Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 216/МА2020/00009

 

Т б ХХК-ийн Дорноговь салбарын

 нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134/ШШ2020/00095 дугаар шийдвэртэй, Т б ХХК-ийн Дорноговь салбарын нэхэмжлэлтэй О.С, Б.А нарт холбогдох гэм хорын хохирол О.С 10,505,141.72 төгрөг, Б.А 11,189,091.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т б ХХК-ийн Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төв нь Хилийн цэргийн 0168 дугаар тусгай ангитай хамтран ажиллах гэрээг 2011 оноос эхлэн байгуулан ажиллаж цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагч нарт банкны үйлчилгээ үзүүлэхээс гадна гэрээт цэргийн албан хаагч нарын цалингаас 30 хувиар хадгаламж байршуулан ажилладаг. Гэтэл тус тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Б.А, теллерээр ажиллаж байсан О.С нар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд банкны итгэл алдан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ гаргаж нийт 22,194,233.45 төгрөгийг үгсэн тохиролцож хамтаар болон ганцаараа хувьдаа авч ашигласан нь харилцагчийн гомдол болон Төрийн банкны дотоодын хяналт шалгалтаар илэрч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан баримт сэлт, мэдээлэл, яллагдагчаар татсан Б.А, О.С нарын тайлбар, мэдүүлгээр баталгаажиж, Дорноговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 тоот тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүссэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг хаагдсан. Тиймээс бид иргэний журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Яагаад энэ мөнгийг хариуцагч Б.А, О.С нарыг авсан гэж үзсэн гэхээр, хариуцагч нар нь нэр бүхий иргэдийн хадгаламжийн дансанд 2014-2015 оны хооронд удаа дараа халдаж, урт хугацаагаар гарын үсгийг нь лавлаж, үлдэгдлийг нь шалгаж санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийсэн байдаг. Санхүүгийн бус гүйлгээ гэдэг нь тухайн харилцагчийн дансыг удаа дараа, шалтгаангүй лавлаж шалгахыг хэлдэг. Жишээ нь нэг хүний дансыг өдөрт 20-30 удаа лавласан байдаг. Энэ үйлдлүүд нь Төрийн банкны хяналт шалгалтын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдож байна. Т б ХХК нь Б.А болон О.С нарын харилцагчийн данснаас хувьдаа авч ашигласан нийт 22,194,233.45 төгрөгийг нэр бүхий 46 харилцагчид буцаан олгосон бөгөөд хууль бус үйлдлийн улмаас энэ хэмжээний бодит хохирлыг хүлээгээд байна. Тухайлбал харилцагч өөрийн биеэр банкинд ирээгүй байхад гарын үсгийг дуурайлган зурж, бэлэн болон бэлэн бус байдлаар харилцагчийг хохироосон. Хариуцагч О.С тайлбарлахдаа би нэг ч төгрөг аваагүй, шинэ ажилтан байсан учир ахлах теллерээс юм асуух хооронд миний эрхийг ахлах теллер Б.А мэдэж аваад ашиглан эдгээр гүйлгээг хийсэн гэж тайлбарладаг. Гэтэл банкны өдөр тутмын үйл ажиллагаа нь ахлах теллерт нэгдсэн касс өдөр бүр нэгтгэгдэж хоноод маргааш өглөө нь теллер ирээд, ахлах теллерээс цүнхтэй мөнгөө тусгаарлаж аваад хэдэн төгрөг авсан дүнгээрээ гүйлгээ хийгээд өдрийн гүйлгээнийхээ хуулгын дагуу баримт бүрээ үдээд эцсийн үлдэгдлээр баримтын хуулга, бэлэн мөнгө хэд байна тулгаад буцаагаад оройдоо ахлах теллертээ цүнхтэй мөнгө болох кассаа хүлээлгэж өгч байгаа. Тийм учраас сар бүр, сард олон удаа, өдөр тутамд Б.А, О.С цүнхтэй мөнгө рүү гараа хийгээд, программынх нь эрхээр нэвтрээд гүйлгээ хийгээд байх төдийлөн боломжгүй. Банкны ажилтан сар бүр программын эрхээ сольдог байгаа. Мөн бүх ажилтныг ажилд ороход нь ажлын байрны тодорхойлолтын дагуу теллерийн системийн багц журамтай танилцуулан гарын үсэг зуруулсан байдаг. Нууцлалын эрхээ хамгаалж чадаагүйтэй холбоотой хариуцлагаа бид өөрсдөө хүлээнэ гэж гарын үсэг зурсан байдаг. Манай зүгээс нэхэмжлэлийн дүнгээ теллерийн гарын үсгэнд тулгуурлаагүй, теллерийн программд нэвтрэх эрх болон хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлт, Т б хяналт шалгалтын тайланд үндэслэсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын теллер эрх буюу программд нэвтэрсэн эрхэд тулгуурлаж гаргаж байсан боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслээд нотлох баримтад авагдсан Т б хяналт шалгалтын тайланд тусгагдсан тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж хариуцагч Б.А дангаар үйлдсэн 11 харилцагчийн 17 удаагийн үйлдлийн 2 731 950 төгрөг, хариуцагч О.С дангаар үйлдсэн 10 харилцагчийн 12 үйлдлийн 1 548 000 төгрөг, хамтран үйлдсэн 29 харилцагчийн 39 үйлдлийн 17 914 283 төгрөг 45 мөнгөний хохирлыг тэнцүү хуваахад нэгэнд нь 8 957 141 төгрөг 73 мөнгө оногдож байгаа. Ингээд Б.А нийт 11 689 091 төгрөг 73 мөнгө гаргуулахаас урьдчилан төлсөн 500 000 төгрөгийг хасч 11 189 091 төгрөг 73 мөнгө, хариуцагч О.С нийт 10 505 141 төгрөг 72 мөнгө гаргуулж Т б Дорноговь салбарын 281500000018 тоот дансанд гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх дээр Б.А, О.С нарын хэргийг 5 дахь удаагаа хэлэлцэж байна. Хариуцагч нар нь Т  б Дорноговь салбарын Сулинхээр тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа хэтрүүлж нийт 46 харилцагчид 68 удаагийн үйлдлээр 22 194 233 төгрөг 45 мөнгөний гэм хорын хохирлыг учруулсан. Үүнийг өмнөх шүүх хуралдаанууд болон шүүхийн шийдвэрт заасны дагуу Т б анхаарч үзээд дахин тооцож, тухайн хоёр теллерийн дангаар ямар, ямар гүйлгээг, хэн хэнд хэдэн төгрөгийн гүйлгээ хийснийг тооцож, мөн хамтарч хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн бэ гэдгийг Т б хяналт шалгалтын газрын тайлан, мөн теллерийн программын эрхээр нь бүх тооцоог дүгнэж гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь зүйтэй байна гэж үзсэн. Иймд прокурор, иргэний хэрэгт авагдсан бусад нотлох баримт, гэрчийн тайлбарууд, шинжээчийн 3 удаагийн дүгнэлт зэрэг нотлох баримт дээр үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

Хариуцагч О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн болох 10 505 141 төгрөг 73 мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр Б.А хохирол учруулсан гэх М.М 100 000 төгрөгийг Б.А оруулж тооцсон хэрнээ миний хохирлын дүнд бас давхар тооцсон байгаа. Мөн Ж.Т холбогдох 3 удаагийн үйлдэл 1 700 000 төгрөгийн хохирлын дүнг хамтдаа хариуцна гээд теллер гарын үсгийг Б.А зурсан, харилцагчийн гарын үсгийг намайг зурсан гэсэн тайлбар байгаа. Мөн харилцагч Д.Э 2 800 000 төгрөгийг миний теллер эрхээр гарсан хэрнээ харилцагчийн гарын үсгийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ мэтчилэн зөрүүтэй олон тайлбар байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би шинжээчийн дүгнэлтээр, миний гарын үсэг, харилцагчийн гарын үсэг хоёр таарсан 11 харилцагчийн 4 915 847 төгрөгийн хохирлыг түрүүчийн шүүх хуралдаанд ч хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн. Гэхдээ сая прокурор 10 харилцагч гэж хэлсэн учраас нийт 10 харилцагчийн 4 435 885 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл миний теллер гарын үсэг таарсан гүйлгээг Б.А бас би хариуцна гээд зөвшөөрч байгаан байна. Жишээлбэл Д.Б дээр гэхэд миний теллер гарын үсэг таарч байгаа. Гэтэл Б.А сая энийг авсан гэж зөвшөөрч байгаа гэлээ. Тэгэхээр л би маргаад байгаа юм. Яагаад гэвэл ажлаас гарсны дараа надаар зарим баримтан дээр гарын үсэг зуруулсан. Тэр дотор байсан байж магадгүй. Яалт ч үгүй би теллер гарын үсэг таарсан болохоор зөвшөөрөөд байгаа болохоос аваад идсэндээ зөвшөөрөөд байгаа юм биш гэжээ.

Хариуцагч О.С өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас нэхэмжлэлийн нийт үнийн дүнг хамтарсан үйлдэл гэдгээр өөрчилж, өөрөөр хэлбэл теллерийн программын эрхэнд тулгуурлан гүйлгээ хийснийг үндэслэн тус бүрээс нь нэхэмжилсэн тайлбарыг өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан. Одоо энэ үндэслэлээ өөрчилж хамтарсан үйлдэл, хамтын оролцоотой хэм хэмжээ гэсэн зүйл гаргасан байна. Үүнээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тодорхой бус бодит байдалд нийцэхгүй. Тухайлбал манай зүгээс 11 харилцагчид холбогдох 4 915 847 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөд болно гэж өмнөх шүүх хуралдаануудад ярьж байсан. Гэтэл үүнийг өөрчлөөд хамтран оролцооны хэр хэмжээгээр оруулаад ирсэн хэрнээ энэ үнийн дүнгээс хасахгүй хэн хэн нь ямар оролцоотойг яаж дүгнээд байгаа гэдэг нь тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний ойлгож байгаагаар теллерийн гарын үсэг, харилцагчийн гарын үсэг дуурайлгасан гэсэн, энэ 2 зүйлээс шинжээчийн удаа дараагийн гаргасан дүгнэлтэд тулгуурлаад оролцооны хэр хэмжээгээр хуваарилаад тодорхойлж гэсэн ойлголтыг олж авсан байгаа. Ийм учраас О.С харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан гэж үзээд хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй юм байна гэж бодож байсан боловч сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулаад хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон. Хамгийн гол нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нотлох баримтаа бүрэн хангаж чадаагүй гэсэн асуудлаар давж заалдах шатны шүүхээс буцсан байгаа. Гэтэл нотлох баримтаа хангалттай бүрдүүлж ирээгүй. Жагсаалтаар үнийг дүнг тодорхойлоод өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнд тулгуурлаад, өөрөөр хэлбэл О.С 10 505 000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнд тулгуурлаад үнийн дүнг тодорхойлж гаргаж ирж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналыг гаргаж байна. Шинжээчийн дүгнэлт бол давхар нотлох баримтанд тулгуурлах ёстой. 46 харилцагчтай нэг бүрчлэн уулзах боломж байхад тодруулж асуугаагүй. 16-г нь асуусан. Энэ талаар нэхэмжлэгч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Тэгэхээр одоо цугларсан баримтын хүрээнд саналаа хэлж байна. Шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлаж байгаа юм бол манайх зөвшөөрлийнхөө хэмжээнд 10 харилцагчийн 4 435 885 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй, шалгах боломжгүй гэсэн хэсгийг орсон байгаа учраас 1 906 780 төгрөгийг хасаад 2 529 105 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Т б нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би дангаараа харилцагчийн дансанд гүйлгээ хийж авсан 2.731.141,73 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин О.С хамтран гүйлгээ хийсэн 8,957,141.73 төгрөгнөөс 4,050,347 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх 4,906,794.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргана. Учир нь би аваагүй бөгөөд мөн хариуцагч нараас мөнгөө авсан эсэхийг нэхэмжлэгчийн зүгээс тогтоогоогүй байна. Мөн Б.А миний гарын үсэг мөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргаагүй бөгөөд О.С гарын үсэг биш гэсэн хэсгийг Б.А байх боломжтой гэсэн нь нотлох баримтаар үнэлж үзэхэд эргэлзээтэй байна. Гэтэл харилцагч өөрөө гарын үсэг зураад авсан эсэхийг тогтоогоогүй, шалгаагүй байхад надаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд татгалзсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээж аваад Б.А өөрөө 04 дүгээр сарын 16-ны өдөр тайлбар гаргасан. Өмнөх тайлбаруудыг би итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг үүднээс гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага 11 689 091 төгрөгийг бүхэлд нь татгалзсан зүйл байхгүй. Б.А дангаар авч ашигласан 2 731 950 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 8 957 141 төгрөг 73 мөнгөнөөс 4 050 347 төгрөг нийт 6 780 000 орчим төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 4 906 794 төгрөг 73 мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би энэ мөнгийг О.С хамтарч аваагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага бодитой биш байна. Энэ мөнгийг намайг О.С хамтран авсан гэдгийг юугаар нотлох вэ? гэдэг. Нэхэмжлэгч тал үүнийг шинжээчийн дүгнэлт болон шалгалтын дүнгээр нотолж байна гэдэг ч шалгалтын хэмжээнд гарсан программын дүн чинь өөрөө дангаараа нотлох баримт болохгүй. Өөр ямар нэгэн баримттай харьцуулсан баримт гаргаж ирэх ёстой. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг О.С биш бол Б.А гэсэн байдлаар гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл эхний шинжээчийн дүгнэлт нь хариуцагч О.С талаас энэ гарын үсэг нь О.С мөн үү? гэдэг байдлаар гаргуулсан дүгнэлт. Дараагийн шинжээчийн дүгнэлт нь О.С, Б.А нарынх уу? гэдэг байдлаар харьцуулалт хийлгэхээр гаргуулсан. Үүний зорилго нь эдгээр мөнгийг харилцагч нар нь авсан уу? гэдэг байдлаар харьцуулалт хийхгүйгээр дүгнэлт гаргаж байгаа нь шинжилгээний хууль тогтоомжийг зөрчиж байна. Харьцуулалт хийхдээ буруу харьцуулалт хийсэн байна. Жишээ нь, Д гэдэг хүний мөнгийг Б.А авсан уу? О.С авсан уу? гэдгийг тогтоож байж хэн нь хэдэн төгрөгийг авсан гэдэг нь тодорхой болно гэж манай талаас үзэж байна. Ийм шинжээчийн дүгнэлт байхгүй. Сая нэхэмжлэгч, албан тушаалын байдлаа ашиглах замаар гэмт хэрэг үйлдсэн гээд шалгаад үзэхэд гэмт хэрэг биш байсан учраас мөнгөө олж замаар шүүхэд хандсан гэж гэсэн. Тэгэхдээ хариуцагч нар нь албан тушаалтан мөн үү? албан тушаалтан мөн болохыг юугаар нотлох вэ? хариуцагч Б.А нь дээрээ Ч гэдэг даргатай. Тэр дарга нь ямар эрх хэмжээ эдэлж, ямар үүрэг хүлээдэг хүн бэ? Ч гэдэг хүн яагаад хариуцлага хүлээхгүй байгаа вэ? мөн энэ хүний ажлын байрны тодорхойлолт, бусад гэрээ хэлэлцээр нь яагаад хэрэгт авагдахгүй байгаа вэ? эдгээр үндэслэлээр тайлбар гаргаж байна. Мөн татгалзаж байгаа үнийн дүнг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Энэ нь хэргийг, энэ баримтаар дангаараа шийдвэрлэх боломжгүй байна гэсэн агуулгатай хууль зүйн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт байдаг. Банк харилцагч нарыг хохиролгүй болгосон гээд өөрт учирсан хохирлоо нэхээд байгаа. Гэтэл энэ хоёр хүнийг хамтран хариуцах хохирлыг шууд хуваагаад тавьсан нь учир дутагдалтай. Харилцагч нарыг бүрэн асуугаагүй. Тэгэхээр банк бас хариуцлага хүлээх ёстой. Харилцагч нар мөнгөө өөрсдөө авсан байвал яах юм бэ? Иймд хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр хариуцна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар гэм хорын хохиролд хариуцагч О.С 10 505 141 төгрөг 72 мөнгө, хариуцагч Б.А 11 189 091 төгрөг 73 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-ийн Дорноговь салбарт /Төрийн банкны 281500000018 тоот данс/ олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 377 0007 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч О.С 183 032 төгрөг, хариуцагч Б.А 193 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Ж нар давж заалдах гомдолдоо: Тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134/ШШ2020/00095 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч О.С түүний өмгөөлөгч Ж.Ж нараас ИХШХШТХуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсгийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Гомдлын гол үндэслэл нь: Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 216/МА2020/00003 дугаар магадлалын заалт бүрэн хангагдаагүй буюу өөрөөр хэлбэл уг магадлалд тодорхойлсон Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот магадлалд хариуцагч тус бүрийн өөрийн эрхээр хийсэн “зарлагын гүйлгээ”-р хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэлийн шаардлага түүний дүнг хариуцагч тус  бүрээр тодорхойлсон нь тогтоогдоогүй талаар дурьдсан үндэслэлүүдийг анхаараагүй энэ талаарх ажиллагааг нэхэмжлэгч нь бүрэн биелүүлээгүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж маш ойлгомжтой зааж өгсөн байтал энэхүү хууль зүйн үндэслэлийг бүрэн хангаж шийдвэрлэгдээгүй хэмээн үзэж байна. Үүнд  

О.С миний хувьд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх холбогдол бүхий 4 435 885 төгрөгийг хүлээн зөвшөөрөхийг илэрхийлсэн учир шалтгаан нь уг мөнгийг авч ашигласандаа биш гагцхүү өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тодорхой хэмжээний хор уршгийн үр дагавар гарсан байхыг үгүйсгэх аргагүй үндэслэлтэй холбосон юм. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй улмаар төрийн банкнаас энэ бүгдтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулах талаар ямар нэгэн санаачлагыг огт гаргаагүй энэ талаар хийгдсэн ажиллагаанууд огт байхгүй байхад хурал даргалагчаас төрийн банкны 22 194 233 төгрөгний төлбөр үнийн дүнгээрээ маш тодорхой тогтоогдсон хэмээн илтэд өөртөө итгэлтэйгээр өөрийн бодол санаагаа бусдад тулган шаардаж урьдчилан төлөвлөсөн шийдвэрээ хариуцагч бид нарт тулган шаардаж хэт нэг талын өрөөсгөл хандлагаар энэ бүхнийг шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна.  Өөрөөр хэлбэл төрийн банкнаас нэхэмжлээд байгаа 22 сая төгрөгний хохирлын үнийн дүнг нотолсон нотолгооны баримт огт байхгүй бөгөөд хэргийн оролцогчид болох бидний санаачилгаар хийгдсэн баримтын хүрээнд миний хувьд 4 435 885 төгрөг тогтоогддог ба улмаар бусад оролцогч болох А хохирлын тодорхой хэсгийн үнийн дүн тодорхойлогдоод бусад 10 сая гаруй төгрөгийг ямар журмаар яаж үрэгдүүлсэн нь тодорхойгүй энэхүү үнийн дүнг ямар баримтуудаар яаж гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй улмаар шинжээчийн дүгнэлтээр харилцагчдын зарим гарын үсэг тогтоогдох боломжгүй болох зэрэг хууль зүйн ач холбогдол бүхий үндэслэлүүдийг нягталж харьцуулж үзэлгүйгээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-р зүйлд заасан хамтран оролцогч гэсэн ойлголтонд бүхнийг хамааруулан шийдвэрлэсэн нь хуулийг хэт нэг тал руу хавтгайруулан буруу хэрэглэх нөхцөл байдлыг буй болголоо хэмээн үзэж байна.

Хариуцагч миний энэхүү гомдолоод байгаа уг хохирлын үнийн дүнгийн талаар тодорхой бус энэ бүгдийгээ нотлож чадаагүй гэх үндэслэлийг анхан шатны шүүхээс ч уг шийдвэртээ тодорхой хэмжээгээр дурьдаж өгсөн атлаа тухайлбал. Хариуцагч нар нь дээрхи гэмт хэрэгт хамтран оролцсон хэдий ч хэн нь хичнээн төгрөгийг хувьдаа завшсан болох нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг дээрхи баримтуудаар ялгамжтай тооцож тогтоох боломжгүй гэсэн атлаа зөвхөн төрийн банкны жагсаалтаар гаргаж өгсөн оролцооны хир хэмжээ гэх тодотголтой өөрөөр хэлбэл С, А нар нь санхүүгийн  үйл ажиллагаанд гардан оролцсон гэдэг ухагдахууныг шинжээчийн дүгнэлтээр хамруулж зөвхөн гарын үсгийг дууриалган зурсан холбогдол бүхий эздийнх нь холбоогоор, улмаар санхүүгийн бус үйл ажиллагаагаар оролцсон гэдгийг дансны үлдэгдлийг хажуунаас нь хянаж удаа дараа гарын үсгийг лавласан гэсэн ухагдахуунаар тодорхойлж  энэ нь хууль зүйн бүрэн шаардлагыг хангах ямар ч нөхцөлгүй зөвхөн банкны өөрсдийнхөө хяналт шалгалтын тайлангаар гарсан үнийн дүнг тоймлон тодорхойлж шүүхээс оролцоо нэг бүрийг тодорхойлох шаардлагатай гэсэн чиглэлийн дагуу гаргаж давхар нотлогдоогүй хүснэгтэнд оруулж өгсөн ба шүүхээс үүнийг үндэслээд гэм хорын хохирлыг эцэслэн шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна. Уг хохирлын үнийн дүнг тодорхойлоод байгаа баримтууд нь түрүү түрүүчийн дурьдагдсан баримтуудаас өөр шинээр цуглуулсан баримт огтхон ч байхгүйн гадна ядаж л харилцагчдыг нэг бүрчлэн асуухаас ихсүүлээд хангалттай нотлох баримтыг хийж чадаагүй байхад энэ бүгдийг эцэслэн шийдвэрлээд байгаа нь илтэд буруу хэмээн үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Хариуцагч О.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Тб ХХК-ийн Д салбар нь хариуцагч О.С 15,744,885,40 төгрөг, Б.А 6,449,348,05 төгрөг нийт 22,194,233,45 төгрөгний гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийг анх  шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа өөрчилсөн байх ба ... өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа  хариуцагч Б.А түүний дангаар гүйлгээ хийж авч ашигласан гэх 2,731,950 төгрөг, теллер О.С хамтран гүйлгээ хийж авсан гэх үнийн дүнгийн 50 хувь болох 8,957,141,73 төгрөг, нийт 11,689,091.73 төгрөг болон үүнээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн гэх 500,000 төгрөгийг хасч нийт 11,189,091.73  төгрөг, хариуцагч О.С түүний дангаар гүйлгээ хийж авч ашигласан гэх 1,548,000 төгрөг, ахлах теллер Б.А хамтран гүйлгээ хийж авсан гэх үнийн дүнгийн 50 хувь болох 8,957,141,72 төгрөг, нийт 10,505,141.72 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч талын шаардаж буй дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.А нь  дангаараа гүйлгээ хийж авсан 2,731,950 төгрөг, хамтран гүйлгээ хийсэн хохирлоос 4,050,347 төгрөг нийт 6,782,297 төгрөгийг, хариуцагч О.С нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,529,105 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж  шийдвэрлэсэн  байна гэж үзэх боломжтой буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргахдаа хариуцагч тус бүрийн тус тусдаа болон хамтран хариуцах тооцоог Т б Дорноговь салбарын харьяа Сулинхээр тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын 2017 оны тайлан,  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 205, 2018 оны 6312, 2019 оны 3476, 4413 тоот дүгнэлтүүдтэй харьцуулан үзэж, мөн авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан баримт сэлт, мэдээлэл, яллагдагчаар татагдсан хариуцагч нарын тайлбар, мэдүүлэг, Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 дүгээр тогтоол, Т б теллерийн системийн багц журам/1-р хх-44-55/ зэрэгт үндэслэсэн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд Сулинхээр тооцооны төвд хийгдсэн иж бүрэн шалгалтын дүнгээр хариуцагч нар нь 46 харилцагчийн хадгаламжнаас 68 удаагийн хууль бус үйлдлээр авч ашигласан хохирлын дүн болох 22,194,233,45 төгрөг байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх үед хариуцагч Б.А төлсөн 500,000 төгрөгийг түүний хариуцах дүнгээс хасч тооцсоноос өөр зөрүүгүй болох нь тодорхой байна.

 

 Сулинхээр тооцооны төвд хийгдсэн шалгалтын тайлан /1-р хх28-39/ гэх  нотлох баримтаар хариуцагч нарын хэн нь харилцагчийн дансны үлдэгдэл болон хуулгыг хэдэн удаа ямар хугацаагаар орж үзсэн, хэн нь харилцагчийн программд бүртгэлтэй гарын үсгийг лавласан, бэлэн   болон бэлэн бус мөнгөний зарлагын гүйлгээг хэн, хэзээ  үйлдсэн болохыг хариуцагч нарын тухайн тооцооны төвд ажиллаж байхдаа ашиглаж байсан техник хэрэгсэл болон программын санах ойд үндэслэн  харилцагч, үйлдэл тус бүрээр нь ялгаж салган нарийвчлан гаргасан байх бөгөөд тухайн шалгалтын явцад хариуцагч нарын хэн нь  тухайн үйлдлүүдээс алиныг нь  хүлээн зөвшөөрч, алиныг нь зөвшөөрөхгүй  байсан болох, мөн харилцагч нартай биечлэн болон утсаар холбогдож тайлбар авсан, эсхүл авах боломжгүй байсан болохыг  харилцагч тус бүрээр тустус тусгасан байна.

 

 Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаар шинжээчийн дүгнэлт/1-р хх40-43/-ээр “ ...Сулинхээр тооцооны төвд хийгдсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлангийн 2.1.1, 2.1.2-д дурьдсан Тооцооны төвд ажиллаж байсан тооцооны төвийн ахлах теллер Б.А, теллер О.С, ...нарын талаар дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байна “гэж дүгнэжээ.

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6312 дугаар/2-р хх21-47/, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3476 дугаар/2-р хх217-252/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4413 дугаар/3-р хх 20-63/ шинжээчийн дүгнэлтүүдээр нэр бүхий харилцагч нарын хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийхэд хариуцагч нарын чухам хэн нь теллерийн гарын үсэг зурсан, харилцагчийн гарын үсгийг хэн дуурайлган зурсан гэдгийг тодруулж өгсөн зэргээс үзэхэд дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай болон ач холбогдолтой нотлох баримтууд байх ба анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагч тал  нь  нэхэмжлэгч талыг  гаргасан нэхэмжлэлээ нотолж чадаагүй, харилцагч нэг бүрийг гүйцэд асууж тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэх боловч өөрсдийн зүгээс  шаардлагыг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, мөн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үед прокурорын тогтоолд гомдол гарган өөрсдийн гэм буруутай эсэхээ  шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх боломжоо алдсан байх ба нэхэмжлэгч Т б ХХК-ийн Дорноговь салбар нь хариуцагч нарын учруулсан хохирол болох 22,194,233.45 төгрөгийг харилцагч нарт төлсөн болохоо “Авлагын болзошгүй эрсдэлийн сан” байгуулсан дотоодын дансны хуулга /1-р хавтас151/, харилцагч тус бүрээр залруулга хийсэн “ депозит дансны харилцагчийн монгол хуулга /1-р хх-158-225/ гэх баримтуудаар нотолсон байна.

 

Хариуцагч тал анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг хэрэгжүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 216/МА2020/00003 дугаар магадлалын үндэслэх хэсэгт “ ... Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.12-ны  06 тоот магадлалд ... хариуцагч тус бүрийн өөрийн теллер эрхээр хийсэн  зарлагын гүйлгээ”-р хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүний дүнг хариуцагч тус бүрээр тодорхойлсон нь тогтоогдоогүй талаар дурдсан үндэслэлүүдийг анхаараагүй, энэ талаарх ажиллагааг нэхэмжлэгч нь бүрэн биелүүлээгүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ...” гэсэн байх боловч нэхэмжлэгч тал хариуцагч тус бүрийн дангаар болон хамтран хариуцах тооцоог нарийвчлан тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн ирүүлснээр магадлалын дээрх заалт хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.С, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 268,921 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргахдаа нэмж 108,086 төгрөгийг, нийт  377,007 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэг/1-р хх-4/, мемориалын баримт/4-р хх-72/ зэргээр  тогтоогдож байна.

 

Харин анхан шатны шүүх, шийдвэрийн үндэслэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг зөв бичиж  дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “377 0007” төгрөг гэж “тэг” илүү бичсэн байх ба үүнийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Учир нь нэхэмжлэгч хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 377,007 төгрөгийг урьчилан төлсөн,  нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул  улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн, мөн урьдчилан төлсөн мөнгөн дүн болох нь хэргийн материалаас тодорхой байгаа, хэргийн оролцогчоос гаргуулах буюу ямар нэгэн үр дагавар гарахгүй  зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134/ШШ2020/00095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.С болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч О.С давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,032 төгрөгийг орон нутгийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                               Г.ТЭГШСУУРЬ