Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04  дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00165  дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.Н-д холбогдох,

“Гэм хорын хохирол 3 852 940 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг Т.Б-ийн өмгөөлөгч И.Олонмөнхийн давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлийн агуулга: “Б.Н нь миний биед хүйтэн зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд минь хүнд хохирол учруулсныг Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны №56 дугаартай дүгнэлтээр тогтоосон тул өөрийн биеийг Улаанбаатар хотод очиж эмнэлгүүдийн оношилгоо шинжилгээ хийгдэж, эм тариа авах, Мишээл хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, ирж очих зардал зэргийн мөнгийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33-р тогтоолын 6 дугаар заалтаар цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Т.Б нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул хохирогч Т.Б би өөрөөс гарсан бүх эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Б.Н анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б-ийн эрүүл мэндэд хохирол учруулсны төлөө 2 200 000 төгрөгийг төлсөн болно. Тухайн үед хохирогч Т.Б-ийн эмчилгээний зардлын мөнгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж нотлох баримтаар бүрдүүлсэн материалыг шинжлэн судлуулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэхэмжилж байгаа 3 852 940 төгрөгийг төлөхгүй. Хөдөлмөр эрхлэхэд ямар нэгэн нөлөө байхгүй, биеийн байдал бүрэн эдгэрсэн гэх шүүхээр тогтоолгосон учраас дахин энэ эмчилгээний төлбөрийг төлөх шаардлагагүй баримтуудыг анхаарч үзнэ үү” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04  дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00165  дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-аас 265 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэгчийн 3 587 940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 76 598 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 8600 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  “Нэхэмжлэгч Б нь 2019.01.06-ны шөнө Б.Н-д чээжин тус газраа хутгалуулж чээж нэвтэрч уушги гэмтэж олон хоног эмчлүүлж Улаанбаатар хотод 2 удаа явж уушгины эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Энэ гэмтэл авсан үед ямар хүнд байсныг Н өөрөө сайн мэдэж байгаа билээ. Эрүүгийн хэргийн шүүх хурлын өмнө бүх зардлыг чинь дааж эмчлүүлнэ гэж хэлж намайг хөнгөн ял оноож өгнө үү гэж хэлүүлчхээд одоо болохоор огт өөр зүйл ярьж бүх зардлыг төлсөн одоо нэмж төлөх төлбөр байхгүй гэж хэлж намайг эрүүл мэнд, эдийн засгаар давхар хохироогоод байгаа талаар нэхэмжлэгч гомдолтой байдаг.

Нэхэмжлэгч иргэний хэргийн анхан шатны шүүхэд эмчилгээний төлбөр төлсөн өөрийн нэртэй төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн байхад шүүх хариуцагч Н-ийн учруулсан гэмтлийг эмчлэхэд зарцуулсан нь эргэлзээтэй байна гэж үзэж ихэнх баримтыг хасаж хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний баримт нь 2019-01-06-ны үед Н-гийн хутгалснаас болж эрүүгийн шүүх хурлаас хойш олон сар явж эмчлүүлсэн зардал мөн тул хариуцагч Б. Н-аас 3.852.940 төгрөгийг гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагч Б.Н-аас Т.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, талуудын нотолгооны үүргийг тодорхойлохдоо алдаа гаргаснаас хохирлын хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөж боломжтой гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Н-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3852940 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Н бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Н-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулсан, мөн өмгөөлөгч И.Оюунгэрэл түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүхээс хангасан гэж үзнэ.

Хариуцагч Б.Ннь согтуу үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Т.Б-ийн чээжин тус газар хутгалж уушгийг гэмтээж биед нь хүнд хохирол учруулсан, энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгүүлсэн нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай  шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон байх тул дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг нэгэнт тогтоогдсон үйл баримт үзнэ. Энэ нь иргэний хэргийн маргаанд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх дахин нотлохгүй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Т.Бнь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн эрхтэй болохыг заажээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахад гарсан зардлыг хариуцагч Б.Н хариуцан арилгах үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Т.Б нь 3852940 төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш Улаанбаатар хотод хоёр удаа очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардал гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх нь Т.Б-ийн 2019 оны 3 дугаар сарын 23-25, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд гарсан зардлын зарим хэсэг болох уушги болон дотрын эмчийн үзлэг, рентген зураг, эхо, ЭКГ зэрэг үзлэг, шинжилгээтэй холбоотой 265000 төгрөгийг хариуцагчид хариуцуулжээ.

Харин үлдсэн хэсгийг “...дээрх эмчилгээнүүдийг хариуцагч Б.Н-ийн үйлдлээс учруулсан гэмтлийг арилгахад зарцуулсан хохиролд тооцож нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрж байх тул...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Шүүхийн эргэлзээтэй гэж үзсэн нотлох баримтад авагдсан мэдээлэл нь шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хугацаанд хамааралтай буюу 2019 оны 3 дугаар  сар, 11 дүгээр сарын хугацааны, зарлага нь эм, эмчилгээтэй холбоотой, түүнчлэн зарим баримт нь Т.Б нэрээр бичигдсэн баримтууд байхад тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийгээгүй нь шүүхийг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болно.

Хариуцагч Б.Ннь  татгалзлын үндэслэлээ  гэм хорын хохиролд 2 200 000 төгрөг төлсөн, цаашид хөдөлмөр эрхлэхэд нөлөө байхгүй гэж тайлбарласан боловч өөр нотлох баримтыг шүүхэд гараагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох боловч хэргийн оролцогч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж мэтгэлцэх үүрэгтэй.

Шүүх хариуцагч Б.Н-ийн тайлбарын үндэслэл болон түүний хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрхэн биелүүлсэн байдалд дүгнэлт өгөөгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч нь түүний үйлдлээс Т.Б-д эрүүл мэнддээ учирсан гэм хорыг арилгах эмчилгээ хийлгэх шаардлага үүсээгүйг, хохирол үүсэх зайлшгүй нөхцөл байдал, мөн хохирлын хэмжээний талаарх татгалзлаа нотлоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд гэм учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, уг шаардлагад тохирох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Н-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шинээр хавсаргаж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгтэй нийцээгүй тул уг баримтуудыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04  дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00165  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “265000” гэснийг “3852940” гэж, 3 дахь заалтын “8600” гэснийг “76598” гэж тус тус өөрчилж, 2 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Т.БЯМБАЖАВ