Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00899

 

 

 

“Баруун зам групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/0396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Баруун зам групп” ХХК-ийн хариуцагч “Р.Г” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201 312 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оноос хойш ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч хамтын ажиллагаатай байсан. 2014 оны 9 дүгээр сараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа Солар гарден хотхоны 66/7, 66/8 орон сууцнуудын суурийн ажлаас авахуулаад барилгын төмөр, бетон бүтээц угсрах ажлыг нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн. Энэ ажлыг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 05 дугаар сарын 10-ны хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу ажлын хөлсөө шаардах тодорхой хугацаа заасан. Хариуцагч хугацаандаа ажлын хөлсийг төлөөгүй учир нэхэмжлэгч компани залилуулсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаж үзээд залилангийн гэмт хэргийн шинж байхгүй, иргэний маргаан гэж үзэж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвлөсөн. Иргэний хэргийн журмаар эрхээ хамгаалуулах боломжтой гэж 2 шатны прокурорын байгууллагаас хариу мэдэгдэл өгсөний дагуу иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Бид гэрээгээр тохиролцсон 2386 мкв барилга угсралтын ажил, 670 мкв суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн учраас гэрээний 4.1 дэх хэсэгт нэрлэн заасан ажлын хөлсөө 4.2.1-д заасан нөхцөл журмын дагуу шаардах эрхтэй гэж үзэж 201,000,000 төгрөгийн ажлын хөлсийг бүхэлд нь шаардаж байгаа. Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэсэн ажлын хөлс болох 201,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний 4.1-д нэг м/кв талбайн үнийг 75,000 төгрөг, суурийн талбайн гүйцэтгэлийг 37,500 төгрөгөөр тооцож, нийтдээ 201,312,500 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 4.1-д дахь заалтад энэхүү төлбөр захиалагч талаас нийлүүлэх барилгын материал болон захиалагчийн ажил гүйцэтгэхэд зориулж ажиллуулах кранаас бусад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, ажиллах хүч бусад ажил гүйцэтгэхдээ холбоотой бүхий л зардал багтсан болно гэж заасан. Хариуцагч талаас шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Харамсалтай нь шинжээч жишиг үнийн тариф гаргуулна гэсэн хүсэлтэн дээр ажил гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг гаргуулах шаардлагатай гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон. Иргэний хуулийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Татгалзаж байгаа нэгдүгээр үндэслэл нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан нь үнэн. Тодорхой хэмжээгээр ажил явж байсан ч гэрээт ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөхгүйгээр ажлаа хаяад явсан. Бид бол тухайн үед хариуцагчид гүйцэтгэсэн ажлын үр дүн шаардлагын хэмжээнд нь 100 сая төгрөг хүлээлгэж өгсөн. 100 сая төгрөг хүлээж авсан талаар хоёр тал маргахгүй байгаа боловч тус 100 сая төгрөгийг өөр зүйлийн төлбөр гэж нэхэмжлэгч тал үздэг. Ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа атлаа гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй тул бид хэдэн төгрөг дутуу төлсөн, хэдэн төгрөг өгсөн, өгөөгүй гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэдгийг одоо тогтоох боломжгүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар зохигч нар нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа өөрөө нотлох ёстой. Энэ хүмүүс 201 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлын хөлсийг авах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй болж байна. Харамсалтай нь ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй ч тухайн үед хийгдсэн ажлын хэмжээнд нь ажлын хөлсийг нь төлсөн гэж үзэж байна. Иймд одоо нэмэлт ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 75.2-д ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан учраас үүргийн гүйцэтгэлтэй холбоотой тусгай хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэрээт ажлыг нэхэмжлэгч талын тодорхойлолтоор бол 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж гэрээт ажлыг хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул ажлын хөлс төлөгдөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байна. Энэ хүмүүс тухайн үед шаардлага тавьж байсныг нотолсон баримтгүй, 2018 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагад залилан мэхлүүлсэн талаар гомдол гаргасан. Гэвч гомдлыг шалгах явцад энэ нь иргэний хэргийн маргаан гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан. Цагдаагийн байгууллагад 3 жил 5 сарын дараа гомдол гаргасан байдаг. Нэхэмжлэгч компани ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй, ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн нотлох үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Р.Г” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201.312.500 төгрөг гаргуулах тухай Б.З.ГХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З.ГХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.164.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулгыг хуульчилсан бөгөөд 4 дэх хэсгээр "шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг"-ийг тодорхойлсон байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, тэрхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийн илэрхийлэл байх учиртай. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд уүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлсон боловч энэ нь шүүхийн шийдвэрт тусгалаа олсонгүй. Мөн шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагыг хуульд тодорхойлсноор бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний 2.1-д зааснаар Хан-уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт захиалагч талын барьж буй Solar Garden хотхоны 66/7, 66/8 дугаар барилгын 1-2 дугаар давхар болон зоорийн давхар, парпетийн нийт 2356 м.кв талбайд барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил, 675 м.кв суурийн ажил гүйцэтгэхээр, гэрээний 4.1-д зааснаар нийт ажлын хөлс 201,312,500 болохыг тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Иргэний хуулийн 343.1, 343.2, 343.3 тус тус үндэслэл болгож, дээрх хуулийн заалтаас харахад ажил гүйцэтгэх гэрээ нь 2 талын гэрээ, бодит үр дүн гарсан байх, мөн талуудын үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь тодорхой ажлыг эхэлж гүйцэтгэж, дараа нь захиалагч тал уг ажлын үр дүнг хүлээж авахаар байна гээд, ажил гүйцэтгэгчийн хүлээх үндсэн үүрэг нь амласан ажлыг хийж гүйцэтгэх явдал байдаг бѳгѳѳд тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн ѳгѳх үүрэгтэй. Гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн болон ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөнд өөрчлөлт орсон эсэх талаар талууд маргасан бөгөөд гэрээний 4.1-д заасан ажлын хөлсөнд захиалагч талаас нийлүүлсэн барилгын материал болон захиалагчийн талаас ажлын гүйцэтгэлд зориулж авсан кранаас бусад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүч бусад ажил гүйцэтгэхтэй холбоотои бүхий л зардлууд багтсан, гэтэл гүйцэтгэгч тал ямар ч тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гаргаагүй гэж хариуцагч тал тайлбарлажээ. Тэрээр "... захиалагч талын гаргасан тоног төхөөрөмж дээр гүйцэтгэсэн ажлын нъ хөлсөнд 100 сая төгрөгийг өгсөн " гэх бөгөөд энэ талаар гэрээний доод хэсэгт гар бичмэлээр тусгасан, харин нэхэмжлэгч 100 сая төгрөгийг өөр гэрээний төлбөр гэж тайлбарласан боловч нотолсон баримтгүй болно. Мөн "..,гэрээнд зааснаар бетон бүтээцийн ажлыг актаар хүлээлгэн өгсөн талаар нотолсон баримтгүй тул ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн огоогүй тохиолдолд хөлс төлөх үүрэг захиалагчид үүсэхгүй гэх үндсэн зарчмын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй ба гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн болон ажлыг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ " гэжээ. Дээрхээс дүгнэж үзвэл ажил гуйцэтгэх гэрээний нэг тал болох гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул захиалагчид хөлс төлөх үүрэг үүсэхгүй гэж узээд, мөн хариуцагчийн шилжүүлсэн 100 сая төгрөгийг өөр ажлын төлбөрт авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж ойлгохоор байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг дээрх байдлаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй тал бүрээс нь үнэлээгүй, зохигчдын тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, илтэд хохиролтой шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн анхны тайлбар, зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй хүсэлт, шүух хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэж үзвэл гүйцэтгэгч ажлын ур дүнг захиалагчид хүлээлгэж өгөөгүй, дутуу орхисон, ажлын ур дүнд доголдол байсан талаар хариуцагч буюу захиалагч маргаагүй, ажлыг өөрөө, эсхүл өөр бусад этгээдээр гүйцэтгүүлж ажлын үр дүнг хүлээж авсан талаар тайлбар, баримт ируүлээгүй, мөн энэ талаар шаардлага гаргаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөс даруй 20 хоногийн өмнө байгуулсан буюу гэрээг нөхөж байгуулсанд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр, гүйцэтгэгч ажлыг 2014 оны 10 дугаар сараас эхлэн гүйцэтгэж эхлэсэнийг харгалзаж үзэлгүйгээр, / захиалагчийн шилжүүлсэн гэх  100 сая төгрөгийг ямар учиртай, ямар зорилгоор шилжүүлсэнд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн байна. Хариуцагч "Р.Г" ХХК-ийн захирал Ц.Лхагвадоржийн анхны тайлбарт "...гүйцэтгэгчийг, итгэл эвдэн туслан гүйцэтгэгчээр тухайн ажлыг гүйцэтгүүлж, туслан гүйцэтгэгчээр дамжуулан мөнгө завшсан" гэж, өмгөөлөгчийн тайлбар, хүсэлтэд: "...гүйцэтгэгч тал тухайн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой өөрөөс нь гарах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гаргаагүй ба захиалагчаас уг зардал гарсан гэж үзэж өөрөөс гаргасан зардлыг хасч, үлдэх 100 сая төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн гэх" тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, харьцуулж үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрийг гаргасан байна. Угтаа бол захиалагч нь гүйцэтгэгчээс гарах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гаргасан гэж үзэж байгаа бол хэдэн нэр төрлийн, ямар тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг, хэдэн төгрөгөөр тооцож гүйцэтгэгч талд ашиглуулсан буюу өөрөөс нь хэдийн хэмжээнии зардал гарсаны улмаас ажлын хөлсөнд өөрчлөлт оруулсан болохыг мөн л нотлох үүрэгтэй. Хариуцагч компанийн захирал Ц.Лхагвадоржийн цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй тайлбар зэргээс дүгнэж үзвэл гүйцэтгэгчийг ажлаа бусдаар гүйцэтгүүлж өөрөөс нь мөнгө завшсан, өөрөөр хэлбэл өөрийгээ мэхлэгдсэн гэж үзэж үлдэгдэл хөлсийг өгөхгүй байх субъектив санаа зорилго агуулж байсан гэж үзэхээр байна. Иймд ИХІДХШтХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсгийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00396 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Баруун зам групп” ХХК нь хариуцагч “Р.Г” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201 312 500 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Баруун зам групп” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... “Р.Г” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Солар гарден хотхоны 66/7, 66/8 орон сууцны 2386 м.квадрат барилга угсралтын ажил, 670 м.квадрат суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн учраас гэрээнийн 4.1, 4.2.1-т заасан ажлын хөлс 201 312 500 төгрөг гаргуулна” гэж тодорхойлжээ. Хариуцагч татгалзлын үндэслэлийг “ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй, ажлыг орхиод явсан тул хөлс төлөх үүрэггүй” гэж тодорхойлон маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч байгууллагаас 100 сая төгрөг шилжүүлсэн талаарх нотлох баримтыг албадан гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2019/04348 дугаар захирамж гаргасан боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн буюу хэрэгт ач холбогдол бүхий байж болох үйл баримтад хамаарах нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Тодруулбал, талууд ажил гүйцэтгэх гэрэээд заасан ажлыг гүйцэтгэсэн эсэх, ажлын хөлс төлсөн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд 100 000 000 төгрөгийг ямар утга агуулгатай шилжүүлсэн, хэзээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцогдон төлөгдсөн болохыг тогтооход дээрх баримт нь ач холбогдолтой байна.

Захиалагч гүйцэтгэгчийн хийсэн ажилд нь тохирсон хөлс болох 100 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч уг 100 000 000 төгрөгийг урьд хийж гүйцэтгэсэн өөр ажлын хөлсөнд төлсөн төлбөр гэж үгүйсгэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг шүүх зөрчсөн ба нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. /хх-46, 47-48/

Түүнчлэн, хэргийн оролцогчоос маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж, шүүх үг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон байх боловч томилогдсон шинжээч “нотлох баримт ирүүлээгүй” шалтгаанаар, хариуцагч гаргасан хүсэлтээсээ “шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан” гэх үндэслэлээр тус тус татгалзаж /хх 50,62,74/ захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах хэсэгт зааснаар аливаа этгээд хэрэг хянаж шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 Иймд маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/0396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 164 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Б.НАРМАНДАХ