Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 130

 

МАГАДЛАЛ

2020.01.17                                                 Дугаар 130                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Ц.Э-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03304 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Э-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.О-д  холбогдох,

Гэрлэлт цуцлах үндсэн нэхэмжлэл, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг, хүүхдийн сургалтын төлбөрт 1 575 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цэндсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Намуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.О-тай  2012 онд танилцаж, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Бтөрсөн. Хүү төрснөөр тусдаа гарч амьдарсан. Өрх тусгаарлаж амьдарснаас хойш хоорондоо ойлголцохгүй байснаас нэг хэсэг тусдаа амьдарсан. Хэсэг хугацааны дараа өөрсдийн зан аашаа хичээж хүүгээ бодоод 2015 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл хамт амьдарх болсон. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ хамт амьдрах 6 сарын хугацаанд Австрали руу явах виз хөөцөлдөж Ж.О-ын  нэр дээрх Алтай хотхоны орон сууцанд амьдарч байсан. Виз бүтсэн энэ үед Ж.О  найз нөхөдтэйгээ Бээжин Гонконг аялалаар явж амрах үедээ н.Ү  гэх залуутай дотно харилцаа тогтоож, холбоотой байх болсон. Эхнэрээ аваад Австрали явчихвал энэ байдлаа болих байх гээд явсан боловч утсаар ярих, мессэж бичих зэргээр холбоотой байсаар 10 дугаар сараас тэр хүнээ дагаад явсан тул бид тусдаа өөр өөр хотод амьдарсан. Австрали улсад тусдаа 4 жил гаруй амьдраад Монголд ирээд гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд бид өөр өөрийн тусдаа амьдралтай болсон тул цаашид эвлэрч хамт амьдрахгүй. Хүүгээ эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө гэсэн нэхэмжлэл гаргасан боловч одоо хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Учир нь хүүхдийг өдөр өнжүүлэхэд явуулж байгаа тул би дургүй байгаа. Хоол ундны чанар, хүүхэд амарч байгаа зэрэг нь эргэлзээтэй. Би одоогоор ажилгүй, хүүхэддээ цаг зарцуулах боломжтой байгаа. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Э-тай  2012 онд танилцаж, 2013 онд хүүхэдтэй болж 2013 оны 08 дугаар сараас Бэгдү хотхонд 100 хувийн лизингээр байр авч тусдаа гарсан боловч ойлголцохгүй байснаас салсан. Хүүхдээ 6 сартай байхад нь хөдөө аав ээжрүүгээ явуулсан. Бид хэсэг хугацааны дараа 2015 оны 01-07 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд Австрали явах виз хөөцөлдөж виз гарсан. Хөдөө гэрлүүгээ 2015 оны 07 дугаар сард яваад ирэхэд хаалганы гол сольчихсон байсан тул гэртээ орж чадаагүй. Байрыг хүнд түрээслэсэн байсан. Австралид байдаг эгчдээ хэлж Алтай хотхонд байр авсан. Ц.Э  хамт амьдарч байхдаа амьдралынхаа төлөө санаа тавьдаггүй, хүү бид хоёрын төлөө явж байсан удаагүй. Асуудлыг бие даан шийдвэрлэж чаддаггүй. Ээжийнхээ үгээр явдаг байснаас бидний дунд хэрүүл маргаан гардаг байсан. Ц.Э  өөр хүнтэй амьдралтай болсон. Хүүхдээ 6 нас хүртэл энэ хүн эцгийн хариуцлагаа хүлээгээгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Би саяхан ажилд орсон тул хүүхдийн хичээл номыг хийлгэхийн тулд сургуулийнх нь өдөр өнжүүлэхэд явуулж байгаа. Өдөр өнжүүлэхийн төлбөр төлөх болохоор хүүхдийн асрамжид маргаж байх шиг байна. Анхнаасаа хүүхдээ авахгүй гэж байсан мөртлөө төлбөрийн асуудал яригдахаар ийм хүсэлт гаргаж байгаа юм байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э-тай  гэр бүл болж амьдраад бид 100 хувийн зээлээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Бэгдү хотхон 57/1 дүгээр байр 47 тоот 2 өрөө орон сууцыг Хас банкнаас 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгөөр, 240 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй авсан. Ц.Э  үндсэн зээлдэгч, би хамтран зээлдэгч, хадам ээж Д.Б  батлан даагчаар орсон. Зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэсэнтэй нийцэх юм. Хэдийгээр орон сууц банкны барьцаанд байгаа боловч Ц.Э , хүү бид гурвын өмч. Ц.Э-тай  цаашид хамт амьдрахгүй, тусдаа амьдралтай болсон тул байрнаас оногдох хэсгээ гаргуулна. Ц.Э  нэхэмжлэлдээ хүүхдээ эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө гэсэн боловч зөвхөн хүүхдийн тэтгэлэг төлөх төдийхнээр хариуцлагаас мултарна гэж байхгүй. Хүүхэд маань 1 дүгээр ангид орсон. Өдөр өнжүүлэхэд явдаг. Сарын төлбөр 300 000 төгрөг. Сургалтын төлбөрөөс гадна хичээлийн хэрэгслийн бэлдэж 735 000 төгрөг тушаасан. Цаашид өдөр өнжүүлэхийн төлбөрийн талыг эцгээс нь гаргуулна. 9-12 дугаар сарын өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлсөн тул энэ хугацаа болон 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 435 200 төгрөгний талийг нэхэмжилсэн. Цаашид гарах төлбөрийн 50 хувиар тооцож           1 575 000 төгрөгийг нийтдээ гаргуулна. Мөн Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Бэгдү хотхон 57/1 дүгээр байр 47 тоот 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлж хүү бид хоёрт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хас банкны орон сууцны жилийн 8 хувийн зээлээр Бэгдү хотхоны орон сууцыг худалдан авахад ээж Д.Б  өөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 20 дугаар байр 88 тоот 4 өрөө орон сууцыг давхар барьцаалан батлан даагчаар орж 100 хувийн санхүүжилтээр 70 000 000 төгрөгийн зээл авсан. 2015 онд Ж.О  бид хоёрыг Австрали улс руу явахад ээж Д.Б  байраа барьцаанаас суллуулж 112 000 000 төгрөгөөр худалдаж Бэгдү хотхоны байрны урьдчилгаа 30 хувь 18 000 000 төгрөгийг төлж Э.О-ын  Австралид суралцах сургуулийн сургалтын төлбөр бусад замын зардалд 30 000 000 төгрөг төлсөн. Бид мөнгөнөөс нь эргүүлж ээждээ төлөөгүй. Энэ орон сууцны сар бүрийн эргэн төлбөрт 600 000 төгрөгийг ээж маань 6 жил буюу 72 сарын хугацаанд сар бүр төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 32 162 491.32 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ж.О  энэ орон сууцны зээлд нэг ч төгрөг төлөөгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин өөрийн амьдарч байгаа Баянгол үүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 14 дүгээр байр 8 тоот орон сууцыг өөрийн нэр дээр Хас банкны орон сууцны зээлээр 2014 онд худалдан авч эндээ амьдарч байна. Энэ бидний амьдралын хугацаанд авсан байр. Бид тус тусдаа өмчлөлийн орон сууцтай. Хүүхэд 1 дүгээр сургуульд ороход харъяалалын биш гээд аваагүй тул хандивын ангид оруулж, хандивын төлбөр 2 000 000 төгрөгийг Ц.О , 3 000 000 төгрөгийг би төлсөн. 09-12 дугаар сарын өдөр өнжүүлэхийн төлбөр 50 хувь 600 000 төгрөг, 435 200 төгрөгний 50 хувь 217 600 гэсэн гарсан зардал нийт 817 600 төгрөгийг төлнө. Хүүхдээ цаашид өдөр өнжүүлэхэд явуулахгүй өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул өдөр өнжүүлэхийн бусад сарын төлбөрийг төлөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э , Ж.О  нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Б-ыг  11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Э ар тэжээн тэтгүүлж, хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.О аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э д олгож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э д холбогдох Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Бэгдү хотхон 57/1 дүгээр байр 47 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хөрөнгийг гаргуулах хариуцагч Ж.О-ын  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э ас 817 600 төгрөг гаргуулж хариуцагч Ж.О-д  олгож, үлдэх 757 400 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Э ас 24 172 төгрөг гаргуулж хариуцагч Ж.О-д  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүйгээр, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэндүү хөнгөмсгөөр хандаж, хууль бус шийдвэр гаргасан байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтэй байна. Учир нь, хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгчийн мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг ноцтой зөрчсөн байна. Тус шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалж дуусаад хэргийн оролцогчдоос нэмж тодруулахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөс тодруулага авчихаад хариуцагчаас нэр цохож асуулт асуусаны дараа нэхэмжлэгчээс мөн асуулт асууж дуусаад миний үйлчлүүлэгчээс тодруулга авахгүйгээр, түүнд тайлбар хэлэх боломж олгохгүй шууд л шүүх хуралдааныг завсарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байна. Миний үйлчлүүлэгч эцсийн мөчид үр хүүхдийнхээ төлөө гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн гэдгээ тайлбарлахаар бэлдэж байсан гэх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Хариуцагчийн чин хүсэл эрмэлзлэлийг шүүгч ойлгоогүй. Миний үйлчлүүлэгч “...Ж.О  нь хэрэг маргааныг анхан шатны шүүхээр шийдвэрлэсний дараа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг надад ярьж ойлгуулах явцад өмгөөлөгч миний бие Ж.О аас гэр бүлээ бүтэн авч үлдэх гэсэн чин хүслийг мэдэрсэн. Түүнд харь холоос эр нөхрөө зорин, элэг бүтэн амьдрал бодож ирэхэд нь бүх зүйл орвонгоороо эргэж, хоромхон хугацаанд болж өнгөрч гэрлэлт цуцлах тухай асуудал, нэхэмжлэгчийн өөрийг нь гүтгэж харлуулан бичсэн зүйлд цочирдсон, нөхөртөө гомдсон, эмэгтэй хүний бардам сэтгэл цухалзаж байсан ч түүнд гэрлэлтээ цуцлуулах ямарч бодол байхгүй гэдгээ тодорхой илэрхийлж байна. Улмаар миний бие гэрээ байгуулж хэргийн материалтай танилцахад дээр дурьдсан өөрийн сөрөг нэхэмжлэлд хангалттай илэрхийлсэн байсан бөгөөд сайхан орчинд өсгөхөөс илүүтэйгээр элэг бүтэн амьдралыг чухалчилж Монгол улсад ирсэн гэдэг том агуулгыг шүүгч анзаарахгүй орхигдуулсан байна. Мөн ямар ч үндэслэлгүйгээр үйлчлүүлэгчийг өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон хэмээн буруутгаж байгаад гомдолтой байна.   Харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдааны явцад “...Би өөр амьдрал эхэлж байгаа...” хэмээн хэлсэн байгааг шүүгч үнэлж, шийдвэртээ тусгаагүй байгаа нь нэг талын ашиг сонирхолоор хэргийг яаран шийдвэрлэсэн мэт харагдаж байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Зохигч нарын гэр бүл болохдоо зориулж авсан эд хөрөнгөнөөс хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах боломжгүй юм. Учир нь талууд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүүтэй болж улмаар хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоход зориулж Баянгол дүүргийн 10-р хороолол, Бэгдү хотхон 57\1 дүгээр байрны 47 тоот 2 өрөө орон сууцыг Хас банкнаас       70 000 000 төгрөгний 100 хувийн зээлээр авсан байдаг. Тухайн үед зохигчид хоёул банкинд ажиллаж байсан бөгөөд энэ нь зээлийн нөхцөл болж, хариуцагч зээлдэгчээр бүртгэгдсэн болно. Гэвч хүүхэд нялх байсан тул арга буюу нэхэмжлэгч тус байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн юм. Улмаар зохигчид тодорхой хугацаанд хүүхдийнхээ хамтаар амьдарч байсан боловч тохиромжтой үе нь таараагүй тул хожуу буюу 2015 онд хуулийн дагуу батлуулсан байна. Гэвч уг байрыг тэд гэр бүл болохдоо зориулж авсан гэдэг нь бодит үнэн тул хариуцагч өөрт оногдох хэсгээ шаардсан болно. Иймд энэ байдлыг бодитоор үнэлж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан буюу хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Э  нь хариуцагч Ж.О-д  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэжилснийг хариуцагч эс зөвшөөрч дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг, хүүхдийн сургалтын төлбөрт 1 575 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Э , Ж.О  нар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Б төрсөн, гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Ц.Э-ын  нэр дээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 57/1 дүгээр байрны 47 тоот,41 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, хариуцагч Ж.О-ын  нэр дээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байх , 35.9 м.кв тайлбайтай 1 өрөө орон сууц тус тус бүртгэлтэй байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэгджээ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүүхдийг эхийн асрамжид үлдээх шаардлагыг шийдвэрлээгүй атал нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулсан, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т нэхэмжлэгчийг “хариуцагч” гэж бичсэн нь тус тус буруу байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, хэргийн нотлох баримтанд тулгуурлан хүү Э.Б-ыг  эх Ж.О-ын  асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрэх боломжгүй байгаа нь тогтоогдсон учир гэрлэлтийг цуцалсан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэлтээс өмнө бий болсон болох нь тогтоогдсон, зохигчид зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн байгаа ч тухайн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хариуцагч төлж байсан талаарх байдал тогтоогдохгүй байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тодорхойлох боломжгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд “...шүүх хуралдаан дээр нэмэлт тайлбар гаргуулаагүй…” гэсэн нь үндэслэлгүй. Шүүх нотлох баримтыг шинжлэн судалсаны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд заасан журмын дагуу тодруулах зүйлийн талаар хэргийн оролцогчоос асуулт асууж болох бөгөөд талууд заавал нэмж тайлбар гаргах талаар хуулийн энэ заалтад агуулагдаагүй. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03304 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа 2 гэж дугаарлан “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Б-ыг  эх Боржигон овогт Ж-ны О-ын  асрамжид үлдээсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5, 5 дахь заалтыг 6, 6 дахь заалтыг 7, 7 дахь заалтыг 8 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 180 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

         ШҮҮГЧИД                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ