Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 00273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Буянтын Боргио ХХК-ийн 3 дугаар байрны 9 тоотод оршин суух, Булгадар овогт С.Б/ /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 2-3 тоотод оршин суух, Эмч овогт Э.Б/ /,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2-28 тоотод оршин суух, Цэрэннадмид овогт Эрдэмээгийн У / / нарт холбогдох,

10,872,560 төгрөг гаргуулах тухай 153/2019/00464/и дугаар индекстэй иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч С.Б, хариуцагч Э.Б, Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Э.У өмгөөлөгч Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Содном овогтой Б би 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Э.У, Э.Б нарт 26,697,560 төгрөгийн барааг хүлээлгэж өгсөн. Хариуцагч Э.У, Э.Б нар нь такшканы хилээр гаргаж борлуулаад зохих хэмжээний ашиг олмоор байна гэж гуйсаар байгаад авч явсан. Бараагаа хүлээлгэж өгөөд дуусаж байхад шөнийн 11 цаг өнгөрч байсан. Хариуцагч Э.У нөхөртэйгээ хамт шөнийн 12 цагийн үед манай гэрээс ирээд бүх паданаа аваад явсан. Хариуцагч Э.У, Э.Б нараас надад гурван удаагийн буцаасан бараа ирсэн. 2016 оны 01 дүгээр сард 5,531,600 төгрөгийн бараа, 2016 оны 02 дугаар сард 5,620,100 төгрөгийн бараа, 2016 оны 03 дугаар сард 5,131,300 төгрөгийн бараа тус тус ирсэн. Одоо үлдэгдэл 10,872,560 төгрөгийн бараа үлдсэн.

Хамгийн сүүлд бараа авчирч өгөхдөө бид нар үлдэгдэл барааг Булганы хил дээр дэлгүүртэй хүнд үлдээсэн байгаа. 2,200,000 төгрөгийг таны данс руу шууд хийхээр болсон гэж Э.У хэлсэн боловч гурван удаагийн бараа буцааж өгснөөс хойш надад нэг ч төгрөг болон бараа өгөөгүй. Миний бодлоор хариуцагч Э.У Э.Б нар тэнцүү хувааж хариуцлагаа үүрэх ёстой гэж бодож байна. Нийт нэхэмжлэлийн шаардлага болох барааны үлдэгдэл үнэ 10,872,560 төгрөгийг хариуцагч Э.У, Э.Б нарт тэнцүү хуваагаад хүн тус бүрээс 5,436,280 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.

....Бараагаа төл гэж шаардаж байсан. Миний хувьд олон жил хүлээсэн. Эхний нэг жилдээ Булганд үлдээсэн бараагаа нөгөө хүмүүстэйгээ тооцоогоо хийж дуусгачихаад дараа нь надтай тооцоо хийх юм байна гэж бодоод эхний нэг, хоёр жилдээ хүлээж байсан. Уулзах болгондоо би нөгөө үлдсэн бараа юу болж байна гэж асуудаг байсан. Э.Уыг зах дээр явж байгаа үед нь миний бараа юу болж байна. Ядаж үлдсэн бараа байвал барааг нь хамаагүй авчраад өгөөчээ гэж хэлж байсан. Би Э.У, Э.Б хоёртой зөндөө уулзаж байсан. 2018 оны 03 дугаар сард би Наранцэцэг эгчийндээ байж байхдаа Э.У, Э.Б хоёрыг дуудаад бид хэд манай эгчийнд уулзсан. Тухайн үед энэ хоёр та удаан хүлээсэн юм чинь, миний эгч дахиад жоохон хүлээж бай. Ямар ч байсан таныг хохиролгүй болгож өгнө гэж хэлээд гарсан....гэв.

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....С.Б эгчээс бараа авч явсан нь үнэн учир хэдийгээр би өөрөө идээгүй ч гэсэн хариуцлагаа хүлээж төлөх нь зөв гэж бодож байна. Бид нар хамт явсан хүнээсээ буюу н.Өнөржаргал, н.Батсүх нараас мөнгөө гаргуулж авна гэж бодож байгаа тул эхний ээлжинд С.Б эгчийг хохиролгүй болгох ёстой гэж бодож байна. Миний хувьд 5,436,280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч жоохон хугацаа шаардлагатай байна. С.Б эгчээс Э.У, Э.У нөхөр бид гурав бараа авч явсан нь үнэн.

....Бид нар С.Бадамаа эгчээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бараа авч явсан нь үнэн....Э.У, бид 2 очиж бараа авсан. Гэхдээ Э.У нөхөр бас бараа ачилцсан. С.Бадамаа эгчээс авсан бараагаа ачаад явах гэж байхад н.Өнөржаргал, н.Батсүх гэдэг 2 хүн бид хоёр бас бараагаа хамт ачаад явчихъя гэсэн саналыг захын хашааны хаалга нь дээр зогсож байгаад хэлсэн. Э.У бид хоёр н.Өнөржаргал, н.Батсүх хоёрт итгээд бид хоёр хил, гааль руу ярьж байна. Та хоёр наймаачин юм чинь яаж ашиг олохыг мэдэж байгаа байх гээд бүх падаанаа өгсөн. Бид нар С.Б эгчээс авсан бараагаа хил гаргаж чадсан. Харин такшкан дээр ирээд н.Өнөржаргал, н.Батсүх гэх 2 хүнд залилуулсан.

            ....Бэлэн мөнгө авахгүй бараагаа авчраад өгчих гэж байхад нь хэдүүлээ явж барааг нь авчирч өгье гэж уриалсан ч 7 хоногийн дараа нь амаржчихсан учир би явж чадаагүй. н.Өнөржаргал, н.Батсүх хоёр надад хэлэхдээ чамайг амаржсаны дараа С.Бадамаа эгчид 2 истана машин бараа авчирч өгсөн гэж хэлсэн. Тэгээд С.Бадамаа эгчийг 10,000,000 гаруй төгрөг нэхэхэд нь их гайхаж байсан. Гэтэл С.Бадамаа эгч хил дээр ирсэн бараанаас нэг ч ширхэг бараа аваагүй байсан. Бадамаа эгч бид нарт итгээд бараа өгч явуулсан юм чинь хохирлыг нь барагдуулах нь зүйтэй юм байна. Э.У бид хоёр их цайлган хүмүүс юм байна лээ. Бадамаа эгчээс авсан падаан тэмдгээ шууд н.Өнөржаргал, н.Батсүх хоёрт өгчихсөн.

Шүүх дээр ирж л 20 гаруй сая төгрөг гэж мэдсэн. Түүнээс биш хил дээр очиход эндээс авч явсан бараа 70,000,000 төгрөг болсон байсан....Амьдралаа дээшлүүлж, тодорхой хэмжээний ашиг олохоор авсан. Их л бараа байсан. Падааныг нь н.Өнөржаргал, н.Батсүх хоёрт өгсөн учир үнийн дүнг нь мэдээгүй.

....Хариуцагч Э.У бид хоёр бараа авсан. Э.У бид хоёр С.Бадамаа эгчээс бараа авсан нь үнэн. Бид хоёр бараа аваагүй гэж бухсан ч захынхан бид хоёрыг бараа авсан гэдгийг хэлээд өгнө. Э.У нөхөр ирж бараа ачилцсан....Э.У бид хоёр хүний 26,000,000 төгрөгийн бараа ачсан мөртлөө хоолны мөнгөгүй, н.Өнөржаргал, н.Батсүх хоёроор өшиглүүлж, зодуулаад та хоёрыг буудалд байлгаж байгаа нь их юм гээд загнуулаад явж байсан.

....Миний хувьд 5,436,280 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Э.У буруугаар ойлгоод байх шиг байна. Миний хувьд С.Б эгчийн мөнгийг өгөхгүй гээд зогсвол зогсоно. Би өмнөх шүүх хуралдаан дээр их бүдүүлэг зан гаргасан байна лээ. Өмнөх шүүх хуралдаанаас хойш хүмүүсээс хуулийн зөвлөгөө авсан. Эхний ээлжинд С.Бадамаа эгчийг хохиролгүй болгох ёстой юм байна лээ.

....С.Б эгч намайг ажил дээр байхад шинжилгээ өгөхөөр ирчихсэн явж байгаад надтай тааралдаад эгчийнхээ хохирлыг барагдуулахгүй юм уу гэхээр нь би тухайн үед 1,700,000-аас 1,800,000 төгрөг өгнө гэж бодоод Бадамаа эгчээ мөнгийг нь өгнө. Гэхдээ одоохондоо боломжгүй байна. Та надад жоохон хугацаа өгөөч ээ гэж хэлж байсан.

....Одоо бодоод байхад Бадамаа эгчийн зөв юм байна. Би  Э.У машинд сууж очоод С.Б эгчтэй уулзсан. Уулзахдаа би уучлалт гуйгаад явсан.

....Ашгаа дундаа хувааж авна гэж л ярьсан. Өнөөдөр намайг гай гэж хэлж байна. Гэхдээ хэн хэндээ л гай болсон. Хэрэв Э.У С.Бадамаа эгчийн араас гуйж явж байж зөвшөөрүүлээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан....гэв.

Хариуцагч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Э.Б бид хоёр С.Б эгчээс бараа авч явсан нь үнэн. Падаанаа өөрсдөө барилгүй н.Өнөржаргал, н.Батсүх гэх хоёр хүнд бариулснаас болж өнөөдөр ийм байдалд хүрчихлээ....С.Б эгч н.Өнөржаргалд бараа шилжүүл гэж хэлээгүй....Тухайн бараа буцаж ирэхэд нь тоолж өгсөн. н.Өнөржаргал барааг нь тоолж өгсөн. Гэхдээ би хажууд нь байсан.

....2017, 2018 онд би С.Бадамаа эгчээс орж гоймон бөөндөж авдаг байсан. Тэр үед С.Бадамаа эгч “та нар юу болж байна, яаж байна” гээд загнадаг байсан. С.Бадамаа эгчээр чимээгүй загнуулж байгаад гарч ирчихээд Э.Б руу залгаад Бадамаа эгч загнаж байна гэж хэлдэг байсан. Мөн н.Өнөржаргал руу залгаад С.Бадамаа эгчийн бараа юу болж байна вэ гэж асуухаар хулхидуулцан юм чинь яадаг юм гээд тоодоггүй байсан. Сүүлд С.Бадамаа эгч Нараа эгчийн гэрт хүрээд ир гээд утсаар дуудахаар нь би очсон чинь С.Бадамаа эгч нөгөө мөнгө чинь юу болж байна гэж асуухаар нь би 2,000,000 гаруй төгрөг орж ирэх ёстой. Би одоо залгаад асуугаад өгье гэж хэлээд С.Бадамаа эгчийн хажууд н.Өнөржаргал руу залгаж байсан.

Би н.Өнөржаргалаас өөрийн авсан 3000 юань буюу 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 4,436,280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамт явсан н.Өнөржаргал, н.Батсүх нар төлөх ёстой гэж үзэж байгаа учир төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна....Ашиг олох боломжтой юм байна. Би сая ашигтай яваад ирлээ гэж Э.Б хэлсэн. Хэн хэнд нь мөнгө хэрэгтэй юм чинь ашгаа хувааж авъя ярьсан....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь Э.Б, Э.У нарт холбогдуулан 10,872,560 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Э.Бгаас барааны үлдэгдэл үнэ 5,436,280 төгрөг, хариуцагч Э.Уаас барааны үлдэгдэл 5,436,280 төгрөг, нийт 10,872,560 төгрөгийг гаргуулах гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.У нь “....Э.Бтай хамтран нэхэмжлэгч С.Бээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,697,560 төгрөгийн барааг авсан, ....н.Өнөржаргалаас өөрийн авсан 3000 юань буюу 1,000,000 төгрөгийг С.Бт төлөхийг хүлээн зөвшөөрч, ....4,436,280 төгрөгийг хамт явсан н.Өнөржаргал, н.Батсүх нар төлөх ёстой гэж үзэж төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй....” гэж мэтгэлцэв.

Харин хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд “....Э.Утай хамтран нэхэмжлэгч С.Бээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,697,560 төгрөгийн барааг авсан, ....5,436,280 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....” гэж тайлбарлав.

Хариуцагч Э.Б, Э.У нар нь нэхэмжлэгч С.Бээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,697,560 төгрөгийн үнэ бүхий барааг дараа төлөх нөхцлөөр авч, 2016 оны 1 дүгээр сард 5,631,600 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 5,062,100 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 5,131,300 төгрөг, нийт 15,825,000 төгрөгийн үнэ бүхий барааг нэхэмжлэгчид буцаан өгч, одоо 10,872,560 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан анх авсан барааны үнэ 26,697,560 төгрөг, буцаан өгсөн барааны үнэ 15,825,000 төгрөг, төлөөгүй үлдсэн барааны үнэ 10,872,560 төгрөг гэх тайлбарыг хариуцагч Э.У, Э.Б нар нь эсэргүүцээгүй, үнийн дүнгүүдийн талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу дээрх үнийн дүнгүүдийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Хариуцагч Э.У өмгөөлөгч Н.Очирбат нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бийн гаргасан “....Бараагаа төл гэж шаардаж байсан....Би Э.У, Э.Б хоёртой зөндөө уулзаж байсан. 2018 оны 3 дугаар сард би Наранцэцэг эгчийндээ байж байхдаа Э.У, Э.Б хоёрыг дуудаад бид хэд манай эгчийнд уулзсан. Тухайн үед энэ хоёр та удаан хүлээсэн юм чинь, миний эгч дахиад жоохон хүлээж бай. Ямар ч байсан таныг хохиролгүй болгож өгнө гэж хэлээд гарсан....” гэх тайлбар, хариуцагч Э.Б “....2 жилийн өмнө уулзсан байна.... Одоо бодоод байхад Бадамаа эгчийн зөв юм байна. Би  Э.У машинд сууж очоод С.Б эгчтэй уулзсан. Уулзахдаа би уучлалт гуйгаад явсан.... С.Бадамаа эгч бол байнга нэхдэг байсан. Тухайн үед би өөрийн амьдралынхаа үнэн зөв байдлыг хэлдэг байсан. С.Бадамаа эгч зөндөө хүлээсэн нь үнэн....”, гэх тайлбар, хариуцагч Э.У “....2016 онд нөгөө үлдэгдэл бараа чинь юу болж байна яаж байна гэж асуудаг байсан.... 2017, 2018 онд би С.Бадамаа эгчээс орж гоймон бөөндөж авдаг байсан. Тэр үед С.Бадамаа эгч “та нар юу болж байна, яаж байна” гээд загнадаг байсан. С.Бадамаа эгчээр чимээгүй загнуулж байгаад гарч ирчихээд Э.Б руу залгаад Бадамаа эгч загнаж байна гэж хэлдэг байсан....” гэх тайлбар зэргээр дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нараас барааны үлдэгдэл төлбөрийг шаардаж байжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тус тус зааснаар үүрэг хүлээсэн этгээд нь урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг шинээр эхлэн тоолдог тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг зөрчөөгүй байна.

Талууд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол худалдагч дутуу төлбөрийг шаардах эрхтэй тул худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт хариуцагч Э.У, Э.Б нараас тус бүр 5,436,280 төгрөг буюу нийт 10,872,560 төгрөгийг нэхэмжлэгч С.Б нь шаардах эрхтэй.

Хариуцагч Э.У нь “....4,436,280 төгрөгийг хамт явсан н.Өнөржаргал, н.Батсүх нар төлөх ёстой гэж үзэж төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй....” гэж маргах боловч  хариуцагч Э.У, Э.Б нар нь нэхэмжлэгч С.Бээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,697,560 төгрөгийн үнэ бүхий барааг авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Э.У “....Э.Б бид хоёр С.Б эгчээс бараа авч явсан нь үнэн. Падаанаа өөрсдөө барилгүй н.Өнөржаргал, н.Батсүх гэх хоёр хүнд бариулснаас болж өнөөдөр ийм байдалд хүрчихлээ....” гэх, хариуцагч Э.Бгийн “....Хариуцагч Э.У бид хоёр бараа авсан. Э.У бид хоёр С.Бадамаа эгчээс бараа авсан нь үнэн. Бид хоёр бараа аваагүй гэж бухсан ч захынхан бид хоёрыг бараа авсан гэдгийг хэлээд өгнө. Э.У нөхөр ирж бараа ачилцсан....” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Дээрх зохигчийн тайлбаруудаас үзэхэд худалдагч буюу С.Б, худалдан авагч буюу Э.У, Э.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул Э.У татгалзал нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Бгаас 5,436,280 төгрөгийг, хариуцагч Э.Уаас 5,436,280 төгрөгийг, нийт 10,872,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Бийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 188,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14,949 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Э.Бгаас 5,436,280 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,930 төгрөгийг, хариуцагч Э.Уаас 5,436,280 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,930 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгохоор тогтов.

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан буцаан авсан барааны жагсаалтад хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, хэнээс хэнд тухайн баримтад бичигдсэн барааг өгсөн нь тодорхойгүй, хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримтуудад нь худалдан авагчийн нэр бичигдээгүй, он завсартай, хүлээн авагчийн гарын үсэггүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Бгаас 5,436,280 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, хариуцагч Э.Уаас 5,436,280 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, нийт 10,872,560 /арван сая найман зуун далан хоёр мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,911 /нэг зуун наян найман мянга есэн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14,949 /арван дөрвөн мянга есэн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 101,930 /нэг зуун нэг мянга есэн зуун гуч/ төгрөгийг, хариуцагч Э.Уаас улсын тэмдэгтийн хураамж 101,930 /нэг зуун нэг мянга есэн зуун гуч/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ