Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 216/МА2020/00010

 

 А.Э нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ2020/00106 дугаар шийдвэртэй, А.Э нэхэмжлэлтэй “Н” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Н х салбарт холбогдох ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6 242 864 төгрөг,  ээлжийн амралтын олговорт  415 422 төгрөг тус тус гаргуулах, мөн Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/160 дугаар тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э миний бие 2016 оны 02 дугаар сараас Говьсүмбэр аймаг дахь Н х салбарт түгээгчээр ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сараас байгууллагад авлага үүсгэсэн гэсэн үндэслэлээр аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байна. 2019 оны 08 дугаар сард цагдаад шалгуулж эхэлснээс хойш миний биеийг Н х салбарын удирдлагууд намайг ажлын байраар хангаагүй ба надад албан ёсны ямар нэгэн тушаал шийдвэр өгөөгүй. Миний бие нь ажилдаа гарах гээд эрхлэгч Э 86092033 дугаар утас өөд залгахад, чи манай байгууллагаас зайлаарай, чамайг ажилд гаргахгүй гэж хашгирч байгаад утсаа салгасан. Тэгэхээр нь намайг халах гэж байгаа юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагаар шалгагдаад явж байсан. Тэгсэн намайг ярьсны маргааш нь эрхлэгч над руу залгаад өөр хүн гаргасан гэж хэлсэн учраас ажилдаа очоогүй. Энэ үеэс хойш 2019 оны 12 дугаар сарын 25-нд эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүртлээ би өөрийгөө Н х салбараас халагдсан гэж үзэж байсан ч байгууллагын зүгээс миний амралтын мөнгийг бодоод, миний биеийг ажлаас халсан тухай тушаалыг гардуулж өгөх ёстой гэж үзэж байсан. А.Э миний бие нь өөрт холбогдох эрүүгийн хэргийн материалтай танилцах явцад Нефть хангамжийн салбарын дарга Л.Ж /байсан/ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 111 дүгээр албан бичгээр А.Э 2019 оны 07 дугаар сард авлага үүсгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ажил, албан тушаал эрхлэхийг нь түдгэлзүүлсэн агуулга бүхий албан тоотыг ирүүлсэн байсан. Энэ үе буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс би өөрийн биеийг Н хангамжийн салбараас халагдаагүй юм байна, харин миний ажил үүргийг түдгэлзүүлсэн юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Харин Н х салбарын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар бус хуулийг буруу ойлгон хэрэглэж, миний биеийг ажлын байраар хангаагүй гэж үзэж байна. Миний бие Н х салбарт түгээгчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа сарын үндсэн цалин 320 000 төгрөг үүн дээр борлуулалтын орлого нэмж аваад сард дунджаар 400 000-600 000 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн ажилгүй байх хугацаандаа өөр ажилд орох боломжгүй байсан. Яагаад гэвэл ажлаас гарсан тушаал болон бусад бичиг баримт байгаагүй. Мөн энэ хугацаанд ээлжийн амралтын мөнгө аваагүй учраас давхар шаардаж байгаа. Миний бие өөрийн дундаж цалинг сарын 500 000 төгрөг гэж үзэж байна.

Иймд 2019 оны 08 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилүй байсан хугацааны нөхөн олговрыг сарын 500 000 төгрөгөөр тооцож, Н х салбараас гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Э Н ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь НХС-т холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эсэргүүцэн дараах хариу тайлбарыг гаргаж байна.

     Үүнд: А.Энь Н ХХК-ийн Говьсүмбэр НХС-т 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээгчээр ажилд орсон. А.Э нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа шатахууны баримтыг хуурамчаар үйлдэн шатахууныг хувьдаа завшин, компанийг алдагдалд оруулсан, итгэл эвдсэн үйлдэл гаргасан ба уг үйлдэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.3, 4.4, 4.6, 4.9, 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.7, 5.2.9, 5.2.15 дугаар заалт, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 5.2, 5.4, 6.5, 6.6, 7.2 дугаар заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.1.2.3, 14.1.4.2, 14.1.4.3, 14.1.4.5, 14.1.4.7 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл тул манай компани А.Э гаргасан хууль бус үйлдлийг тогтоолгож, хариуцлага хүлээлгэхээр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн юм. Уг хэрэг өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн ба 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Э холбогдох шүүх хуралдаан болохоор товлогдсон. А.Э нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн, санаатайгаар залилан мэхлэх, эд хөрөнгийг шамшигдуулах үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон, компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогч Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар ажлаас халсан. А.Э ажлаас халсан тухай тушаалыг гардуулах, холбогдох тооцоог хийж дуусгахаар түүний 89040896 дугаарын утсаар удаа дараа залгасан боловч А.Э нь утсаа авахгүй, холбогдохгүй байсан ба компанийн эд хөрөнгийг хууль бусаар хувьдаа ашигласан нь тогтоогдсоноос хойш нэг ч удаа байгууллага дээр ирж, бидэнтэй уулзаж байгаагүй. Иймд А.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг сонслоо. Энэ асуудал нь 2019 оны  08 дугаар сарын 02-ны өдрөөс өр авлагын асуудал үүсгэн гэсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. А.Э тайлбараар ээлжиндээ гарах эсэх талаар тодруулахаар Э гэдэг хүн рүү залгасан байдаг. Гэтэл Э нь утсаа аваагүй учраас Ш гэдэг хүн рүү залгаад ярихад нь чи манай байгууллагад ирээд хэрэггүй гээд асуудал үүсгэсэн байдаг. Мөн үүнээс өмнө өдөр ажил дээр нь очоод хэрүүл маргаан үүсгэсэн байдаг.  Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа гарах эсэх мэдээгүй, дуудах болов уу гээд хүлээгээд байж байхад нь 10 цагийн ШТС-ын эрхлэгчээсээ өөр хүн ажилд гарсан талаар мэдсэн байдаг. Ийм байдал үүссэн учраас ажил дээрээ очиж чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн байгаа. Ингээд зохих хугацаанд хэрэг маргаан шалгагдаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хавтаст хэрэгтээ танилцахад мөрдөн байцаах тасгийн дарга А Ж Э нь хэзээ ээлжийн амралт авсан, мөн ажлаас чөлөөлөгдсөн эсэх талаар тодруулах гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн байдаг. Энэ албан бичгийн хариуд нь Н х салбараас Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар түдгэлзүүлсэн гэсэн байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийг аваад үзэхээр эрх бүхий байгууллага шаардсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлээр түдгэлзүүлээд цалин хөлс олгохгүй гэсэн зохицуулалт байдаг. Эрх бүхий байгууллагаас шаардсан юм уу гэхээр шаардсан зүйл нь хэрэгт байдаггүй. Түдгэлзүүлэх тухай хүсэлт явуулаагүй. Харин А.Э хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон эсэх талаар лавлагаа авахад Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлээр түдгэлзүүлсэн гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар ажлаас түдгэлзүүлсэн байна гэхээр А.Э нь намайг ажлаас түдгэлзүүлсэн талаар цагдаагийн байгууллага хэлээгүй гэсэн ийм тайлбар хэлдэг. Яагаад 44 дүгээр зүйлээр түдгэлзүүлэх болсон бэ гэхээр энэ нь ажил олгогч талын санаачилгын асуудал гэж ойлгосон. Хууль зүйн үндэслэл нь эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлэх тухай шаардсан бол түдгэлзүүлэх болохоос бусад тохиолдолд түдгэлзүүлэхгүй гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, ажилтанг ажлын байраар хангах үүрэгтэй. Энэ үүргээ ажил олгогч тал хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл байна. 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ажил олгогч нь ажилтанг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад зүйлээр хангах үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Энэ үүргийг ажил олгогч тал хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хариуцагч тал ажлаас халсан гэж байна. Хэрэв ажлаас халсан бол түдгэлзүүлэх тухай албан бичиг ирүүлэх болсон бэ? Ажлаас халсан бол яагаад А.Э өнөөдрийг болтол мэдэгдээгүй вэ? А.Э нь ажлаас халсан гэдгийг сая мэдсэн байгаа. Үүнээс өмнө Н х салбараас ажлаас халсан талаар мэдээгүй. Хөдөлмөрийн хуулинд зааснаар ажлаас халсан талаар мэдэх буюу гардуулах үүрэгтэй. Н ХХК-ийн Н захирлын тушаалыг үндэслэлгүй, хууль бус гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх тушаалыг хэзээ гаргасан эсэх талаар мэдэхгүй. Тухайн үед ажлаас халсан талаараа А.Э мэдэгдэхгүй юм аа гэхэд Цагдаагийн байгууллагад халсан талаар мэдэгдсэн бол тухайн үед А.Э мэдэх байсан. Мөн дараагийн дугаарт ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал хөндөгдөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн энэ эрх хаагдсан байгаа. Нийгмийн даатгалын байцаагч 420 000 төгрөгийн цалин авдаг хүн ажлын 78 хоногт 1 000 000 гаран төгрөгийн нөхөн олговор авах ёстой байдаг гэсэн зүйл ярьж байсан. Тиймээс нэхэмжлэгч нь 500 000-600 000 төгрөгийн цалин авдаг учраас 1 500 000-1 600 000 төгрөгийн нөхөн олговор авах боломжтой нөхцлийг алдагдуулсан. Нийгмийн даатгалын байгууллагаас ажлаас гарснаас хойш 14 хоногийн дотор ажлаас халсан тушаалыг хүргүүлэх ёстой гэдэг учраас нэхэмжлэгчийн эрх зүйн асуудлыг дордуулсан гэж үзэж байгаа. Харин эрүүгийн асуудлын хувьд шалгагдаад шийдэгдсэн асуудал учраас энэ маргаан нь эрүүгийн асуудалд хамааралгүй, харин хөдөлмөрийн харилцааны зохицуулалт дунд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байгаа. Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн шимтгэл төлсөн байгаа. Тиймээс нэхэмжлэгч нь ямар ч тохиолдолд ажлаас халагдсан байсан ч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа учраас нөхөх олговор авах нь нийгмийн даатгалын хууль болон бусад хуулиар зохицуулагдсан байдаг. Өмнө нь тохиролцох байдлаар олон удаа хэлж байсан.  Одоо манай зүгээс цалин болон нөхөх олговроо яаж бодсон талаар хариуцагч болон шүүгч бодож байгаа байх. Тэгэхээр дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж байдаг. Энэ журмаар дундаж цалин хөлс тодорхойлохоо сүүлийн 3 сараар нөхөн олговрыг боддог. Сүүлийн 3 сарын цалингаа нэмээд 3-д хуваахаар 650 000 төгрөг гарсан байгаа. Үүн дээр 191 000 төгрөгөө нэмээгүй гаргасан байгаа. Түдгэлзүүлсэн хугацааны цалинд 6 242 864 төгрөг,  ээлжийн амралтын цалингаа 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 15 хоног амрах эрхтэй гэж үзээд нийт 415 422 төгрөг гаргуулах. Ингээд нийт  6 658 286 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говьсүмбэр аймгийн Н х салбарын даргаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Тэгээд А.Э холбоотой хэрэг дээр 2020 оны 03 дугаар сараас хойш мэдээлэл авсан. Тиймээс А.Э нь 2019 оны 08 дугаар сараас хойш гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан байдаг. Энэ тушаал, мөн эрүүгийн хэргийн шүүхийн захирамжийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ажлаас халах болсон шалтгаан нь 2019 оны 07 дугаар сард байгууллагад 1 700 000 төгрөгийн өр авлага үүсгэсэн. Үүнийгээ өөрөө хийгээгүй гэж маргаан үүсгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар ажлаас чөлөөлөх тухай /А.Э/ тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан.Иймд Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар ажлаас чөлөөлөх тухай А.Э тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-нд танилцсаныг тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Тушаалыг гардуулж өгөөгүй гэдэг дээр А.Э нь өөрөө хөхүүл хүүхэдтэй боловч ажил хийж байсан, өөрийг нь ажлаас халсан эсэхийг чөлөөтэй очоод тодруулах боломжтой байсан. Гэтэл өөрөө ирж аваагүй. Заавал гэрт нь очиж ажлаас халагдсан тушаалыг нь гардуулж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Тийм үүрэг байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6 242 864 /зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,            

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг  баримтлан  ээлжийн амралтын олговор 201 058.72 /хоёр зуун нэг мянга тавин найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 214 364 /хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/160 дугаар тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6682 /зургаан мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С давж заалдах гомдолдоо:  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ2020/00106 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэлд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухай ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно хэмээн заажээ.

Ажилтан А.Э нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, хуурамч баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдсан ба Говьсүмбэр аймаг дахь Н х салбарт нийт 3 019 130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий байгууллагаас албан тушаалыг нь түдгэлзүүлэхийг шаардаагүй ч гэсэн түдгэлзүүлэх үндэслэл бий болсон нь 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдсон гэж шүүх үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажил олгогчийг хууль бусаар ажиллуулаагүй, энэ нөхцөлд ажил олгогч ажилтанг ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж маргах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба ... нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар нэхэмжлэгч А.Э ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6 242 864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараахь байдлаар хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

1. А.Э ажил, албан тушаалыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлээгүй. /Нефть хангамжийн салбарын 2019.12.25-ны өдрийн 111 дүгээр албан бичиг/

2. А.Э ажил, албан тушаалыг түдгэлзүүлэх үндэслэл нь 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдсон гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Энэ нь А.Э гэм буруутай эсэхийг тогтоосноос ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх эсэхийг тогтоогоогүй.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах үүрэгтэй

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор “2019.07.31, 08.01-ний өдрүүдэд ажлын байран дээр болсон үйл явдал, мөн А.Э ажил, үүргийг хэрхэн гүйцэтгүүлээгүйг нотлох зорилгоор Ш, Э, Б.Д нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан хэдий ч 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШЗ2020/00387 дугаар захирамжаар хүсэлтийг хангаагүй атлаа нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.Э ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6 242 864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч А.Э нь Н ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Н х салбарт холбогдуулан ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин болох  6,242,864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2019 оны ээлжийн амралтын олговорт 415422 төгрөг гаргуулах, мөн Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох гэсэн  шаардлагуудыг тус тус  гаргасан  байна.

Хариуцагч Н ХХК-ийн Говьсүмбэр Н х салбарын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ... А.Э нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа шатахууны баримтыг хуурамчаар үйлдэн, шатахууныг хувьдаа завшиж компанийг алдагдалд оруулж, итгэл эвдсэн үйлдэл гаргасан, энэ нь хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам дахь холбогдох заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан учир ажил олгогч А/160 дугаартай тушаалаар ажлаас халсан тул ажил, үүрэг түдгэлзүүлсэн хугацааны цалин гэх 6,242,846 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй,  харин ээлжийн амралтын олговорт тооцооны дагуу 201,058 төгрөг төлөхийг зөвшөөрнө,  А/160 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох  шаардлагын хувьд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах ёстойгоо авч чадахгүй болчихлоо гэх үүднээс гаргаж байна  гэж ойлгож  байна  хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч А.Э ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6,242,864 төгрөг гаргуулах гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны ээлжийн амралтын олговорт 415 422.72 төгрөг гаргуулах шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож, А/160 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоож  тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Э.С нь  нэхэмжлэгч А.Э ажил, албан тушаалыг түдгэлзүүлсэн хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасны дагуу  хэргийг  хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт  зааснаар бүхэлд нь хянан үзэв.

1. Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалинд 6,242,864 төгрөг гаргуулах гэх шаардлагын хувьд:

Хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч А.Э нь Н ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Н хангамжийн салбарт 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16 дугаартай тушаал /хх-20/-аар амраагч түгээгчээр туршилтын 3 сарын хугацаатай томилогдсон байх ба үүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагад “түгээгч”-ээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-4/, Н ХХК-ийн Говьсүмбэр Н х салбарын  даргын тушаал/хх-20/, хөдөлмөрийн гэрээ/хх-21/, хөдөлмөрийн дотоод журам/хх-25/, ажлын байрны тодорхойлолт/хх-37/, хамтын гэрээ/хх-38/, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ/хх-36/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Э нь тус Н х салбарын Петровис шатахуун түгээх I, IV станцад түгээгчээр ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 07-ны өдөр нийт 1,290,000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 1,729,130 төгрөгийг хувьдаа завшиж байгууллагад нийт 3,019,130 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн 63-66 талд авагдсан ШТМ-н зарлагын падаанууд, 86 дугаар талд авагдсан Н х салбарын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, 88 дугаар талд авагдсан эрүүгийн хэрэг материалтай танилцсан тэмдэглэл,  хэргийн 67-р талд авагдсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол  зэргээр тогтоогдож байна.

Дээрх зөрчлийн улмаас ажил олгогч нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А/160 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар  А.Э үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан эрх зүйн акт  гаргасан байна. /хх-52/

Ажил олгогч нь дээрх эрх зүйн актаар А.Э хууль бус үйлдлийг тогтоолгохоор хуулийн байгууллагад шилжүүлэхийг Говьсүмбэр Н х салбарын даргад даалгасан байх ба үүний дагуу тус салбарын дарга нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулах хүсэлтийг албан бичгээр /хх-86/  гаргаж байжээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ/хх-21/-ний 5.2.2, 5.2.4, 6.1, 6.2.4, хөдөлмөрийн дотоод журам/хх-25/-н 14.1.4.2, 14.1.4.3, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ/хх-36/-ний 6.5, 6.6, ажлын байрны тодорхойлолт/хх-32/-н 14-р зүйл зэрэгт зааснаас үзэхэд эдгээр тохиолдолууд  хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, мөн эдгээр зөрчлүүд нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчил гэсэн ойлголтод хамаарах, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх  болохыг тус тус тусгасан байна. 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч А.Э нь “түгээгч”- гэх ажлын байранд хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсан байх бөгөөд  түүнийг ажил олгогчийн мэдлийн  хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, түгээх, хэмжилт хийх, шатахууны орлогыг бие даан хүлээн авах, шатахуун түгээх станцад хадгалагдаж байгаа шатах тослох материалын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, өмч хөрөнгийн зөрчилгүй ажиллах, шатахууны илүүдэл, дутагдал болон борлуулалтын орлого тушаасан тооцоог бүрэн хариуцах, борлуулалтын мэдээг мэдээлэх, ШТС-д хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүдийг маягтын дагуу цэвэр нямбай, үнэн зөв, бүрэн хөтлөх, зөрчил дутагдал гарвал нэн даруй буюу компанийн захиргаанаас тогтоосон хугацаанд арилгаж байх гэх мэт үүрэг хүлээсэн эд хариуцагч гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зйүлийн 5.1-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй болохыг,

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй болохыг,

Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт  хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ажил олгогч санаачилга гаргах эрхтэй болохыг  тус тус хуульчлан зохицуулсан.

Ажил  олгогчийн  2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаартай тушаалын агуулгаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан, ажилтан А.Э хувьд энэ үндэслэл бий болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн хувьд ажилтны гаргасан зөрчил нь эд хөрөнгийн шинжтэй зөрчил гэж үзэн  уг зөрчлийнх нь төлөө хөдөлмөрийн гэрээг нь цуцласан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор ... албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болохыг хуульчлан зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэхийг таслан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг болгон 2015 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан байна.

Дээрх хуулийн 2,3 дахь хэсэгт зааснаас үзвэл  прокурор эсхүл мөрдөгч нь хуулийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүргүүлэх, уг шийдвэрийг хүлээн авсан байгууллага, хуулийн этгээд нь  арга хэмжээ авсан талаараа 3 хоногийн дотор прокурор болон мөрдөгчид мэдэгдэхийг үүрэг болгосон.

Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажил, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэх зохицуулалтыг хэрэглэх эрхийг мөрдөгч, прокурор, шүүхэд олгож, уг эрхээ эдлэх үндэслэл, хэрэгжүүлэх журмыг тодорхойлсон гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан.

Харин түдгэлзүүлэх үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж болохгүй бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэр нь хэлбэрийн хувьд заавал хууль тогтоомжид үндэслэсэн байх нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал нь Говьсүмбэр аймаг дахь Н х салбарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 111 тоот албан бичгээр А.Э ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн, уг албан бичиг нь эрх зүйн акт, үүнийг үндэслэн түдгэлзүүлсэн хугацааны цалин гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэмээн мэтгэлцжээ.

“Албан бичиг“ нь стандартаар батлагдсан хэвлэмэл бланк дээр бичигддэг, байгууллага хоорондын албан мэдээлэл, солилцоо бүхий харилцааны хэрэгсэл болохыг Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-н 2.4.4-т заасан байх тул  “албан бичиг” нь эрх зүйн акт биш байна.

Хэргээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан, шийдвэр гарсан, ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44-р зүйлд заасны дагуу эрх зүйн акт буюу “тушаал” гаргаж ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн гэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан бичгийн  баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Э ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн  хугацааны цалин гэж нэхэмжилсэн 6,242,864 төгрөг гаргуулах  шаардлагыг  хангах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2. 2019 оны ээлжийн амралтын олговорт 415,422 төгрөг гаргуулах гэх  шаардлагын хувьд:

Хэрэгт 2016-2019 оны ээлжийн амралтын тооцоо/хх-103-106/ -ны дагуу 201 058.72 төгрөг төлнө гэсэн  тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр/хх-106/  гаргасан байх ба энэ талаар талууд маргаагүй, шүүх хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д нийцсэн гэж үзлээ. Мөн энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, зөвшөөрч  байгаагаа давж заалдах шатны шүүхэд гаргасан  тайлбартаа илэрхийлсэн, талууд маргаагүй  болно.

3.  2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаартай тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох гэх шаардлагын хувьд:

Хэргийн 126 дугаар талд авагдсан нэхэмжлэгч А.Э нэмж гаргасан   шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан түүний өмгөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд:  нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг  өнөөдрийг хүртэл гардаж аваагүй, гардуулж өгөөгүй байдаг, шүүхэд ирснээр мэдсэн, ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй хохирч байгаа, ажлаас халагдсан даатгуулагч нь  ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад  хандаж бүртгүүлэх үүрэгтэй, гэтэл 3 сараас хэтэрсэн учраас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон, нэхэмжлэгч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь нээлттэй байдаг, тэрээр Н ХХК-д 4 жил тасралтгүй ажилласан, сар бүр ажилгүйдлийн шимтгэл төлсөн, хэзээ нэг өдөр ажилгүй болсон тохиолдолд ажилгүй байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүссэн  энэ үүднээс уг шаардлагыг гаргаж байгаа гэж,

Хариуцагч тал тухайн үед байгууллагын хүний нөөцөд бүртгэлтэй байсан утасны дугаар луу хэд хэдэн удаа залгасан боловч дугаараа сольсон байсан, мөн  дугаар нь болохгүй байсан гэсэн тайлбарыг манай ажилчид хэлсэн, өөрөө ажлаас халсан эсэх талаар тодруулах боломжтой байсан, гэм буруугаа мэдсэн, ухамсарлаж ойлгосон учраас байгууллага дээр очиж уулзаагүй гэж ойлгож байна,  гэхдээ нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой боловч авч чадахгүй болчихлоо гэх үүднээс энэ нэмэгдүүлсэн  шаардлагыг гаргаж байгаа гэж ойлгож байна, манай зүгээс нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй юм байна, тогтоолгох журмынхаа дагуу нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авч болох асуудал гэж үзэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах, нэмэлт нотлох баримт гаргах, цуглуулах, тайлбар гаргах эрхийг эдлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах саналтай хэмээн мэтгэлцсэн байна. /хх-117,118/

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцласан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заажээ.

Хуулиар ажил олгогчид ийнхүү үүрэг хүлээлгэж байгаа нь ажилтан ажлаас халагдсанаа мэдэж, улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа агуулгатай байна.

Талуудын тайлбараас үзэхэд ажил олгогч нь А/160 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” шийдвэр /тушаал/-г ажилтан буюу нэхэмжлэгч А.Э өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, ...  харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Энэ хуулийн 8-р зүйлд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачлагаар ажлаас халагдсан даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын 36 өдөрт оногдохыг хасахаар зохицуулагдсан байсныг  УИХ-н 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн  хуулиар хүчингүй болгосон байх тул Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагч бүр ямар үндэслэлээр ажлаас халагдсанаас хамаарахгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж  авах эрхтэй болсон гэж ойлгогдож байна.

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан эрхээ эдлэх  үүднээс гаргасан нэхэмжлэгч талын А/160 дугаар тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгохоор нэмж гаргасан  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Энэхүү маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д  зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж  шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн  гэж үзлээ.

Харин шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхаас гадна ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байвал зохих  шаардлагыг хангаагүй байх тул хууль хэрэглээний болон зохигчдын оноосон нэрийг тодорхой бичих зэрэг үндэслэлээр шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо  2020 оны 05 дугаар сарын 15/хх-130/ гэж, шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо 2020 оны 05 дугаар сарын 14 гэсэн  байна/хх-109/.

Хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж/хх-94/,  шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт/хх-97/, хэрэг танилцуулсан баримт №6/хх-107/зэргээс үзэхэд шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр товлож, талуудад мэдэгдсэн, улмаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэх талуудын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан маргаангүй тайлбар зэргээр анхан шатны шүүх тус хэргийг  2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн  байна   гэж үзэв.

           Мөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дараах алдаа зөрчлүүд нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэдий ч  тэмдэглэх нь зүйтэй байна. Үүнд:  

            -Нэхэмжлэгч нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаартай тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр бичгээр гаргаж өгсөн байтал /хх-126/ шүүх  2020 оны 05 дугаар сарын 13-нд хүлээн авсан гэж тэмдэглэгээ хийсэн.

-Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцсон байтал  “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж бичсэн /хх-118/

-Нэхэмжлэгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаартай тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал 2020 оны 04 сарын 02-ны өдөр танилцсанг тогтоолгох, мөн өдөр гардаж авсныг ...  гэж, 2020 оны 04 сарын 20-ны өдөр гардуулсан болохыг тогтоолгох гэж  өөр өөр байдлаар шүүх хуралдааны тэмдэглэлд  тусгасан, /хх-123,124/,

-Хэрэг танилцуулсан баримт №6 тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Э гэгч “итгэмжлэлээр” оролцсон байтал “хариуцагчийн төлөөлөгч“,  “хариуцагч”  гэсэн хүснэгтэд  гарын үсэг зуруулсан/хх-13, 76, 107/,

-Хэргийн 97 дугаар талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт /гараар бичсэн/- д хэргийн оролцогч нарт 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 10.00 цагт шүүх хуралдаан болно гэж гарын үсэг зуруулсан байх ба уг баримтад огноо бичээгүй учир хэзээ мэдэгдсэн  нь тодорхойгүй,

-Хэргийн 116-117 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн нотлох баримтыг шинжлэн судласан хэсэгт ...Говьсүмбэр НХСалбарын 2019 оны 08 дугаар сарын 02-ны  ...гэхийг 08 дугаар сарын 21 гэж,  Цагдаагийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны ... гэхийг 12 дугаар сарын 02-ны гэж,   2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл нь  ...ртай 2-р хх-н 108 гэхийг 104 гэж тэмдэглэгдсэн. Энэ нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг/хх-85/, хэргийн 86, 87 дугаар талд авагдсан баримтуудтай харьцуулахад  зөрүүтэй  тэмдэглэгдсэн, 

-Хэргийн оролцогч нараас гаргаж өгсөн бичгийн баримтуудад  шүүх хүлээн авсан дардас тэмдэглэгээг  хийгээгүйгээс хэзээ шүүхэд өгсөн, шүүх хэзээ хүлээн авсан зэрэг нь тодорхойгүй зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ02020/00106 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан ээлжийн амралтын олговорт нэхэмжилсэн 415 422.72 төгрөгийн шаардлагаас 201 058.72 төгрөгийг хариуцагч Н ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Н х салбараас гаргуулж нэхэмжлэгч А.Э олгож, үлдэх 214 364 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх  заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Говьсүмбэр аймаг дахь Н х салбараас улсын тэмдэгтийн хураамжид 6682 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Э нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                              Х.БАЙГАЛМАА