Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00687

 

С.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

С.Б ийн нэхэмжлэлтэй,

Э.Б , Э.У нарт холбогдох,

10,872,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э.У болон өмгөөлөгч Н.Очирбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Э.Б , Э.У нарт холбогдуулан 10,872,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Э.У нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...н.Өнөржаргалаас өөрийн авсан 3000 юань буюу 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин үлдэх 4,436,280 төгрөгийг н.Өнөржаргал, н.Батсүх нар төлөх ёстой...” гэсэн тайлбар, хариуцагч Э.Б  нэхэмжлэлийг зөвшөөрч “...Э.Утай хамтран С.Б  эгчээс 26,697,560 төгрөгийн бараа авсан, нэхэмжилсэн 5,436,280 төгрөгийг төлнө” гэсэн тайлбарууд гаргасан байна.

2. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Б гаас 5,436,280 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, хариуцагч Э.Уаас 5,436,280 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, нийт 10,872,560 /арван сая найман зуун далан хоёр мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгож, Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14,949 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Э.Б гаас улсын тэмдэгтийн хураамж 101,930 төгрөгийг, хариуцагч Э.Уаас улсын тэмдэгтийн хураамж 101,930 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгохоор шийдвэрлэсэн байна.

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,931 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Э.У болон өмгөөлөгч Н.Очирбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Э.У, хариуцагч Э.Уын өмгөөлөгч Н.Очирбат бид Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 19 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч С.Б  нь 2019.09.27-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ 2015.12.23-ны өдөр хариуцагч Э.Б , Э.У нарыг 26,697,560 төгрөгийн барааг зээлээр авч явсан гэжээ. Хариуцагч Э.Б , Э.У нар нь барааг авч явсан он, cap, өдөрт болон үнийн дүнд маргадаггүй. Харин хариуцагч Э.Б , Э.У нар нь бид хоёр грушикээр явсан бөгөөд С.Б ийн барааны падаан, тооцоог Цэрэнноров, Цэрэнноровын төрсөн эгч Өнөржаргал нар барьж, Нурзат гэх хүнтэй тооцоо хийж байсан. Бид хоёр грушикээр явсан гэж хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбарладаг. Хариуцагч нар нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа анх барааг С.Б ээс авч байхад С.Б  нь Нурзат гэх хүнтэй утсаар ярьсан бөгөөд Нурзаттай утсаар ярьсны үндсэн дээр бид хоёрт барааг өгч явуулсан гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч С.Б  нь шүүх хуралдаанд Нурзат гэх хүнтэй барааг хариуцагч Э.У, Э.Б  нарт өгөхдөө утсаар ярьсан гэж тайлбарладаг бөгөөд С.Б  Нурзат нарын хооронд аман хэлцэл буюу зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх боломжтой байна. Дурдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл жинхэнэ хариуцагч Нурзат болох бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар шүүх хуралдааны явцад жинхэнэ хариуцагч Нурзат болох нь тогтоогдсон боловч үүнийг авч хэлэлцээгүй. Анхан шатны шүүхэд өмгөөлөгч Н.Очирбат миний бие жинхэнэ хариуцагчаар солиулахыг хүссэн хүсэлт гаргасан боловч хангаагүй.

Нэхэмжлэгч С.Б  нь шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримт буюу барааны жагсаалт (хх-ийн 5-6-р хуудас), зарлагын баримтуудыг (хх-ийн 7-10-р хуудас) өөрөө гаргаж өгсөн бөгөөд хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй. 2015.12.23-ны өдөр нэхэмжлэгч С.Б  нь аж ахуй нэгжтэй байсан гэж шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан байдаг.

Дээр дурдсан нэхэмжлэгч С.Б  нь 2019.09.27-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ 2015.12.23-ны өдөр хариуцагч Э.Б , Э.У нарыг 26,697,560 төгрөгийн барааг зээлээр авч явсан гэжээ. С.Б  нь барааг хариуцагч Э.У, Э.Б  нарт өгч явуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 2 удаа барааны мөнгөө хариуцагч нараас нэхэмжилсэн гэж тайлбарладаг боловч хариуцагч Э.Уын хувьд...дэлгүүрт нь очиход болон дараа нь барааны мөнгийг надаас нэхэж байсан ... загнуулаад гарсан...” гэж тайлбарладаг бөгөөд харин төлнө гэж хэлж байгаагүй гэдгээ шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч С.Б , хариуцагч Э.У, Э.Б  нарын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд уг хуулийн заалтад С.Б , Э.У, Э.Б  нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн хэлцэл буюу гэрээ хамаарч байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч С.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барааны үнийг төлөх хугацааг тохиролцоогүй гэж тайлбарладаг. Харин хариуцагч Э.Б , Э.У нар Цэрэнноров, Цэрэнноровын төрсөн эгч Өнөржаргал нар нь барааг авч яваад 2 хоногийн дараа Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт дээр очиж хятадын хил нэвтэрч Нурзат гэх хүнд барааг өгөөд, авахгүй үлдсэн барааг нэхэмжлэгч С.Б  рүү буцаасан гэж тайлбарладаг бөгөөд үүнийг нэхэмжлэгч зөвшөөрдөг. Энэ цаг хугацааг тооцож үзвэл С.Б  нь барааг өгч явуулснаас хойш ойролцоогоор 10 хоногийн дараа барааны үнийг шаардах эрхтэй байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч Э.Уаас шаардсан боловч хариуцагч Э.У төлнө гэж хэлж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын үйлдэл, шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зүйл байхгүй байна. Хариуцагч Э.У, хариуцагч Э.Уын өмгөөлөгч Н.Очирбат бид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжилсэн үнийн дүнг төлөхөөс татгалзсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ. Хариуцагч Э.У нь би барааг авч явахад грушикээр явсан бөгөөд тухайн грушик хийсний мөнгө болох 1,000,000 төгрөгийг төлнө бусад мөнгийг төлөх боломжгүй гээд өмгөөлөгч Н.Очирбат миний бие хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргасан буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч Э.Уын хувьд төлөх боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй. Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч нараас мөнгөө удаа дараа нэхэмжилж байсан гэж шүүх болон шүүх хуралдаанд тайлбарладаг боловч хариуцагч Э.Уаас барааны мөнгө нэхэмжилж байсныг гэрчлэх гэрч, бичмэл нотлох баримт байхгүй зөвхөн амаараа тайлбарладаг. Хариуцагч Э.Б  нь нэхэмжлэгч С.Б ийг барааны мөнгийг бид хоёроос нэхэж байсан гэж хэлдэг боловч хариуцагч Э.Уыг төлнө гэж хэлж байсныг хэлдэггүй буюу гэрчилж чаддаггүй.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 19 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Э.Уаас 5,436,280 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Э.У болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Э.Б , Э.У нарт холбогдуулан 10,872,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

7. Хариуцагч Э.У нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Э.Б  бид хоёр С.Б  эгчээс 26,697,560 төгрөгийн бараа авсан нь үнэн, ...н.Өнөржаргалаас өөрийн авсан 3000 юань буюу 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин үлдэх 4,436,280 төгрөгийг н.Өнөржаргал, н.Батсүх нар төлөх ёстой...” гэсэн тайлбар, хариуцагч Э.Б  нэхэмжлэлийг зөвшөөрч, ...Э.Утай хамтран С.Б  эгчээс 26,697,560 төгрөгийн бараа авсан, нэхэмжилсэн 5,436,280 төгрөгийг төлнө” гэсэн тайлбарууд гаргажээ.

8. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг маргаанд зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хариуцагч тус бүрээс 5,436,280 төгрөг, нийт 10,872,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасанд нийцсэн байна.

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ. 

11. Хэргийн баримтаар хариуцагч Э.Б , Э.У нар нь 2015.12.23-ны өдөр нэхэмжлэгч С.Б ээс 26,697,560 төгрөгийн үнэ бүхий барааг дараа төлөх нөхцөлөөр авч, 2016 оны 1 дүгээр сард 5,631,600 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 5,062,100 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 5,131,300 төгрөг, нийт 15,825,000 төгрөгийн үнэ бүхий барааг түүнд буцаан өгч, үлдэх 10,872,560 төгрөгийн барааг, эсхүл үнийг төлөөгүй нь тогтоогджээ.

12. Иймд хоёр шатны шүүх ...хариуцагч нар нь хүлээн авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч нь дутуу төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч Э.У, Э.Б  нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт тус бүрээс 5,436,280 төгрөг буюу нийт 10,872,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б т олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

13. Хариуцагч Э.У болон түүний өмгөөлөгч нарын “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. ...хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзвэл Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, ...79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зүйл байхгүй, ...хариуцагч Э.У нь барааг авч явахад грушикээр хамт явсан, ...төлбөрт 1,000,000 төгрөгийг төлнө, бусад мөнгийг төлөх боломжгүй гэж, өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргасан байхад хоёр шатны шүүх авч хэлэлцээгүй. ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн баримтаар Э.Б , Э.У болон С.Б  нарын хооронд гэрээний харилцаа үүссэн, мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас барааны үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж байсан нь тогтоогдсон, иймд шүүхээс хариуцагч Э.Уын татгалзал нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг зөрчөөгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

14. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Э.У болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00273 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.30-ны өдөр төлсөн нийт 101,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН