Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00847

 

2022           09            22                                          001/ХТ2022/00847

Д.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00123 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2020/00011 дүгээр магадлалтай,

Д.Эийн нэхэмжлэлтэй

Г.Д холбогдох

Гэм хорын хохиролд 527,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Э нь Г.Д холбогдуулан гэм хорын хохиролд 527,285 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00123 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Даас гэм хорын хохиролд 527 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Д.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9-д тус тус зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2020/00011 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Даас гэм хорын хохиролд 513 645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн “56.1” гэснийг “56.2” гэж, ... нэхэмжлэл нь чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Даас улсын тэмдэгтийн хураамжид 16060 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж нэмж, тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханаа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107, 118 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянах хэсэгт: “...хөнгөн гэмтэл учирснаас хойш 6-8 сарын дараа байх боловч нэхэмжлэгчийн “тархи толгойны зарим эм, тариануудыг тодорхой хугацааны турш үргэлжлэн хэрэглэх шаардлагатай гэсний дагуу хэрэглэсэн тухайн үеийн боломжоос шалтгаалж заримыг нь цаг хугацааны хувьд хожим авсан гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй гэсэнд шүүх хэт нэг талыг барьж, шүүхийн өмнө эрх тэгш байхыг зарчмыг хөндөж нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй, хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй юм. Мөн анхан шатны шүүхийн хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхыг хэлнэ, энэхүү гэм хорын хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байна гэснийг ямар үндэслэлээр буруутгаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1,2-т зааснаар үнэлж чадаагүй гэж дурдсан нь хангалтгүй юм. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар “нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл...” заагаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Д.Эийн биед 2019.06 дугаар сард хөнгөн гэмтэл учруулсан энэ үед учруулсан хөнгөн гэмтлээс үүдэлтэй зовуурь 6-8 сарын турш нэхэмжлэгч Д.Эийн тархи толгойг өвтгөж байгаа гэдгийн нотолгоо буюу шалтгаан холбоог шүүх магадлалдаа дурдаагүй байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч Г.Даас гэм хорын хохиролд 513,645 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгохоор хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагын зохих хэсэгт болох 513,645 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.Д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 527,285 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, эмчилгээний зардлууд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй холбоогүй, нэхэмжлэгчид 2019 оны 06 сард гэмтэл үүссэн, гэтэл 2020 оны 04 сард эмчилгээ хийлгэж байгаа нь тэр үеийн гэмтэлтэй яаж холбогдож байгаа нотлох баримт байхгүй, картаас нь үзэхэд толгой өвдөнө, хүзүү хөшнө, гар хуруу бадайрна, нойронд муу, хуруун дээрх бэрсүү гэж бичигдсэн байна, энэ нь яаж миний үйлдэлтэй холбогдох байгаа нотлох баримт байхгүй байна, баримтууд хуулбар учраас үнэлэх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэл зааж, мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх “...хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош түр хугацаагаар сарниулсан шинжтэй байдаг, ...нэхэмжлэгч нь гэмтэл учирснаас хойш 6-9 сарын дараа эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэсэн баримтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон журамтай нийцээгүй, нэхэмжилж буй гэм хорын хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байна, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах боломжтой гэж үзэж, хариуцагчаас 513,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

8. Хэрэгт байгаа баримтаас үзвэл Г.Д нь 2019.06.11-ний өдөр Д.Эийн биед тархи доргилт, доод уруулын дотор хэсэгт язрал, цус хуралт, хамрын баруун угалзанд зулгаралт, доод уруулын зүүн гадна булан, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн үйл баримт Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагчийн гэм буруу нотлогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. /хх-3-5/

9. Давж заалдах шатны шүүх “...Д.Э 2019.12.20-2020.02.07-ны өдөр хүртэл хугацаанд мэдрэл болон өрхийн эрүүл мэндийн төвд тус тус үзүүлж байсан, мөн хугацаанд нийт 513,645 төгрөгийн эм, тариа худалдаж авсан /хх-10,54, 13,56, 57, 9,11,14/, энэ зардал нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал гэж үзэхдээ  нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас толгой өвддөг болсон, тархи, толгойны зарим эм, тариаг  тухайн үеийн боломжоосоо шалтгаалж заримыг нь цаг хугацааны хувьд хожим авсан, тархиндаа гэмтэл авсны улмаас эмчилгээ хийлгэсэн гэх тайлбар, нэхэмжлэгчид учирсан гэмтэл, эмчилгээ зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байх ба үйл баримтын талаар хуульд заасны дагуу дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шүүх өөрчлөх эрхгүй юм.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон хуулийн уг зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол нь үйл баримтын талаар буюу давж заалдах шатны шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлтийг зөвшөөрөөгүй агуулгатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлд хамаараагүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2020/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 16,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД