Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т  банк ХХК

Хариуцагч:   аймаг   сум,   тоотод оршин суух, Т  овогт Б.А /регистрийн дугаар:              /

8 235 797 төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т банкны Өмнөговь салбар нь Ц.Б, хамтран зээлдэгч Б.А нартай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 210000441472 тоот зээлийн гэрээ байгуулан 9 626 495 төгрөг 04 мөнгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд: 4 ханатай гэр, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, цалин зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ц.Б, хамтран зээлдэгч Б.А нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-нд нас барсан ба хамтран зээлдэгч Б.А нь хуваарийн дагуу төлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “зээлийн буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.

Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.А банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 7 109 736 төгрөг 50 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 101 852 төгрөг 11 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 24 208 төгрөг 66 мөнгө нийт 8 235 797 төгрөг 27 мөнгө байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хамтран зээлдэгч Б.А нэхэмжилж байгаа. У хувьд тухайн нас барсан зээлдэгчтэй өмнө нь хамтран хариуцаж байсан хамтран зээлдэгч байгаа. Зээлийн гэрээн дээр яагаад У гарсан талаар хариу тайлбарт дурдсан. Программ болон зээлийн ажилтны механик алдаанаас болсон. Тухайн гэрээн дээр механик алдаанаас үүдэлтэй гэж байгаа боловч хариуцагч Б.А нь гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрээний үндэслэл дээр тухайн хамтран зээлдэгчийн нэр ус тусгагдаагүй ч гэсэн бусад зээлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон зээлийн харилцах дансны хуулга дээр тухайн үүргээ ухамсарлаж ойлгосны үндсэн дээр зээл төлж байсан тохиолдол хэд хэд байдаг. Тухайн нотлох баримтуудаас үүргээ ухамсарлаж ойлгосон гэж харах боломжтой гэж үзэж байна. Сүүлд өгсөн нотлох баримттай холбогдуулан тодруулга хэлье. Даланзадгад капитал ББСБ-тай байгуулсан гэрээний  зээлдэгчийн мэдээллийн хэсгийг ерөнхийдөө тодруулж өгсөн байгаа. Мөн зээлдэгчийн анкетын боловсролын хэсгийг, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хэсгийн зээлийн нөхцөл болон хамтран зээлдэгчийн гарын үсэг, танилцсан хэсгийг, зээлдэгчийн өргөдлийн маягтын хамтран зээлдэгчийн мэдээллийн хэсэг болон хамтран зээлдэгчийн гарын үсэг байгаа. Он, сар, өдөр зурж баталгаажуулсан хэсгийг, мөн зээлдэгчийн дансны болон депозит дансны харилцагчийн монгол хуулгыг тодруулан тэмдэглэсэн байгаа. Зээл төлсөн хамтран зээлдэгч Б.А гэсэн утга бүхий гүйлгээнүүдийг тус тус тодруулж судлуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Б.А 8 235 495.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 8 235 495.04 төгрөг нь 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Т банктай байгуулсан 210000441472 дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж үзэж хариуцагчаас шаардаж байна. Энэхүү шаардах эрх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний дагуу үүсдэг. Нэхэмжлэгч энэ агуулгаар шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэлээс илэрхий. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь нэг талаасаа хуульд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ мэт харагдах боловч энэхүү гэрээ нь Б.А төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үндэслэл үүсгэхгүй юм. Б.А нь бичиг үсэг мэдэхгүй. Бичиг үсгийн боловсролын хувьд зөвхөн өөрийн нэрийг бичих, уншихаас өөр чадваргүй. “Т банк” ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь зээл авч мөнгөн хөрөнгийг ашиглах, эргүүлэн төлөх зэрэг гол эрх үүргүүдийг үүсгэж байгаа талаараа Б.А мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Зээлдэгч Б.Б нь Б.А эцэг бөгөөд тэрээр өвчний учир нас барсан. Түүний амид сэрүүнд уг зээлийн гэрээг байгуулсан боловч мөн л зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлж аваагүй. Б.А ээж С.У гэх хүн анх “Т банк” ХХК-аас зээл авсан гэдэг. С.У нь Б.Б салж тусдаа амьдрах болсон бөгөөд “Т банк” ХХК-ийн зүгээс зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, зээлээ төлөхгүй байдал үүссэн тул Б.Б зээл авч С.У зээлийг төлөхийг шаардсан байна. Б.Б удаа дараа шаардсаны дагуу Б.Б “Т банк” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 210000441472 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Б.А гарын үсэг зурсан боловч гэрээ байгуулах үед тухайн гэрээний агуулга, үүсэх үр дагаврыг ойлгоогүй. Ойлгох боломж ч олгоогүй.

Ээж С.У нэрийн дор гарын үсэг зуруулсан. Үүнийг хариуцагч ээжийнхээ нэрийн өмнөөс гарын үсэг зурж байгаа тул гэрээний дагуу өөрт нь ямар нэг үүрэг хариуцлага ногдохгүй гэж ойлгож байсан байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах явцад ноцтой төөрөгдсөн байна. Бичиг үсэг мэдэхгүй хүнд үйлдлийн учир холбогдол, гарах үр дагаврыг тайлбарлалгүйгээр бусдын авсан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж байгаа, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш юм. Б.А аав Ц.Б 2018 оны 11 сард нас барсан. Талийгаач Ц.Б нас барах хүртлээ өөрийн авч ашиглаагүй зээлийг төлж байсан. Одоо амаржихаар хоног өдрөө хүлээж байгаа охиноор нь зээлийг төлүүлэхээр шаардаж, жирэмсний амралтын мөнгөн олговрыг нь банкны дансанд царцааж санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа нь үнэхээр шударга бус санагдана. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан. Гэрээнд хариуцагчийн хаяг бүү хэл нэр ч бичигдээгүй. Зээлийн гэрээний нөхцөлийн талаар харилцан санал солилцож тохиролцсон талаарх баримтгүй. Үүнээс үзэхэд зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарч байна. Үүргийг шударгаар биелүүлэх талаар Иргэний хуульд заасан байдаг. Үүний тулд үүрэг нь өөрөө шударгаар үүссэн байх ёстойг анхаарч үзнэ биз ээ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 8 235 797.27 нэхэмжилж байгаа. Энэ зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж тайлбарладаг. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний дагуу аливаа үүрийг шударгаар биелүүлэх тухай заасан байдаг. Гэхдээ бидний тавиад байгаа шаардлага үүрэг өөрөө эхлээд шударгаар үүссэн байх ёстой.  Гэтэл 2017 оны 10 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээн дээр миний итгэмжлэлээр төлөөлж байгаа Б.А гэх хүний ямар ч нэр, үсэг, талуудын хооронд зээлийн харилцаа үүсгэж байгаа гэх баримт дээр ямар нэг Б.А гэж хүн ийм үүрэг хүлээнэ, ийм эрх эдлэнэ гэсэн ямар нэгэн эрх зүйн зохицуулалт, юу ч гэрээн дээр харилцан тохиролцсон зүйлгүйгээр хамтран зээлдэгч гэж үзэж төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.А хувьд өөрөөс нь авсан мэдээллээр бичиг үсэг мэдэхгүй, өөрийнхөө нэрийг уншиж бичиж мэднэ, ойр дотныхоо хүмүүсийн нэрийг уншиж, бичиж мэднэ гэсэн мэдээлэлтэй байна. Бичиг үсэггүй талаар ямар нэгэн лавлагаа, ямар нэгэн баримт улсаас гарах боломжгүй байдаг юм байна. 2017 оны 10 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээн дээр талийгаач Ц.Б, С.У нар  хамтран зээл авч байгаа харилцан тохиролцсон, хэн нь ямар эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа талаар бичсэн байдаг боловч энэ дотор Б.А үүргийн талаар нэг ч зүйл заагаагүй. Энэ хүний ойлголтоор тухайн үед ээжийнхээ өмнөөс хариуцлага хүлээж байгаа юм байна, ээж бол ийм ийм үүрэг хүлээх юм байна, би бол өөрөө төлнө гэсэн ямар ч ойлголтгүй, тийм ойлголт төрөх боломж ч гэрээн дээр байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс техникийн алдаа гэж тайлбарлаж байна. Гэвч түүнийг тогтоосон зүйл байхгүй. Иргэний хуульд заасан банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн талаар тодорхой заасан байдаг. Хуульд зааснаар банкнаас олгож байгаа зээл хүү тогтоож байгаа бол бичгээр байгуулсан байхыг шаарддаг. Яагаад заавал бичгээр байгуулж бай гэж шаардаад байна вэ гэвэл банк энэ гэрээний дагуу төлбөрөөс гадна хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад барьцааны зүйлийн талаар зохицуулсан байдаг учраас хэн аль нь үүргийнхээ талаар тодорхой ойлголттой, дахин маргаан гарахгүй байх үүднээс ингэж хуульчилсан байдаг. Хэдийгээр цаасан дээр бичигдсэн байгаа боловч  Б.А яг ямар эрхээс юу хүлээх юм, энэ талаар юу ч бичээгүй байгаа учраас түүнийг бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй. 2017 оны 10 сарын 31-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл нь талийгаач Ц.Б цалин байдаг. Энэ үндсэн зээлдэгч болох талийгаач  Ц.Б цалин буюу ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалж байна гэдэг нь тухайн төлбөрийн мөнгийг Ц.Б цалинтай уяж өгсөн нь судалгаа хийгдсэний үндсэн дээр энэ зээлийг олгож байгаа. Энэ тохиолдолд тухайн үүргийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай шууд холбоотой үүрэг гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн хувийн байдалтай холбоотой үүрэг хүлээж байгаа этгээд нас барснаар тухайн үүргийг бусад этгээд рүү шилжүүлэх ямар ч боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Т банк ХХК-ийн нэхэмжлэл, 9016001018 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1124 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210000441472 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Ц.Б “Т банк” ХХК-д гаргасан өргөдөл, Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруунсайханы 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зээлдэгчийн анкетын хуулбар, Ц.Б, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 0000225005 дугаартай Ц.Б нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Б зээлийн дансны хуулга /6 хуудас/, Ц.Б депозит дансны харилцагчийн Монгол хуулга /6 хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариу тайлбар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбар, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №0016080007 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлдэгчийн анкетын хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №210000333178 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, цалингийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, Ц.Б депозит дансны харилцагчийн монгол хуулга /6 хуудас/, Ц.Б зээлийн дансны хуулга /6 хуудас/ зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК нь Б.А холбогдуулан 8 235 797 төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас Т банк ХХК –ийг төлөөлж Өмнөговь салбарын захирал З.У, нөгөө талаас  Ц овогтой Б, С овогтой У нар 210000441472 тоот барьцаат зээлийн гэрээгээр 3.626.495 төгрөг 04 мөнгөний зээлийн үлдэгдэл дээр 6.000.000 төгрөг нэмж нийт 9.626.495 төгрөг 04 мөнгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцож барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна. 

Нэхэмжлэгч нь дээрхи барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгч С.У нэр дээр Б.А нь гарын үсэг зурсан гэж барьцаат зээлийн гэрээний үүргийг   Б.А шаарджээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “ Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл / эс үйлдэхүй /-г хэлцэл гэнэ “,

40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно “,

189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “ Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй “ гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож  “ ... Программ болон зээлийн ажилтны механик алдаанаас болсон. Тухайн гэрээн дээр механик алдаанаас үүдэлтэй гэж байгаа боловч хариуцагч Б.А нь гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрээний үндэслэл дээр тухайн хамтран зээлдэгчийн нэр ус тусгагдаагүй ч гэсэн бусад зээлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон зээлийн харилцах дансны хуулга дээр тухайн үүргээ ухамсарлаж ойлгосны үндсэн дээр зээл төлж байсан тохиолдол хэд хэд байдаг...” гэсэн тайлбарыг гаргасан ба шүүх хариуцагч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 210000441472 тоот барьцаат зээлийн гэрээнд оролцож хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн харөнгө , гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан бөгөөд хариуцагч Б.А нь 210000441472 тоот барьцаат зээлийн гэрээний зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.235.797 төгрөг 27 мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 9016001018 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1124 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл зэрэг нь хэргийн оролцогчийг тодорхойлоход ач холбогдолтой, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №0016080007 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №210000333178 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, цалингийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, Ц.Б депозит дансны харилцагчийн Монгол хуулга /6 хуудас/, Ц.Б зээлийн дансны хуулга /6 хуудас/ зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210000441472 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Ц.Б “Т банк” ХХК-д гаргасан өргөдөл, Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруунсайханы 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зээлдэгчийн анкетын хуулбар, Ц.Б, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 0000225005 дугаартай Ц.Б нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Б зээлийн дансны хуулга /6 хуудас/, Ц.Б депозит дансны харилцагчийн Монгол хуулга /6 хуудас/,  зээлдэгчийн анкетын хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн хариуцагч Б.А 8.235.797 төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 722 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.УГТАХБАЯР