Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 410

 

   Н.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй,

   Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                  М.Батсуурь,                       

Шүүгчид:                               Х.Батсүрэн,

                                                Б.Мөнхтуяа,

                                                Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Ө, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.С, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0411 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан Н.Ц, Н.Ц нарын зургаан иргэний “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Ө, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.С, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0411 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Н.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргийг шат шатны шүүх биелүүлээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хянуулж өгөхийг хүсч байна гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн талаар холбогдох баримтуудыг дурдаад, гуравдагч этгээд Ч.Ө-ын шүүх хурал дээр тайлбарласан тайлбартай нэхэмжлэгч нар маргаагүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн хянаж үзээгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг дутуу үнэлсэн, гуравдагч этгээдийн хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, худал тайлбарт үнэлэлт хийсэнтэй холбоотойгоор хэргийг шийдэж, нотлох баримтыг дутуу үнэлж хууль буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

5. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 324 дүгээр шийдвэртэй хэргийн нэхэмжлэгч нь өөр боловч маргааны үйл баримт, эх сурвалж, гарал үүслээс үзвэл гуравдагч этгээдийн гаргасан тайлбар худал, үндэслэлгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй тайлбар байна. Мөн хариуцагч тал шүүхээр маргаан бүхий асуудал эцэслэн шийдэгдээгүй, шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр маргаж байх үед гуравдагч этгээдийн хууль бус хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлэх хууль бус шийдвэр гаргаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгааг огт дүгнээгүй нь хууль буруу хэрэглэж шийдвэр гаргахад хүргэсэн байна.

6. Нөгөө талаар нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэж, өөр шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасан заалтыг зөрчсөн байна. Учир нь энэ шүүхийн шийдвэрт Ё.Б-ын эзэмшдэг газрын кадастрын зураг нь эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажаагүй, газрын байршил, хил заагийг тогтоогоогүй атлаа эзэмших эрх бүхий газрын хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаатай байгааг онцлон дүгнэсэн байдаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0275 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт /хуудас 19/ "...гуравдагч этгээдүүд нь Газрын тухай хуулийн 32.1-д заасныг зөрчсөн, хариуцагч захиргааны байгууллага нь зөвхөн иргэн Ё.Б-ын өргөдлөөр нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа боловч, ийнхүү эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Ё.Б-ын газар эзэмшсэн эрх нь өөрт нь ч үүсээгүй өөрөөр хэлбэл хуулийн дагуу аваагүй гэрчилгээг үндэслэн бусдад эрхээ шилжүүлэхдээ газрын хэмжээг дур зоргоороо ихэсгэсэн, хүсэлтийг хариуцагч хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус байхад шүүх үүнийг зөвтгөн дүгнэлт хийж байгаа нь хуулийг гажуудуулж байна. Нөгөө талаар “...нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ" гэсэн нь илт нэг талыг баримталсан байгааг илтгэж байна. Учир нь энэ маргаан бүхий асуудал гарахаас өмнө нэхэмжлэгч нар уг газар дээр модон хашаа бүхий шургаагаар хашаалан амьдарч байсныг /шийдвэрийн хуудас 9-10/ гуравдагч этгээдүүд хүч түрэн нурааж, өөрсдийн төмөр хашаа барьсныг дээрх нотлох баримтаар тогтоосноос гадна нэхэмжлэгч нар холбогдох газарт өргөдөл гомдол гаргаж, түхай бүр шийдвэрлүүлж байснаар тогтоогдож нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байсныг илтгэж байна.

8. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт /ху-18/ Газрын давхцлын талаар шинжээч томилж холбогдох дүгнэлтийг шүүхээс гаргуулсан, уг шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: "Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээлэлтэй давхцуулж узэхэд нэгж талбарууд хоорондоо давхцалгүй байна", "нэхэмжлэгч Н.Ц, Ц.Э, Ц.Э нарын эзэмшил газрын орц гарцыг Ч.Ө, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.С, Г.Г нарын эзэмшиж буй газар нь хаагаагүй байна" гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нараас Н.Ц нарын гурван иргэн нийт арван иргэн хөрш зэргэлдээ байдалтайгаар маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр газрыг эзэмшиж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3,  27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хуулийн зохицуулалт зөрчигдөөгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

9. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь үйл баримтын өнгөрсөн цаг үе дээр буюу 2017 оны зурган мэдээлэлтэй давхцуулан дүгнэлт гаргасныг үндэслэл муутай дүгнэлтээр захиргааны байгууллагыг зөвтгөж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

10. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ холбогдох хуулийн заалтуудыг дурдаж, захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг илэрхийлсэн байх ба энэхүү этгээд нь хуулийг хэрэгжүүлэхдээ хуулийн заалтыг дагаж мөрдөж, хууль зөрчихгүй байх, хэрэв зөрчсөн бол гарсан шийдвэр нь хууль бус байх талаас нь дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгаа нь үндэслэл муутай дүгнэлт болж хуулийг буруу хэрэглэсэн болж байна.

11. Шүүх хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэгт үнэлэлт хийсэн байдлыг авч үзвэл нэхэмжлэгч талын бодит байдалтай холбогдуулан гаргаж байгаа тайлбарыг ач холбогдолтойд тооцоогүй, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тайлбар, цаг хугацааны хувьд санаатай зөрүүлсэн мэдүүлэгт автсан, хариуцагчийн өөрийгөө зөвтгөсөн, дээд шатны байгууллагын шийдвэр, шаардлагыг хүлээн авдаггүй, үгүйсгэж огт дурдаж илэрхийлээгүй, мөн цаг хугацааг ашигтайгаар эргүүлэн тайлбарласан мэдүүлэгт анхаарсан байна гэж үзэхээр байгаа ба энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

12. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

14. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжаар нэр бүхий 7 иргэнд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нараас “бидний эзэмшлийн газартай давхцуулсан, мөн гуравдагч этгээдээс түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан тул уг газрыг эзэмших эрх түрүүлж үүссэн” гэж маргаж байна.

15. Нэхэмжлэгч Н.Ц, Ц.Э, Ц.Э болон Н.Ц нар нь /Ц.Б-ийн газар эзэмших эрхийн хүрээнд/ тус тус Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхтэй, эдгээр газраа бодитойгоор ашиглаж байгаа бөгөөд харин нэхэмжлэгч нарын энэхүү эзэмшил газартай гуравдагч этгээдийн эзэмшлийн газар давхцаагүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. Иймээс “газар давхацсан” тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, энэ асуудлаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

16. Нэхэмжлэгч Э.Л, Э.Э нарын 2007 онд гаргасан газар эзэмших хүсэлтийг захиргааны байгууллага тухайн үед шийдвэрлээд дууссан, энэ шийдвэрт холбогдуулан тухайн цаг хугацаанд маргаж байгаагүй, мөн нэхэмжлэгч Б.Х газар эзэмших хүсэлт түрүүлж гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, дээрх гурван нэхэмжлэгч нарт хууль, журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй байна.

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүхээр газрын асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад гуравдагч этгээдийн хууль бус хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлсэн, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэж, өөр шийдвэр гаргасан” тухай гомдол үндэслэлгүй байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, түүний 700 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан байна.

18. Уг шүүхийн шийдвэрт “Ц.Б-д газар давхцуулан эзэмшүүлсэн гэдэг тогтоогдоогүй, газрын байршил хил зааг тогтоогдоогүй, Ё.Б нь эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан” зэрэг дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан боловч эдгээр дүгнэлтүүд нь энэхүү хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй байна. Учир нь 324 дүгээр шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлага нь “700 мкв” газарт хамааралтай буюу Ц.Б 700 мкв газар эзэмших эрхтэй болохыг тогтоосноор маргааны зүйл хязгаарлагдаж байна. Харин “Ё.Б эзэмшил газрын хэмжээнээс илүү газар хашаалсан” тухай шүүхийн дүгнэлт нь уг илүү хашсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгээгүй болно.

19. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх зарчимтай тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс Засаг даргын захирамж гараагүй байхад маргаан бүхий газарт хашаа барьж, газрыг өөрийн эзэмшилд байлгаснаар тэдгээрт газар эзэмших эрх үүсэхгүй, гагцхүү эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэх тул нэхэмжлэгчийн “бидний барьсан модон хашааг 2009 онд Ё.Б гэгч нураасан, модон хашаа барьж амьдарч байсан” гэх тайлбараар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэхгүй юм.

20. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 324 дүгээр шийдвэр гарахаас өмнө шүүхэд маргаантай байсан, шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан үйл баримт бол Ц.Б 700 мкв газар эзэмших эрхтэй эсэхэд оршиж байсан, харин Ё.Б-ын “илүү хашаалсан” гэх газар нь хэний ч эзэмшлийн газар биш байсан тул захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар түрүүлж хүсэлт гаргасан, нэр бүхий гуравдагч этгээд нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

21. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Ё.Б нь хуулийн дагуу аваагүй гэрчилгээг үндэслэн бусдад эрхээ шилжүүлэхдээ газрын хэмжээг дур зоргоороо ихэсгэсэн, энэ хүсэлтийг хариуцагч хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус байхад шүүх үүнийг зөвтгөсөн дүгнэлт хийсэн” гэж маргаж байгаа боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар захирамжаар Ё.Б, Д.Г нар нь тус бүр 400 мкв газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд Ё.Бор нь “өөрийн эзэмшлийн газраас нэр бүхий гуравдагч этгээдийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулах” тухай хүсэлтийг 2012 оны 5 дугаар сарын 25-нд захиргааны байгууллагад гаргаж байжээ. Хэдийгээр Ё.Б нь өөрт хуулийн дагуу эзэмшил үүсээгүй газрыг бусдын нэр дээр баталгаажуулах хүсэлт гаргасан байгаа ч захиргааны байгууллагад ийнхүү хүсэлт гаргах үед уг маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гараагүй байсан, нөгөө талаар газар эзэмших эрх шинээр үүссэн гуравдагч этгээд нараас уг хүсэлтийг дэмжиж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, газар эзэмших эрхтэй болсон байх тул “хууль бус” хүсэлт гэж үзэхгүй. Уг хүсэлт нь газар шилжүүлэх агуулгагүй, захиргааны байгууллагын зүгээс ч газар шилжүүлэх тухай захирамж гаргаагүй, харин газар шинээр эзэмшүүлсэн захирамж гарсан учир дээрх гомдол үндэслэлгүй.

22. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0411 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ      

   ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ