Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00341

 

“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2020/00210 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 203/2020МА/00020 дугаар магадлалтай,

“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,235,797.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,235,795.27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2020/00210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч” Т б” ХХК-ийн хариуцагч Б.Агаас 8,235,797 төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,722 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 203/2020МА/00020 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2020/00210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 451.1 дэх гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1 дэх гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 146,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 203/2020МА/00020 тоот магадлалд дараах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Аг 210000441472 дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үндэслэл тогтоогдоогүйгээс 210000441472 дугаартай зээлийн гэрээний үүргийг Б.Агаас Иргэний хуулийн 186.1, 451 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх нэхэмжлэгч банканд үүсэхгүй тул Б.А зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байдал тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй байна” гэжээ. Тухайн зээлтэй холбоотой харилцаанд Б.А нь зээл авах, гэрээ байгуулах, үүсэх үр дагаврыг хариуцах хүсэл зоригтой байсан гэдэг нь хангалттай тодорхой байдаг. Тодруулбал: Б.А нь Бүрэн бус дунд боловсролтой. 2010 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийг төгссөн. Түүнийгээ банкинд гаргаж өгсөн өөрийн мэдээлэл бүхий анкетдаа өөрөө мэдүүлжээ. Мөн аав Ц.Бат-Эрдэнийн зээлд хамтран зээлдэгчээр орохоо хүлээн зөвшөөрч, банканд гаргаж өгсөн баримт дунд өөрийн нэрээр, хамтран зээлдэгчгүйгээр “Даланзадгад капитал ББСБ”-аас 2016.08.26-ны өдөр 800,000 төгрөгийг авсан зээлийн гэрээгээ гарган өгсөн байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу дээрх нөхцөлүүдийг зээлдэгч, хамтран зээлдэгчид заавал танилцуулан гарын үсгээр баталгаажуулах тул танилцуулан гарын үсэг зуруулсан баримт байгаа болно. Мөн Зээл төлөх үүргээ ухамсарлан ойлгосон тул Б.А зээл авснаас хойш хэд хэдэн удаа банканд ирж зээлийн төлбөрөө төлснийг дансны хуулгаас харж болно. Мөн зээл судлах үед зээлийн ажилтан харилцагчаас асуун бөглөдөг зээлийн өргөдлийн маягтын “хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх мэдээл” хэсэгтэй танилцан гарын үсэг, он, cap өдрийг зурсан байдаг, Зээлийн гэрээний нөхцөлийн талаар танилцуулсан, зээлдэгч хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан баримт байдаг. Хэрэв хариуцагч гэрээ байгуулах хүсэл зориггүй, гэрээ байгуулаагүй байсан бол эдгээр баримтыг үйлдэхгүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаачлан хариуцагч нь гэрээ байгуулах хүсэл зориггүй, эсхүл гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн бол гэрээ хүчин төгөлдөр бус болж талууд өгсөн авснаа буцаах хууль зүйн үр дагавартай. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн нэр хаяг бусад мэдээлэл гараагүй шалтгаан нь гэрээ нь програмаас автоматаар мэдээллийг татан гаргадаг. Програмд өмнөх зээлийн хамтран зээлдэгчийн мэдээлэл солигдоогүй байснаас үүдэлтэй, зээлийн ажилтны гаргасан механик алдаа юм. Зээлийн ажилтны механик алдаан дээр үндэслэн хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан хариуцагчийг албадан, өөр хүний өмнөөс гарын үсэг зуруулсан мэт маргаж байгаа нь, хариуцагч зээлийг төлж байсан мөртлөө шүүхэд зээлийн талаар ойлгоогүй гэсэн тайлбар өгч шүүх түүнийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь шударга бус явдал юм. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 203/2020МА/00020 тоот магадлалыг хүчингүй болгож хариуцагч Б.Агаас 8,235,797.27 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,235,795.27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...уг гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээ байгуулах үед тухайн гэрээний агуулга, үүсэх үр дагаврыг ойлгоогүй. ...ээж С.Уранбайгалийн нэрийн дор гарын үсэг зуруулсан, үүнийг ээжийнхээ нэрийн өмнөөс гарын үсэг зурж байгаа тул өөрт ямар нэг үүрэг хариуцлага ногдохгүй гэж ойлгож байсан ...гэрээ байгуулах явцад ноцтой төөрөгдсөн... гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...программд өмнөх зээлийн хамтран зээлдэгчийн мэдээлэл солигдоогүй байснаас үүдэлтэй алдаа гарсан. Зээлийн ажилтны механик алдаан дээр үндэслэн, хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан хариуцагчийг албадан, өөр хүний өмнөөс гарын үсэг зуруулсан мэт маргаж байгаа нь, хариуцагч зээлийг төлж байсан мөртлөө шүүхэд зээлийн талаар ойлгоогүй гэсэн тайлбар өгч, шүүх түүнийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь шударга бус... гэх хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ц.Бат-Эрдэнэ, С.Уранбайгаль нар нь 2017.10.31-ний өдөр Т бХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж, өмнөх авсан зээлийн үлдэгдэл 3,626,495.04 төгрөг дээр 6,000,000 төгрөг нэмж зээлж, нийт 9,626,495.04 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн байх ба уг гэрээний хамтран зээлдэгч С.Уранбайгаль гэсэн нэр дээр Б.А гарын үсэг зурсан. Уг зээлийн гэрээний зээлдэгч Ц.Бат-Эрдэнэ 2018.11.27-ны өдөр нас баржээ.

10. Нэхэмжлэгч банк нь Ц.Бат-Эрдэнэтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Агаас шаардаж буй үндэслэлээ ...зээлдэгч Ц.Бат-Эрдэнийг нас барснаас хойш хамтран зээлдэгч Б.А нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, ...2019.05.25-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 2.2.1-д заасныг зөрчсөн... гэж тодорхойлон, 2020.01.27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7,109,736.50 төгрөг, хүүнд 1,101,852.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,208.66 төгрөг, нийт 8,235,797.27 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлдэгчийн анкет-хамтран зээлдэгч гэх баримтад Б.Агийн хувийн мэдээлэл авагдсан байх боловч уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцохыг хүссэн Б.Агийн хүсэлт, зөвшөөрөл, мөн түүнийг хамтран зээлдэгчээр оролцуулах тухай банкнаас шийдвэрлэсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэгч банкинд уг зээлийн гэрээний үүргийг Б.Агаас шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанд нийцжээ.  

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.   

13. Иймд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 203/2020МА/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.17-ны өдөр төлсөн 146,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

   ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН