр Д. Амарсанаа миний эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөж, чөлөөлөгдсөн компанийхаа өмнөөс хууль, шүүхийн байгууллагад дуудагдан явсаар байна. Мөн надад болон “АПГ” ХХК-ийн гүйцэтгэх захиралд бусад компанийн удирдлага, гүйцэтгэх захирал, албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байдаг. Т.Б нь “Өлзийт буян өргөө” ХХК, “Марал угсаа” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрээ хасуулах, архивт байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нар гаргах нь хамааралгүй гэж хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой гэж үзэж байна. “Өлзийт буян өргөө” ХХК болон “Марал угсаа” ХХК өөрсдөө хувьцаа эзэмшигчид хурал зарлаад хуралдаж шийдэх асуудал учир “АПГ” ХХК-ийг шууд хариуцагчаар татаж оруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АПГ” ХХК-д холбогдох “Марал угсаа” ХХК, “Өлзийт буян өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэгч Боржигон овогт Төмөргарьдын Болорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний нөгөө талыг зөв тогтоосонгүй. Хөлсөөр ажиллах гэрээний нэг тал нь “АПГ” ХХК биш, харин түүний хувьцаа эзэмшигчид болох “Альянс юнион групп” ХХК, БНХАУ-ын иргэн Ян Тао нар байна гэж шүүх үзсэн болж таарч байна. Т.Бын хувьд хөлсөөр ажиллах гэрээний нөгөө тал нь “Марал угсаа” ХХК, “Өлзийт буян өргөө” ХХК-уудын ганц хувьцаа эзэмшигч болох “АПГ” ХХК байна. “АПГ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Д.Амарсанаад Т.Б ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. “АПГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаа Т.Бын хүсэлтийг хүлээж аваад өөрөө шийдвэр гаргах, эсвэл өөрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь “АПГ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирлыг алгасч, шууд “АПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох “Альянс юнион групп” ХХК, БНХАУ-ын иргэн Ян Тао нарт Т.Б хөлсөөр ажиллах гэрээ цуцлах мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахыг тэднээс шаардах ёстой гэсэн үр дагаварт хөтөлж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэсэнгүй. “Марал угсаа” ХХК, “Өлзийт буян өргөө” ХХК-ууд нь ганц хувьцаа эзэмшигчтэй бөгөөд ганц хувьцаа эзэмшигч нь “АПГ” ХХК юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж заасан тул Т.Быг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргах бүрэн эрх дээрх 2 компанийн ганц хувьцаа эзэмшигч “АПГ” ХХК-д хадгалагдаж байна. Иймд Т.Б Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Марал угсаа”  ХХК, “Өлзийт буян өргөө” ХХК-уудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд ганц хувьцаа эзэмшигчдийн хурлыг компанид хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хийх, хурлын зар хүргэх, хурлын ирц бүртгэх, хуралд оролцох журам тогтоох шаардлагагүйгээр ганц хувьцаа эзэмшигч Т.Бын хүсэлтийг шууд хүлээн авч өөрөө шийдвэрээ гаргах боломжтой. Харин ганц хувьцаа эзэмшигч “АПГ” ХХК нь Т.Бын хүсэлтийг хүлээж авсан ч өөрийн шийдвэрийг гаргахгүй, гүйцэтгэх захирал нь “АПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлахгүй байгаа тул шаардлага гаргах эрх Т.Бт байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Б нь “Өлзий буян” ХХК, “Марал угсаа” ХХК-уудын гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ. /хх.1, 18-19/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...Надад хоёр Компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, өөрөөр хэлбэл компанийн ажлыг хүлээлгэж өгөөгүй тул “АПГ” ХХК-ийн захирал Д.Амарсанаад гэрээ цуцлах талаар мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөөгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...“АПГ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Ян Тао, Ян Бин, “АПГ” ХХК, Т.Б нар байна. Д.Амарсанаа болон “АПГ” ХХК-ийн гүйцэтгэх захиралд бусад компанийн удирдлага, гүйцэтгэх захирал, албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байдаг” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

“Өлзийт буян өргөө” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Т.Быг гүйцэтгэх захирлаар томилж, “Марал угсаа” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.Быг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон баримт хэрэгт авагджээ. /хх.70,99/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Б гэрээнээс татгалзаж буйгаа Д.Амарсанаад мэдэгдсэн гэж байгаа боловч Д.Амарсанаа нь “АПГ” ХХК-ийн захирлыг чөлөөлж томилох этгээд биш бөгөөд Д.Амарсанааг хөлсөөр ажиллах гэрээний нөгөө тал гэж үзэхгүй юм. /хх.8/

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заасан бөгөөд “Марал угсаа” ХХК, “Өлзийт буян өргөө” ХХК-уудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, гэрээ цуцлах асуудлыг хэлэлцэх үүрэгтэй байна.   

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан журмаар Т.Б нь “Марал угсаа” ХХК болон “Өлзийт буян өргөө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, гэрээ цуцлах талаараа хувьцаа эзэмшигчдийн хуралд мэдэгдэх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ““АПГ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Д.Амарсанаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

                                        ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

     Ц.ИЧИНХОРЛОО