Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 980

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00980

 

 

“Х.Х.Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х.Х.Б” ХХК-ийн хариуцагч “ЗДО” ХХК, Ж.О, Б.Ц, П.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 539 299 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ЗДО ХХК-тай 2017 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ, түүнтэй холбоотой барьцааны гэрээг байгуулсан. 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ байгуулан, Ж.О, П.М нартай баталгааны гэрээг тус тус байгуулж 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготой авсан. Зээлдэгч ЗДО ХХК нь зээлийн эрх нээх гэрээ болон зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний үндсэнд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ баталгаа болгож иргэн Б.Цын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220407550 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах 38,26 м.кв 1 өрөө орон сууцыг Иргэний хуульд заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалж, бүртгүүлсэн байдаг. Хариуцагч нь 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс хуваарьт төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас банк зээлээ төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй учир шүүхийн журмаар зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 10-ны өдөр дууссан. Иймд ЗДО ХХК болон хариуцагч Ж.О, П.М, Б.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн өр 49.990.362 төгрөг 83 мөнгө, үндсэн хүү 12.269.182 төгрөг 55 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 719.135 төгрөг 42 мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 21.500 төгрөг, нийт 63.539.299 төгрөг 67 мөнгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлд дурдагдсан 1 өрөө орон сууцаар хангахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗДО ХХК, П.М, Ж.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч ЗДО ХХК, П.М, Ж.О нар нь банкнаас зээл авсан нь үнэн, зээлээ эргэн төлж чадаагүй. ЗДО ХХК-иас хамгийн анх гаргаж өгсөн тайлбарт дурдсан хэмжээний мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээг цуцалснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэл гаргаж, шүүхийн ажиллагааны улмаас хэрэг удааширсан учир нэмэгдүүлсэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдугаарт, зээлийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тодорхой хугацаа өгсөн ч биелүүлээгүй учир гэрээг цуцална гэж бичсэн байсан. Тэр талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Б.Цын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ЗДО ХХК, Ж.О, П.М нараас зээлийн гэрээний үүрэгт 63.000180 төгрөг 80 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 539.118 төгрөг 87 мөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Цын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075505 дугаартай, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608.342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗДО ХХК, Ж.О, П.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 472.951 төгрөгийг, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүх хуралдаанд хариуцагч Б.Ц намайг оролцуулж хэргийг шийдвэрлээгүй бөгөөд шүүх хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хүргэх ёстой байсан. Гэтэл хариуцагч Б.Ц надад шүүх хуралдаантай өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж ирэхийг шаардсан. Б.Ц миний шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗДО ХХК, П.М, Ж.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч ЗДО ХХК нь үндсэн зээл 49 990 362 төгрөг болон зээлийн хүү 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4 322 352,13 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү, алданги нэхэмжлэх эрх нь зогсох ёстой ба шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4 322 352,13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Х.Х.Б” ХХК нь хариуцагч “ЗДО” ХХК, Ж.О, Б.Ц, П.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 539 299,67 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Х.Х.Б ХХК болон “ЗДО” ХХК нар нь 2017 оны 11 сарын 10-ны өдөр ЗГ/RCC171110023-1 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, сарын 2.10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Х.Х.Б ХХК болон П.М нар нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГ/RCC171110023-1 тоот баталгааны гэрээ, хариуцагч Ж.Отай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГ/RCC171110023-1 тоот баталгааны гэрээ тус тус байгуулсан. Мөн өдөр  Х.Х.Б ХХК, Б.Ц нар ЗБ/RCC171110023-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн баталгааны гэрээг байгуулан Б.Цын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075505 дугаартай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон баталгааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Мөн талууд 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр 2017 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4.1 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 28-р тал/

Зээлийн гэрээнд зааснаар зээлдүүлэгч Х.Х.Б ХХК нь 2017 оны 11 сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болон, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний 5.1-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдсон тул  зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. /хх-27-32,43,44,/

Түүнчлэн, зээлдүүлэгч зээлдэгч үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэг, баталгааны гэрээний 3.2-т заасны дагуу баталгаа гаргагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаархи дүгнэлт зөв болно. Талууд баталгааны гэрээний 3.1, 3.2-т баталгаа гаргагч нар нь зээлдэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмнө зээлийн мөнгөн хөрөнгө үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Ж.О, П.М нар нь зээлийн гэрээний үүргийг хариуцах учиртай.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч банк нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 5/5235 Үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдлээр хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ. Улмаар хариуцагч  үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр зээлийн тооцоо хийснийг буруутгах боломжгүй юм. Талууд гэрээний 4.2, 6.2.3-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг анхны нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж тооцон гаргуулах үндэслэлтэй.

Шүүх хариуцагч нар төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдаж үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 174 дугээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин Х.Х.Б нь 2019 оны 9 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг цуцлаж, шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан атал энэхүү цуцлагдсан гэрээний дагуу хүү нэмэгдүүлсэн хүү шаардан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгааг шүүх анхаараагүй нь буруу байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй ...” гэх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 11 сарын 10-ны өдрийн ЗГ/RCC171110023-1 дугаар гэрээг хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор 2019 оны 9 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгон гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хугацаанаас нь өмнө шаардсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гэрээ цуцлаж, дуусгавар болгосон, шилжүүлсэн  мөнгөн хөрөнгөө буцаан шаардснаас хойшхи хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 4 322 352 13 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу болно.  Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй ба зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд ийнхүү цуцалснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн үндсэн хүү 3 783 266.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539 085.87 төгрөг буюу нийт 4 322 352.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 Иймд, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 58 677 829 төгрөгийг гаргуулж  шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Хариуцагч Б.Цэрэням шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдол гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэргийн оролцогч нарт эрх үүргийг зохих ёсоор танилцуулан тайлбарласан, хариуцагч нар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйгээс тэднийг албадан ирүүлж байсан, өмнөх шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн байна./хх-50,54,71/ Эдгээрээс үзэхэд хэргийн оролцогч хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00599 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “63 000 180 төгрөг 80 мөнгө “ гэснийг “58 677 829 төгрөгийг” гэж, “539 118 төгрөг 87 мөнгө” гэснийг “4 861 471 төгрөг” гэж, 3 дахь заалтын “472 951” гэснийг “451 339” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                   Б.НАРМАНДАХ