| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2022/0003/Э |
| Дугаар | 0079 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 0079
Д.Б, Б.Ж
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Э
Шүүгдэгч Д.Б, Б.Ж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М, Д.О
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж болон түүний өмгөөлөгч М.М, шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-н Б
Ц овгийн Б-н Ж,
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэр төмөр замын дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын-жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймаг сум багийн тоотод Б.Жд өгсөн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын багийн тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Бэс олж авсан, биедээ хадгалсан, улмаар О.Х-д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Б, Б.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овгийн Д-н Бат-Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овгийн Б-н Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Жыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Жд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5905 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:
... Б.Ж нь сэжигтнээр “Тэгээд М-н гэрт орсон чинь газарт нүд нь жоохон өөрчлөлттэй Б гэх залуу хэвтэж байсан юм. Тэгээд бид нар ууж сууж байхад тухайн Б гэх залуу хар тамхины ургамал ярьж эхэлсэн юм. Тухайн үед би сонирхоод чамд байгаа юм уу гэж асуусан чинь Б гэх залуу халааснаасаа 7-8 см урттай Хаан банкны баримтны цаасанд ороосон тамхи шиг зүйлийг гаргаж ирэхээр нь би аваад халаасандаа хийсэн юм” гэж /хэргийн 45-48 дахь хуудас/,
яллагдагчаар “тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. М-н гэрт ороход Б гэх нүд муутай залуу байж байсан. Тэгээд бид 4 архи пиво хувааж уусан. Архи пивоо уугаад сууж байтал Б гэх залуугаас мансууруулах төрлийн өвс хэрэглэж байсан гэх яриа гарсан. Тухайн үед сонирхоод Б гэх залуугаас чамд байгаа юм уу гэж асуутал Б өмднийхөө халааснаас Хаан банкны баримтын цаасанд ороочихсон зүйлийг надад май ах гээд өгсөн. Тэр зүйлийг нь би аваад дэлгэж харалгүй куртикныхаа халаасанд хийсэн, өмнө би огт хэрэглэж байгаагүй ... Тухайн үед би ороодог тамхи шиг байх гэж бодоод л асаагаад 2 удаа сорсон ” /хэргийн 130-132 дахь хуудас/ гэж тус тус мэдүүлдэг.
Энэхүү хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж буй мэдүүлэг нь бусад яллагдагч, гэрч нарын мэдүүлгээр батлагддаг бөгөөд хэрэгт сэжигтнээр оролцож эхэлсэн цагаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа зөвшөөрч байсан байна. Мөн шийтгэх тогтоолд дурдагдсан гэрч, яллагдагч нарын харилцан зөрүүгүй мэдүүлгүүдээр Б.Ж нь сэтгэцэд бодисын түүхий эдийг идэвхтэй үйлдлээр урьдаас төлөвлөн эрж хайж, олж аваагүй. Харин гэрч Ч.М-н гэрт орж согтууруулах ундаа хэрэглэж байх үед хар тамхины ургамлын талаарх яриа болох үед Д.Бэс “...чамд байгаа юм уу...” гэж сонирхон асуусан байна. Улмаар Д.Б нь түүнд халааснаасаа цаасанд ороосон тамхи мэт зүйл гаргаж өгсөн байдаг.
Дээрх идэвхтэй үйлдлээр эрж хайгаагүй, айлд тааралдсан хүний өгснийг авч халаасандаа хийсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байсан гэж үзэж байна.
Үүний учир нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзнэ гэж тус тус заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тухайн гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрлөөс хорих ялыг сонгон хэрэглэсэн. Энэхүү шүүхийн дүгнэлт нь Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Хэргийн 99-106 дахь талд Б.Жын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ам бүлийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд авагдсан.
Энэхүү баримтуудаар Б.Ж нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэр бүлтэй, бага насны 1 хүүхэдтэй, 11 жил Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гагнуурчнаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болох нь нотлогддог. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ гэж заасан ба түүнд энэхүү үндэслэлээр хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Ийнхүү дээрх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулахгүй ял шийтгэлийг хөнгөрүүлэхгүй гэсэн үндэслэлээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг их, хохирол төлөгдсөн гэм хор арилсан гэж үзэх боломжгүй тул гэжээ.
Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь хууль зөрчсөн дүгнэлт болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол хор уршгийн талаарх зохицуулалт байх бөгөөд гэмт хэргийн хохирол гэж гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө бусад эрх эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг тооцно гэсэн байна. Мөн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.
Гэтэл шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтдаа шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж заажээ. Нэгэнт хохирол, хор уршгийг тогтоосон нотлох баримт байхгүй, хохирол, хор уршиг төлөхөөр шийдвэрлээгүй мөртлөө хохирол хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын үндэслэл хэсэг тогтоох хэсэг хоёр нь хоорондоо эрс зөрүүтэй үндэслэлгүйгээр хорих ял оногдуулсан гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн ангиллын талаарх зохицуулалт байх бөгөөд 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон ... гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ ... гэж заажээ.
Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах юм байна. Тэгэхээр Д.Б нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заажээ.
Гэтэл шүүх шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл түүний хувийн байдалтай холбоотой нөхцөл байдал буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх гол нөхцөл байдал болох эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзсэнгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.Б нь баруун нүд төрөлхийн зовхи унжсан, зовхийг нь өргөх хагалгаа хийлгэсэн ч баруун нүд 10 хувь л харна. Бараг л өрөөсөн нүд нь харахгүй гэсэн үг. Эрүүл мэндийн энэ байдал нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэж бүх нотлох баримтуудыг өгсөн боловч шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан өөрчлөлтийг оруулна уу гэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо:
“... надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж энэ өргөдлийг гаргаж байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Энэ хэрэгт холбогдсоноос хойш би дахиж тэр өвсийг татаагүй. Цаашид ч огт татахгүй. Би одоо гэр бүлтэй үр хүүхэдтэй болсон. Одоо миний амьдрал сайхан болсон. Тийм учраас дахин алдаа эндэгдэл гаргахгүй байж чадна. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Ж давж заалдах гомдолдоо:
“... Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд өөрийн болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдож байгаадаа маш их харамсаж байна. Миний бие эхнэр 3 настай хүүгийнхээ хамт амьдардаг бөгөөд эхнэрийн хамт 8 хувийн байрны зээлд хамрагдаж, амьдралын шаардлагаар 2022 оны 06 дугаар сарын 24-нд 25.000.000 төгрөгийг зээлж сард 980.000 төгрөг төлж амьдардаг. Иймд одоогийн байдлаар хувийн болон ар гэрийн байдал маш хүнд байна. Өөртөө их дүгнэлт хийж, ойлгож ухаарч байна. Ахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж цагдан хорихоос өөр төрлийн шийтгэл оноож өгөөч гэж хүсэж байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ж тайлбартаа: ... Хувийн байдлыг минь харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Жд оногдуулсан хорих ялыг ялтны хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Ж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэр төмөр замын 152 дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын-жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын багийн тоотод Б.Жд өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын багийн тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Бэс олж авсан, биедээ хадгалсан, улмаар О.Х-д өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Гэрч О.М-ны ... Төгөлийн булан эргэчихээд буцаад ирж явахад нэг сонин юм үнэртээд, гайхаад явж байтал гурван залуугийн нэг тамхи татаж байхаар нь шалгах гээд очтол тамхи татаж байсан залуу тамхиа доошоогоо хаячихсан юм. Тэр тамхи татаж байсан Б.Ж гэдэг залуу мансуурсан байдалтай байсан болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан ... Намайг яваад очиход Ж-ны ургамал татаж байсан газар ороодог тамхи шиг үзүүр хэсэг нь шатсан байдалтай мансууруулах төрлийн ургамал байсныг хамгаалалтад авч улмаар мөрдөгч М.Г-т хэргийн газарт ирж газарт байсан ороосон тамхи шиг харагдах цаастай зүйлийг хураан авсан юм ... гэсэн мэдүүлэг /хх- 32-33 тал/,
Гэрч О.Х-н ... 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр найз Б-тай хоёулаа архи уугаад нилээд согтолттой байхдаа Э-тэй утсаар ярьж Ж, Э хоёртой уулзсан ... Ж ороосон тамхи татаад байхаар нь нөгөөдөхөөс нь хоёр сороод гашуун байхаар нь хаясан. Удахгүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх- 38-39 тал/,
Гэрч Г.Э-ний ... Бид нарыг архи ууж сууж байхад Б гэх залуу Ж хоёр юм ярьж сууж байгаад Б халааснаасаа ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд Ж-д өгсөн. Уух юм дуусаад ... Х-тай уулзаад бид гурав шаг зардаг хүмүүсээс пиво авах гээд явж байхад Ж, Х хоёр Б-н өгсөн ороосон тамхи шиг зүйлийг татаж байхаар нь би болиоч гэж хэлсэн. Удалгүй эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн ... гэсэн мэдүүлэг/ хх- 41-42 тал/,
Цагдаагийн ахлах ахлагч О.М илтгэх хуудас /хх- 8 тал/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх- 9-12, 28-29 тал/,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай тэмдэглэл /хх-22-24 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 5094 дугаартай ... Д.Б гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг болно ... гэсэн дүгнэлт /хх 80-82 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 3634 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд боодолтой ургамал мэт зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Энэ бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Цаастай жин нь 1, 1002 грамм, цэвэр жин нь 0,6890 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 0,5905 грамм болов... гэсэн дүгнэлт /хх- 54-57/ болон яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх, үнэлж шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Б.Жыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тэдний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас ... хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэж хорих ял оногдуулсан, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас учрах хохирол, хор уршиг, гэмт хэргийн онцлог байдлыг харгалзан хууль тогтоогч олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамааруулсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн онцлог шинж, нийгэмд аюултай хууль зөрчсөн, гэм буруутай зан үйлийн үр дүнд эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, эрх ашигт учирч буй хор уршгийг зайлшгүй харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулсан нь тэдний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н ... ялыг хөнгөрүүлж өгнө үү .... гэсэн, шүүгдэгч Б.Жы ... хувийн байдлыг харгалзан үзэж цагдан хорихоос өөр төрлийн шийтгэл оноож өгөөч ... гэсэн, шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч М.М-н ... Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье ..., гэсэн шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Д.О-н ... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан өөрчлөлтийг оруулна уу ... гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж болон түүний өмгөөлөгч М.М, шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА