Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2020/00210 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: “Т.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох

“8 235 797 төгрөг 27 мөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Т.Б” ХХК анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Б ны Өмнөговь салбар нь Ц.Б, хамтран зээлдэгч Б.А-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 210000441472 тоот зээлийн гэрээ байгуулан 9 626 495 төгрөг 04 мөнгөний зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, цалин зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ц.Б, хамтран зээлдэгч Б.А нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-нд нас барсан ба хамтран зээлдэгч Б.А нь хуваарийн дагуу төлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “зээлийн буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.

Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.А-д банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 7 109 736 төгрөг 50 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 101 852 төгрөг 11 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 24 208 төгрөг 66 мөнгө нийт 8 235 797 төгрөг 27 мөнгө байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хамтран зээлдэгч Б.А-гаас нэхэмжилж байгаа. У-ын хувьд тухайн нас барсан зээлдэгчтэй өмнө нь хамтран хариуцаж байсан хамтран зээлдэгч байгаа. Зээлийн гэрээн дээр яагаад  У гарсан талаар хариу тайлбарт дурдсан. Программ болон зээлийн ажилтан нь механик алдаанаас болсон. Тухайн гэрээн дээр механик алдаанаас үүдэлтэй гэж байгаа боловч хариуцагч Б.А нь гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрээний үндэслэл дээр тухайн хамтран зээлдэгчийн нэр ус тусгагдаагүй ч гэсэн бусад зээлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон зээлийн харилцах дансны хуулга дээр тухайн үүргээ ухамсарлаж ойлгосны үндсэн дээр зээл төлж байсан тохиолдол хэд хэд байдаг. Тухайн нотлох баримтуудаас үүргээ ухамсарлаж ойлгосон гэж харах боломжтой гэж үзэж байна. Сүүлд өгсөн нотлох баримттай холбогдуулан тодруулга хэлье. Д.К.ББСБ-тай байгуулсан гэрээний зээлдэгчийн мэдээллийн хэсгийг ерөнхийдөө тодруулж өгсөн байгаа. Мөн зээлдэгчийн анкетын боловсролын хэсгийг, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хэсгийн зээлийн нөхцөл болон хамтран зээлдэгчийн гарын үсэг, танилцсан хэсгийг, зээлдэгчийн өргөдлийн маягтын хамтран зээлдэгчийн мэдээллийн хэсэг болон хамтран зээлдэгчийн гарын үсэг байгаа. Он, сар, өдөр зурж баталгаажуулсан хэсгийг, мөн зээлдэгчийн дансны болон депозит дансны харилцагчийн монгол хуулгыг тодруулан тэмдэглэсэн байгаа. Зээл төлсөн хамтран зээлдэгч Б.А гэсэн утга бүхий гүйлгээнүүдийг тус тус тодруулж судлуулах хүсэлтэй байна” гэжээ.     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “8 235 495.04 төгрөг нь 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Т.Б-тай байгуулсан 210000441472 дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж үзэж хариуцагчаас шаардаж байна. Энэхүү шаардах эрх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ’’-ний дагуу үүсдэг.

Зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь нэг талаасаа хуульд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ мэт харагдах боловч энэхүү гэрээ нь Б.А-аас төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үндэслэл үүсгэхгүй юм. Б.А нь бичиг үсгийн боловсролын хувьд зөвхөн өөрийн нэрийг бичих, уншихаас өөр чадваргүй.

“Т.Б” ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь зээл авч мөнгөн хөрөнгийг ашиглах, эргүүлэн төлөх зэрэг гол эрх үүргүүдийг үүсгэж байгааг Б.А мэдээгүй, мэдэх боломж байгаагүй.

Зээлдэгч Б.Б нь Б.А-ийн эцэг бөгөөд тэрээр өвчний учир нас барсан. Түүний амьд сэрүүнд уг зээлийн гэрээг байгуулсан боловч мөн л зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлж аваагүй. Б.А-ийн ээж С.У гэх хүн анх “Т.Б” ХХК-аас зээл авсан гэдэг. С.У нь Б.Б-с салж тусдаа амьдрах болж “Т.Б” ХХК-ийн зүгээс зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, зээлээ төлөхгүй байдал үүссэн тул банкнаас Б.Б-ийг зээл авч С.У-ийн зээлийг төлөхийг удаа дараа шаардсаны дагуу Б.Бат- Эрдэнэ “Т.Б” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 210000441472 дугаартай зээлийн гэрээ байгуулсан.

А ээж С.У-ын нэрийн дор гарын үсэг зуруулсан. Үүнийг хариуцагч ээжийнхээ нэрийн өмнөөс гарын үсэг зурж байгаа тул гэрээний дагуу өөрт нь ямар нэг үүрэг хариуцлага ногдохгүй гэж ойлгож байсан байна.

 Талийгаач Ц.Б нас барах хүртлээ өөрийн авч ашиглаагүй зээлийг төлж байсан. Одоо амаржихаар хоног өдрөө хүлээж байгаа охиноор нь зээлийг төлүүлэхээр шаардаж, жирэмсний амралтын мөнгөн олговрыг нь банкны дансанд царцааж санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа нь үнэхээр шударга бус санагдана.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан.

Гэрээнд хариуцагчийн хаяг бүү хэл нэр ч бичигдээгүй. Зээлийн гэрээний нөхцөлийн талаар харилцан санал солилцож тохиролцсон талаарх баримтгүй.

Үүнээс үзэхэд зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарч байна. Үүргийг шударгаар биелүүлэх талаар Иргэний хуульд заасан байдаг. Үүний тулд үүрэг нь өөрөө шударгаар үүссэн байх ёстойг анхаарч үзнэ биз” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс 8 235 797.27 нэхэмжилж байгаа. Энэ зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж тайлбарладаг. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний тавиад байгаа шаардлага үүрэг өөрөө эхлээд шударгаар үүссэн байх ёстой. Гэтэл 2017 оны 10 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээн дээр миний итгэмжлэлээр төлөөлж байгаа Б.Агэх хүний ямар ч нэр, үсэг, талуудын хооронд зээлийн харилцаа үүсгэж байгаа гэх баримт дээр ямар нэг Б.А гэж хүн ийм үүрэг хүлээнэ, ийм эрх эдэлнэ гэсэн ямар нэгэн эрх зүйн зохицуулалт, юу ч гэрээн дээр харилцан тохиролцсон зүйлгүйгээр хамтран зээлдэгч гэж үзэж төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс техникийн алдаа гэж тайлбарлаж байна. Гэвч түүнийг тогтоосон зүйл байхгүй. Иргэний хуульд заасан банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн талаар тодорхой заасан байдаг. Хуульд зааснаар банкнаас олгож байгаа зээл хүү тогтоож байгаа бол бичгээр байгуулсан байхыг шаарддаг.

Хэдийгээр цаасан дээр бичигдсэн байгаа боловч Б.А-ийн яг ямар эрхээс юу хүлээх юм, энэ талаар юу ч бичээгүй байгаа учраас түүнийг бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

2017 оны 10 сарын 31-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл нь талийгаач Ц.Б-ийн цалин байдаг. Энэ үндсэн зээлдэгч болох талийгаач Ц.Б-ийн цалин буюу ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалж байна гэдэг нь тухайн төлбөрийн мөнгийг Ц.Б-ийн цалинтай уяж өгсөн нь судалгаа хийгдсэний үндсэн дээр энэ зээлийг олгож байгаа. Энэ тохиолдолд тухайн үүргийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай шууд холбоотой үүрэг гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн хувийн байдалтай холбоотой үүрэг хүлээж байгаа этгээд нас барснаар тухайн үүргийг бусад этгээд рүү шилжүүлэх ямар ч боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2020/00210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн хариуцагч Б.А-аас 8.235.797 төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 722 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 210000441472 тоот барьцаат зээлийн гэрээнд оролцож хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн зээлтэй холбоотой харилцаанд Б.А нь зээл авах, гэрээ байгуулах, үүсэх үр дагаврыг хариуцах хүсэл зоригтой байсан гэдэг нь хангалттай тодорхой байдаг. Б.А нь Бүрэн бус дунд боловсролтой. 2010 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийг төгссөн. Түүнийгээ банканд гаргаж өгсөн өөрийн мэдээлэл бүхий анкетдаа өөрөө мэдүүлжээ. Мөн аав Ц.Б-ийн зээлд хамтран зээлдэгчээр орохоо хүлээн зөвшөөрч, банканд гаргаж өгсөн баримт дунд өөрийн нэрээр, хамтран зээлдэгчгүйгээр “Д.К.ББСБ”-аас 2016 оны 08 сарын 26-ны өдөр 800,000 төгрөгийг авсан зээлийн гэрээгээ гарган өгсөн байгаа. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын дагуу дээрх нөхцөлүүдийг зээлдэгч, хамтран зээлдэгчид заавал танилцуулан гарын үсгээр баталгаажуулах тул танилцуулан гарын үсэг зуруулсан баримт байгаа болно. Мөн Зээл төлөх үүргээ ухамсарлан ойлгосон тул Б.А зээл авснаас хойш хэд хэдэн удаа банканд ирж зээлийн төлбөрөө төлснийг дансны хуулганаас харж болно. Мөн зээл судлах үед зээлийн ажилтан харилцагчаас асуун бөглөдөг зээлийн өргөдлийн маягтын “хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх мэдээл” хэсэгтэй танилцан гарын үсэг, он сар өдрийг зурсан байдаг. Зээлийн гэрээний нөхцөлийн талаар танилцуулсан, хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан баримт байдаг.

Хэрэв хариуцагч гэрээ байгуулах хүсэл зориггүй, гэрээ байгуулаагүй байсан бол эдгээр баримтыг үйлдэхгүй байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаачлан хариуцагч нь гэрээ байгуулах хүсэл зориггүй, эсхүл гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн бол гэрээ хүчин төгөлдөр бус болж талууд өгсөн авснаа буцаах хууль зүйн үр дагавартай.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн нэр хаяг бусад мэдээлэл гараагүй шалтгаан нь гэрээ нь программаас автоматаар мэдээллийг татан гаргадаг. Программд өмнөх зээлийн хамтран зээлдэгчийн мэдээлэл солигдоогүй байснаас үүдэлтэй, зээлийн ажилтны гаргасан механик алдаа юм. Зээлийн ажилтны механик алдаан дээр үндэслэн хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан хариуцагчийг албадан, өөр хүний өмнөөс гарын үсэг зуруулсан мэт маргаж байгаа нь, хариуцагч зээлийг төлж байсан мөртлөө шүүхэд зээлийн талаар ойлгоогүй гэсэн тайлбар өгч шүүх түүнийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь шударга бус явдал юм.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143 ШШ2020/00210 тоот шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч Б.А-аас 8,235,797.27 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т.Б” ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 8,235,795.27.11 төгрөг гаргуулахаар шаардаж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210000441472 дугаартай зээлийн гэрээг үндэслэл болгожээ. Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

210000441472 дугаартай барьцаат зээлийн гэрээг /цалингийн зээл/ нэг талаас “Т.Б”-ны Өмнөговь салбар, нөгөө талаас зээлдэгч Ц.Б, хамтран зээлдэгч С.У нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, тус гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийн хэмжээ 3,626,495.04 төгрөг болохыг тогтоож, нэмж 6,000,000 төгрөгийн зээл олгож, зээлийн нийт хэмжээг  9,626,495.04 төгрөг гэж тооцон, жилийн хүү 20.40, зээлийг 50 сарын хугацаатай олгоно гэж тохиролцсон байна. /хэргийн 07-09 дүгээр хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын тайлбар, бусад бичмэл нотлох баримтуудыг харьцуулбал дүгнэвэл тус банк нь  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2100003333178 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийг зээлдэгч С.У биелүүлээгүй тул уг гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Ц.Б-тэй түүний цалинг барьцаалж, 210000441472 дугаартай зээлийн гэрээг шинээр  байгуулж, энэ гэрээний “2.1.1. зээлийн үлдэгдлийн хэмжээ 3,626,495.04 MNT” гэдэгт С.У-ийн 2100003333178 дугаартай гэрээний үлдэгдлийг бичиж,  “нэмэлт зээлийн хэмжээ: 6,000,000.00 MNT” гэдэг нь С.У-ийн мөн  гэрээний дагуу банканд буцаан төлбөл зохих хэмжээ болох нь тогтоогдож байна.

Үүний дагуу нэмж зээлсэн 6,000,000.0 төгрөгийг зээлдэгч Ц.Б нь өөрийн 210000116087 тоот цалингийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч мөн өдрөө 5,519,473.11 төгрөгийг “зээл хаав” гэж буцаан банканд шилжүүлсэн байна. /хэргийн 21 дүгээр хуудас/ Энэ нөхцөл байдлын талаар талууд маргаагүй.

Зээлдэгч Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 27-нд нас барсан байна.

Харин нэхэмжлэгч нь Ц.Б-тэй байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210000441472 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах хугацаатай зээлийн гэрээний үүргийг  хамтран зээлдэгч Б.А-аас шаардсан үндэслэлээ зээлдэгч Ц.Б-ийг нас барснаас хойш хамтран зээлдэгч Б.А нь хуваарийн дагуу төлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчсөн гэж тайлбарлаж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 7, 109, 736 төгрөг 50 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 101 852 төгрөг 11 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 24 208 төгрөг 66 мөнгө нийт 8 235 797 төгрөг 27 мөнгө гэж нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсон байна.

210000441472 дугаартай зээлийн гэрээгээр зээлийг Ц.Б-ийн хөдөлмөрлөсний төлөө авах цалинг барьцаалж олгосон нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ “...зээл нь зээлдэгчийн цалинг барьцаалсан түүний хувийн байдалтай холбоотой, зээлийн мөнгийг аваагүй,  Ц.А нь ээжийнхээ нэрийн дор гарын үсэг зурсан, үр дагаврыг ойлгоогүй...” гэх агуулгаар тайлбарлажээ. Энэ татгалзал нь зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэсэн агуулгыг илэрхийлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч банк болон иргэн Б.А-ын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, Ц.Б-тэй байгуулсан 210000441472 дугаартай зээлийн гэрээний үүргийг Б.А хариуцах эсэх тухайд талууд маргаж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулахаар зохицуулсан. 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцдог.

Маргааны зүйл болох 210000441472 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэгт зээлдэгч нарын нэрийг зээлдэгч Ц.Б, хамтран зээлдэгч С.У гэж бичиж, харин гарын үсэг зурсан хэсэгт хамтран зээлдэгч С.У гэх нэрийн дор Б.А гэж гарын үсэг зурсан байна. /хэргийн 07-09 дүгээр хуудас/

“Зээлдэгчийн анкет-хамтран зээлдэгч” гэх баримтад Б.А-ийн хувийн мэдээлэл авагдсан байх боловч уг зээлийн гэрээнд  хамтран зээлдэгчээр оролцохыг хүссэн Б.А-ийн хүсэлт, зөвшөөрөл, мөн түүнийг хамтран зээлдэгчээр оролцуулах тухай банкнаас шийдвэрлэсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.3-т заасны дагуу Б.А-г нэхэмжлэгч банканд гэрээ байгуулах санал илгээсэн, уг саналыг зээлдүүлэгч банк хүлээн авч, зээл олгохыг зөвшөөрч улмаар дагуу гэрээ байгуулагдсан болохыг нэхэмжлэгч талыг нотлоогүй гэж үзэх үндэслэл болно.

 Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-г 210000441472 дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үндэслэл тогтоогдоогүйгээс 210000441472 дугаартай зээлийн гэрээний үүргийг Б.А-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх нэхэмжлэгч банканд үүсэхгүй тул  Б.А зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байдал тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б.А-ийн жирэмсний амралтын мөнгийг банкны дансанд царцаасан” гэх тайлбарын эсрэг “Зээлийн гэрээний 4.1.1-т зааснаар үл маргах журмаар суутган авах эрхтэй байдаг ч банкны зүгээс маргаан шийдвэрлэгдтэл зээлийн төлбөрт суутгалгүй тухайн дансанд битүүмжилсэн” гэж тайлбарласан боловч хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гараагүй байна.

 Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, хэсгийг бүрэн хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2020/00210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “451.1 дэх” гэсний дараа “453 дугаар зүйлийн 453.1 дэх ” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 146722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд  гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                 ШҮҮГЧИД                                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                        Т.БЯМБАЖАВ