Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 09

 

 

“Х Б” ХХК-ийн Увс салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн ..., регистрийн ... дугаартай, “Х Б” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 27 дугаар байр, 24 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ..., Ц овогтой Л-гийн Г,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 27 дугаар байр, 24 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ..., Булгадар овогтой Н-н Э нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Л.Г, Н.Э, шүүх хуралдааны бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Увс салбарын захирал Ю.Нэргүй анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Г, Н.Э нар Хас банктай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1250020613 дугаартай зээлийн гэрээ байгуулан 48.000.000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бараа татах зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Л.Гийн Хас банк дахь 5000173760 дансанд 48.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1250020613 тоот зээлийн үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 17.798,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөгийг төлсөн. Улмаар банк 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр харилцагчтай тохиролцон үл хөдлөх хөрөнгийг 45.000.000 төгрөгт тооцон авч үндсэн зээлийн төлбөрт төлүүлсэн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1250020613 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн үлдэгдэл төлбөрийг огт төлөхгүйгээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 497 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1250020613 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.008.000 төгрөгийг зээлдэгч Л.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Э нараас гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Л.Г, Н.Э нар анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х Б” ХХК-ийн Увс аймаг дахь салбараас 3.008.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид Хас банкнаас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр анх тавин сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед графикийн дагуу зээлээ төлөөд явж байсан бөгөөд 7 сая төгрөгийг бэлнээр хийж, зээлийн хүүнд 10.798.930 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 43.341.528 төгрөг үлдсэн байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нөхөр маань 15 тоннын машинаар Улаанбаатар хотоос наймаачдын бараа ачаад ирж яваад машины дугуй буудсанаас гэнэт гал гарч, машин маань бараатайгаа шатаж, бид нар их хэмжээний өрөнд орсон. Маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хас банкнаас бид нарыг дуудан бидэнтэй өмнө нь хийсэн зээлийн гэрээг хүчингүй болгож, дахин зээлийн гэрээг шинэчилж хийсэн. Тухайн үед иргэдэд маш их хэмжээний хохирол болон 70-80 сая төгрөгийн хохирол учруулсан гэж гал түймэр гарсан тухай актаар тогтоосон. Тухайн үед бид иргэдийн өрийг төлөөд банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд Хас банкинд хүсэлт гарган хүүгээ зогсоолгосон билээ. Банкны хүү 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зогссон. Тухайн үед банкнаас авсан зээлээ жил шахам эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөөр ирсэн итгэлтэй зээлдэгч гэдэг утгаар Төв Хас банкнаас 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн бидний зээлийн хүүг зогсоосон шийдвэр гарсны дагуу зээлийн хүүг зогсоосон. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бид нарыг Хас банкнаас дуудан уулзаж, Улаангом сумын 7 дугаар баг, 2-4 тоотод байрлаж байгаа хувийн 10х12 харьцаатай 2 давхар 6 өрөө орон сууц, газрын хамт Хас банк нь тухайн үед төлөгдөөгүй зээлийн төлбөрт өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Манай хувийн орон сууц маань А зэрэглэлд байрлах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр зах зээлийн ханшаар 90.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Банк нь барьцааны хөрөнгөнд хувийн 2 давхар орон сууц, өмчлөлийн газар зэргийг авахдаа барьцаанд байгаагүй 7х5 харьцаатай граж, хашааг бас хамруулан нэмж авсан. Иймд Хас банкнаас хашаа гражны үнэ тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Мөн Хас банкнаас нэхэмжилсэн 3.008.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүний тайлбарыг эргэн төлөлтийн хуваарийн дагуу банкны баримт зэргийг үндэслэн тайлбарлаж өгөх болно. Бид амьдарч байсан орон сууц, газар зэрэг эд хөрөнгөө тухайн үед төлөгдөөгүй зээлэнд өгсөн учир банкны нэхэмжлээд байгаа 3.008.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзээд байна. Банк үлдэгдэл 3.008.000 төгрөг төлүүлэх байсан бол үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авахдаа үлдэгдэл зээлээ яагаад хэлээгүй юм бэ. Бас хэдэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байгаад бид гомдолтой байна” гэжээ. 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Г, Н.Э нарт холбогдох “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.008.000 /гурван сая найман мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийн тоггоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х Б” ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжпэгч шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, өөр хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт зээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг зааж болно гэж тус тус заасан байдаг бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 1250020613 дугаартай Зээлийн гэрээний 1.4 дугаар зүйлд хариуцагч нар нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу хэсэгчлэн эргэн төлөхөөр заасан байна. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа Улаанбаатар хотоос тээвэрлэлт хийх явцад автомашин ачиж явсан барааны хамт шатаж бусдад их хэмжээний өрөнд орж үүний улмаас зээлийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх боломжгүй байдалд орсон талаараа дурдсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүүгийн төлбөрөөс чөлөөлж, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1250020613 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн зарим хэсэгт буюу 45,000,000 төгрөгт тооцон барьцаа хөрөнгүүдийг нэхэмжпэгчийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авсан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд үндэслэн дүгнэлт хийсэн болно. Гэвч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хэдийгээр 1250020613" тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан боловч банк шаардах эрх үүссэн буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийг шаардах эрхтэй байжээ ..." гэж дүгнэж буй нь буруу буюу хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь хугацаа тогтоосон үүргийн зарим хэсгийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн даруйд үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн үлдэх хэсгийг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүсдэггүй бөгөөд зохигчид нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1250020613 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн зарим хэсэгт буюу 45,000,000 төгрөгт тооцон барьцаа хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийсэн болохоос бус үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулаагүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжилж буй үндсэн зэээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч нар нь хугацааны эцэст буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжпэгчийн шаардах эрх мөн өдөр үүсч хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар эхлэн тоолох учиртай юм. Дээр дурдсанаас үзвэл шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны онцлог, үүрэг гүйцэтгэх талаар талуудын сүүлд хийсэн хэлцэл, үр дагаварт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэг нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй буюу өөр хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Л.Г, Н.Э нарт холбогдох, банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.000.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

 Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Увс салбар нь хариуцагч Л.Г, Н.Э нараас 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1250020613 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Л.Г, Н.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ Бид Хас банкны Увс салбараас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр анх 50.000.000 төгрөгийн зээл авч, графикийн дагуу зээлээ төлөөд явж байсан.  Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нөхөр маань 15 тонн даацтай автомашинаар Улаанбаатар хотоос наймаачдын бараа тээвэрлэж явтал машины дугуй буудсанаас гэнэт гал гарч, машин маань бараатайгаа шатаж, бид нар их хэмжээний өрөнд орсон. Энэ үед банкны зээлийн үлдэгдэл 43.341.528 төгрөг байсан. Маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бид Хас банкин дээр очиж, зээлийн хүү зогсоож өгөх хүсэлт гаргасан. Биднийг банкнаас авсан зээлээ жил шахам эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөөр ирсэн итгэлтэй зээлдэгч гэдэг утгаар Төв Хас банкнаас 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг зогсоох шийдвэр гаргасны дагуу зээлийн хүүг зогсоосон.  

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бид нарыг Хас банкнаас дуудан уулзаж, зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгөө төлөгдөөгүй зээлийн төлбөрт тооцож, банкны өмчлөлд шилжүүлэх санал тавьсны дагуу бид Улаангом сумын 7 дугаар баг, 2-4 тоотод байрлаж байгаа хувийн 10х12 харьцаатай 2 давхар 6 өрөө орон сууц, газрын хамт Хас банкны өмчлөлд шилжүүлсэн. Бид амьдарч байсан орон сууц, өмчлөлийн газраа тухайн үед төлөгдөөгүй зээлэндээ тооцож өгсөн учир банкны нэхэмжлээд байгаа 3.008.000 төгрөгийг төлөх боломжгүй, тухайн үед үлдэгдэл төлбөр байгаа талаар хэлээгүй, хэдэн жил өнгөрсний дараа нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна ” гэж тайлбарласан байна.   

 “Х Б” ХХК-ийн Увс салбар, Л.Г, Н.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1250020613 дугаар зээлийн гэрээгээр олгосон 48.000.000 төгрөгийг  хариуцагч нарын өмнөх буюу 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1250015496 дугаар зээлийн гэрээгээр авсан зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт суутгасан нь хэрэгт авагдсан  дансны хуулга баримт / хх-ийн 27-р тал/, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Хариуцагч нар анхан шатны шүүхэд “2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн  1250020613 дугаар гэрээгээр олгосон гэх 48.000.000 төгрөгөөс бид нэг төгрөг ч аваагүй, банк өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүд тооцож суутгасан, мөн шинээр зээл олголтын шимтгэл гэж 624000 төгрөг суутгасан байсан. Бид 2015 оны 7 дугаар сарын 30-нд машинд гал гарснаас машин болон ачаа бараа шатаж, устсан тул гэнэтийн ослын улмаас эрсдэл хүлээж зээлээ төлж чадахгүй болсон учраас 2014 онд авсан зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтийг банкинд тавьсан болохоос шинээр зээл авах хүсэлт  гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1250020613 дугаар зээлийн гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин зээлдэгч Л.Г, Н.Э нар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх  хугацаанд 1250020613 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу ямар ч төлөлт хийгээгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний 3.4.2 дахь хэсэгт заасан “ зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх” үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ үеэс эхлэн зээлдүүлэгчийн эрх зөрчигдөж, зээлийн гэрээний  3.2.4, 3.2.7.1, 5.1.1, 5.1.6, 5.1.7, 5.2 дахь  хэсгүүдэд заасны дагуу гэрээнээс татгалзаж, зээлдэгч нараас зээлийн төлбөрөө төлөхийг шаардах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардах эрх тус тус үүссэн байна.

Зээлдэгч нар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө хийх санхүүгийн чадваргүй болсон, тодруулбал: тээвэр хийж, орлого олж байсан 15 тн-ын даацтай ачааны автомашин нь тээвэр хийж явах замд дугуй буудсанаас гал гарч, машинд 38 сая төгрөгийн хохирол учирсан, мөн тээвэрлэж явсан 14 хүний бараа, материал галд өртсөнөөс 70-80 сая гаруй төгрөгийн хохирол учирсан нь Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн 2018-08-02-ний өдрийн 31 дүгээр гал түймэр гарсан тухай акт / хх-ийн 34-р тал/ -аар, зээлдэгч нар зээлийн гэрээний 3.3.3-т заасан эрхийнхээ дагуу осол болсны маргааш буюу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгчид ослын талаар мэдэгдэж, орлого олох боломжгүй болсон тул зээлийн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг банк зээлдэгчийн санхүүгийн байдал хүндэрсэн буюу зээл төлөгдөхгүй байж болох  нөхцөл байдал үүссэнийг харгалзан 1250020613 дугаар гэрээгээр олгосон 48.000.000 төгрөгийг хүүнээс чөлөөлсөн шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбараар тус тус нотлогдсон байна.     

Түүнчлэн зээлдүүлэгч буюу банк нь  2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1250020613 дугаар зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу зээлдэгч нарын барьцаалсан хөрөнгө болох Улаангом сумын 7 дугаар баг, 2-4 тоотод байрлалтай,   10х12 хэмжээтэй, 2 давхар 6 өрөө хувийн орон сууцыг  өмчлөлийн газрын хамт өөрийн өмчид шилжүүлэх гэрээ байгуулж, барьцааны хөрөнгүүдийг 45.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авч, үүргийн гүйцэтгэл хангуулах арга хэмжээ авсан байгаагаас үзэхэд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-т “ үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4 /хууль болон гэрээнд заасан хугацаа/-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан “ үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах арга хэмжээ авах хүртэлх 8 сарын хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй нь зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах  /гэрээнд хэсэгчилсэн хугацааг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн нь гэрээ цуцлах үндэслэл болохоор  заасан/  хууль болон гэрээнд заасан нөхцөл хангагдсан байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн талаар анхан шатны шүүх  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах / нэхэмжлэл гаргах/ хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3 сая төгрөг нэхэмжлэх эрхээ алдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ  “ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь хугацаа тогтоосон үүргийн зарим хэсгийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн даруйд үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн үлдэх хэсгийг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүсдэггүй” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй , учир нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5-т “ Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө үүргээ гүйцэтгэх эрхтэй” гэж заасан нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдөөгүй, хэвийн байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө нь үүргээ сайн дураараа гүйцэтгэх, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн байх тухай ойлголт юм. Харин хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлж, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авч 45.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцсон нь зээлдэгчийн хувьд үүргээ хугацаанаас нь өмнө сайн дураараа гүйцэтгэж буй хэлбэр биш бөгөөд гэрээний үүргээ зөрчсөний төлөө хүлээж буй хариуцлага  юм. Мөн хариуцагч тал гэрээний үүрэг зөрчсөнөөс  эрх нь зөрчигдсөн, шаардах эрх үүссэнийг нэхэмжлэгч тал мэдэж байсан атлаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулснаас хойш зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хариуцагчаас шаардаж байсан гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал шүүхэд нотлоогүй байна

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 63078 /жаран гурван мянга далан найм / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Увс салбарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,078 /жаран гурван мянга далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167,172 дугаар зүйлүүдийн 167.5,172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                    Л.АЛТАН