Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00634

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00634

 

 

Т.Болорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 995 дугаар магадлалтай,

Т.Болорын нэхэмжлэлтэй,

Альянс проперти групп ХХК-д холбогдох

 

Ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Болор нь хариуцагч Альянс проперти групп ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Альянс проперти групп ХХК-д холбогдох Марал угсаа ХХК, Өлзийт буян өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэгч Боржигон овогт Төмөргарьдын Болорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Болорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 995 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 995 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Т.Болорыг Марал угсаа ХХК болон Өлзийт буян өргөө ХХК-уудын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх шийдвэрийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу тус компаниудын ганц хувьцаа эзэмшигч болох Альянс проперти групп ХХК гаргах ёстой билээ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д компанийн гүйцэтгэх удирдлага нь... компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан тул Т.Болор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Альянс проперти групп ХХК-д явуулахдаа тус компанийн гүйцэтгэх захиралд хаягласан нь зөв болсон. Гэтэл хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд буюу Альянс проперти групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Альянс Юнион групп ХХК, БНХАУ-ын иргэн Ян Тао нарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй тул хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь буруу болсон. Т.Болорын хувьд хөлсөөр ажиллах гэрээний нөгөө тал нь хувьцаа эзэмшигч Альянс проперти групп ХХК тул Альянс проперти групп ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирлыг алгасч, шууд Альянс проперти групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Альянс Юнион групп ХХК, БНХАУ-ын иргэн Ян Тао нарт хөлсөөр ажиллах гэрээг цуцлах мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах Марал угсаа ХХК болон Өлзийт буян өргөө ХХК-уудын хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохыг тэднээс шаардах үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иймд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан журмаар Т.Болор нь Марап угсаа ХХК болон Өлзийт буян өргөө ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, гэрээ цуцлах талаараа хувьцаа эзэмшигчдийн хуралд мэдэгдэх үүрэгтэй байна. Энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцлах журмыг баримтлаагүй байх тул зохигчийн хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Альянс проперти групп ХХК нь Т.Болорын удаа дараагийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсан ч өөрийн шийдвэрийг гаргахгүй, Альянс проперти групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцэхгүй байгаа тул Альянс проперти групп ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх Т.Болорт байгаа гэж үзэн шүүхэд хандсан. Т.Болор Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасныг үндэслэн Альянс проперти групп ХХК-ийн гүйцэтгэх захиралд биш, хуулийн этгээд Альянс проперти групп ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 995 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэрт эөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Т.Болор нь хариуцагч Альянс проперти групп ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Т.Болорыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ, Альянс проперти групп ХХК-ийн захирал бие даан шийдвэрлэх боломжгүй гэж маргасан байна.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч Альянс проперти групп ХХК-д холбогдох Марал угсаа ХХК, Өлзийт буян өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Болорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

 

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

9. Өлзийт буян өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр Т.Болорыг томилж, улсын бүртгэлд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн, Марал угсаа ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Болорыг тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр томилж, улсын бүртгэлд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлж, зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

10. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах болмжгүй.

 

11. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Болор гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа Д.Амарсанаад мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч Д.Амарсанаа нь Альянс проперти групп ХХК-ийн захирлыг чөлөөлж, томилох этгээд биш бөгөөд Д.Амарсанааг хөлсөөр ажиллах гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтүүд хуульд нийцсэн гэж үзнэ.

 

12. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж заасан бөгөөд Марал угсаа ХХК, Өлзийт буян өргөө ХХК-уудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, гэрээ цуцлах асуудлыг хэлэлцэх шаардлагатай байжээ. Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн Марал угсаа ХХК, Өлзийт буян өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00587 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 995 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД