Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

С.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Буянтын боргио 3-9 тоотод оршин суух Булгадар овогт Содномын Бадамцэцэг /УШ69020623/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 2-3 тоотод   оршин суух, Эмч овогт Энхээгийн Байгалмаа /ПК79080301/, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2-28 тоотод оршин суух, Цэрэннадмид овогт Эрдэмээгийн Ууганбаяр /ОЛ75011861/ нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны  06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бадамцэцэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  хариуцагч нарын өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 10,872,560 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: С.Бадамцэцэг миний бие 2015 оны 12 дугаар сарын 23 нд энэ хоёр хүнд 26,697,560 төгрөгийн хүнсний бараа зээлээр өгсөн юм. *******, ******* нар нь өдөр болгон уг барааг зээлээр өгөөч Булганы хилээр бараагаа гаргаж зараад мөнгийг шууд таны данс руу хийнэ гэж гуйсаар байгаад авч явсан боловч би 3 удаа 15,825,000 төгрөгийн бараа буцааж авснаас өөр нэг ч төгрөг авч чадахгүй байна. Одоо үлдэгдэл 10,872,560 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч ******* хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч С.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* нарт холбогдох 10,872,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч С.Бадамцэцэг хариуцагч ******* бид хоёр Увс аймгийн Тэс сумын нэг нутгийн хүмүүс юм.

С.Бадамцэцэг нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд миний бие ажилладаг тусалдаг байсан. Миний найз Нямхүү нь “чи миний нэг найзад хүнсний дэлгүүртээ бараа зээлэх хүн байвал туслаад өгөөч ээ би найзтайгаа хамт хятад яваад ирлээ хүнсний бүтээгдэхүүн гаргавал их ашигтай юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэхэмжлэгч С.Бадамцэцэг эгчид энэ талаар хэлсэн.Улмаар *******г С.Бадамцэцэгтэй  биечлэн уулзуулсан бөгөөд С.Бадамцэцэг нь хүнсний бүтээгдэхүүн бараа өгөхийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд ******* нь нийт 25,000,000 гаруй төгрөгийн барааг С.Бадамцэцэгээс  тоолж авсан бөгөөд миний бие барааг зөөх, савлах, боодлох зэрэг ажилд нь тусалсан. Тухайн үед би санхүүгийн асуудалд оролцоогүй, тухайн үед санхүүгийн ******* болон түүнтэй хамт хятад руу бараа авч явсан Цэкэ /Цэндхорол/ мөн түүний эгч Өнөржаргал гэх хүмүүс барьж байсан.Мөн *******, Цэкэ /Цэндхорол/, түүний эгч Өнөржаргал нар хятад хүмүүст барааг өгч байсан боловч хулхидуулсны улмаас С.Бадамцэцэг эгчид 3 удаа барааг буцаан авчирч өгсөн. Миний бие тухайн үед банкны зээл хийх хугацаа болсон учир Өнөржаргалаас 5000 юань, Цэкэгээс /Цэндхорлоо/ 3000 юань нийт 8000 юань авч зээлээ хийсэн. Бусдаар өөр ашиг гэж хуваалцаж авсан зүйл байхгүй. Санхүүгийн асуудалд нь огт оролцоогүй.Нэхэмжлэгч С.Бадамцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгааг шүүх анзаарсангүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Бадамцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар сарын эхээр С.Бадамцэцэгээс 23,800,000 төгрөгийн бараа авч явсан. Энэ барааг анх С.Бадамцэцэгээс авч явахаас өмнө Нурзат гэдэг хүнтэй С.Бадамцэцэг өөрөө утсаар ярьж тохиролцсоны үндсэн дээр *******, *******  бид хоёрт барааг өгч явуулсан. С.Бадамцэцэг нь Нурзаттай өөрөө очиж цаашид хамтарч ажиллах гэрээ хийнэ гэж ярьж байсан. Энэ барааг машинд ачиж байхад Өнөржаргал, Цэрэнноров гэдэг хоёр хүн бид нартай ирж уулзсан. Уулзаад бид нар ч бас хамт явъя гэсэн. Бид нар ч бас Нурзат гэдэг хүнтэй ярилаа гэсэн. Барааг ачиж байхад С.Бадамцэцэг нь Нурзаттай хэд хэдэн удаа ярилцсаны үндсэн дээр барааг машинд ачуулсан. Бараа ачуулсан цаасаа С.Бадамцэцэг нь Цэрэнноровд өгсөн. Ховд аймгийн Булган сумын боомт дээр очиход Нурзат Монголын хил дээр буюу Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гарч ирсэн. Нурзат нь Булган сумын хил дээр Цэрэнноровтой танилцаад барааг сонгоод ачуулж эхэлсэн. Энэ авч явсан бараанаас гэр ахуйн бараа буюу сахар, ууттай гоймон, комет, саван, бок эдгээр бараа Нурзат авахгүй гэхээр нь бараа ачиж очсон машиндаа ачуулаад буцаагаад явуулсан. Энэ буцаасан барааны нийт үнэ 8,700,000 төгрөг боллоо гэж Цэрэнноров хэлж байсан. *******, ******* бид хоёр гурушик буюу ачаа зөөсөн болохоос мөнгө төгрөгийн тооцоонд оролцоогүй. Бусад барааг Хятадын хил дээр Цэрэнноров, Нурзатад хүлээлгэн өгсөн. Тухайн үед Нурзат  Цэрэнноровт 3000 юань өгсөн юм байна лээ.

Үүнийг ******* надад Цэрэнноров хэлсэн. Нурзатад бараа өгсний дараа маргааш орой нь Цэрэнноров Ховд аймаг руу явсан бөгөөд Цэрэнноровын төрсөн эгч Өнөржаргал ирсэн. Өнөржаргал маргааш нь Нурзатаас 8000 юань авсан. Дараа нь Нурзатаас Өнөржаргал 3000 юань авсан. Дараа нь Цэрэнноров Ховд аймгийн Булган суманд ирсэн. Цэрэнноров, *******, ******* бид гурав Чингил суманд очоод хоносон. Тэр үед Нурзат, Цэрэнноров нар тооцоо тулгасан. Чингил сумаас буцах үед Нурзат,Цэрэнноровт 3000 юань өгсөн. Дараа нь Өнөржаргал, Өнөржаргалын ээж,  Өнөржаргалын нөхөр Батсүх, Байгалмаа бид дөрөв очиход Өнөржаргал, Нурзаттай тооцоо нийлсэн. Тухайн үед Нурзат, Өнөржаргалд 25000 юань бэлэн тоолж өгсөн. Энэ үед Өнөржаргалын ээжид Нурзат 1,800,000 төгрөгийн С.Бадамцэцэгийн барааг буцааж явуулсан. Барааг буцааж явуулах үед С.Бадамцэцэгтэй бараа буцааж явуулж байгаа талаар Өнөржаргал болон ******* миний бие ярьсан. Дараа нь Нямаа, Ууганбаяр, Батсүх, Өнөржаргал, ******* бид 5 Чингил сум руу очиж үлдэгдэл барааг буцааж авч ирсэн. Станаа машинаар 7 машин бараа С.Бадамцэцэгт буцааж авцарсан. Үлдэгдэл барааг Батсүх, Өнөржаргал хоёр хариуцаж хүмүүст үлдээсэн. Иймд *******, ******* бид хоёрт ямар ч хамааралгүй асуудал юм. Бид хоёр Нурзат болон С.Бадамцэцэг нарын амаар тохиролцсон худалдах, худалдан авах гэрээтэй ямар ч холбоогүй юм. Бид нар зөвхөн ачаа зөөгч грүшшикээр ажилласан. Бид хоёр ямар нэгэн тооцоо нийлээгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00273 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******гаас 5,436,280 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, хариуцагч *******аас 5,436,280 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, нийт 10,872,560 /арван сая найман зуун далан хоёр мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бадамцэцэгт болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,911 /нэг зуун наян найман мянга есэн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бадамцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14,949 /арван дөрвөн мянга есэн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 101,930 /нэг зуун нэг мянга есэн зуун гуч/ төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 101,930 /нэг зуун нэг мянга есэн зуун гуч/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бадамцэцэгт олгосугай” гэж шийдвэрлэжээ. 

 

 Хариуцагч ******* түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гээд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Бадамцэцэг нь хариуцагч *******, ******* нарт бараа өгч явуулаад хятадын хил гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байжээ. Бараа өгч явуулсан өдөр болон шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн хоорондох хугацаа 3 жил 9 сар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч С.Бадамцэцэг нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан барааны үлдэгдэл үнэ 10,872,560 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч *******гаас 5,436,280 төгрөг, хариуцагч *******аас 5,436,280 төгрөг нийт 10,872,560 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “С.Бадамцэцэгээс авсан барааг Хятад руу гаргахад бид санхүү бариагүй, зөвхөн ачаа зөөгчөөр ажилласан” гэж тайлбарлан маргасан ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* нь 5,436,280 төгрөг төлөхийг, хариуцагч ******* нь 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 4,436,280 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нарын өгсөн тайлбараар “анх хариуцагч ******* хилээр бараа гаргахаар боллоо чамд гэрээгээр бараа өгөх таньж мэдэх хүн байна уу? гэж  хариуцагч *******тай уузлсан, ******* нь нэхэмжлэгч С.Бадамцэцэгийг таньдаг тул хариуцагч нь нэхэмжлэгчээс бараа зээлээр өгөхийг гуйж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,697,560 төгрөгийн бараа зээлээр авсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй өөрсдийн нэрийн өмнөөс хэлцэл хийж бараа зээлээр авчээ. Хариуцагч нар нь нэхэмжлэгч С.Бадамцэцэгээс авсан бараагаа ачаад явах гэж байтал захын хашааны хаалган дээр Өнөржаргал, Батсүх гэдэг хүмүүс бараа ачаад хамт явахаар санал гаргасныг ******* ******* нар зөвшөөрч бид хоёр хил гааль руу ярьж байна, та хоёр наймаачин хүмүүс яаж ашиг олохыг мэдэж байгаа байх гээд  С.Бадамцэцэгээс авсан бүх бараа, падаанаа /зарлагын баримт/ Өнөржаргал, Батсүх хоёрт өгсөн, улмаар хариуцагч ******* ******* нар нь Өнөржаргал, Батсүх хоёрт залилуулсан тул С.Бадамцэцэгээс авсан барааны үлдэгдэл үнэ 10,873,560 төгрөгийг өгч чадаагүй” гэх үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийн 7-10 дугаар хуудаст авагдсан хариуцагч нараар гарын үсэг зуруулаагүй боловч нэхэмжлэгч С.Бадамцэцэг нь өөрийн гараар бичсэн зарлагын падаануудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэх боломжтой байна. Учир нь:

Хариуцагч *******, ******* нар нь өөрсдийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч С.Бадамцэцэгээс 26,697,560 төгрөгийн бараа зээлээр авсан бөгөөд нэхэмжлэгч С.Бадамцэцэгт 3 удаагийн үйлдлээр зарим /15,825,000 төгрөгийн/ барааг буцаан авчирч өгсөн, одоо үлдэгдэл 10,872,560 төгрөгийн барааны үнэ дутуу байгаа  гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар нь үгүйсгэж маргаагүй байна.

Мөн хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд “******* бид хоёр С.Бадамаа эгчээс бараа авсан нь үнэн, бид хоёр бараа аваагүй гэж бухсан ч захынхан бид хоёрыг бараа авсан гэдгийг хэлээд өгнө” гэж тайлбарласан байна.

Иймд хариуцагч  *******, ******* нар нь нэхэмжлэгч С.Бадамцэцэгээс бараа зээлээр авсан үйл баримтаа хүлээн зөвшөөрсөн, анх авсан барааны үнэ болон түүнд буцаан өгөөд үлдсэн барааны үнийн дүнгийн талаар маргаж, мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хариуцагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,931 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,931 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

          

                                            ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

                                  

                                                                                                           М.НЯМБАЯР