Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00010

 

 

“Х” ХХК-ийн Увс салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэртэй,

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалтай,

 

“Х” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй,

Л.Г, Н.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 3,008,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяа, Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Увс салбар нь Л.Г, Н.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 3,008,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Г, Н.Э нарт холбогдох “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 3,008,000 /гурван сая найман мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,078 /жаран гурван мянга далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяа давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,078 /жаран гурван мянга далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 161 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 09 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 172.2.1-д дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “...зээлдүүлэгч буюу банк нь ... барьцаа хөрөнгүүдийг 45,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авч, үүргийн гүйцэтгэл хангуулах арга хэмжээ авсан байгаагаас үзвэл Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д ...мөн хуулийн 153 дугаар зуйлийн 153.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж буруу дүгнэсэн. Хариуцагч нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа Улаанбаатар хотоос тээвэрлэлт хийх явцад автомашин ачиж явсан барааны хамт шатаж бусдад их хэмжээний өрөнд орж үүний улмаас зээлийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх боломжгүй байдалд орсон талаараа дурдсан. Нэхэмжпэгч нь хариуцагч нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015.07.31-ний өдрөөр тасалбар болгон хүүгийн төлбөрөөс чөлөөлж хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5 дахь хэсэгт заасны дагуу 2016.03.31-ний өдөр 1250020613 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн зарим хэсэгт буюу 45,000,000 төгрөгт тооцон барьцаа хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авсан болохоос бус өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “...2016.03.31-ний өдөр банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах арга хэмжээ авах хүртэлх 8 сарын хугацаанд ... гэрээний үүргээ биелүүлээгүй нь зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах ...нөхцөл хангагдсан байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхии дүгнэлт хийж, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж ...хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3 сая төгрөг нэхэмжлэх эрхээ алдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зуйн үндэслэлтэй гэж дүгнэв.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь хугацаа тогтоосон үүргийн зарим хэсгийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн даруйд үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн үлдэх хэсгийг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүсдэггүй бөгөөд зохигчид нь 2016.03.31-ний өдөр 1250020613 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн зарим хэсэгт буюу 45,000,000 төгрөгт тооцон барьцаа хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийсэн болохоос бус үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулаагүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч нар нь хугацааны эцэст буюу 2018.07.31-ний өдөр эргэн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх мөн өдөр үүсч хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар эхлэн тоолох учиртай юм. Эндээс үзвэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжилж буй 3,000,000 төгрөгийг шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь анх 2019.09.04-ний өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн нэхэмжлэлийг буцаах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хэдэн хоног тасалдсан талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсныг дурдах нь зүйтэй юм. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 208 дугаар зуйлийн 208.5-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй” гэж заасан нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдөөгүй, хэвийн байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө нь үүргээ сайн дураараа гүйцэтгэх, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн байх тухай ойлголт юм” гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэх хуульд заасан эрхийг зөвхөн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа үүрэг гүйцэтгэгчид хамаатай гэж явцуу утгаар тайлбарлаж байгаа нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын агуулгад нийцэхгүй тул давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 161 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний 09 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Увс салбар нь Л.Г, Н.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 3,008,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

 

7. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Увс салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Л.Г, Н.Э нартай 2015.07.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 48,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бараа татан авах зориулалтаар зээлдүүлсэн, зээлдэгч нар 2016.03.31-ний өдөр 45,000,000 төгрөгт тооцон барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн боловч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Хнаас 2014.08.27-ны өдөр анх 50,000,000 төгрөгийн зээл авсан, графикийн дагуу зээлээ төлж байсан бөгөөд үндсэн зээлд 7,000,000 төгрөг, хүүнд 10,798,930 төгрөгийг төлж, 43,341,528 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. ...2015.07.30-ны өдөр нөхөр маань 15 тн-ын автомашинаар УБ хотоос наймаачдын бараа ачиж яваад гал гарч, машин бараатайгаа шатсанаас болж бид маш их хэмжээний өрөнд орсон. Маргааш нь буюу 2015.07.31-ний өдөр банкнаас дуудаж ...зээлийн гэрээг шинэчилж хийсэн, энэ гэрээний дагуу мөнгө аваагүй. ...улмаар банк 2016.03.31-ний өдөр биднийг дуудан уулзаж, ...тухайн үеийн зах зээлийн ханшаар 90,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, 10х12 харьцаатай 2 давхар 6 өрөө байрыг, газрын хамт зээлийн төлбөрт шилжүүлж авсан, ...авахдаа барьцаанд байгаагүй 7х5 харьцаатай гараж, хашааг бас хамруулан нэмж авсан...” гэж маргасан байна. 

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

10. Зохигчийн тайлбар, 2014.08.27-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой баримт /зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт нөхцөл гэх гэрээ, дансны хуулга г.м/-ууд, Зээлийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ №02, 03 болон бусад баримтуудаас үзэхэд зээлдэгч нар зээлийн төлбөрийн үлдэх хэсэгт барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөө өгч гэрээг дуусгавар болгосон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Иймд зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. 

 

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч тухайн маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан зохицуулалтыг хэрэглэж “хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, банк 2016.03.31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийг шаардах эрхтэй байсан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

12. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.22-ны өдөр төлсөн 63,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ