Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01053

 

М.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэртэй

М.Лгийн нэхэмжлэлтэй хариуцагч “МЭВ” ХХК-д холбогдох 15 035 100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 8 688 100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Диваачамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “МЭВ” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганчимэгтэй 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2 өрөө байрыг компанийн 3 жилийн хугацаатай 8 хувь лизингээр 37 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн билээ. “МЭВ” ХХК нь гэрээнд хүлээсэн үүргээрээ хугацаандаа барилга барьж дуусаагүй ба гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзаж компанийн зээлийн 8 хувь хүүгээ банкны 8 хувь хүү болгож ир гэсэн өөрчлөлтөөр маргаан үүссэн болно. Би удаа дараа банкнаас ипотекийн зээлийн 8 хувь хүү хөөцөлдөж, Улаанбаатар, Эрдэнэт 2 хотын хооронд их явсан, зардал мөнгө их гарсан. 2 өрөө байрны талбайн хэмжээ, 53,61 м.кв, 1 м.кв-ын үнэ 1 500 000 төгрөг, 53,61 м.кв нь 80 415 000 төгрөг, 1 жилийн 8 хувийн хүүтэйгээр 86 848 000 төгрөг гэж тохиролцсон. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 28-ны хооронд жилийн 8 хувийн хүүтэй, сар бүрийн 28-ны өдөр 1 510 538 төгрөгөөр тохирсон билээ. Эхний 2 сарыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаад сар бүр 1 500 000 төгрөг төлж байсан ба нэг өдөр дуудахаар нь ирсэн чинь н.Хонгорзул н.Ганчимэг нарын хоорондын маргаанаас болж, төлөлтөө зогсоо гэж хэлсэн, тасалдсан. “МЭВ” ХХК нь гэрээг цуцалж манай дансанд 33 300 000 төгрөг хийсэн байдаг. Мөн гэрээний 6.4-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй учраас нөгөө талдаа төлөх төлбөр гэрээний дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн тул 8 688 100 төгрөг, нийт 15 035 100 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л нь “МЭВ” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 77/11D тоот “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр талууд тохиролцож гэрээний урьдчилгаанд Lexus 470 маркийн машиныг 32 500 000 төгрөгт тооцуулан “МЭВ” ХХК-д өгч байсан. Бэлнээр 37 000 000 төгрөг өгсөн зүйл байхгүй. Хавтас хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн "Бэлэн мөнгөний орлогын баримт дээр 37 000 000 төгрөг хэмээн баримт бичиж М.Лд бичиж өгсөн явдал нь нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахын тулд Бэлэн мөнгөний орлогын баримт болон тус хүсэлтийг гуйж байгаад бичүүлж авсан байдаг. Байрны урьдчилгаанд 32 500 000 төгрөгт тооцуулан Lexus 470 машиныг өгсөн бөгөөд 37 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй. Нэхэмжлэлдээ 7 ширхэг обой, цавуу 347 000 төгрөг болсон гэж байна. Тус обой болон цавууны мөнгийг нэхэмжлэх эрхгүй, учир нь 77/11D тоот гэрээний 3 дугаар зүйлд гүйцэттэгчийн эрх үүрэгт обой, цавууны мөнгийг гүйцэтгэгч тал төлнө гэж заагаагүй. Мөн 300 000 хэмээн ямар ч тайлбаргүй, үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлдээ Улаанбаатар хотоос Эрдэнэтлүү, Эрдэнэтээс Улаанбаатар хотлуу явсан унаа, хоолны зардал 1 000 000 төгрөг түүний алданги 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн байна. Энэ нь хариуцагчаас хувийн зардалтай холбоотой мөнгийг нэхэмжлэх эрхгүй бөгөөд 1 000 000 төгрөгөөр хоол идсэн, унааны мөнгөнд зарцуулан талаархи баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, хариуцагчтай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д орон сууцны нийт үнэ 86 881 003 төгрөг ба гэрээний 6.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний үнийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан учраас нэхэмжлэгч сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээг цуцалсан. Иймд гэрээний 6.1-д заасны дагуу 86 881 003 төгрөгийн 10 хувьтай тэнцэх торгууль 8 688 100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Л сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “МЭВ” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээндээ 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барилга ашиглалтад оруулна гэж заасан байдаг. Гэтэл гэрээнд заасан хүлээсэн үүргээ биелүүлэлгүй олон хүмүүсийг хохироож гэрээгээ шинэчилье гэж удаа дараа дарамталж байсан нь нотлогдоно. Би гэрээнд заасан үүргийн дагуу 1 сарын 1 500 000 төгрөг, өр 4 300 000 төгрөг төлж байсан нь баримтаар нотлогдоно. Төлж байх хугацаанд тус компани нь гэрээгээ шинэчилье компани хувь лизинг хийхээ больсон гэдэг нь олон хүмүүсийн мөнгөөр барилга барьж хугацаа хожчихоод дараа нь бэлэн мөнгөөр байраа зарах сонирхолтой байсан гэдэг нь нотлогдоно. Хариуцагч 10 хувийн алданги нэхэмжилж байгаад гайхаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МЭВ” ХХК-иас 3 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 11 335 100 төгрөгийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 270 460 төгрөг, хариуцагчийн төлсөн 153 960 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “МЭВ” ХХК-иас 74 150 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Лд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Зохигчдын хооронд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 77/1Ш тоот “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдсан. Хэдийгээр талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулжээ. М.Л нь гэрээнд заасан хугацаанд байрны эргэн төлөлтийг төлж чадаагүй үндэслэлээ санхүүгийн хүндрэл, бэрхшээлтэй холбон тайлбарлаж, улмаар 8 хувийн ипотекийн зээлд хамаарахын тулд байрны урьдчилгаа болох 37 000 000 төгрөгийг төлсөн гэх баримт шаардлагатай гэхээр нь “МЭВ” ХХК-ийн зүгээс түүний хүсэлтийг хүлээн авч, 37 000 000 төгрөг төлсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримт болон тодорхойлолт хийж өгсөн боловч эдгээр баримтуудыг сүүлдээ шүүхэд нотлох баримт болгон ашиглаж, уг баримтыг үндэслэн 37 000 000 төгрөг, 7 ширхэг обойны үнэ 315 000 төгрөг, цавуу 32 000 төгрөг, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу ирсэн унаа, хоол, буудлын мөнгө 1 000 000 төгрөг. алданги 1 000 000 төгрөг, үндэслэл нь тодорхойгүй 300 000 төгрөг, нийт 39 647 000 төгрөгөөс хариуцагч компанийн шилжүүлсэн 33 300 000 төгрөгийг хасаж, үлдэх 6 347 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч М.Лгийн зүгээс байрны урьдчилгаанд “Lexus 470” загварын 8799 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 32 500 000 төгрөгөөр тооцож өгсөн болохоос бэлэн мөнгө өгөөгүй ба гэрээ байгуулагдсаны дараагаар 2018.08.02-нд 25 760 төгрөг, 2018.11.28-нд 1 500 000 төгрөг, 2019.01.08-нд 1 000 000 төгрөг, 2019.01.08-нд 500 000 төгрөг, 2019.01.23-нд 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 36 025 760 төгрөг болж байна. Ийм байхад шүүх 37 000 000 төгрөг төлсөн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4.6-д захиалагч нь орон сууцны ханын обой, хаалга, шал, шалны хүрээ, плита зэрэг дотор заслын материалыг гүйцэтгэгчээс мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор сонгох үүрэг хүлээснээс үзэхэд эдгээр материалыг гүйцэтгэгч тал хариуцахаар байх бөгөөд нэхэмжлэгч обой, цавуу авчирсан хэмээн мөнгө нэхэмжилж байгаа нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх дээрх 3 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 2015.1” хэмээн Иргэний хуульд байхгүй зүйл заалтыг баримталсан байхаас гадна нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй байхад шүүх “Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн атлаа хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн. Хэрэв шүүх хуралдааны явцад зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гаргахаар байна. Гэтэл энэхүү ажиллагаа явагдаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн актын хувьд эргэлзээ төрүүлэхээргүй, тодорхой, ойлгомжтой бичигдэх ёстой байтал анхан шатны шүүхийн шийдвэр энэхүү шаардлагыг хангаагүй.  Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Л нь “МЭВ” ХХК-д холбогдуулан 15 035 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 8 688 100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэгт баригдаж буй 77 айлын орон сууцны барилгыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барьж тус барилгын 53.61 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 86 881 003 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна. Гэрээний 2.2-т төлбөр төлөх хугацаа, хувийг тохирч гэрээ байгуулахад 40% буюу 32 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл жилийн 8%-ийн хүүтэй сар бүрийн 28-ны өдөр 1 510 538 төгрөг буюу 60% 54 381 003 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. /хх.10-14/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дээрх орон сууцыг хариуцагч байгууллага өөрийнх нь 8%-ийн зээлээр худалдан авахаар тохирсон боловч хариуцагч байгууллага уг үүргээ биелүүлээгүйгээс ипотекийн 8%-ийн зээлд хамрагдахаар хөөцөлдөөд бүтээгүй. Иймээс зээлийн гэрээ цуцлагдсан учир төлсөн мөнгөө эргүүлж авна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч орон сууцын урьдчилгаа төлбөр 32 500 000 төгрөгт Lexus-470 маркийн автомашин хүлээлгэж өгсөн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Мөн хариуцагч “МЭВ” ХХК  нь гэрээнд заасны дагуу 2018 оны 4 дүгээр улиралд багтааж орон сууцыг ашиглалтад оруулаагүй, “Барилга байгууламж ашиглалтад оруулах” тухай 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн комиссын дүгнэлтээр уг байр ашиглалтад орсон үйл баримт тогтоогдсон байна. /хх.5/

Хэрэгт хариуцагч “МЭВ” ХХК-ийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128 тоот албан бичигт “...М.Л нь 37 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, одоо 46 340 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэсэн, тус байгууллагын борлуулалт хариуцсан дэд захирал Т.Сайфомагийн 2019 оны 7 дугаар сарын 02, 2019 оны 8 дугаар сарын 02, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “...М.Лгийн орон сууц авахаар өгсөн урьдчилгаа мөнгийг 7 хоногийн дотор “Хаан банк” ХХК-ийн дансаар төлнө, М.Л уг байрыг авахгүй болсон тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор бусдад борлуулж 37 000 000 төгрөгийг өгнө” гэсэн бичгийн баримтууд авагдсан байна. /хх.136-137, 140/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 37 000 000 төгрөгөөс буцаан шилжүүлсэн 33 300 000 төгрөгийн хасч үлдэх 3 700 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ “...нэхэмжлэгч 36 025 760 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгийг буруу тооцоолсон” гэсэн үндэслэл зааж байгаа боловч хариуцагч талаас гаргасан хавтаст хэргийн 136-137, 140 дүгээр тал дахь бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг орон сууцны урьдчилгаанд 37 000 000 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн, байх тул уг үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Зохигчид гэрээний 6.4-т “талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ нь 10%-иас хэтрэхгүй байна” гэж заажээ. Гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас 8 688 100 төгрөг, хариуцагч байгууллага нэхэмжлэгчээс мөн 8 688 100 төгрөгийг гаргуулахаар тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний үүргийг хангах аргыг хэрэглэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд обой, цавууны үнэ, Эрдэнэтээс Улаанбаатар руу ирсэн замын зардал болон хоол унааны үнийг нэхэмжилсэн боловч тухайн хохирлыг гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Хариуцагч байгууллагын зураг төслөөр, түүний сонгосон газар дээр барьж буй орон сууцны цогцолбороос 53.61 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар тохиролцсоныг анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 2015.1 гэж бичсэн нь техникийн алдаа байх ба уг алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 160 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

    Ц.ИЧИНХОРЛОО