Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00576

 

М.Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1053 дугаар магадлалтай,

М.Л гийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

15,035,100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,688,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Л  нь “М” ХХК-д холбогдуулан 15,035,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...гэрээний 6.1-д зааснаар торгуульд 8,688,100 төгрөг нэхэмжилнэ... гэж марган, уг төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 3,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 11,335,100 төгрөгийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 270,460 төгрөг, хариуцагчийн төлсөн 153,960 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 74,150 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Л д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1053 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,160 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн М.Л гийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 1053 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэн хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Зохигчдын хооронд 2018.06.28-ны өдөр 77/11D тоот “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу захиалагч буюу М.Л  нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас 11-р давхрын 68 тоот хаягт байрлах 53,61 м.кв 2 өрөө байрыг нэг м.кв-ыг 1,620,601 төгрөгөөр тооцож, нийт 86,881,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Мөн захиалагч нь гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу байрны урьдчилгаанд “lexus GX470” загварын 8799 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 32,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөс гадна 2018.07.28-наас 2021.06.28-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэй, cap бүрийн 28-нд 1,510,538 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Харин гүйцэтгэгч тал буюу хариуцагч “М” ХХК нь уг орон сууцыг 2018 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээгээр үүрэг хүлээсэн боловч захиалагч тал буюу М.Л  нь орон сууцны төлбөрөө гэрээнд заасанд хугацаанд төлөөгүйгээс уг байрыг дээрх хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй юм. М.Л  нь ипотекийн найман хувийн зээл авахаар хөөцөлдөж байсан боловч зээлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр банкнаас татгалзсан байдаг. Тус зээлийг хөөцөлдөх үед нь бидний зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж тодорхойлолт хүртэл хийж өгч байсан. М.Л  нь орон сууцны төлбөрийн эргэн төлөлтөө гэрээний дагуу хугацаандаа төлж байсан бол энэ гэрээ нь цуцлагдахгүй байсан. Байрны урьдчилгаанд 32,500,000 төгрөгөөр тооцож өгсөн “Lexus GX470” загварын авто машин нь 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2012.03.02-ны өдөр Монгол Улсад орж ирсэн авто машин байсан, тухайн үед М.Л тай ярилцаж нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж тухайн үеийн зах зээлийн ханшаас өндрөөр үнэлэн урьдчилгаанд тооцон авсан. Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүхээс уг хүсэлтийг хүлээн авсан бол авто машины үнэлгээ бодитойгоор гарч “М” ХХК нь илүү үнэлж тооцсон нь тогтоогдохоор байсан. Гэрээний харилцаа дуусгавар болж өгсөн авсан зүйлээ буцаах асуудал гарахад “М” ХХК-ийн зүгээс байрны урьдчилгаанд авсан тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан байсан учраас буцаан өгөх боломжгүй болж, 2005 оны хуучин тээврийн хэрэгслийн үнэд 33,300,000 төгрөг өгсөн. Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4.6-д захиалагч нь орон сууцны ханын обой, хаалга, шал, шалны хүрээ, плита зэрэг дотор заслын материалыг гүйцэтгэгчээс мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор сонгох үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний уг заалтаар талууд эдгээр материалыг гүйцэтгэгч тал хариуцахаар харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч обой, цавуу авчирсан хэмээн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 6.4 дэх хэсэгт “Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийн дүнгийн 10.0 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид төлнө” хэмээн заасны дагуу захиалагч М.Л гийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн дээр гэрээг дангаараа цуцалсны торгууль хэмээн 8,688,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолсон байтал нотлоогүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 1053 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч М.Л  нь “М” ХХК-д холбогдуулан 15,035,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлийг ...хариуцагч байгууллагатай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг 8 хувийн зээлээр худалдан авахаар тохиролцсон, гэвч хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй гэрээ цуцлагдсан. ...иймд төлсөн мөнгөө эргүүлж авна, мөн гэрээ цуцалсны торгууль, бусад хохирлоо нэхэмжилнэ гэж тайлбарлан маргажээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт 37,000,000 төгрөг төлөөгүй, ...нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир гэрээ цуцлагдсан, иймд гэрээний 6.1-д зааснаар торгуульд 8,688,100 төгрөг нэхэмжилнэ... гэж марган, уг төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 3,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 11,335,100 төгрөг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзлээ.  

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018.06.28-ны өдөр №77/11D дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэгт баригдаж буй 77 айлын орон сууцны барилгыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтанд оруулан, тус барилгын 53.61 м.кв талбай бүхий орон сууцыг М.Л д хүлээлгэн өгөх, М.Л  нь орон сууцны үнэд 86,881,003 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ. 

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэрээний талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсан байх ба нэхэмжлэгч М.Л  нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 32,500,000 төгрөгт тооцон “Lексус GX-470” маркийн суудлын автомашин, 3,700,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ. Шүүхүүд зохигчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн дээрх төлбөрөөс хариуцагчийн буцаан шилжүүлсэн 33,300,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 3,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасанд нийцжээ.

14. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т “Талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10.0 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байх бөгөөд зохигч нь харилцан биенээ гэрээний үүрэг зөрчсөн гэж марган, гэрээний торгуульд 8,688,100 төгрөгийг тус тус гаргуулахаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасныг болон бусад хохирол нэхэмжилснийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг зөрчөөгүй байна. 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...захиалагч М.Л гийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир ...торгууль хэмээн 8,688,100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, ...нотлох баримтаар нотолсон байтал нотлоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

16. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1053 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.16-ны өдөр төлсөн 213,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД