Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 946

 

МАГАДЛАЛ

2020.04.27                                                 Дугаар                                          Улаанбаатар хот

 “М.У.Х.Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М.У.Х.Б” ХХК-ийн хариуцагч “ТОСК” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 25 649 932 438,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Л.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, А.Цэлмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч М.У.Х.Б ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, Л.Болдхүү нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ТОСК ХХК /хуучнаар ТОСК ТӨҮГ нь тус банктай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3-ОС-Б 2016-10 2016/3-01 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан 7 055 255 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, ТОСК ТӨҮГ-ын худалдан авахаар төлөвлөж буй барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /ИВМ/-ыг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан үндсэн зээлийн гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болон 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Зээлдэгч ТОСК ТӨҮГ нь зээлийн гэрээгээр хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б-ОС-Б 2016-11 дугаартай Барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7 055 255 ам.доллараас төлөлт огт хийгээгүй, төлбөл зохих нийт хүүгийн төлбөрт 2 388 752.56 ам.доллароос, нэмэгдүүлсэн хүүнд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 45 467.19 ам.доллар төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Иймд нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэлд 7 055 255 ам.доллар, зээлийн хүүд 2 213 782.13 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 129 503.13 ам.доллар, нийт 9 398 540.36 ам.долларыг нэхэмжилж байна. Хариуцагч ТОСК ТӨҮГ зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Бид 9 398 540.36 ам.долларыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш болох 2 729.14 төгрөгөөр тооцон 25 649 932 438 төгрөгийн М.У.Х.Б ХХК-д олгон шийдвэрлэж өгнө үү. 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,7.1.3., 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар зээл олгох, авах, баталгаа, батлан даалт гаргах эрхтэй. 2017 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2., 23 дугаар зүйлийн 23.2.-т зааснаар ч УИХ, Засгийн газар аль аль нь санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гээд заасан байдаг. Иймд хууль зөрчсөн зүйлгүй. Засгийн газрын 60 дугаар тогтоолоор тус банкны хувьцаа эзэмшигч Засгийн газрын өгсөн бүрэн эрхийн дагуу л Шинэ сум гэдэг төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийг нэг бөгөөд хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээг байгуулсан учир гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, өөр гэрээг халхавчлах зорилго байгаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт ТОСК ХХК-иас гаргасан хүсэлтүүдээс ч энэ нь харагдаж байна. Бид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцааны дагуу үүрэг шаардаж байгаа, авсан зээлээ төлөөгүй байгаа гэдгээ хариуцагч тал зөвшөөрсөн. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Барьцааны зүйл болох тоног төхөөрмж нь хариуцагч ТОСК ХХК-ийн өмчлөлийн зүйл хэвээр байна гэжээ.

Хариуцагч ТОСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, Б.Итгэлбат нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн банктай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7 055 255 ам.долларын үнийн дүн бүхий Зээлийн гэрээг байгуулж гэрээний дагуу санхүүжилт хийгдсэн боловч тухайн гэрээг байгуулах болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлах нь зүйтэй байна. Тус зээлээр барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг санхүүжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-т шаардлагатай дээрх тоног төхөөрөмжийг авахаар шийдвэрлэсэн боловч худалдагч тал болох Америкийн компаниас цэргийн байгууллагад худалдахгүй, иргэний байгууллагад худалдана гэсэн санал тавьснаар Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоол гарч, ажлын хэсэг байгуулагдан 8 300 000 ам.долларын үнэтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг нийт үнийн дүнгийн 30 хувийг төлж, үлдсэн 70 хувийн төлбөрийг аккердитивээр төлөхөөр тохиролцсоны дагуу Америкийн MIC industries компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. ТОСК ТӨХХК нь тус тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 055 255 ам.долларыг Хөгжлийн банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, үлдсэн 15 хувь болох 1 245 045 ам.долларыг өөрийн эх үүсвэрээс Төрийн банктай байгуулсан аккредитивын гэрээгээр төлж барагдуулсан бөгөөд Төрийн банкны шимтгэлд гэхэд л 32 135.94 ам.долларын зардал төлсөн. Манай байгууллагын хувьд уг тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй бөгөөд худалдагч талын тавьсан шаардлагаас улбаатайгаар Батлан хамгаалах яам худалдан авах боломжгүй болж түүний өмнөөс манай байгууллага авсан. Засгийн газраас 2017 оны 01дүгээр сарын 26-нд тогтоол гарч, Ерөнхий сайдын 22 тоот захирамжаар ажлын хэсэг томилогдон тоног төхөөрөмжийг Батлан хамгаалах яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 48 дугаар тогтоолоор барилгын хийц үйлдвэрлэлийн хөдөлгөөнт цогцолборын эх үүсвэрийг улсын төсөвт суулган, Батлан хамгаалах яаманд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу тоног төхөөрөмжийг 2017 оны 08 дугаар сарын 02-нд гаалийн баталгаат агуулахаас авч, Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэгдэлээр дээрх тоног төөхөөрөмжийг ашиглах, ашиглалтаас олох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх нэг үндэслэлээ бид Хөгжлийн банктай байгуулсан 7 055 255 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээг хийгдсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол манай байгууллагад анхнаасаа байгаагүй, авах хүсэлтэй байсан Батлан хамгаалах яамны өмнөөс манай байгууллагаар дамжуулан Америкийн компанитай худалдах худалдан авах гэрээг байгуулж улмаар энэ зээлийг авхуулсан байдаг. Энэ нь тус зээлийн гэрээ нь өөр нэгэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болохыг харуулж байгаа буюу Батлан хамгаалах яам болон Засгийн газрын хооронд хийгдсэн хэлцлийг халхавчилж, түүний улмаас зээл авахад хүргэсэн харилцаа болжээ гэж үзэж байна. Одоо уг тоног төхөөрөмж Батлан хамгаалах яамны эзэмшилд очсоноор манай байгууллага өөрийн хүсэл, сонирхлын хүрээнд, тухайн тоног төхөөрөмжийг авах хэрэгцээ, зорилгоор уг зээлийн гэрээг байгуулаагүй, өөр хэлцлийн хэрэгжилтийг хангах үүднээс байгуулсан гэдэг нь мөн Засгийн газраас Батлан хамгаалах яаманд уг тоног төхөөрөмжийг ашиглаж, олох орлогоор нь Хөгжлийн банкны зээлийн төлбөрийг төлөхийг даалгасан байдлаас тус тус харагдаж байна. Дээрх зээлийн гэрээ нь өөрөө Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь Хөгжлийн банк тухайн зээлийг олгохдоо манай байгууллагын санхүүгийн чадвар, тухайн зээлийг төлөх боломж, зээлийг авах шаардлага байгаа эсэх зэргийг эрхийнхээ хүрээнд судалж тооцолгүйгээр зээлийг олгосон нь үнэн санаанаасаа бус, өөр нэг хэлцлийг халхавчилж, яаралтайгаар хийсэн гэрээ болох нь харагдаж байгаа юм. Энэ нь манай байгууллагын алдагдалтай ажиллаж байгаа, мөн өөр их хэмжээний өртэй болохыг харуулсан санхүүгийн тайлангаар нотлогдсон. Их хэмжээний хугацаа хэтэрсэн өр зээлтэйг мэдсээр атлаа дахин өр нэмэгдүүлэн нэмж зээл олгосон нь өөрөө хуулиа зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газар 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар УИХ-аас баталсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг жил бүрийн хаврын чуулганаар батлаад тэгээд санхүүжүүлэхэд зориулж зээл олгох ёстой. Гэтэл ингэж УИХ-аар батлуулсан төсөл байхгүй. Зөвхөн тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ л байдаг, ямар ч техник эдийн засгийн үндэслэл, тооцоо хийгээгүй нь хууль зөрчсөн. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3.-т заасан үр ашигтай байх, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2., 10.1.3.-т заасан тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах, зураг, төсөл, төсөв, ТЭЗҮ хийгдсэн байх гэсэн шаардлагуудыг хангаагүй, 6 дугаар зүйлийн 6.1.5.-д заасан хариуцлагатай байх зарчмаа ч зөрчсөн. Үүнээс болж манай байгууллага дунд нь зөвхөн валютын ханшнаас гэхэд л 5 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна. Эдгээрээс дүгнэн манай байгууллага нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 7 055 255 ам.долларыг авсан өгснөө буцаах зарчмын дагуу төлж барагдуулахыг зөвшөөрч, татгалзах зүйлгүй бөгөөд үндсэн хүүгийн үлдэгдэл 2 213 782.24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 129 503.13 ам.долларын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч ТОСК ХХК-иас 25 152 059 931 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.У.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 497 872 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 407 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125 918 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 497 872 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3-ОС-Б 2016/3-01 тоот зээлийн гэрээний үүрэгт буюу зээлд 7 009 787.81 ам.доллар, гэрээний хугацааны хүү 1 889 339.24 ам.доллар, хэтрүүлсэн хугацааны хүү 264 551.96 ам.доллар, гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү 52 433 ам.доплар, нийт 9 216 112 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам.доллартай харьцах төгрөгийн ханш болох 2 729.14 төгрөгөөр тооцон 25 152 059 931 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 182 428.36 ам.доллар буюу 497 872 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэж нэхэмжлэлийн шаардлагыг 182 428.36 ам.доллараар бууруулсан үндэслэлээ тайлбарлахдаа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэл 323 хоногийн хугацаанд үндсэн зээл болох 7 055 255 ам.долларын сарын 0,6667 хувийн /өдрийн 0,0222 хувийн/ хүүд 505 904.11 ам.доллар тооцогдсон бөгөөд энэ өдөр төлсөн 45 467.19 ам.долларыг зээлээс хасч тооцоход хариуцагч нь зээлд 7 009 787.81 ам.доллар, зээлийн хүүд 505 904.11 ам.долларын үлдэгдэлтэй. 2017 оны 01 дүгээр сарын 23-наас гэрээний хугацаа дуусах хүртэлх буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл 889 хоногийн зээлийн хүү 1 383 435.13 ам.доллар тооцогдож, зээлд 7 009 787.81 ам.долларыг төлөх үүрэгтэй байсан байна гэж дүгнэсэн. "М.У.Х.Б" ХХК нь анхан шатны шүүхийн бодсон зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тооцооллыг хянаж үзвэл дараах алдаа гарсан байна.

Нэгдүгээрт: 2016 оны 02 дугаар сарын 05-наас 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэл нийт 323 хоног бус 353 хоног байх тухай Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д "Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно" гэж, хугацаа тоолох журмыг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эхлэн тоолно " гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж нийт 30 хоног дутаасан байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг өдрийг хүртэл нийт 353 хоногийн үндсэн хүү 553 445.56 ам.доллар бодогдох ёстой байтат 323 хоногоор бодож 505,904.11 ам.долларын үндсэн хүү бодсон нь үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 47 541.45 ам.долларыг буюу 30 хоногийн үндсэн хүүг дутуу тооцож хассан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 4.1-т "Зээлийн эхний олголтыг энэхүү гэрээний 3.1.7-д заасан дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хугацааг тооцох бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцно. Зээлийн хүүг сар тутам харгалзах бодит хоногоор, жилийн 360 хоног байхаар, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоног тутам харгалзах бодит хоногоор тооцно" гэж гэрээгээр харилцан тохиролцсон тул ашигласан бодит хоногийг дээрх хугацаанд нийт 353 хоног байхаар банк тооцсон нь хугацаа тоолох журам болон зээлийн гэрээнд нийцсэн болно.

Хоёрдугаарт: Нэмэгдүулсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон нь буруу буюу анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.1.5-д заасныг баримталж гэрээний хамгийн сүүлийн хугацаа дууссан 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тайлбарлаж нийт 77,070.13 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнээс хассан нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.1.10-т “Нэмэгдүүлсэн хүү, Гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 (хорин) хувьтай тэнцүү байна" гэж, мөн зээлийн гэрээний 4.2-т "Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс Гэрээний үүргээ бүрэи биелүүлж дуусах хуртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1.10 дахь хэсэгт заасан хувиар иэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж Банкинд төлнө" гэж харилцан тохиролцсон. Зээлийн гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 3.3-т "Зээлдэгч нь Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг банкинд төлөх бөгөөд энэ нь гэрээ хүчин төгөлдөр болох нэгэн нөхцөл болно" гэж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 3.3-т "Зээлдэгч нь хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Банкинд төлөх бөгөөд Банк нь Зээлдэгчийн М.У.Х.Бин дахь 3600000549 тоот харилцах данснаас суутган авна" гэж, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 2.3-т "Үндсэн гэрээний 3.1.5 дахъ заалтад "Үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг хугацааны эцэст нэг удаа хавсралтад тодорхойлсон хуваарийн дагуу төлнө" гэснийг "Үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдуулсэн хүүгийн төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлнө гэж өөрчлөх" гэж нэмэгдүүлсэн хүүгийн тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээ тус бүрт талууд харилцан тохиролцож байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Зээлийн гэрээний 3.1.5 дах заалтыг зээлдэгч, зээлдүүлэгч нар нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр өөрчилсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд банк нэмэгдүүлсэн хүүгийн телбөрийг үндсэн төлбөрийн хуваарь зөрчигдөх бүрт тооцсон нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зөрчөөгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаас 77,070.13 ам.доллар хассаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гуравдугаарт: Нэмэгдүүлсэн хүүнд төлүүлсэн 45 467.19 ам.долларыг үндсэн зээлээс хасаж тооцсон нь талуудын тохиролцож сунгасан дээрх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед буюу зээл, зээлийн хүү төлж дуусах хугацаа болоогүй байх үед 2017 оны 01 дүгээр сарын 23-нд төлсөн 45 467.19 ам.долларыг нэхэмжлэгч тал гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд тооцон хассан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцээгүй гэж үзнэ" гэж тайлбарлаж нэмэгдүүлсэн хүүд төлсөн 45 467.19 ам.долларыг үндсэн зээлээс хасч, тухайн дүнд бодогдох үндсэн хүүг 12,349.59 ам.доллараар бууруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 57,816.78 ам.доллар хассанг мөн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 3-ОС-Б 2016-10, 2016/3-01 дугаартай Зээлийн гэрээний 7.1-д "Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж, 7.4-т "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүулээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж, 9.2.1-т "Зээлдэгчийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт үл маргах журмаар төлүүлэх" гэж гэрээнд тохиролцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т "Үүргийн гүйцэтгэл нь тѳлѳх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т "Зээлийн гэрээний хугацаа дуусан нт гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж тус тус заасан тул гэрээнд зааснаар үндсэн төлбөрийн хуваарь зөрчигдөх бүрт нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль болон холбогдох гэрээг зөрчөөгүй. Үндсэн зээлд тооцсон 45,467.19 ам.доллар, түүнд ноогдох үндсэн хүү 12,349.59 ам.доллар, 30 хоногийн үндсэн хүүгийн зөрүү 47,541.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнээс хассан 77,070.13 ам.доллар нийт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 182,428.36 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ам.долларын ханш 2,729.14 төгрөгөөр тооцож 497,872,534.41 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосныг дээрх дэлгэрэнгүй үндэслэлүүдээр хүлэн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр нэмэлтээр гаргасан тайлбарт нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн төлбөрийг ямар хэмжээгээр төлөх зээлийн хүүгийн бодолтын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх маргаангүй харилцаанд хөндлөнгөөс зээл, зээлийн хүүгийн тооцоолол буруу хийсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зерчиж байна. Иймд, шүүхийн шийдвэрийн "нэхэмжлэлээс 497 872 507 төгрөгийн шаарллагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг хүчингүй болгож, "ТОСК" ХХК-иас 25,649,932,438.09 (хорин таван тэрбум зургаан зуун дөчин есөн сая есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин найман төгрөг, есөн мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "М.У.Х.Б" ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “М.У.Х.Б” нь хариуцагч “ТОСК” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 398 540.36 ам.доллар буюу 25 649 932 438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал зарим хэсгийг буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 181-182/

            ТОСК ХХК /хуучин нэрээр ТОСК ТӨҮГ/ нь М.У.Х.Б ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 05-нд АНУ-ын MIC industries корпорациас барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ыг худалдан авах зорилгоор 7 055 255 ам.долларыг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийг хангахаар 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТОСК ТӨҮГ болон АНУ-ын MIC industries корпорацийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ын тоног төхөөрөмж, түүний бүх дагалдах хэрэгсэл, баримт бичгийг барьцаалсан. /хх9-14, 20-23/ Талууд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар нийт 3 удаа гэрээний хугацааг сунгасан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан  ТОСК ТӨҮГ-ын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/137 тоот Санхүүжилт хүсэх тухай М.У.Х.Б ХХК-д гаргасан албан бичиг, талуудын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн З-ОС-Б 2016-10 2016/3-01 тоот Зээлийн гэрээ, З-ОС-Б 2016-10, 2016/3-01-1 тоот, З-ОС-Б 2016-10, 2016/3-01-2 тоот, З-ОС-Б 2016-10, 2016/3-01-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б-ОС-Б 2016-11 тоот Барьцааны гэрээ, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлийн хэсэг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн М.У.Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 11 тоот Зээл олгох зөвшөөрөл олгох тухай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 113 тоот, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот зээлийн гэрээний хугацааг сунгах зөвшөөрөл олгосон тухай тогтоолууд тэдгээрийн хавсралтууд, ТОСК ТӨҮГ-ын 2016 оны 01 дүгээр 28-ны өдрийн 1/122 тоот, 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/137 тоот зээл, санхүүжилт хүсэх тухай албан бичгүүд, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/1455 тоот, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/244 тоот, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/604 тоот зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-15-19/

Талууд дээрх зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус эсэх, зээлийн гэрээний хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөх эсэх, тэдгээрийн хэмжээний талаар маргаж байна.

Хариуцагч хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр өөрийн татгалзлын үндэслэлээ “... зээлийн гэрээг хийгдсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-аар батлуулсан төсөл байхгүй, … ямар ч техник эдийн засгийн үндэслэл, тооцоо хийгээгүй нь хууль зөрчсөн. Зээлийн гэрээ хийх, дээрх тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол манай байгууллагад анхнаасаа байгаагүй, авах хүсэлтэй байсан Батлан хамгаалах яамны өмнөөс манай байгууллагаар дамжуулан Америкийн компанитай худалдах худалдан авах гэрээг байгуулж улмаар энэ зээлийг авахуулсан. Одоо уг тоног төхөөрөмж Батлан хамгаалах яамны эзэмшилд очсоноор манай байгууллага өөрийн хүсэл, сонирхлын хүрээнд, тухайн тоног төхөөрөмжийг авах хэрэгцээ, зорилгоор уг зээлийн гэрээг байгуулаагүй, мөн Засгийн газраас Батлан хамгаалах яаманд уг тоног төхөөрөмжийг ашиглаж, олох орлогоор нь Хөгжлийн банкны зээлийн төлбөрийг төлөхийг даалгасан. Дээрх зээлийн гэрээ нь өөрөө Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн” гэж нэмэлт тайлбар гаргажээ./хх-224,232/

Мөн 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батлана” гэж заажээ. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгогдсон эсэх талаар баримтгүй байна.

Эдгээр нөхцөл байдлын талаар талууд хангалттай мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй болно.

Түүнчлэн, хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах буюу хариуцагчаас төлөх зээлийн хүүгийн хэмжээг хэрхэн тооцоолсон талаар баримтгүй байна. Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр 21.2 дах хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зохицуулсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн талаар маргаж байгаа тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлоход зээлийн дансны хуулга чухал ач холбогдолтой. Энэхүү баримт хэрэгт авагдаагүй байхад талуудын хооронд маргаж буй зээлийн гэрээний үүргийг эцэслэн тогтоох боломжгүй бөгөөд зээлдэгчийн төлсөн эргэн төлөлтийн төлбөр зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцогдох үндэслэлтэй эсэх нь хэргийн 23 дах талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх хүснэгтээр эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг нөхөн гүйцэтгэх буюу нотлох баримт бүрдүүлэх замаар анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй, хуулиар энэ ажиллагааг хийх эрх олгогдоогүй тул энэхүү үндэслэлээр  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. Өөрөөр хэлбэл, шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд холбогдох үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу зээлийн гэрээний үүргийн хэмжээний талаар тодруулснаар тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүгнэлт хийх боломжтой болох юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 647 312.54 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

                                                                                      Б.НАРМАНДАХ