Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00366

 


2020 оны 02 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2020/00396 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, тоотод байрлах, Б  ХХК /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоотод байрлах, Р  ХХК /РД:........../-д холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201.312.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оноос хойш ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч хамтын ажиллагаатай байсан. 2014 оны 9 дүгээр сараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа Солар гарден хотхоны 66/7, 66/8 орон сууцнуудын суурийн ажлаас авахуулаад барилгын төмөр, бетон бүтээц угсрах ажлыг нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн. Энэ ажлыг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 05 дугаар сарын 10-ны хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани ажлаа хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу ажлын хөлсөө шаардах тодорхой хугацаа заасан. Хариуцагч хугацаандаа ажлын хөлсийг төлөөгүй учир нэхэмжлэгч компани залилуулсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаж үзээд залилангийн гэмт хэргийн шинж байхгүй, иргэний маргаан гэж үзэж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвлөсөн. Иргэний хэргийн журмаар эрхээ хамгаалуулах боломжтой гэж 2 шатны прокурорын байгууллагаас хариу мэдэгдэл өгсөний дагуу нэхэмжлэгч иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Бид гэрээгээр тохиролцсон 2386 мкв барилга угсралтын ажил, 670 мкв суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн учраас гэрээнд нэрлэн заасан гэрээний 4.1 дэх хэсэгт заасан ажлын хөлс, гэрээний 4.2.1-д заасан нөхцөл журмын дагуу бид шаардах эрхтэй гэж үзэж 201,000,000 төгрөгийн ажлын хөлсийг бүхэлд нь шаардаж байгаа. Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэсэн ажлын хөлс болох 201,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний 4.1-д нэг м/кв талбайн үнийг 75,000 төгрөг, суурийн талбайн гүйцэтгэлийг 37,500 төгрөгөөр тооцож, нийтдээ 201,312,500 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 4.1-д дахь заалтад энэхүү төлбөр захиалагч талаас нийлүүлэх барилгын материал болон захиалагчийн ажил гүйцэтгэхэд зориулж ажиллуулах кранаас бусад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, ажиллах хүч бусад ажил гүйцэтгэхдээ холбоотой бүхий л зардал багтсан болно гэж заасан. Хариуцагч талаас шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Харамсалтай нь шинжээч жишиг үнийн тариф гаргуулна гэсэн хүсэлтэн дээр ажил гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг гаргуулах шаардлагатай гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон. Иргэний хуулийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Татгалзаж байгаа нэгдүгээр үндэслэл нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан нь үнэн. Тодорхой хэмжээгээр ажил явж байсан ч гэрээт ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөхгүйгээр ажлаа хаяад явсан. Бид бол тухайн үед хариуцагчид гүйцэтгэсэн ажлын үр дүн шаардлагын хэмжээнд нь 100 сая төгрөг хүлээлгэж өгсөн. 100 сая төгрөг хүлээж авсан талаар хоёр тал маргахгүй байгаа боловч тус 100 сая төгрөгийг өөр зүйлийн төлбөр гэж нэхэмжлэгч тал үздэг. Ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа атлаа гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй тул бид хэдэн төгрөг дутуу төлсөн, хэдэн төгрөг өгсөн, өгөөгүй гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэдгийг одоо тогтоох боломжгүй болсон байна. Нэгэнт боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар зохигч нар нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа өөрөө нотлох ёстой. Энэ хүмүүс манайхаас 201 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлын хөлсийг авах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй болж байна. Харамсалтай нь манайд ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй учраас бид энэ хүмүүст тухайн үед хийгдсэн ажлын хэмжээнд нь ажлын хөлсийг нь төлсөн гэж үзэж байна. Иймд одоо нэмэлт ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 75.2-д ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан учраас үүргийн гүйцэтгэлтэй холбоотой тусгай хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэрээт ажлыг нэхэмжлэгч талын тодорхойлолтоор бол 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж гэрээт ажлыг хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээлгэж өгсөн бол үүргийн гүйцэтгэл буюу ажлын хөлсийг шаардах эрх нь үүсэж байна. Үүнийг Иргэний хуулийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул ажлын хөлс төлөгдөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байна. Энэ хүмүүс тухайн үед шаардлага тавьж байсаныг нотолсон баримтгүй, 2018 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагад залилан мэхлүүлсэн талаар гомдол гаргасан. Гэвч гомдлыг шалгах явцад энэ нь иргэний хэргийн маргаан гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан. Цагдаагийн байгууллагад 3 жил 5 сарын дараа гомдол гаргасан байдаг. Нэхэмжлэгч компани ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй, ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн нотлох үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б  ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201.312.500 төгрөгийг хариуцагч Р  ХХК-иас гаргуулахыг хүссэн, харин хариуцагч тал ...зах зээл дэх ажлын хөлсний үнэлгээний дагуу тохирсон хөлсийг Хаан банкаар дамжуулан өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015.04.10-ны өдөр Барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний 2.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт захиалагч талын барьж буй С  хотхоны 66/7, 66/8 дугаар барилгын 1-2 дугаар давхар болон зоорийн давхар, парпетийн нийт 2356 м/кв талбайд барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил, 675 м/кв суурийн ажил гүйцэтгэхээр, гэрээний 4.1-д зааснаар нийт ажлын хөлс 201,312,500 болохыг тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас харахад ажил гүйцэтгэх гэрээ нь 2 талын гэрээ, бодит үр дүн гарсан байх, мөн талуудын үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь тодорхой ажлыг эхэлж гүйцэтгэж, дараа нь захиалагч тал уг ажлын үр дүнг хүлээн авахаар байна.

Ажил гүйцэтгэгчийн хүлээх үндсэн үүрэг нь амласан ажлыг хийж гүйцэтгэх явдал байдаг бөгөөд тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь тухайн ажил үүргийг 2014.10.01-ний өдрөөс эхлэн 2015.05.01-ний өдрийн хугацаанд бүрэн, чанартай хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, гэрээний 4.2, 4.2.1-д зааснаар захиалагч нь ажлын хөлсийг бетон бүтээцийн ажлыг актаар хүлээн авсанаас хойш 6-12 сард төлөхөөр тус тус тохирсон байна.

 

Гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн болон ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөнд өөрчлөлт орсон эсэх талаар талууд маргасан бөгөөд гэрээний 4.1-д заасан ажлын хөлсөнд захиалагч талаас нийлүүлсэн барилгын материал болон захиалагчийн талаас ажлын гүйцэтгэлд зориулж авсан кранаас бусад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүч бусад ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зардлууд багтсан, гэтэл гүйцэтгэгч тал ямар ч тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гаргаагүй гэж хариуцагч тал тайлбарлажээ.

 

Тэрээр ...захиалагч талын гаргасан тоног төхөөрөмжин дээр гүйцэтгэсэн ажлын нь хөлсөнд 100 сая төгрөгийг өгсөн гэх бөгөөд энэ талаар гэрээний доод хэсэгт гар бичмэлээр тусгасан, харин нэхэмжлэгч 100 сая төгрөгийг өөр гэрээний төлбөр гэж тайлбарласан боловч нотолсон баримтгүй болно.

Хариуцагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг тогтоолгохоор тус шүүхийн 2019.04.15-ны өдрийн 4649 дүгээр шүүгчийн захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон боловч гүйцэтгэсэн барилгын ажлын зураг, ажлын гүйцэтгэлүүд, ажлын ил далд ажлын актууд, фото зургууд, бусад холбогдох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

 

Шинжээчийн дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай дээрх баримтууд талуудын хэн алинд нь байхгүй гэх бөгөөд хариуцагч шинжээч томилуулах хүсэлтээс татгалзсан, гэрээнд зааснаар бетон бүтээцийн ажлыг актаар хүлээлгэн өгсөн талаар нотолсон баримтгүй тул ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хөлс төлөх үүрэг захиалагчид үүсэхгүй гэх үндсэн зарчмын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

 

Гэрээний 6.1, 6.1.1-д зааснаар төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг чанарын болон барилгын стандартын дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгч хүлээсэн, гэрээний 8.1-д ажлыг хүлээлгэн өгөхдөө барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах холбогдох акт, баримтуудыг бүрдүүлж хүлээлцэхээр талууд тохирсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн болон ажлыг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй болно.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн болон Ерөнхий Прокурорын газрын 2016.11.01-ний, 2018.05.14-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсууд, 2016 оны 8, 9, 11 сард талуудаас авсан тайлбар, 2016.08.28-ны 2435 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэргээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.164.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Р  ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 201.312.500 төгрөг гаргуулах тухай Б  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.164.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ