Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00044

 

                                                           Баруун зам групп ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00396 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 899 дүгээр магадлалтай,

Баруун зам групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ромбон газар ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201,312,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Баруун зам групп ХХК нь хариуцагч Ромбон газар ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201,312,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00396 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ромбон газар ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201,312,500 төгрөг гаргуулах тухай Баруун зам групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баруун зам групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,164,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 899 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/0396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 183/ШШ2020/0396 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Баруун зам групп ХХК-ийн хариуцагч Ромбон газар ХХК-д холбогдуулан гаргасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 201,312,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 899 тоот магадлалаар хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт ... 100 сая төгрөгийг шилжүүлсэн талаарх нотлох баримтыг албадан гаргуулах хүсэлт гаргасныг ... хангасан боловч захирамжийн уг заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн... нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэжээ. Уг 100 сая төгрөгийг шилжүүлсэн болон хүлээн авсан талаар талууд маргаагүй ба шилжүүлгийн баримтыг хариуцагч гарган өгсөн нь уг дүгнэлтийг шууд үгүйсгэж байна. Харин нэхэмжлэгч өөр ажлын хөлсөнд авсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй нь ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.1-ийг өөрөө зөрчсөн ба нэхэмжлэлийн энэ үндэслэлээ нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт гэж үзэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй болно.

4.2. Шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь буруу гэх үндэслэлээ ИХШХШТХ-ийн 46-р зүйлийн 46.3 дахь заалтад зааснаар тайлбарлан магадалсан байх боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй байсан ажлын гүйцэтгэлийн талаарх баримт байхгүй буюу үйлдэгдээгүй, хийгдээгүй ажлын талаар нотлох баримт гаргах боломжгүй, өөрөөр хэлбэл нотлогдох ямар ч боломжгүй болох нь нийтэд илэрхий үйл баримтыг шаардсан гэж үзэж ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.8-д заасан хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, ... баримтыг шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх, захирамж гаргах эрхийн дагуу хийгдсэн хууль ёсны шийдвэр гэж үзэж давж заалдах магадлалын энэ хэсгийг эс зөвшөөрч байна.

4.3. Анхан шатны шүүхийн 183/ШШ2020/0396 дугаар шийдвэр нь нотлох баримтыг шударгаар зөв үнэлж, хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, ИХ-ийн 343-р зүйлд заасны дагуу хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн гэж хариуцагч тал үзнэ. Иймд ИХШХШТХ-ийн 176-р зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 899 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 183/ШШ2020/0396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн хянан шийдвэрлүүлэхээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Баруун зам групп ХХК нь хариуцагч Ромбон газар ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201,312,500 төгрөг шаардахдаа ... Солар гарден хотхоны 66/7, 66/8 орон сууцны 2386 м.кв барилга угсралтын ажил, 670 м.кв суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн учраас гэрээний 4.1, 4.2.1-т заасан ажлын хөлс гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй, ажлыг орхиод явсан тул хөлс төлөх үүрэггүй гэж татгалзжээ.

6. Анхан шатны шүүх ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн болон ажлыг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй болно гэж дүгнэн Баруун зам групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх ..хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч байгууллагаас 100,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх нотлох баримтыг албадан гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019.04.08-ны өдрийн 183/ШЗ2019/04348 дугаар захирамж гаргасан боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу талууд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн эсэх, ажлын хөлс төлсөн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд дээрх мөнгийг ямар утга агуулгатай шилжүүлсэн, хэзээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцогдон төлөгдсөн болохыг тогтооход дээрх баримт нь ач холбогдолтой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул энэ тогтоолын 4.1-д заасан үндэслэлээр гомдлыг хангах боломжгүй байна.

7.2. Хэргийн оролцогчоос шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон байх боловч томилогдсон шинжээч нотлох баримт ирүүлээгүй гэх шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзсан, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан гэх үндэслэлээр хариуцагч гаргасан хүсэлтээс тус тус татгалзсан байна. Хүсэлт гаргасан тал хүсэлтээс татгалзсан боловч маргааны үйл баримтыг тогтооход шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой байж болох захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул энэ тогтоолын 4.2-т заасан гомдол үндэслэлгүй юм.

7.3. ...маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул энэ тогтоолын 4.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 899 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1,164,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД