Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 161

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Л.Г,

     Хариуцагч: Н.Э нарт холбогдох,

  Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.008.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Л.Г, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Г, Н.Эрдэнэбаатар нар Хас банктай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1250020613 дугаартай зээлийн гэрээ байгуулан 48.000.000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бараа татах зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Л.Гэрэлцэцэгийн Хас банк дахь 5000173760 дансанд 48.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1250020613 тоот зээлийн үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 17.798,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөгийг төлсөн. Улмаар банк 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр харилцагчтай тохиролцон үл хөдлөх хөрөнгийг 45.000.000 төгрөгт тооцон авч үндсэн зээлийн төлбөрт төлүүлсэн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1250020613 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн үлдэгдэл төлбөрийг огт төлөхгүйгээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 497 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1250020613 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.008.000 төгрөгийг зээлдэгч Л.Гэрэлцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэбаатар нараас гаргуулж өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Л.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэбаатар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банк ХХК-ийн Увс аймаг дахь салбараас 3.008.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Л.Гэрэлцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэбаатар бид нар Хас банкнаас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр анх 50.000.000 төгрөгийн зээл авсан билээ. Тухайн үед графикийн дагуу зээлээ төлөөд явж байсан бөгөөд 7.000.000 төгрөгийг бэлнээр зээлийн хүүнд 10.798.930 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 43.341.528 төгрөг үлдсэн байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нөхөр маань 15 тоннын машинаар Улаанбаатар хотоос наймаачдын бараа ачаад ирж яваад машины дугуй буудсанаас гэнэт гал гарч, машин маань бараатайгаа шатаж, бид нар маш их хэмжээний өрөнд орсон. Маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хас банкнаас бид нарыг дуудан бидэнтэй өмнө нь хийсэн зээлийн гэрээг хүчингүй болгож, дахин зээлийн гэрээг шинэчилж хийсэн. Тухайн үед иргэдэд маш их хэмжээний хохирол болон 70.000.000-80.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гал түймэр гарсан тухай актаар тогтоосон. Тухайн үед иргэдийн зээлийг төлөөд банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд Хас банкинд хүсэлт гарган хүүгээ зогсоолгосон билээ. Банкны хүү 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зогссон. Тухайн үед банкнаас авсан зээлээ жил шахам эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөөр ирсэн. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бид нарыг Хас банкнаас дуудан уулзаж, Улаангом сумын 7 дугаар баг, 2-4 тоотод байрлаж байгаа хувийн 10х12 харьцаатай 2 давхар 6 өрөө орон сууц, газрын хамт Хас банк нь тухайн үед төлөгдөөгүй зээлийн төлбөрт өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Манай хувийн орон сууц маань А зэрэглэлд байрлах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр зах зээлийн ханшаар 90.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Банк нь барьцааны хөрөнгөнд хувийн 2 давхар орон сууц өмчлөлийн газар зэргийг авахдаа барьцаанд байгаагүй 7х5 харьцаатай граж, хашааг бас хамруулан нэмж авсан. Иймд Хас банкнаас хашаа гражны үнэ тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Мөн Хас банкнаас нэхэмжилсэн 3.008.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүний тайлбарыг эргэн төлөлтийн хуваарийн дагуу банкны баримт зэргийг үндэслэн тайлбарлаж өгөх болно. Бид амьдарч байсан орон сууц, газар зэрэг эд хөрөнгөө тухайн үед төлөгдөөгүй зээлэнд өгсөн учир банкны нэхэмжлээд байгаа 3.008.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзээд байна. Банк үлдэгдэл 3.008.000 төгрөг төлүүлэх байсан бол үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авахдаа үлдэгдэл зээлээ яагаад хэлээгүй юм бэ. Бас 3.008.000 төгрөгийн үлдэгдлээ хэдэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байгаад бид гомдолтой байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Увс салбараас хариуцагч Л.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэбаатар нарт холбогдуулан Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.008.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэбаатар нар Хас банк ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1250020613 дугаартай Зээлийн гэрээ[1] байгуулж, 48.000.000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бараа татан авах зорилгоор авсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Харин хэрэгт авагдсан Л.Гэрэлцэцэгийн 1250020613 дугаартай зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 48.000.000 төгрөгийн зээл авч, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 45.000.000 төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэн зээлийн төлбөр төлсөн, үлдэх 3.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдсэн нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн 36-39 дүгээр хуудаст авагдсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02, 03 тоот Зээлийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-гээр 1250020613 дугаартай зээлийн гэрээ, 1250020613-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1250020613 дугаартай барьцаат зээлийн гэрээний төлбөрийг талууд тохиролцон Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-4 тоотод байршилтай, 228 м.кв талбай бүхий 2 давхар хувийн орон сууцыг 40.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 895 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг 5.000.000 төгрөгөөр тооцон банкинд шилжүүлжээ.

Тухайн гэрээнүүдэд зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн гэрээний огноог 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хэмээн буруу тэмдэглэсэн байгаа боловч гэрээний 1250020613 гэсэн дугаар нь тохирч байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хэрэгт 1250020613-01 дугаар бүхий баталгаат ипотекийн гэрээ, 1250020613 дугаартай барьцаат зээлийн гэрээнүүд нотлох баримтаар авагдаагүй байгаа боловч уг 1250020613 тоот зээлийн гэрээний үүргийг тухайн барьцааны болон баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь уг 1250020613 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөгийг нотариатын зардал 8.000 төгрөгийн хамтаар гаргуулахыг хүссэн байх ба үүнийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, хариуцагч Л.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэбаатар нар 1250020613 тоот зээлийн гэрээний үүргээ барьцаа хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлэх замаар төлсөн байх ба уг хугацаа буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хариуцагч нар банкинд ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийхгүй, гэрээний үүргээ зөрчиж эхэлжээ.

Шүүх хуралдааны үеэр Хас банк ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяа Дээрх зээлийн гэрээний үүргийг манай байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандан нэхэмжилсэн боловч би шүүх хуралдаанд хожигдож ирсэн тул нэхэмжлэлийг буцаасан. Ингээд дахин 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн хуулийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ... үеэс үүснэ гэж тус тус заасан бөгөөд хэдийгээр 1250020613 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан боловч банк шаардах эрх үүссэн үе буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийг шаардах эрхтэй байжээ.

Мөн хэрэгт банкнаас харилцагч нартай өмнө холбогдож зээлийн төлбөрийг шаардаж байсан тухай, мөн шүүхэд өмнө хандаж байсан тухай ямар нэгэн бичгийн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэбаатар нарт холбогдох Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.008.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагч нар Бид банкны барьцаан тавиагүй гараж, хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгөө давхар шилжүүлсэн тул буцаан авах хүсэлтэй байна хэмээн тайлбар гаргаж байгаа боловч энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй. Иймээс уг асуудлаа тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдъя.