| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0019/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 186
Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалтай, Ц.Т-т холбогдох 1806082051972 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц-н Т.
Ц.Т- нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 4-145 тоотод иргэн О.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-т 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ыг 3 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ыг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Т-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас нь хасч түүний эдлэх ялыг 29,175,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,
Шүүгдэгч Ц.Т-ыг нэн даруй суллан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хохирогч О.С- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх миний хүсэлтийг хүлээн авч 3 жил хорих ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулсанд өмгөөлөгч миний бие туйлын их талархаж байгаа. Гэвч Ц.Т- нь тодорхой хэмжээний бизнес эрхлэгч буюу компанийн захирал биш зөвхөн мал аж ахуйгаар амьдардаг. Малчин хүний хувьд хэдий хэмжээний торгуулийг хуульд заасан хугацаанд төлж чадах чадвар, боломжийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг харгалзан үзэлгүйгээр торгуулийн ял оногдуулах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд торгуулийн ялыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар сольдог хуулийн хатуу заалт байгаа билээ. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэт өндөр торгууль ногдууллаа гэж дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хохирогч О.С- хэлэлцэн тохирсон ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй атлаа архи уун согтуурч дутуу мөнгөө нэхэхэд нь ажлаа дууссаны дараа өгье гэхэд хэл амаар доромжилсон төдийгүй элдвээр харааж зүхэхэд нь гэнэт уурлаж газарт байсан тоосгоны буланг авч шидсэнээр О.С-ын зүүн талд дух ясны ил хугарал үүсч хүнд гэмтэл учруулсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Уг гэмтлийг цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан зэрэг хэрэг учрал болсон шалтаг шалтгаан, нөхцөл байдал, хор уршиг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. О.С- нь эмнэлэг дээр очиж оёдол тавиулснаас өөрөөр эмнэлэгт хэвтсэн, хөдөлмөрийн чадвар алдаж группд орсон зэрэг уг гэмтлээс болж түүний амьдрал ахуйд нь учирсан хор уршиг хавтас хэрэгт байдаггүй.
2. Ц.Т- нийслэл хотод амьдарч байхдаа 2016 оноос өмнө 3 удаа захиргааны арга хэмжээ авагдсанаас өөр ямар нэг ял шийтгэл хүлээсэн зүйл байхгүй, ял шийтгэлгүй болох нь тогтоогдсон байдаг. Мөн түүний ажиллаж амьдардаг сумын Засаг даргын тодорхойлолтоор нийслэлээс шилжин ирснээсээ хойш 4 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тэргүүний малчин зэрэг хувийн байдлуудыг харгалзан хорих ял ногдуулах шаардлагагүй болох нь шүүх бүрэлдэхүүнд ойлгогдож давж заалдах шатны шүүх түүний хорих ялыг торгуулийн ялаар сольсон гэж ойлгож байна.
3. Малчин хүн малынхаа үр шимийг жилд хоёр удаа хавар ноолуур, өвөл малаа махалж амьдрал ахуйгаа залгуулдаг. Түүнээс биш том компаниуд шиг байнга орлого олох боломж байхгүйг хэн бүхэн мэднэ. Эрүүгийн хуульд торгуулийн ял ногдуулахдаа шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулахаар заасан заалтыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэж хэт өндөр торгуулийн ял ногдууллаа гэж үзэж байна. Жилдээ 10-15 сая төгрөгийн орлого олдог өндөр төлбөртэй анагаахын их сургуульд сурдаг охиныхоо сургалтын төлбөр болон хэрэглээг нь хангадаг төдийгүй мөн өөрсдийнхөө бүх хэрэгцээг хангадаг энэ өрх айлын хувьд 30 сая төгрөгийн торгууль үнэхээр хүнддэж байна. Хуульд заасан торгуулийн доод хэмжээ болох 10 сая төгрөг буюу 1 жил хорих ялтай тэнцэх хэмжээний /365Ч15/ 5,475,000 төгрөг болно. Анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил хорих ялыг дээрх байдлаар дүйцүүлбэл 16,425,000 төгрөг байхаар байна. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс ногдуулсан 30,000,000 төгрөгийн торгууль нь 5 жил 4 сарын ялтай дүйцэж байна.
Өөрөөр хэлбэл 30,000,000 төгрөгийг төлж эс чадвал 5 жил 4 сарын хорих ялаар солигдох болж байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулж хуулийн дээрх шаардлагыг ноцтой зөрчиж байна гэж өмгөөлөгч миний хувьд үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилсөн нь эрх зүйн хувьд хөнгөрч байгаа боловч жинхэнэ агуулгаар нь үзвэл уг торгуулийг хугацаанд нь эс төлж чадваас Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн хуулийн дагуу 5 жил 4 сарын ял авах болж байна. Иймээс торгуулийн мөнгийг эс төлж чадвал хөнгөрсөн биш хүндэрч болох магадлал байгаа юм. Иймд эдгээр байдлуудаас дүгнэлт хийж уг хэрэг үйлдэгдсэн шалтаг шалтгаан, хор уршиг, ялтны хувийн байдал болон тухайн өрх айлын амьдралын нөхцөлийг харгалзан үзэж 30 сая төгрөгийн торгуулийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлж, уг торгох ялын доод хэмжээнээс дээгүүргүй торгууль ногдуулж өгөхийг хүсэж байна. Хуульч, өмгөөлөгч миний санал хүсэлтийн дагуу ийнхүү өөрчлөлт орвол ялтан Ц.Т- уг торгуулийн ялыг хугацаанд нь биелүүлж чадах боломж байгаа нь тухайн сумын Засаг даргын тодорхойлолтоос ойлгогдоно” гэжээ.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ц.Т- нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх нь хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Ц.Т- нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 4-145 тоотод иргэн О.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хянан үзээд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, ял шийтгэл хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцэж байгаа боловч торгох ялын хэмжээг тогтоохдоо ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлийг оновчтой тооцоолж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “Торгуулын ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалын 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН